| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0060/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/60 |
| Огноо | 2023-03-28 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/60
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч Х.Ө,
шүүгдэгч К.С,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч М овогт Кны Сд холбогдох 2209000002457 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын харьяат, 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, казах хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, тус аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд дуу хөгжмийн багшаар ажилладаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багийн 18-05 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Моовогт К овогтой С, регистрийн дугаар........,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч К.С нь 2009 онд Соёл Урлагийн Их Сургуулийг суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр суралцаж төгссөн гэх 0200920145 дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохын мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд дуу хөгжмийн багшаар 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллахдаа ашиглаж, тус сургуулийн цалингийн санд нийт 88,858,058 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг,
1.1 Шүүгдэгч К.С мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
2. 2209000002457 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт (хавтаст хэргийн 11-35 дахь тал),
2.2. Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан. Түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, багш нарын дипломыг pdf файлаар татаж авах архивын газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, Боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн. Харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай байгууллагад ЕSIS, НЕМIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин ЕSIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ЕSIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь НЕМIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53 дахь тал),
2.3. Гэрч Я.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, Үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. ... Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа. Мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /ЕSIS программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу РDF файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа..." гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 58-60 дэх тал),
2.4. Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Номинцэцэг, Батхангай, Солонгоо нарын хамт ажилласан юм... ...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ЕSIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн.
Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. ...Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм.... ...Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 66-68 дахь тал),
2.5. Гэрч Б.Доийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.... Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм.... Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй... ...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа... ....Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 70-72 дахь тал),
2.6. Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг.
... ЕSIS систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний РDF, ДБ гэсэн үг нь их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 75-77 дахь тал),
2.7. Гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3,10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн НЕМIS программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг..." гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 80-83 дахь тал),
2.8. Гэрч Г.Гайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус бичгийн дагуу Соёл урлагийн их сургуулиас мэдээллийн системд хяналт шалгалт хийж шүүж үзэхэд Дэнзэнгийн Лхагвасүрэн, Лхагвадоржийн Батсайхан, Эрдэнэ-Очирын Одмаа, Класханы С ... нар нь манай сургуульд огт бүртгэлгүй буюу төгсөлтийн тушаалд нэр нь байхгүй. Дээрх иргэдийн дипломын дугаар нь манай сургуульд бүртгэлгүй байна..." гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 90-91 дэх тал),
2.9. Соёл Урлагийн Их Сургуулийн захирал Э.Сонинтогосын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/621 дугаартай “...Танай 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн албан бичигтэй танилцаж, СУИС-ийг төгссөн гэх 13 хүний дипломын мэдээллийг сургуулийн архивын материал, тушаалуудад үндэслэн, тус сургуулийг төгсөөгүй болохыг мэдэгдэж, хавсралтаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргүүлэв..." гэсэн албан бичиг, “... БЮ88010555, Кы С, дуу хөгжмийн багш, бакалавр, 2009 D2009201458, СУИС-ийг төгсөөгүй” гэсэн хавсралтын хамт ( хавтаст хэргийн 45-46 дахь тал),
2.10. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар ахлах сургуулийн захирлын 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай К.Сыг тус сургуулийн дуу хөгжмийн багшаар 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн томилсон тушаал болон тус аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаартай К.Сыг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн багшаар томилсон тушаалын хуулбарууд ( хавтаст хэргийн 38-39 дэх тал),
2.11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Жйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...К.С нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн манай сургуульд үндсэн багшаар ажилд орсон. 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2013 оны 01 дүгээр сар хүртэл цагийн багшаар ажиллаж байсан байна. Сургуулийн багш нар 5 жилд нэг удаа тэтгэмж авдаг бөгөөд өөрөөр хэлбэл 5 жилд нэг удаа үндсэн цалингийн 6 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг. К.С нь нэг удаа 5 жилийн тэтгэмж болох 4.533.648 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр авсан байна. Мөн багш нарт улиралд нэг удаа хийсэн ажлаас нь шалтгаалж дүгнээд, урамшуулал олгодог байсан. К.С нь ажиллаж байх хугацаандаа хэдэн төгрөгийн урамшуулал авсан эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Урамшуулал нь К.Сы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоос харагдах болно. Манай байгууллагад ажиллаж байх хугацаанд ямар нэгэн завсардсан жил байхгүй. 2013 оны 01 дүгээр сарын 01-ээс хойш тогтмол ажилласан бөгөөд 2021 оны намар БНКазахстан улс руу 1 сарын чөлөөтэй явж ирсэн. Бусад байдлаар удаан хугацаагаар чөлөө авч байгаагүй. К.Сы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг нарийвчлан үзэхэд К.С нь 2013 оны 01 дүгээр сараас 2022 оны12 дугаар сар хүртэл 10 жил ажилласан бөгөөд энэ хугацаанд тасралтгүй ажилласан ба нийт 77.526.421 төгрөгийн цалин хөлс, урамшуулал, нэг удаагийн тэтгэмж болох 4.533.468 төгрөг, нийт 82.060.069 төгрөг авсан байна.” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 54-55 дахь тал),
2.12. Гэрч Т.Манкейн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тус аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. К.С нь манай сургуульд дуу хөгжмийн багшаар ажилладаг. Намайг тус сургуульд захирлаар томилогдох үед С нь тэнд ажиллаж байсан. Хэдэн сарын хэдэнд анх орсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 92 дахь тал),
2.13. Шүүгдэгч К.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолтой холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний бие 2010 онд Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд казах хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Тус ЕБ-ын сургуульд орохдоо 2009 онд Соёл урлагийн их сургуулийн 0200920145 дугаарын диплом болон Ховд их сургуулийн бакалаврын дипломын хуулбарын материал бүрдүүлж тус сургуульд 2018 онд дуу хөгжмийн багшаар ажилд орсон юм. Тухайн үед 2005 онд “эчнээ ангид суралцуулж төгсгөнө” гэсэн зарын дагуу одоо дугаар, нэрийн сайн санахгүй байна, утсаар нь холбогдоход “Соёл урлагийн их сургуульд суралцуулна, та 2 жил эчнээгээр суралцаад төгсөх болно” гэхээр нь би тухайн үедээ Соёл урлагийн их сургуульд очиж шалгалт өгөөд 1200000 төгрөгийн төлбөр төлсөн. Тухайн үедээ Соёл урлагийн их сургуульд суралцаагүй, 2009 онд онгоцоор шууд миний гар дээр тус диплом ирсэн юм...
2018 оны 09 дүгээр сарын 01-ээс эхлэн Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль хөгжмийн багшаар томилогдон ажиллаж байна. Түүнээс өмнө 2013 оноос хойш цагийн багшаар ажиллаж байсан....” гэсэн мэдүүлэг“ ( хавтаст хэргийн 111-112, 114- дахь тал)
2.14. Иргэн К.Сы 2013-2022 оны нийгэм даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 2009-2022 оны цалингийн жагсаалт, ажилласан жилийн тэтгэмж авсан талаарх дансны хуулга ( хавтаст хэргийн 137-142, 147-149 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.15. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 152 дахь тал),
-Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай болон эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 155-157 дахь тал),
-Иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлаагаа (хавтаст хэргийн 158-159 дахь тал),
-шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн шүүгдэгч К.Сы ХААН банкин дахь 5180677636 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”-ийн хуулбар, “Соёлын тэргүүний ажилтан” тэмдгийн үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтууд болно.
2.16. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Улсын яллагчаас “шүүгдэгч К.С нь дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон учраас түүнийг гэм буруутайд тооцох саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийг сургуулийн холбогдох албан тушаалтнууд залилан мэхэлж, хуурамч диплом өгсөн” гэж улсын яллагчтай мэтгэлцсэн болно.
3.2. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн,
-Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт (хавтаст хэргийн 11-35 дахь тал),
-Гэрч Г.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус бичгийн дагуу Соёл урлагийн их сургуулиас мэдээллийн системд хяналт шалгалт хийж шүүж үзэхэд ... Класханы С ... нар нь манай сургуульд огт бүртгэлгүй буюу төгсөлтийн тушаалд нэр нь байхгүй. Дээрх иргэдийн дипломын дугаар нь манай сургуульд бүртгэлгүй байна..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх тал),
-Соёл Урлагийн Их Сургуулийн захирал Э.Сонинтогосын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/621 дугаартай “...Танай 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн албан бичигтэй танилцаж, СУИС-ийг төгссөн гэх 13 хүний дипломын мэдээллийг сургуулийн архивын материал, тушаалуудад үндэслэн, тус сургуулийг төгсөөгүй болохыг мэдэгдэж, хавсралтаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргүүлэв..." гэсэн албан бичиг, “..4. БЮ88010555, Класханы С, дуу хөгжмийн багш, бакалавр, 2009 D2009201458, СУИС-ийг төгсөөгүй” гэсэн хавсралт ( хавтаст хэргийн 45-46 дахь тал),
-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар ахлах сургуулийн захирлын 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай болон тус сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаартай тушаалын хуулбарууд ( хавтаст хэргийн 38-39 дэх тал),
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Жанатбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...К.Сы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг нарийвчлан үзэхэд К.С нь 2013 оны 01 дүгээр сараас 2022 оны12 дугаар сар хүртэл 10 жил ажилласан бөгөөд энэ хугацаанд тасралтгүй ажилласан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 54-55 дахь тал),
-Яллагдагч К.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед 2005 онд “эчнээ ангид суралцуулж төгсгөнө” гэсэн зарын дагуу одоо дугаар, нэрийн сайн санахгүй байна, утсаар нь холбогдоход “Соёл урлагийн их сургуульд суралцуулна, та 2 жил эчнээгээр суралцаад төгсөх болно” гэхээр нь би тухайн үедээ Соёл урлагийн их сургуульд очиж шалгалт өгөөд 1200000 төгрөгийн төлбөр төлсөн. Тухайн үедээ Соёл урлагийн их сургуульд суралцаагүй, 2009 онд онгоцоор шууд миний гар дээр тус диплом ирсэн юм....” гэсэн мэдүүлэг“ ( хавтаст хэргийн 111-112, 114- дахь тал),
-Иргэн К.Сы 2013-2022 оны нийгэм даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 2009-2022 оны цалингийн жагсаалт ( хавтаст хэргийн 137-142, 147-149 дахь тал),
-Гэрч Я.Номинцэцэг, Б.Доржхуяг, Ч.Энх-Амгалан, А.Танан-Эрдэнэ, Д.Анхзаяа, Н.Батбилэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
3.3. Шүүгдэгч К.С нь Соёл Урлагийн Их Сургуулийг суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийг “дуу хөгжмийн багш” мэргэжлээр 2009 онд суралцаж төгссөн гэх D200920145 дугаартай боловсролын бакалаврын зэрэг олгосон хуурамч дипломыг ашиглан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар ахлах сургуульд 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дуу хөгжмийн цагийн багшаар, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн багшаар томилогдон өдий хүртэл ажиллахдаа 88.858.058 төгрөгийн цалин, хөлс, тэтгэмж авсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.
3.4. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.5.Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийг тусгаарлахдаа гэрч нарын мэдүүлгийг хуулбарлан авч “хуулбар үнэн” тэмдэг дарж, он сар, өдрийн тэмдэглэл хийгээгүй, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй гэх гомдол нь үндэслэлгүй байна.
3.6. Учир нь мөрдөгч нь нотлох баримтуудыг эх хувиар нь авах боломжгүй гэх үндэслэлээр 2202005352205 дугаартай эрүүгийн хэргээс гэрч Я.Н, Б.Дг, Ч.Э, А.Т-Эр, Д.А, Н.Б нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, шалгалтын тайлан зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тэмдэглэл үйлдэн хуулбарлан авсан учраас эдгээр нотлох баримтуудыг хууль заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт гэж үзлээ. (хавтаст хэргийн 36 дахь тал),
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол” гэж хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжүүдийг хуульчилсан.
4.2. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 351 дугаартай “Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” тушаалын хавсалтаар баталсан “Ерөнхий боловсролын багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт”-д багшийн ажлын байранд “багш мэргэжилтэй, бакалавраас доошгүй зэрэгтэй, багшлах эрхтэй байх” гэсэн ерөнхий болон тусгай шаардлага тавигджээ.
4.3. Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн “хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх шинжид тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүрэг болгосон баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт зэргийг хуурамч болохыг мэдсээр байж эрх олгуулах, тодорхой үр дагавар, давуу байдал үсгүүлэх зорилгоор хэрэглэх үйлдэл хамаардаг.
4.4. Шүүгдэгч К.С нь Соёл Урлагийн Их Сургуулийг суралцаж төгсөөгүй, түүний Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд дуу хөгжмийн багшийн ажилд орохдоо ашигласан боловсролын бакалаврын зэрэг олгосон диплом нь хуурамч болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон учир түүнийг дээрх дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж хуульчилжээ.
4.6. Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар К.Сыг яллагдагчаар татсан байх бөгөөд ажилтан хуурамч диплом ашиглан ажиллаж байгааг ажил олгогч мэдсээр байж үргэлжлүүлэн цалин хөлс олгож ажиллуулсаар байгаа учраас, хуурамч дипломтой гэдгийг мэдэх боломж бүрдсэн хугацааг гэмт хэрэг төгссөн хугацаа гэж үзлээ.
4.7. Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг нь нэг удаагийн үйлдлээр үйлдэгдэхээс гадна гэмт санаа нь тасралтгүй хэрэгжиж дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг, удаан хугацаанд үйлдэгддэг онцлогтой бөгөөд шүүгдэгч К.С нь боловсролын бакалаврын зэрэг олгосон дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ажилд орохдоо ашиглаж, 2012 оны 01 дүгээр сараас эхлэн Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд дуу хөгжмийн багшийн орон тоонд ажиллаж, ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан, төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдаж, цалин хөлс, тэтгэмж авах зэргээр эдийн засгийн үр ашгийг тогтмол хүртэж байгаа тул түүнийг удааширсан шинжтэй үйлдлээр хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
4.8. Шүүгдэгч К.Сы үйлдсэн гэмт хэрэг нь “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн “дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх шинжийг хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
4.9. Шүүгдэгч нь өөрийнхөө үйлдлийн хууль бус шинжийг ухамсарласан атлаа ажилд орохын тулд хуурамч дипломыг ашиглаж, төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллаж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.
4.10. Иймд шүүгдэгч К.Сыг хуурамч баримт бичиг ашиглах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.11. Боловсролын байгууллагуудын хяналт, шалгалт сул зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж хуульчилжээ.
5.2. Шүүгдэгч К.С нь 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллахдаа /яллагдагчаар татагдсан 2022 оны 11 дүгээр сарын 27-ны хүртэл/ нийт 87.167.104 төгрөгийн /82,633,456 төгрөгийн цалин хөлс, 4.533.648 төгрөгийн тэтгэмж/ цалин хөлс, тэтгэмж авсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, цалингийн жагсаалт, дансны хуулга зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул энэхүү цалин, хөлсийг гэмт хэргийн хохиролд тооцож түүнээс гаргуулж хохирогч байгууллагад олгох нь зүйтэй байна. (хавтаст хэргийн 137-142, 147-149, 178 дахь тал),
5.3. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч К.Саас 87.167.104 төгрөгийг гаргуулан Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд олгож шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч К.Сыг шүүхээс “хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
2.2. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч К.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгж буюу 700000 төгрөгийн торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, ажилласан хугацаанд авсан цалин болох 88.858.058 төгрөгийг гаргуулан хохирогч байгууллагад олгуулах саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг,
шүүгдэгч өмгөөлөгч С.Нургайыпаас шүүх хуралдаанд “шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж, цалингаас нь татварыг хасаж хохирлын хэмжээг тогтоож өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргав.
2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч К.С нь хувийн байдлын хувьд ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд нь гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, соёл урлагийн салбарт үр дүнтэй ажиллаж шагнагдаж байсан, тогтмол орлоготой зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
2.4. Шүүгдэгч хуурамч дипломыг санаатайгаар ашиглан ажилд орсныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнд тооцоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүгдэгчийн хувийн байдалд хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.5. Шүүх шүүгдэгч К.Сы хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, зэргийг тус тус харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
2.6. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас, шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй юм.
2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
3. Бусад асуудлын талаар
3.1. Шүүгдэгч К.С нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
3.3. Шүүгдэгч К.Сы хуурамч дипломыг ашиглаж ажилласан хугацаанд авсан цалин, хөлсийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос 87.167.104 төгрөгийг албадан гаргуулж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэв.
3.4. 2209000002457 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн Соёл Урлагийн Их сургуулийг суралцаж төгссөн гэх D200920145 дугаартай дипломыг хэргийн хамт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Кы Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Класханы Сыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч К.Сд сануулсугай.
4. Шүүгдэгч К.С нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч К.Саас 87.167.104 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч К.Сы хувьд ногдох хөрөнгө, орлогоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 87.167.104 (наян долоон сая нэг зуун жаран долоон мянга нэг зуун дөрөв) төгрөгийг албадан гаргуулж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулсугай.
7. 22090000022457 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн Соёл Урлагийн Их Сургуулиас олгосон гэх D2009120145 дугаартай хуурамч дипломыг хэргийн хамт хадгалсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б