| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/00667/И |
| Дугаар | 2386 |
| Огноо | 2019-09-09 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2386
| 2019 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 101/ШШ2019/02386 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Ө нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Г-д холбогдох,
Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ө, түүний өмгөөлөгч О.Баяраа, хариуцагч Ч.Г , түүний өмгөөлөгч М.Хатанзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний өмчлөлийн /Ү-2205029191/ Улсын бүртгэлийн дугаартай 000093174 тоот гэрчилгээтэй / Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж 25-42 тоот 122 м.кв, 4 өрөө байрыг /128.000/ нэг зуун хорин найман мянган америк доллараар үнэлсэн орон сууцыг /52.847/ тавин хоёр мянга найман зуун дөчин долоон мянган америк доллараар үнэлэн 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Хас лизинг” ХХК-иас тэдний ажилтан болох Чандмана овогтой Гэрэл гэх эмэгтэйг дагуулж ирэн “худалдах, худалдан авах гэрээг” хүчээр байгуулан хэрэв худалдах, худалдан авах гэрээ байгуулахгүй бол барьцаалуулсан техникүүдийг чинь хураана гэхээр нь орлоготой байхын тулд аргагүй эрхэнд байраа өгөөд техникүүдээ авч үлдсэн) түүнд зарж борлуулсан нь. “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай” хуулийн 4.4.2 дахь хэсэгт зааснаар “улсын бүртгэлд бүртгүүлсэн буюу бүртгүүлвэл зохих үл хөдлөх хөрөнгийг шүүхээс гадуур худалдан борлуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн бөгөөд “Хас лизинг” ХХК-тай анх харилцан тохирсон үнэлгээнээс даруй 75.153/ далан таван мянга нэг зуун тавин гурван/ америк долларын зөрүү алдагдалтайгаар хүчээр худалдан борлуулсан нь гомдолтой байна.
Миний эзэмшлийн 4 өрөө байр нь зах зээлийн ханшаар 250.000.000 /хоёр зуун тавин/ сая төгрөгийн үнэтэй байхад хэт үнэгүйдүүлж аваад Ч.Г нь бусдад өндөр үнээр зарж борлуулсан байна.
Тухайн байрыг “Хас лизинг” ХХК-ийн хуулийн зөвлөх н.Тамир ирээд техникийг чинь битүүмжилнэ, эсхүл байраа өг гэж удаа дараа шаардсан. Би өөрөө байрыг зарж борлуулах боломж байгаа эсэх талаар асууж байсан. Үүний дараа удалгүй 2013 оны 4 дүгээр сарын сүүлээр н.Тамир нь Ч.Г ийг дагуулж ирээд энэ хүн байрыг худалдаж авч байгаа, байраа шилжүүл гэж хэлсэн. Намайг Баянгол дүүрэг дээр дуудаад, байрыг чинь 150,000,000 төгрөгөөр зарна гээд гарын үсэг зуруулсан. Уг байрыг 128,000 ам. доллараар барьцаалсан байхад 50 хувь хямдруулж зарна гэхэд нь зөвшөөрөөгүй. Тэгвэл техникиийг чинь хураана гэж хэлсэн учраас ямар ч гарцаагүй байдалд орж гарын үсэг зурсан. Би тухайн үед юу ч мэдэхгүй, эд хөрөнгө хураагдчих байх гэж айсандаа өмгөөлөгч зөвлөгөө ч авалгүй байраа өгчисөн.
Банкинд эд хөрөнгөө хураалгаж хохирсон хүмүүст туслалцаа үзүүлдэг байгууллагын хуралд суухад, хуурч мэхэлсэн, хууль бус үйлдэл байгаа тул намайг шүүхэд ханд гэж хэлсэн.
Байрыг аваад удаагүй байхдаа манай өрөмдлөгийн чиглэлийн хүнд 135,000,000 төгрөгөөр зарсан байсан.
Иймд иргэн Г.Ө, Ч.Г бидний хооронд хийгдсэн 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчингүй тооцох шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн байр нь худалдахаас өмнө “Хас лизинг” ХХК-ийн барьцаанд байсан бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4.4.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн буюу бүртгүүлбэл зохих хөрөнгийг шүүхээс гадуур худалдан борлуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, шүүхийн шийдвэр гараагүй байхад худалдан борлуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч Ч.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Өгийн өмчлөлд байсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж, 25 дугаар байр 42 тоотод байрлах 1222,6 м.кв талбайтай орон сууцыг 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хувь хүмүүсийн тохиролцоонд үндэслэн худалдах-худалдан авах гэрээ байгуулан бэлэн мөнгөөр урд өдөр нь 5 дугаар сарын 01-ний өдөр 105,000,000 төгрөг шилжүүлэн худалдан авсан. Түүнээс хойш бараг 6 жил өнгөрч байхад иргэн Г.Ө нь миний талаар худал баримт бичиж, баримтгүйгээр гүтгэн нэхэмжлэл гаргасанд гомдолтой байгаа бөгөөд нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгохыг хүсч байна.
Дээрх гэрээ хийх явцад надаас болон надтай холбоотой ямар нэгэн дарамт шахалт байгаагүй бөгөөд бид хоёр хамтдаа цугтаа нотариатаар баталгаажуулсныг хавсралт гэрээ дэх нотариатын гэрээ гэрчлэх болно.
Түүнчлэн, Г.Ө нь байраа зарж чадахгүй удаж байж засандаа тун их баярлаж байна гээд ах нь барьцаанд байгаа тоног төхөөрөмжөө аваад ажлаа эхлэхээр боллоо гээд надад талархлаа илэрхийлж байсан.
Намайг “Хас лизинг” ХХК-д ажилладаг, хүчээр гэрээ хийлгэсэн гэж худал бичсэн байна. Миний бие дээрх гэрээг хийгдэх үед үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Актив Намсрай” ХХК-д ажилладаг байсан бөгөөд гүтгэн бичсэн “Хас лизинг” ХХК-д ажиллаж байсан түүх байхгүй бөгөөд тэнд ажилладаг хүмүүстэй ах, дүү, хамаатан садан, найз нөхдийн ямар ч холбоо байхгүй. Энэ үед миний бие хүүхдүүдийнхээ сургуультай ойр, амьдрах байр хайж байсан бөгөөд тус байрыг зарна гэж хандсаны дагуу Г.Өтэй хамт байрыг нь үзэн хэний ч дарамт шахалтгүйгээр худалдаж, худалдан авахаа тохиролцсон болно.
Мөн тэрээр байрыг нь үнэгүйдүүлж авсан гэж гүтгэжээ. Намайг очиж танилцахад тус байр нь хуучин байшингийн 6 дугаар давхарт байрлах бөгөөд дээврийн хэсгийг нь өргөтгөл хийж талбай нэмсэн боловч тэр нь цонхгүй, тааз намхан, агааржуулалтгүй стандартын шаардлага хангахгүй байр байсан. Тиймээс цэвэр ашиглалтын талбай 70 м.кв байгааг миний бие мэдэж байсан ч 2 тал ойлголцоод тэр үеийн зах зээлийн үнэ ханшийг үндэслэх дээрх үнэ дээр тохиролцсон нь гэрээн дээр баталгаажсан билээ. Түүний нэхэмжлэл дээрх “Хас лизинг” ХХК-тай хийсэн үнэлгээний асуудлыг миний бие мэдэхгүй бөгөөд хэт хөөрөгдсөн тоо бичсэн байна гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Хатанзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Г хууран мэхлэж, хүч хэрэглэсэн зүйлгүй. Нэхэмжлэгч нь “Хас лизинг” ХХК-ийн ажилтан гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Тухайн байрыг хүч хэрэглэж заруулсан гэж нэхэмжлэл гаргасан бол “Хас лизинг” ХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргах ёстой байсан гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлага, тайлбараас үзэхэд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж чадаагүй тул байраа заруулж зээлээ суутгуулсан гэж ойлгогдож байна. Тэгтэл худалдах-худалдан авах гэрээний дагуу байрыг худалдаж авсан Ч.Г д холбогдуулж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч Ч.Г д холбогдуулан, Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Талууд 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, худалдагч тал Г.Ө нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 25 дугаар байр, 42 тоот хаягт оршин байрлах, 122,6 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг худалдан авагч Ч.Г д 105,000,000 төгрөгөөр худалдаж, гэрээний дагуу төлбөр төлөгджээ.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн, гэрээний талууд харилцан үүргээ биелүүлсэн байх бөгөөд төлбөр төлөгдсөн эсэх талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг техникийн хамт “Хас лизинг” ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалуулсан байсан бөгөөд барьцаа хөрөнгө болох техникээ зээлийн төлбөрт хураалгахгүйн тулд зээлийн ажилтны шаардсанаар, хариуцагч Ч.Г д худалдсан, Ч.Г ийг “Хас лизинг” ХХК-ийн зээлийн ажилтан дагуулж ирсэн хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд Хууран мэхэлж хийсэн хэлцлийн талаар зохицуулсан бөгөөд хуулийн 59.1.-д “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй.”, 59.2.-т “Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.”, 59.3.-д “Гуравдагч этгээд хууран мэхэлсэн тохиолдолд уг хэлцлээс ашиг олж байгаа этгээд ийнхүү хууран мэхэлснийг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол мэхлүүлсэн этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж болно.”,
Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д “Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.” гэж тус тус зохицуулсан.
Дээрх орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулахад хариуцагч Ч.Г нь нэхэмжлэгч Г.Өг хуурч мэхэлсэн, дарамт шахалт үзүүлсэн гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэг, 116, 118, 120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 682,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА