Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/72

 

    2023        04        17                                   2023/ШЦТ/72

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,

Шүүгдэгч: М.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б овогт Мийн Лд холбогдох эрүүгийн 2335000000091 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн ..... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын 3-р сургуульд нярав ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Мийн Л /РД:................/

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч М.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёмбо караокены гадна 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр албан үүргээ биелүүлэхээр очсон Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Быг албан үүрэгтэй нь холбогдуулан, хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч М.Лыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёмбо караокены гадна 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр албан үүргээ биелүүлэхээр очсон Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Быг албан үүрэгтэй нь холбогдуулан, хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэж буюу түүний нүүр тус газарт хөлөөрөө өшиглөж эсэргүүцсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-4 дэх тал),

Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 11 дэх тал),

Гэрч М.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

Гэрч С.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

Гэрч Б.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

Гэрч А.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг(хавтаст хэргийн 20-21 дэх тал),

Гэрч Ж.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

Шүүгдэгч М.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 125 дугаартай “ Үзүүлэгч Б.Бын биед хамрын баруун хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Хамрын баруун хэсэгт зөөлөн эдийн гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33 дахь тал)-аар хууль сахиулагчийн биед гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсон тул Увс аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Б нь хууль сахиулагч мөн байна.

Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага хууль ёсны эсэх нь шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох шалгуур үзүүлэлт болдог.

Шүүгдэгч М.Л нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёмбо караокены гадна буюу олон нийтийн газарт нийгмийн хэв журмыг зөрчсөн үйлдэл гаргасныг таслан зогсоох чиг үүргийн дагуу албан үүргээ биелүүлэхээр очсон  Увс аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бын хууль ёсны тавьсан шаардлагыг хүч хэрэглэж түүний нүүр тус газарт хөлөөрөө өшиглөж, жийсэн зэргээр эсэргүүцсэн үйлдэл нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч М.Л нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан ба согтолтын зэрэг нь 3.27%-ийн согтолттой байсан болох нь согтуурал шалгасан магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59-60 дэх тал)-ээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч М.Лыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд “Увс аймгийн Цагдаагийн газрын НХЖХТ-ийн эргүүлийн цагдаа, дэд ахлагч Б.Б би 2023 оны 02 дугаар сарын 27-ны шөнө албан үүргээ гүйцэтгэж байх үед иргэн М.Л хууль сахиулагчийн шаардлага эсэргүүцэж миний нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн. Надаас ирж уучлалт гуйсан тул гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 75 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч М.Лод эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Л нь Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг хууль сахиулагчийн биед халдсан үйлдэл нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Л нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал)-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ

Шүүгдэгч М.Лын зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 3 дахь хэсэгт заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч М.Лд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тохиролцож ирүүлсэн байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Лод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Лод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Мийн Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч М.Лод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т  заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Лод тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Л нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч М.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Лод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ