Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 735

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/03280 дугаар шийдвэртэй, Б.Оийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Хэд холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,

Ү-2202004339 тоот улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 40 дүгээр байрны 11 тоотод байрлах орон сууцыг чөлөөлөхийг Б.От даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Должинсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь Т.Хээс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1 сарын хугацаагаар 20 000 000 төгрөгийн зээл авч зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. Гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд зээлийн гэрээний барьцаанд ямар нэгэн хөрөнгө барьцаалаагүй, барьцааны гэрээ хийгээгүй болно. Түүнчлэн би Т.Хээс 20 000 000 төгрөгийг зээлсэн боловч гэрээ байгуулах үед түүний иргэний үнэмлэх байхгүй гэсэн тул найз Г.Жамъянцогзолтой нь гэрээг байгуулсан. Т.Хийн хүсэлтийн дагуу зээлийг эргэн төлж дуусах хүртэл хугацааны баталгаа болгож өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруугийн 40 дүгээр байрны 11 тоот, 26 мкв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хадгалуулах болж, гэрчилгээг эх хувиар нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Т.Хэд өгсөн. Гэтэл Т.Х зээл төлөх баталгаа болгон хадгалуулахаар өгсөн гэрчилгээг ашиглан миний зөвшөөрөлгүйгээр мөн өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээг нотариатаар батлуулсан байна. Тус гэрээний агуулга нь Б.Оюунчимэгээс Т.Хэд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж буй мэтээр гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч гэрээ хийсэн байх бөгөөд уг гэрээг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч эд хөрөнгө өмчлөх эрхэд ноцтойгоор халдаж байна.

2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл үзэж байна. Үүнд: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар заасан. Түүнчлэн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөр гэж тооцохоор хуульд заасан байна гэжээ. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд заасанчлан өөрийн өмчлөлийн Ү-2202004339 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Т.Хэд худалдан борлуулах хүсэл зориг надад байгаагүй, уг гэрээнд би гарын үсэг зураагүй. Мөн уг гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 5 000 000 төгрөг гэж заасан ба үүнийг би аваагүй, орон сууцны одоогийн зах зээлийн үнэ 80 000 000 төгрөгийн үнэлгээтэй байхад өөрт илт хохиролтой гэрээ байгуулах ямар ч үндэслэл байхгүй. Иймд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хууль бус гэрээг ашиглан Т.Х нь миний өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар шилжүүлэн авсан байх тул Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Б.Отэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, төлбөрийг зохих журмын дагуу шилжүүлсэн. Б.От мөнгөний яаралтай хэрэг гарсан гээд 5 000 000 төгрөгөөр орон сууцаа худалдахаар харилцан тохиролцсон юм. Б.О нэхэмжлэлдээ гэрээнд гарын үсэг зураагүй, миний гарын үсгийг дуурайлгасан гэсэн нь үндэслэлгүй. Гэрээг Чингэлтэй дүүргийн тойргийн 292 дугаар бүхий тамгатай нотариатч Д.Солонго гэрчилсэн бөгөөд нотариатч гэрээний нөхцөл, үр дагаварыг тайлбарлан, өөрийн хүсэл зориг байгаа эсэхийг тодруулж, Б.О нь биечлэн байлцаж, гэрээ болон нотариатчийн тэмдэглэлд гарын үсгээ зурсан. Үүнийг нотариатч гэрчлэх боломжтой.  

2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Т.Хийн Хаан банкны данснаас Б.Оийн Хаан банкны нэрийн дансанд 5 000 000 төгрөгийг байрны үнэ Хүрэлсүх гэсэн гүйлгээний утгаар шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул 5 000 000 төгрөгийг аваагүй гэх тайлбар бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй худал болно. Нэхэмжлэгч 20 000 000 төгрөгийг хариуцагч Т.Хээс зээлсэн, иргэний үнэмлэх нь байхгүй байсан тул найз Г.Жамъянцогзолтой нь гэрээ байгуулсан, зээлийн баталгаа болгож гэрчилгээг надад түр хадгалуулсан гээд Г.Жамъянцогзол гэх хүнтэй байгуулсан зээлийн гэрээг гаргаж өгсөн ба уг гэрээ, зээл өгсөн авсан болон Г.Жамъянцогзол гэх хүнтэй холбоотой асуудлыг би мэдэхгүй. Хэрэгт Хаан банкны дансны хуулга тодорхойлолт авагдсан ба Оюунцэцэгийн дансанд 5 000 000 төгрөг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18 цаг 53 минутад орж, 19 цаг 02 минутад зарлагаар гарч регистрийн дугаар, өөрийн баталгаат гарын үсгээр авсан байгаа. Иймд мөнгийг аваагүй гэдэг нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Хтэй зээлийн гэрээ байгуулаагүй. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан Жамъянцогзол гэх хүнтэй байгуулсан зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг 2 тал хоёулаа гаргасан ба худалдах худалдан авах гэрээний ар талд нотариатч 2 талын иргэний үнэмлэх бичиг баримтыг канондаж баталгаажуулсан байгаа нь иргэний үнэмлэхгүй байснаас найзтай нь гэрээ байгуулсан гэх тайлбар няцаагдаж байна. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Б.Оээс Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, 40 дүгээр байрны 11 тоотод байрлах 26 м.кв талбай бүхий орон сууцыг 5 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулан төлбөрийг түүний дансанд зохих ёсоор шилжүүлж, үүргээ биелүүлсэн тул өөрийн нэр дээр гэрчилгээг авах зорилгоор улсын бүртгэлийн байгууллагад холбогдох журмын нь дагуу мэдүүлэг гаргасан. 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарч хууль ёсны өмчлөгч болсон. Б.От тухайн үед мөнгөний яаралтай хэрэг гарсан тул үл хөдлөх эд хөрөнгөө яаралтай зарах шаардлагатай байна гэж хэлж байсан. Гэнэт орон сууцаа зарах болсон тул түр хугацаанд орон сууцанд байлгахыг надаас хүссэн, гар гэсэн үед саад болохгүй гарна шүү гэхэд Б.О за тэгнээ гэж хэлж байсан. Гэтэл миний хууль ёсны өмч хөрөнгийг надаас авахаар улайран дайрч байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрч чадахгүй.

Б.От орон сууцыг чөлөөлж өгөх тухай утсаар болон биечлэн уулзаж хэлэхэд “Чадахгүй, 5 000 000 төгрөгөөр чамд байраа зарна гэж юу байсан юм” гэж элдвээр хэлж загнаж орон сууцанд амьдарсаар байна. Миний бие хууль ёсны өмчлөгчийн хувиар өөрийн өмч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул чөлөөлж өгөхийг Б.От даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд Б.О гарын үсэг зурсан гэж шинжээч дүгнэлт гаргасан нь алдаатай байж болно. Нэхэмжлэгч өөрөө ийм гэрээнд би гарын үсэг зураагүй гэдгийг хэлдэг. Нотариат дээр Т.Х, Г.Жамъянцогзол, Б.О нар очсон гэдгийг үгүйсгээгүй. Зээлийн гэрээг байгуулсан гэдэгт огт маргаагүй. Харин 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ эхэлж байгуулагдаж, нотариатч 292 дугаартай 124 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэсэн, уг гэрээг Г.Жамъянцогзол гэдэг Т.Хийн найзтай байгуулсан байдаг. Энэ гэрээ байгуулсны дараа 128 дугаарт үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ бүртгэгдсэн байдаг. Б.Оийн тайлбарлаж байгаагаар зээлийн гэрээ байгуулах үед Т.Хэд иргэний үнэмлэх байгаагүй учраас Жамъянцогзолтой гэрээ байгуулчих  гэсэн шаардлага тавьсан гэдэг. Гэрээ байгуулсны дараа Б.О шууд гарч явсан ба Т.Х үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан байх магадлалтай.

Түүнчлэн 5 000 000 төгрөгийг дансаар орж ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийн гэрээний дагуу 20 000 000 төгрөгөөс 15 000 000 төгрөгийг бэлнээр аваад 5 000 000 төгрөгийг дансаар авсан байдаг. Дансаар орж ирэхдээ үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны төлбөр гэсэн байдаг. Үүнийг тухайн үед Б.О өөрөө мэдээгүй. Таны дансанд мөнгө шилжүүлчихлээ, очоод авчих гэхээр нь Хаан банкнаас өөрөө авсан байдаг. Нотариатч гэрчээр асуугдахдаа тодорхой мэдээлэлийг өгөөгүй, сайн санахгүй байна, мэдэхгүй байна гэж хариулсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр 189.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2202004393 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 40 дүгээр байр 11 тоот орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч Б.От даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.О, хариуцагч Т.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус 94 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 94950 гаргуулан хариуцагч Т.Хэд олгож, шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрсөн. Нэхэмжлэгч Б.О нь Т.Хээс 20 000 000 төгрөгийг зээлж, гэрээг Г.Жамъянцогзолтой байгуулсан ба орон сууцны гэрчилгээг Т.Хэд баталгаа болгож өгсөн. Дээрх 20 000 000 төгрөгийг Т.Хээс зээлэх болсон шалтгаан нь Л.Гүрсүрэн, Д.Баяржаргал, Г.Должин гэх хүмүүс нь нэхэмжлэгчээс  байраа барьцаанд тавиад 20 000 000 төгрөг зээлж өгөөч, мөнгө зээлэх хүнийг бид олно гэсний дагуу Т.Хтэй нэхэмжлэгчийг танилцуулж, зээлийн гэрээг байгуулсан. Дээрх үйл баримтыг нотлохоор Д.Баяржаргал, Г.Должинг нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг хоёр удаа гаргахад шүүгч хангаагүй бөгөөд ямар үндэслэлээр хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Түүнчлэн, Т.Х банкинд харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэг эсэх, хэрэв данс эзэмшдэг бол 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 1 сарын хугацааны дансны хуулгыг гаргуулах хүсэлт гаргахад мөн л хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь дээрх гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө олж авах боломжгүй бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжоор хангаж өгөөгүй.

Хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай болон маргааны зүйлийг тодорхойлох, тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл заалтыг оновчтой хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Нэхэмжлэгч 2 өрөө орон сууцыг одоогийн зах зээлийн үнэлгээ 80 000 000 төгрөгийн үнэлгээтэй байхад өөрт илт хохиролтой гэрээ байгуулах ямар ч үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Т.Хэд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцыг түүний эзэмшлээс чөлөөлөхийг даалгахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг дутуу хийсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар зохицуулсан. Дээрх хуулийн заалтын хүрээнд нэхэмжлэгч талаас иргэн Д.Баяржаргал, Г.Должин нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 28, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус тус гаргасныг шүүх шийдвэрлэхдээ “гэрчийн мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолгүй байна” гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтээр хуульд заасан хариуцлагын талаар сануулж асууснаар гэрчийн мэдүүлэгт шүүх дүгнэлт хийх байтал нэр бүхий этгээдээс гэрчийн мэдүүлэг аваагүй, огт асуугаагүй атлаа дээрх байдлаар урьдчилан дүгнэлт хийж хүсэлтийг хангаагүй нь буруу. /хх90, 104, 114, 116/

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч Т.Хэд холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн тодруулах учиртай. Нэхэмжлэл болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчсөн эсхүл уг гэрээгээр өөр хэлцлийг халхавчилж хийсэн эсэх, хэлцэл хийгч нэг тал нь нөгөө талыг төөрөгдүүлсний улмаас хэлцэл хийгдсэн эсэхтэй холбоотой шаардлага, түүний үр дагаврыг хэрхэхээр шүүхэд хандсан нь тодорхой бус байна. Эдгээрийг тодруулаагүй тохиолдолд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ч шийдвэрлэх боломжгүй юм.

 

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/03280 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА