| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 102/2014/03183/И |
| Дугаар | 001/ХТ2021/01256 |
| Огноо | 2021-10-19 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2021/01256
Д.Тумбааш, Ц.Цэвэлсүрэн нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02502 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 62 дугаар магадлалтай,
Д.Тумбааш, Ц.Цэвэлсүрэн нарын нэхэмжлэлтэй,
Л.Ганхөлөг, Г.Соёл-Эрдэнэ нарт холбогдох,
Түрээсийн орлогоос ногдох хэсэгт Д.Тумбаашт 38,568,192 төгрөг гаргуулах, өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн тохижилтын төлбөр 7,000,000 төгрөг гаргуулах, Ц.Цэвэлсүрэн нь 30,000,000 төгрөгийн хэлцлээс татгалзаж, өвлөх эрхээ сэргээлгэх, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, түрээсийн орлогоос ногдох хэсэгт 38,568,192 төгрөг гаргуулах, өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц болон өргөтгөлийг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Д.Тумбаашт олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, 1,110,237 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Тумбааш, Ц.Цэвэлсүрэн, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Ганбаатар, хариуцагч Л.Ганхөлөг, түүний өмгөөлөгч Ц.Хонгорзул, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие анх 2014.4.28-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Түүнээс хойш нилээн олон удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. 2019 оны 6 сард нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар тодорхойлсон. Маргаан бүхий байрыг манай гэр бүлийн хөрөнгөөр худалдаж авсан. Манай аав Д.Доржготов, ээж Ц.Цэвэлсүрэн нар 9 хүүхэдтэй. Би 7 дахь хүүхэд. 1993 онд аав, ээж минь хүүхдүүдийн хамт гэр бүлийн Өвлөх урлахуй хувиараа эрхлэх аж ахуйг байгуулсан. Бага оврын гурилын цех, барааны савангийн үйлдвэрлэл зэргээс Өвлөх урлахуй ХХК-ийн хөрөнгө болгосон. 2001 онд жолооны курс ажиллуулах зөвшөөрөл авч, Архангай аймгийн Жаргалант суманд курс нээж ажиллуулсан. 2002 онд Дундговь аймгийн Адаацаг суманд жолооны курсийн 2 төгсөлт хийсэн. Маргаан бүхий байрны ихэнх төлбөрийг жолооны курсээс олж, үлдсэн төлбөрийг Номин юнайн ББСБ ХХК-иас зээлж, төлсөн. 2004, 2005 он хүртэл жолооны курс ажиллаж, сүүлдээ зардал нь ихэсч, ашиг нь багассан. Би 2005 онд маргаан бүхий байранд өргөтгөл барьсан. Энэ байдлыг хариуцагч Л.Ганхөлөг, Г.Соёл-Эрдэнэ нар зөвшөөрсөн. Тухайн үеийн сарын дундаж цалин 80,000-100,000 төгрөг байсан. Би аавтай тохирч, жолооны курсэд дүрэм, жолоо заадаг байсан. Жолооны курсэд аав, төрсөн ах Д.Туул, 2 хүргэн ах нар багшаар ажиллаж байсан. Эдгээр хүмүүс дром дээр багшилж, би хотын жолоонд бүх сонсогчийг авч явдаг, нилээн өндөр ачаалалтай ажилладаг байсан. Мөн курсэд ашиглах машинуудыг өөрийн хөдөлмөрөөр бий болгож, нэмсэн. Тухайн үед талийгаач эгч Хадгаламж зээлийн хоршоонд байр барьцаалж 5,000,000 төгрөг авч, н.Дондов, н.Энхтуяа гэх хүмүүст алдсан. Эгчийг нас барах үед байрны гэрчилгээ Хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байсан. н.Дондов, н.Энхтуяа нарт холбогдох 20 гаруй хохирогчтой эрүүгийн хэрэг эцэслэн шийдэгдсэний дараа байр чөлөөлүүлж авна гэж ойлгож байсан. Сүүлд Л.Ганхөлөг надтай, ээжтэй тохирч, байрыг баараар ажиллуулъя, н.Баатархүүд газар авч, нэг өрөө байр авахаар болсон, байраа чамд өгье, ээжид 30,000,000 төгрөг өгье, өмчлөх эрхээсээ татгалзаач гэсэн. Л.Ганхөлөг дээрх тохиролцоог биелүүлнэ гэж явсаар 2014 он хүргэсэн. 2014 оны сүүлээр би амласан зүйлээ өгч чадахгүй, асуудлыг шүүхээр шийдүүл гэснээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Л.Ганхөлөгийг шүүхээр асуудлыг шийдүүлье гэж хэлэх хүртэл тэвчээртэй хүлээсэн. Энэ хугацаанд Л.Ганхөлөг маргаан бүхий байрыг бусдад түрээслэх, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах зэргээр нилээн ашиг олсон. Би Л.Ганхөлөгөөс байрны ашгаас нэг ч төгрөг аваагүй. Хамтран өвчлөгч намайг эсэргүүцсээр байтал одоо хүртэл байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Миний өмчлөх эрх өнөөдрийг хүртэл хөндөгдөж байна. Л.Ганхөлөг Мэргэжлийн хяналтад ажиллаж байхдаа дарга н.Жаргалыг зодож, н.Жаргал өш санаж, Өвлөх урлахуй ХХК-иар оролдсон. Үнэмлэхээ хүлээж байсан хүмүүсийн үнэмлэхийг гаргахгүй жил шахам болж, шалгалт өгөхөөр төлбөр тушаасан хүмүүсийн шалгалтыг өгүүлэхгүй дарамталсан. Энэ асуудлаас болж олон хүмүүсийн төлсөн сургалтын төлбөрийг буцааж өгч байсан. Эгч 2005.12.14-ний өдөр нас барсан. 2006-2011 он хүртэл Өвлөх урлахуй ХХК-ийн жолооны курсийг дунд эгч Д.Тунамал ажиллуулсан. Манай гэр бүлийнхэн ээлжилж байр хардаг байсан. Анх байр, өргөтгөлийг жолооны курсийн сургалтын танхимаар тохижуулсан. 2006 оны 5, 6 сараас баарны зориулалтаар өөрчилж засварласан. Аавын УАЗ-469 машиныг 4,500,000 төгрөгөөр зарж, эгч Д.Тунамалаас 2,500,000 төгрөг авч нийт 7,000,000 төгрөгөөр тохижилт, засварын ажил хийсэн. Миний 4, 5 сар зарцуулж, 7,000,000 төгрөгөөр хийсэн тохижилт, засварыг Л.Ганхөлөг, Ж.Мөнхнасан нар зөвшөөрөлгүй өөрчилж, цэцэрлэг болгосон. 2007 онд Л.Ганхөлөг надад маргаан бүхий байрыг баар, рестораны чиглэлээр ажиллуулъя, би н.Баатархүү гэх хүнд газар өгсөн, 25 дугаар эмийн сангийн ойролцоо 5 давхар байр баригдаж байгаа, тэндээс чамд нэг өрөө байр өгье гэж хэлсэн. Л.Ганхөлөг намайг цалингүй ажиллаж байсан, өргөтгөл барьсныг мэдэж байгаа. Тухайн үед н.Баатархүү байраа өгөхгүй байна, хэсэг хугацаанд хүлээгээч гэсээр 2009 оны 2 сар хүрсэн. 2009 онд өв нээлгэж, Л.Ганхөлөгийн хамт нотариат орж, Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт мэдүүлэг бөглөж, 4 хүний нэр дээр гэрчилгээ гарсан. Надад тухайн үед хуулийн мэдлэг байгаагүй, нотариатчийн хэлсэн бичиг баримтыг бүрдүүлж, Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар очсон. Улсын бүртгэлээс бүрдүүлсэн бичиг баримт шаардлага хангаж байна гэсэн. Тухайн үед нотариат, улсын бүртгэлийн газарт Л.Ганхөлөгтэй хамт очиж, гэрчилгээнд нэрээ оруулсан. 2007 оны 11 сард Л.Ганхөлөг ээжид 30,000,000 төгрөг өгнө гэж амласан ч өгөхгүй болохоор нь 2008 онд хэлцлийг нотариатаар баталгаажуулсан. Манай аав, ээж 2 талийгаач эгчийн хууль ёсны 1 дүгээр үеийн өв залгамжлагч нар. Би 2 дугаар үеийн өв залгамжлагч. Маргаан бүхий 60 дугаар байрыг бий болгоход миний маш их хөдөлмөр орсон. Би байгаагүй бол 60 дугаар байрыг худалдаж авах боломж байгаагүй. Өглөө 3, 4 машины сонсогч нарыг ээлжээр авч, шөнө дунд хүртэл хотын жолоонд дадлага хийлгэдэг байсан. Орой 17-20 цаг хүртэл өдөр бүр дүрэм заадаг байсан. Жил гаруй хугацаанд ингэж ажиллаад ядаргаанд орж, сувилалд хэвтэж байсан. Гэтэл Л.Ганхөлөг ганц ч тоосго нэмэрлээгүй. Би гэр бүлийн бизнест гүйцэтгэх ажил хийдэг. Талийгаач эгч н.Тунгалаг, эгч н.Тунамал нар урдаас хэд хэдэн удаа барилгын материал зөөсөн. Ганц нэг удаад Л.Ганхөлөг хань болж явсан байх. Урдаас материал авахад гарсан зардлыг жолооны курсийн орлогоос гаргаж байсан. 2007 оны 11 сард Л.Ганхөлөг надад нэг өрөө байр өгнө гэсэн учраас би маргаан бүхий байрыг хүлээлгэж өгсөн. Байраа өгөхгүй 2009 оны 2 сар хүртэл явсан. Эхлээд юу юугүй байр шилжүүлж авах гэж байна гэсэн. Дараа нь н.Баатархүү олдохоо больчихлоо, шүүхээр эрэн сурвалжлуулж шийдвэр гаргуулсан гэсэн. Байр өгөх тохиролцоо бүтэхгүй болохоор хэн хэн нь зөвшөөрч би гэрчилгээнд нэрээ оруулсан. Л.Ганхөлөг миний оролцоог мэдэх учраас надад нэг өрөө байр өгнө гэсэн. Байрны асуудал бүтэхгүй болохоор миний нэрийг үл хөдлөхийн гэрчилгээнд оруулсан. Ээжид 30,000,000 төгрөг өгнө гэсэн. Чамд нэг өрөө байр өгөх учраас аавыг өвлөх эрхээс татгалзуулж өгөөч гэсэн. Би аавд энэ талаар хэлж өвлөх эрхээс нь татгалзуулсан. Л.Ганхөлөг ч гэсэн аавтай уулзаж тохиролцож байсан. 2011.8.05-ны өдөр манай аав өвчний улмаас нас барсан. Аавыг нас барах хүртэл Л.Ганхөлөг цагаан сараар очиж золгодог байсан. 2009 онд Гүнтэд байшингийн торх байсныг буулгахад Л.Ганхөлөг аавтай хамт явсан. Өмнөх хурал дээр Л.Ганхөлөг аавыг 2008 онд нас барсан, 2011 онд нас бараагүй гэж худал мэдүүлсэн. Л.Ганхөлөг худал ярьж, гүтгэж байна. Холбогдох газруудын зөвшөөрлийн дагуу өргөтгөл баригдсан. 2009.02.12-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд байрнаас өөрт ногдох үр шим, олох байсан түрээсийн орлого 18,187,000 төгрөгийн 1/5 хувь 3,637,400 төгрөг, 2013 оны 08 сараас цэцэрлэг ажилласан, цэцэрлэгийн сарын түрээсийн дундаж орлого 2,392,520 төгрөгийг 73 сард үржүүлж 174,653,960 төгрөг болно. Уг мөнгийн 1/5 хувь 34,930,792 төгрөг, нийт 38,568,192 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 60 дугаар байрны 111 тоотод байрлах 2 өрөө орон сууц, өргөтгөлийн хууль ёсны өмчлөгчөөр Ц.Цэвэлсүрэн, Д.Тумбааш нарыг тогтоох, Хууль ёсны өмчлөгч Д.Тумбааш миний зөвшөөрөлгүй маргаан бүхий орон сууц, өргөтгөлд хариуцагч Л.Ганхөлөг өнөөдрийг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсан тул хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлүүлэх, 2008.01.21-ний өдөр Ц.Цэвэлсүрэн өвлөгчөөс татгалзсаны хариу төлбөрт Л.Ганхөлөгөөс 30,000,000 төгрөгөөр авахаар тохирч, хэлцэл байгуулж, нотариатаар батлуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл Л.Ганхөлөг хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Ц.Цэвэлсүрэнгийн өмчлөх эрхийг сэргээлгэх, 2009.02.12-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Ц.Цэвэлсүрэнд маргаан бүхий байр, өргөтгөлөөс өөрт ногдох үр шим, бусдад түрээслүүлсэн орлого болох 18,187,000 төгрөгийн 1/5 хувь болох 3,637,400 төгрөг, 2014 оны 08 сараас өнөөдрийг хүртэл 73 сар, сарын 2,392,520 төгрөг, нийт хугацаагаар үржүүлж 174,653,960 төгрөгийн 1/5 хувь болох 34,930,792 төгрөг, нийт 38,568,192 төгрөгийг хариуцагч Л.Ганхөлөгөөс гаргуулж өгнө үү. 6 дахь шаардлага нэхэмжлэгч Д.Тумбааш миний зөвшөөрөлгүй, гуравдагч этгээд Ж.Мөнхнасан цэцэрлэгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулсан. Би 2007 онд 7,000,000 төгрөг гаргаж кафе, баарны зориулалтаар тохижуулсныг надад хэлэхгүйгээр өөрчилсөн тул 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нар үндсэн нэхэмжлэлд холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: Талийгаач эхнэр Д.Тунгалаг бид хоёр 1996 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2 хүүхэд төрсөн. 2005 онд эхнэр нас барсан. Д.Тумбаашийн гэр бүлийн бизнес гэж нэрлэн өөртөө тохож байгаа бизнесийн анхны хөрөнгө оруулагч нь би юм. Эхнэрийн талынхан олуулаа, эрхэлсэн ажилгүй байсан учраас жолооны курс нээж ажиллуулахаар болсон. Тухайн үед би жолооны курсэд 4 машин авч өгсөн. Би хөрөнгө оруулалт хийсэн учраас жолооны курсээс ашгаа авахаар тохирч, курсийг талийгаач хадам аавын нэр дээр нээж, ерөнхий менежерээр манай талийгаач эхнэр ажилласан. Жолооны курсийн ашгаар маргаан бүхий байрыг авсан. Нэхэмжлэгч нарын бизнес байсан бол тэд өөрсдийнхөө нэр дээр байрны гэрчилгээ гаргуулах байсан. Тухайн үед нэхэмжлэгч нар манай гэр бүлийн бизнест цалинтай ажиллаж байсан. Маргаан бүхий орон сууц манай гэр бүлийн өмч учраас талийгаач эхнэрийн нэр дээр байрны гэрчилгээ гарсан. Нэхэмжлэгч нар эхнэрийг нас барснаас хойш 49 хоногийн дараа маргаанаа эхэлж, намайг гүтгэж шоронд оруулсан. Эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж, намайг буруугүй гэдгийг тогтоосон. Нэхэмжлэгч нар төдийгөөс өдий хүртэл байрыг өөрсдийн өмчлөлд авах гэж улайран зүтгэж ирсэн. Талийгаач эхнэрийн аавыг нас барах хүртэл эд нар юу ч хэлж чаддаггүй байсан. Яагаад гэвэл талийгаач хадам аав курсийн ажлыг гардан явуулдаг, хэн хэн жолооны курсэд ямар хөрөнгө оруулалт хийсэн, ямар оролцоотой ажиллаж байгааг мэддэг байсан. Тэр хүнийг амьд байхад эд нар юу ч дуугарч чаддаггүй, нас барснаас нь хойш намайг дарамталж эхэлсэн. Тухайн үед манайд хадам ээж, Д.Тумбааш, хадам ах нар орж ирж мөнгө өг эсвэл байраа өг гэж удаа дараа намайг дарамталдаг байсан. Дарамталсаар байгаад хүчээр 30,000,000 төгрөг өгнө гэсэн хэлцэл хийлгэж, нотариатаар батлуулсан. Д.Тумбааш манай ажил дээр ирээд заамдаж, хүчээр өөрийнхөө нэрийг байрны гэрчилгээнд хууль бусаар оруулсан. Эхнэрийг өнгөрснөөс хойш жилийн дараа би хүсэлт гаргаж, өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Гэтэл нэхэмжлэгч нар хууль бусаар нэг сар, өдөртэй нэг нь 3 хүнтэй, нэг нь 4 хүнтэй үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулсан. Д.Тумбааш шууд өв залгамжлах эрхтэй этгээд биш. Би 2 хүүхдийнхээ хамт шууд өв залгамжлагч нар юм. Талийгаач эхнэрийн эцэг, эх хоёр жилийн дотор өв нээлгэх хүсэлт гаргах байсан ч гаргаагүй тул өвлөх эрхээ алдсан байна. Талийгаач эхнэр амьд байхдаа байрыг баарны зориулалтаар тохижуулж ажиллуулж байсан. Тухайн үед Д.Тумбааш цалин авч, ажил хийснийг үгүйсгэхгүй. Цалингийн асуудлыг би мэдэхгүй, жолооны курсийн захирал мэднэ. Д.Тумбаашийн нэхэмжилсэн засварын 7,000,000 төгрөг үндэслэлгүй байна. Мөн өндөр дүнтэй мөнгөн төлбөрийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2007.12.11-ний өдөр Л.Ганхөлөг 2 хүүхдийн хамт өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Гэтэл 2007.12.11-ний өдөр олгосон гэрчилгээг өөрчлөхгүйгээр 2009 онд 4 хүний нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нотариатчийг гэрчээр оролцуулсан ч тодорхой тайлбар хэлж чадаагүй. Иймд сүүлд гарсан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, 2006 оноос 2008 оны 3 сар хүртэл Д.Тумбааш маргаан бүхий байранд үйл ажиллагааг явуулж байхдаа ашиглалтын зардал 1,110,237 төгрөг төлөөгүй. Уг мөнгийг Д.Тумбаашаас нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: 2007 оны 11 сард би Л.Ганхөлөгт байр хүлээлгэж өгсөн. 2007 оны 11 сарын сүүлээр Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газраас манайх руу талийгаачийн аав, ээж хоёр маргаан бүхий байрны хууль ёсны өвлөгч нар юм байна, байрны өвлөх эрхийн гэрчилгээнд нэрээ оруулахгүй татгалзсан юм уу гэж утсаар асуухад бид нар өвлөх эрхээсээ татгалзаагүй гэж хэлсэн. Биднийг Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газраас ирж уулз гэсэн. 2007.12.12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар албан бичиг өгсөн нь шүүхэд нотлох баримтаар авагдсан. Л.Ганхөлөг бид нарт мэдэгдэхгүйгээр эрүүгийн хэргийн асуудал дуусаагүй байхад Хадгаламж зээлийн хоршоонд 3,000,000 төгрөг өгч, үл хөдлөхийн гэрчилгээ авсан байсан. Л.Ганхөлөг гэрлэлтийн гэрчилгээ, үл хөдлөхийн гэрчилгээ зэргээр Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газраас үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахаар хандахад үл хөдлөхөөс талийгаачийн аав, ээж нар байдаг юм байна гээд манайх руу утсаар холбогдсон байсан. Аав, ээж өвлөгч нар гэснээр Л.Ганхөлөгт тухайн үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй. 3 хүний нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ гарсныг би мэдээгүй. Харилцан тохиролцож, 2009 оны 2 сард нотариат дээр очиж, өвлөх эрхийн гэрчилгээ батлуулсан. Нотариатаас Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт очиж, 4 хүний нэр дээр гарах гэрчилгээний материал өгсөн. Тухайн үед Үл хөдлөх хөрөнгийн газрын ажилтан бүрдүүлсэн материал хуулийн шаардлага хангасан байна гээд авсан. Нарлаг 60 СӨХ-ны нягтлан бодогч н.Баярмаа гэх хүний 2 охин манайд 2007 оны 11 сар хүртэл бармен, зөөгчөөр ажиллаж байсан. Намайг тооцоо хийхэд СӨХ-оос ээж орж ирээд СӨХ-ны мөнгө авсан гээд баримтыг нь өгч байсан. Орон сууцны контороос дулаан, ус, цахилгааны мөнгө нэхэж ирэхээр нь өгсөн гэдэг байсан. Ашиглалтын зардал төлж байсан талаарх баримт гаргуулахаар СӨХ, Орон сууцны конторт хандахад өр, төлбөргүй гэсэн хариу өгдөг. Гэхдээ миний болон н.Баярмаа гэх хүний охины тушаасан гарын үсэгтэй баримтууд архивлагдаагүй, алга болчихсон байсан. Л.Ганхөлөгийн оролцоотой миний ашиглалтын зардал төлсөн баримтыг авсан гэж би хардаж байгаа. Намайг 2007 оны 11 сард Л.Ганхөлөгт байр хүлээлгэж өгөхөд ямар ч өр төлбөр байгаагүй. 2008 оны 2 сараас хойш Нарлаг 60 СӨХ үйл ажиллагаа явуулахаа больсон байсан. 2007 онд Л.Ганхөлөг надаас байр аваад бусдад түрээслүүлсэн байсан. Тэр хугацааны төлөгдөөгүй төлбөрийг надаас нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Мөнхнасан шүүхэд гаргасан тайлбартаа: Тумбаашийн байр ашигласан хугацааны ашиглалтын зардлыг бид нар төлж, өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Эцэг, эхийнх нь өмч хөрөнгө 2 хүүхдэд нь үлдэх ёстой гэж бодож байна. Байрнаас олсон орлого 2 хүүхдийн сургалт, хүмүүжилд зарцуулагддаг. Иймд байр 2 хүүхдийн өмч хэвээр үлдэж, хүүхдүүдийн ирээдүйд зарцуулагдаасай гэж хүсэж байна гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02502 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.5, 106 дугаар зүйлийн 106.2, 528 дугаар зүйлийн 528.5 дахь заалтыг баримтлан хариуцагч Л.Ганхөлөг, Г.Соёл-Эрдэнэ нараас 4,546,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Тумбаашт олгож, Д.Тумбаашийн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн орлогод 34,021,442 төгрөг гаргуулах, өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, гарсан зардал 7,000,000 төгрөг гаргуулах, орон сууц болон өргөтгөлийг чөлөөлүүлэх хэсгийг, Ц.Цэвэлсүрэнгийн 30,000,000 төгрөгийн хэлцлээс татгалзаж, өвлөх эрхээ сэргээлгэх, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 дугаар байрны, 111 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015018 дугаартай, 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны болон өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, түрээсийн орлогоос 38,568,192 төгрөг гаргуулах, орон сууц болон өргөтгөлийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хариуцагч Л.Ганхөлөгийн Д.Тумбаашт холбогдох, өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, 1,110,237 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 819,900 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 358,565 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 87,698 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тумбаашт олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 62 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02502 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.Соёл-Эрдэнэ, Л.Ганхөлөг нарт холбогдох, түрээсийн орлогоос ногдох хэсэгт Д.Тумбаашт 38,568,192 төгрөг гаргуулах, өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн тохижилтын төлбөр 7,000,000 төгрөг гаргуулах, Ц.Цэвэлсүрэн нь 30,000,000 төгрөгийн хэлцлээс татгалзаж, өвлөх эрхээ сэргээлгэх, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, түрээсийн орлогоос ногдох хэсэгт 38,568,192 төгрөг гаргуулах, өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц болон өргөтгөлийг чөлөөлүүлэх Д.Тумбааш, Ц.Цэвэлсүрэн нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Д.Тумбаашт олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 1,110,237 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...хариуцагч нараас 87,698 төгрөгийг гаргуулан Д.Тумбаашт олгосугай. гэснийг хасаж, Д.Тумбааш, Ц.Цэвэлсүрэн нараас 358,565 төгрөгийг гаргуулан Л.Ганхөлөг, Г.Соёл-Эрдэнэ нарт олгосугай. гэсэн заалт нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 520,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Д.Тумбааш, Ц.Цэвэлсүрэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ц.Цэвэлсүрэн, Д.Тумбааш нар нь шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байдаг. Үүнд: Маргаан бүхий дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг Тумбаашт ногдох хувь хэмжээгээр буюу нийт 38,568,192 төгрөг гаргуулах, Маргаан бүхий байрны өргөтгөлийн өмчлөгчөөр Ц.Цэвэлсүрэн, Д.Тумбааш нарыг тогтоолгох, Маргаан бүхий орон сууц болон өргөтгөлийг чөлөөлүүлэх, Нэхэмжлэгч Ц.Цэвэлсүрэн хууль ёсны өв залгамжлагчийн эрхээ сэргээлгэх, Ц.Цэвэлсүрэнгийн эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдсөнөөр олж авч чадаагүй дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг Ц.Цэвэлсүрэнд ногдох хувь хэмжээгээр буюу нийт 38,568,192 төгрөг гаргуулах, Гуравдагч этгээд Ж.Мөнхнасангаас 7 сая төгрөг гаргуулах. Нэхэмжлэгч нараас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч анхан шатны шүүх зарим хэсгийг нь, давж заалдах шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гомдол гаргах тухайд, 1.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хувьд: а. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаас түрээсийн орлогод 34,021,422 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсгийг ...үр шимийг хуваах нь бодитоор байхыг шаардах бөгөөд олох байсан орлогыг үр шимд тооцохгүй... гэж тайлбарласнаараа нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Л.Ганхөлөг нар нь маргаан бүхий орон сууц /өргөтгөлийн хамт/-ыг 2013 оны 08 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ашиглаж ирсэн ба хэрэв дээрх хугацаанд цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэхдээ бусдын үл хөдлөх хөрөнгийг түрээсэлсэн бол тодорхой хэмжээний түрээсийн зардал гаргах байсан. Бодит байдал дээр ийнхүү гарах зардлаа хэмнэснээрээ Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т заасан үр шимийг бий болгож байна. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээгээр 2013 оны 08 сараас хойш нийт 73 сарын хугацаанд цэцэрлэгийн зориулалтаар ашиглахдаа нийт 174,653,960 төгрөг хэмнэсэн байх бөгөөд нийт өмчлөгчид тэнцүү хуваавал 34,930,792 төгрөгийг Д.Тумбааш үр шим гэдэг утгаар шаардах эрхтэй байна. Иймд нэхэмжлэгч Д.Тумбааш нь ИХ-ийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт заасны дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, хэмнэсэн зардлыг үр шим олж авсантай адилтган гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 1.2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хувьд, а. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангахдаа Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалт буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад дурдсан үндэслэлүүд бүрдсэн гэж үзэж байна. Тодруулбал, Давж заалдах шатны шүүхээс ИХ-ийн 106 дугаар зүйлийн 106.1 болон 108.2 дахь заалтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 6 шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс гадна, аль шаардлагыг ямар хууль зүйн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Иймд шүүх хэргийг зөвхөн нэг талыг барьж шударга бусаар шийдвэрлэсэн гэж дүгнэхэд хүргэж байна. Нэхэмжлэгч нараас Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8, 43.1.1 болон 43.3 дахь заалтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлан маргасан боловч шүүх Д.Доржготов, Ц.Цэвэлсүрэн нарыг өвлөх эрхээсээ татгалзсан гэж нэг талыг барьсан дүгнэлт хийн хэрэглэх ёстой хуулийн дээрх хэм хэмжээг хэрэглэсэнгүй. Давж заалдах шатны шүүхээс хууль зүйн өөр өөр үр дагавар бүхий харилцаа /үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд/-нуудыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хоёрхон үндэслэлээр төлөөлүүлэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэх бүрэн үндэслэлтэй юм. Уг магадлалын хянавал хэсэгт дурдагдсан хэргийн үйл баримтуудад нотлох болон няцаах хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хуулийг буруу хэрэглэхэд хүргэсэн, нэг талыг барьж хэргийг шударга бусаар шийдвэрлэхэд хүргэсэн гэж үзэхээр байна.
Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр гомдол гаргах тухайд, Анхан шатны шүүхийн шийдвэрийн хувьд: а. Өргөтгөлийн өмчлөгчөөр Ц.Цэвэлсүрэн, Д.Тумбааш нарыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2 дахь хэсэгт Маргаан бүхий 2 өрөө орон сууцны өргөтгөлийн барилгад өмчлөх эрх үүсээгүй байх тул хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг шүүхээс хариуцагчид холбогдуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ. Бид өргөтгөлийн хамтран өмчлөгч-өөр бүртгүүлэх шаардлагыг гаргаагүй. Харин өргөтгөлийн өмчлөгч-өөр тогтоолгох шаардлагыг гаргасан боловч анхан шатны шүүх дээрх байдлаар дүгнэлт хийснээрээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлээгүй нь харагдаж байна. Энэ утгаараа анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргээ шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн болно. Үүнийг давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахдаа зөвтгөн шийдвэрлэсэнгүй. Өргөтгөл нь маргаан бүхий орон сууцнаас тусдаа бие даасан барилга бөгөөд түүнийг Д.Тумбааш өөрийн хүч хөдөлмөр, зардлаар биечлэн барьсан учраас тухайн өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Тухайн өргөтгөлийг хариуцагч өөрийнх нь өмч гэж, мөн Д.Тумбааш өргөтгөлийг барьсан гэдгийг хариуцагч үгүйсгэж маргадаггүй. Г.Соёл-Эрдэнийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт Д.Тумбааш ах өргөтгөлийг барьж байсан гэсэн байдаг. /1хх-167-р хуудас/ б. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэг /8-р хуудас/-т Хууль ёсны өвлөгч Д.Доржготов нь өвийг хүлээн авахаар нотариатад хандаагүй, өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан байдал нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч Д.Тумбаашийн аавыг өвлөгчөөс татгалзвал надад байр өгнө гэсэн учраас аавыг татгалзуулж, оронд нь би өмчлөгчөөр бүртгүүлсэн гэх тайлбар нь ИХ-ийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь заалттай нийцэхгүй байх тул өвлөгч Д.Доржготовыг ИХ-ийн 528 дугаар 528.3-т зааснаар өв хүлээн авахаас татгалзсан байна гэж дүгнэсэн нь шүүхэд авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь судлаагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйтэй холбоотой юм. Шүүх нэхэмжлэгч Ц.Цэвэлсүрэнг ИХ-ийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн дотор өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авч, эрхлэн удирдсан, эд хөрөнгийн бүртгэлийн газарт өргөдөл гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэн өв залгамжлах эрхээсээ татгалзаагүй гэдгийг тогтоосон атлаа талийгаач Д.Тунгалагийн төрсөн эцэг болох Д.Доржготовыг өвлөх эрхээсээ татгалзсан гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан үйл баримттай нийцэхгүй байна. Тухайлбал, Маргаан бүхий орон сууцыг Д.Доржготов нь гэр бүлийн бизнесээс олсон орлогоор худалдан 2002 онд авсан. Д.Тумбааш нь гэр бүлийн бизнес болон уг жолооны курсэд дүрэм, жолооны багшаар ажиллаж байх хугацаандаа жолооны курсийг хөл дээр нь босгоход өөийн хувь нэмрээ оруулж тогтоосон цалинг авч байгаагүй. Аав Д.Доржготовын өөрийн 9 хүүхдээ өмчтэй болгох зорилгыг дэмжиж ажиллаж байсан. Тухайн үеийн санхүүгийн хямрал, жолооны курсийн уналтаас шалтгаалан хоосон хоцорсон. Өргөтгөлийг жолооны курсийн үйл ажиллагааг тохилог орчинд явуулах зорилгоор курсийн орлогоор ганцаар биечлэн барьсан. 2002-2005 онд жолооны курсийн зориулалтаар ашиглаж байгаад 2006 оны 6 дугаар сараас баар, рестораны чиглэлээр тохижилт засвар хийж 2007 оны 11 сар хүртэл ажиллуулж гэр бүлдээ орлого оруулж байсан нь зохигчдын тайлбараар нотлогддог. 2007 оны 11 сард Л.Ганхөлөгтэй тохиролцсоны үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг өргөтгөлийн хамт шилжүүлсэн. 2007.12.11-нд Л.Ганхөлөг нь өв залгамжлах эрхийн гэрчилгээ гаргуулахдаа хууль ёсны өвлөгчидтэй байгуулсан тохиролцооноосоо санаатайгаар зайлсхийж хууль ёсны бусад өвлөгч нарт мэдэгдэлгүйгээр Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн газарт хандсан байсныг тус байгууллагад гаргасан 2007.12.12-ны өдрийн манай гэр бүлийн өргөдөл /1хх-203/-ийн хүрээнд таслан зогсоож, хууль ёсны өвлөгчид болох Д.Доржготов, Ц.Цэвэлсүрэн нарын өвлөх эрх зөрчигдөхөөс хамгаалж чадсан. 2008.01.21-ний өдөр Ц.Цэвэлсүрэн, Л.Ганхөлөг нар өмнөх тохиролцоогоо бичгээр хийж баталгаажуулсан. Хууль ёсны өвлөгч Д.Доржготовтой хийсэн тохиролцооны дагуу 1 өрөө орон сууцыг Д.Тумбаашт өгөөгүй тул 2009 оны 01 дүгээр сард тохиролцоогоо баталгаажуулж Л.Ганхөлөг нь Д.Тумбаашийн нэрийг өв залгамжлах эрхийн гэрчилгээнд нэмж, эд хөрөнгийн улсын бүртгэлд маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг. Дээр дурдсан үйл явдлууд нь анхан шатны шүүхэд нотлох баримтаар авагдсан төдийгүй талууд маргаагүй атал шүүхээс хууль ёсны өвлөгч Д.Доржготовыг өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. в. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ц.Цэвэлсүрэнгийн өвлөх эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг нэг талыг барьж үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн. Ц.Цэвэлсүрэн болон түүний нөхөр нь ИХ-ийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач Д.Тунгалагийн хууль ёсны өв залгамжлагчид. Тэд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т ...өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан ... байх хуулийн шаардлагын хүрээнд өв хүлээн авсан буюу өвлөх эрхээсээ татгалзаагүй байдаг. Д.Доржготов, Ц.Цэвэлсүрэн нарын өв залгамжлалын асуудал тусдаа юм. Ц.Цэвэлсүрэн нь өвлөх эрхийнхээ хүрээнд 30 сая төгрөг авахаар болсон. Харин Д.Доржготовын өвлөх эрхийн хүрээнд Л.Ганхөлөг нь Д.Тумбаашт 1 өрөө орон сууц өгөхөөр тохиролцсон. Үүнийг нотлох зорилготойгоор Л.Ганхөлөгөөс н.Баатархүүг эрэн сурвалжлуулахаар гаргасан шүүхийн шийдвэрийг архиваас нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх үүнийг хангаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох эрхийг зөрчиж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжийг олгоогүй. Өөрөөр хэлбэл, шүүх нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй хэрнээ тухайн нотлох баримтын үндсэн дээр нотлогдох үйл баримтыг өөрийн үзэмжээр буюу ...Ц.Цэвэлсүрэнд Л.Ганхөлөг нь 2008.01.21-ний өдөр хийсэн хэлцлийн дагуу 30,000,000 төгрөг өгөөгүй байтап 1 жил гаруйн дараа хууль ёсны өвлөгч биш Д.Тумбаашийг өв залгамжлах эрхийн гэрчилгээнд нэмж оруулж, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн, үүнд нь Ц.Цэвэлсүрэн маргаагүй явдал нь тэрээр 30,000,000 төгрөг авахаа больж, өөрт ногдох хэсгээ Д.Тумбаашт шилжүүлсэн... гэж дүгнэснээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх журам зөрчсөн юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс хууль ёсны өвлөгч Д.Доржготовын амьд сэрүүн байхдаа хариуцагч Л.Ганхөлөгтэй хийсэн хэлцлийн үр дүнд бий болсон Д.Тумбаашийн хамтран өмчлөгчийн эрх үгүйсгэгдэж, нэхэмжлэгч Ц.Цэвэлсүрэнгийн өвлөх эрх зөрчигдсөн хэвээр байна. 2.2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хувьд, а.Магадлалын хянавал хэсэгт маргаан бүхий орон сууцыг Өв залгамжлах эрхийн №25 гэрчилгээгээр 2007.12.11-ний өдөр Ганхөлөгийн Соёл-Эрдэнэ, Ганхөлөгийн Эрдэнэбилэг нарыг хамтран өмчлөгчөөр, дээрх гэрчилгээг олгосон нотариатч Д.Тумбаашийн нэрийг өвлөх эрхийн гэрчилгээнд нэмж оруулснаар 2009.02.12-ны өдөр нэхэмжлэгч нь 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн. Дурдсан үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ. гэжээ. Мөн Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өв залгамжлагч биш Д.Тумбаашийн нэрийг өвлөх эрхийн гэрчилгээнд 2009 онд нэмж оруулсан үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон нотариатч Х.Болормаа тодорхой тайлбарлаагүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасанд гомдолтой байна. Учир нь, нэгдүгээрт анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 3.1 /12-р хуудас/-д нотариаттай холбоотой үйлдэлтэй холбоотой хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хоёрдугаарт, нотариатын үйлдэл, хуулиар тогтоосон түүний эрх хэмжээтэй холбоотой хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Д.Тумбаашт холбогдуулан гаргасныг анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийн шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх ИХШХШТХууль, Нотариатын хуулийг зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаа зөв тодорхойлоогүйг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Түүнчлэн Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 8-р хуудасны сүүлийн мөрөнд ...хариуцагч Л.Ганхөлөг нь нэхэмжлэгч нарын шахалт шаардлагаар өвлөх эрхийн гэрчилгээнд Д.Тумбаашийн нэр нэмэгдэж бичигдсэн гэснийг нэхэмжлэгч нар няцааж нотлоогүй. гэх үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Хариуцагчийн нотлох баримтгүй тайлбарыг нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад үгүйсгэж маргасан бөгөөд хариуцагч ийнхүү шахалт үзүүлсэн, мөн дарамталсан гэдгээ нотлоогүй. Тиймээс нотлоогүй зүйлийг нэхэмжлэгчээс үгүйсгэх шаардлагагүй юм. Харин нэхэмжлэгч нарын зүгээс Л.Ганхөлөгийг тохиролцоогоо биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан нь үнэн. Хуульд зааснаар хэргийн зохигч нь шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлгээ баримтаар нотлох үүрэг хүлээдэг зарчимтай. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Д.Тумбаашийг бусдад шахалт үзүүлсэн гэдгээ нотлоогүй гэж дүгнэн өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь учир дутагдалтай байна. Гуравдугаарт, гэрч нотариатч Х.Болормаагийн мэдүүлэг, эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас хавтаст хэрэгт авагдсан баримт зэргээс харвал Л.Ганхөлөг нь тухай үйлдлүүдийг сайн дураараа, биечлэн гүйцэтгэсэн нь нотлогддог. Дээрхээс гадна хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар өгөөгүйгээс дүгнэвэл 4 хүний нэртэй өвлөх эрхийн гэрчилгээ-г хууль зүйн хувьд хүчинтэй болохыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл болсон. б. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт Нэхэмжлэгч Ц.Цэвэлсүрэн нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөх эрхээсээ татгалзсаныг хэргийн оролцогчид болон өөрөө тайлбарласан байх тул өргөтгөлийн өмчлөх эрхийг сэргээлгэх, өвлөгдсөн эд хөрөнгөтэй холбоотойгоор түрээсийн төлбөрийн орлогоос хариуцагч нараас шаардах үндэслэлгүй юм гэж дүгнэсэн нь маргаан бүхий орон сууцны өвлөх эрх болон өргөтгөлийн өмчлөлийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хооронд нь хольж хутган, ялгалгүй шийдвэрлэснээрээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байна.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын давж заалдах шатны журмаар гаргасан гомдлыг хянахдаа эрх хэмжээгээ хэтрүүлэн /өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо хариуцах ёсгүй этгээдэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангасан/ хариуцагч талд илт ашигтай шийдвэр гаргасан төдийгүй ямар ч хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэн нь илт нэг талыг барьсан шударга бус үйлдэл гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.08-ны өдрийн 62 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулан, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.23-ны өдрийн 102/ШШ2019/02502 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.Тумбааш нь хариуцагч Л.Ганхөлөг, Г.Соёл-Эрдэнэ нарт холбогдуулан түрээсийн орлогоос ногдох хэсэгт 38,568,192 төгрөг гаргуулах, өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн тохижилтын төлбөрт 7,000,000 төгрөг гаргуулах, орон сууц болон өргөтгөлийг чөлөөлүүлэхээр, нэхэмжлэгч Ц.Цэвэлсүрэн нь 30,000,000 төгрөгийн хэлцлээс татгалзаж, өвлөх эрхээ сэргээлгэх, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, түрээсийн орлогоос ногдох хэсэгт 38,568,192 төгрөг гаргуулах, орон сууц болон өргөтгөлийг чөлөөлүүлэхээр тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэгч Д.Тумбаашт холбогдуулан түүнд олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, ашиглалтын зардалд төлсөн гэх 1,110,237 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Тумбаашийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Л.Ганхөлөг, Г.Соёл-Эрдэнэ нараас 4,546,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Цэвэлсүрэнгийн нэхэмжлэлийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас, Д.Тумбаашт олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулсан байна.
Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Давж заалдах шатны шүүх ...сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. ...2 өрөө орон сууцыг хариуцагч нар болон Г.Эрдэнэбилэг нар 2007.12.11-ний өдөр 62 дугаартай нотариатч Х.Болормаагийн олгосон өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан байх ба өвлөх эрхийн гэрчилгээнд нэхэмжлэгч Д.Тумбаашийн нэрийг нэмж оруулсан үндэслэлийг нотариатч тайлбарлаагүй, хариуцагч Л.Ганхөлөг нь нэхэмжлэгч нарын шахалт шаардлагаар өвлөх эрхийн гэрчилгээнд Д.Тумбаашийн нэр нэмэгдэж бичигдсэн гэснийг нэхэмжлэгч нар няцааж нотлоогүй гэж дүгнэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн тул энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгоно.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.
а/ Нэхэмжлэгч Ц.Цэвэлсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна.
Маргаан бүхий Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 дугаар байрны 111 тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2002.09.16-ны өдөр Д.Тунгалаг бүртгэгдсэн /нэг хүний өмч/, Д.Тунгалаг нь 2005.12.14-ний өдөр нас баржээ.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж зааснаар нас барагчийн нөхөр Л.Ганхөлөг, төрүүлсэн хүүхэд Г.Соёл-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, нас барагчийн төрсөн эцэг Д.Доржсүрэн, төрсөн эх Ц.Цэвэлсүрэн нар нь дээрх орон сууцны хууль ёсны өвлөгчид болох бөгөөд өвийг хүлээн авах эрхтэй байна.
2007.12.11-ний өдөр нотариатч маргаан бүхий орон сууцны өвлөгчөөр Л.Ганхөлөг, Г.Соёл-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг нарыг бүртгэж өв залгамжлах эрхийн гэрчилгээг үйлдэж, олгосон байх ба хариуцагч Л.Ганхөлөг уг өв залгамжлах эрхийн гэрчилгээний дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өмчлөх эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан байх боловч бүртгэлийн байгууллага нь маргаантай үндэслэлээр /2007.12.12-ны өдөр Ц.Цэвэлсүрэн, Л.Ганхөлөг нар гомдол гаргасан/ өмчлөх эрхийг бүртгээгүй нь тогтоогджээ.
Орон сууцны хууль ёсны өвлөгчид болох Ц.Цэвэлсүрэн болон Л.Ганхөлөг нар нь 2008.01.21-ний өдөр хэлцэл хийж, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 дугаар байрны 111 тоотын 2 өрөө орон сууцны үнийн тодорхой хувь болох 30,000,000 төгрөгийг Ц.Цэвэлсүрэнд бэлнээр төлөхөөр тохиролцсон байх боловч уг хэлцлийн дагуу Л.Ганхөлөг тохирсон мөнгийг төлөөгүй байна.
Улмаар Л.Ганхөлөг нь 2009.02.12-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гэрээслэл болон өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдсөнийг бүртгүүлэхээр мэдүүлэг гарган, орон сууцны хамтран өмчлөгчөөр Д.Тумбааш гэж мэдүүлэхдээ Л.Ганхөлөг, Г.Соёл-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Д.Тумбааш нарт олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг мэдүүлэгт хавсаргасан байх ба бүртгэлийн байгууллага Л.Ганхөлөг, Г.Соёл-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Д.Тумбааш нарыг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэн мөн өдөрт өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.
Дээрх байдлаар хариуцагч нь Д.Тумбаашийг өв залгамжлах эрхийн гэрчилгээнд нэмж оруулж, улмаар үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн, үүнтэй нэхэмжлэгч Ц.Цэвэлсүрэн маргаагүй, хэлцэлд заасан 30,000,000 төгрөгийг авалгүйгээр өөрт ногдох хэсгээ Д.Тумбаашт шилжүүлсэн нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д заасантай нийцсэн байна. Иймд анхан шатны шүүх ...Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно гэж заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэн, Ц.Цэвэлсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас, 30,000,000 төгрөгийн хэлцлээс татгалзаж, өвлөх эрхээ сэргээлгэхийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 108 дугаар зүйлийн 108.5-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана гэж тус тус заасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Цэвэлсүрэн нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч биш тул бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгө чөлөөлүүлэхээр шаардах, түрээсийн орлогоос тэнцүү хувь хэмжээгээр хуваан авахаар шаардах эрхгүй, мөн маргаан бүхий орон сууцны өргөтгөлийн барилгад өмчлөх эрх үүсээгүй тул хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн энэ зохицуулалтад нийцжээ.
б/ Нэхэмжлэгч Д.Тумбаашийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.Ганхөлөг, Г.Соёл-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Д.Тумбааш нар 2009.02.12-ны өдөр бүртгэгдсэнээр тухайн орон сууц нь дээрх 4 хүний дундаа хамтран өмчлөх дундын өмч байна. Иймд нэхэмжлэгч Д.Тумбааш нь тухайн дундын өмчийг ашигласнаас олсон үр шимийг тэнцүү хувь хэмжээгээр хуваахаар шаардах эрхтэй ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн түрээсийн гэрээ /7 удаагийн/-гээр олсон орлого гэж шаардсан 18,187,000 төгрөгөөс түүнд ногдох хэсгийг тооцож, 4,546,750 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасантай нийцсэн байна.
Харин нэхэмжлэгч Д.Тумбааш нь ...маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хариуцагч нь 2013 оны 8 дугаар сараас цэцэрлэгийн зориулалтаар ажиллуулж байгаа, ...түрээсийн дундаж орлого 174,653,960 төгрөг болно... гэж марган, өөрт ногдох хэсэг болох 34,930,792 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг шүүхээс ...олох байсан гэх орлогыг үр шимд тооцохгүй, ...хариуцагч нар 174,653,960 төгрөгийн үр шим олсон болох нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийн тохижилтын зардалд 7,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, нэхэмжлэгч нь маргаан бүхий дундын хөрөнгийн хамтран өмчлөгч тул бусад өмчлөгчид болох хариуцагч нарыг орон сууцыг хууль бусаар эзэмшсэн гэж маргах, тэдний эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах боломжгүй, орон сууцны өргөтгөлийн барилгад өмчлөх эрх үүсээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн үлдэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь дээрх, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.4, 108.5-д заасантай нийцсэн байна.
в/ Сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагч Л.Ганхөлөг нь Д.Тумбаашт олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Д.Тумбаашийг өвлөгчдийн нэгээр бүртгэсэн өв залгамжлах эрхийн гэрчилгээг нотариатч үйлдсэн, тухайн үед хариуцагч нь өв залгамжлах эрх олгосонтой маргаагүй, дээр дүгнэсэнчлэн хариуцагч нь өв залгамжлах эрхийн гэрчилгээг үндэслэн бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаж, орон сууцны хамтран өмчлөгчөөр Д.Тумбаашийг бүртгүүлсэн зэрэг нь хэргийн баримтаар тогтоогдсон, түүнчлэн хариуцагч нь СӨХ болон орон сууцны төлбөр зэрэг ашиглалтын зардалд 1,110,237 төгрөг гаргуулах шаардлагаа баримтаар нотолж чадаагүй байна. Иймд энэ үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Харин анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг зөв баримтлаагүй алдаа гаргасан байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 62 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02502 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 106 дугаар зүйлийн 106.2 гэснийг 106 дугаар зүйлийн 106.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543,631 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН