Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2019/ДШМ/71

 

 

 

 

 

 

С.Б, Ц.А, М.Ннарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Хохирогч А.Үүрцайх,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Жамъяндагва,

Яллагдагч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл, Ж.Нарантуяа, Н.Баяр, У.Батцэцэг, Б.Энхтуяа,

Яллагдагч С.Бадрал, М.Наранбаатар, Ц.Амармөнх,

Нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 06 сарын 20-ны өдрийн 469 дүгээр шүүгчийн захирамжтай С.Б, Ц.А, М.Ннарт холбогдох 1834008780426 дугаартай 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 07 сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч С.Б, Ц.А, М.Ннар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын-Уул 1 дүгээр багийн нутаг “Хар бухт” гэх газраас иргэн А.Үүрцайхын өмчлөлийн 7 тооны адуу, иргэн Х.Алтанхуягийн  өмчлөлийн 1 тооны адуу, нийт 8 тооны адуу буюу бусдын олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад нийт 56.432.670 төгрөгийн хохирол учруулсан гэм хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Б, Ц.А, М.Ннарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 06 сарын 20-ны өдрийн 469  дугаар шүүгчийн захирамжаар:

Яллагдагч С.Бадрах, М.Наранбаатар, Ц.Амармөнх нарт холбогдох эрүүгийн 1834008780426 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж,

 

Эрүүгийн 1834008780426  дугаартай хэрэг Төв аймгийн прокурорын газарт очтол яллагдагч С.Бадрах, М.Наранбаатар, Ц.Амармөнх нарт авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтуудаар хураагдсан зүйлгүй, прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан нэр бүхий хүмүүсийн битүүмжлэгдсэн хөрөнгийг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Оюунцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 1834008780426 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд “хэргийн оролцогчдийн хуульд заасан тодорхой эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, дээрх зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

  1. Хавтаст хэрэгт хохирогч нараас гаргаж өгсөн “хээр морины бай шагналын

хуулбар 16 хуудас, хонгор соёолон бай шагналын хуулбар 4 хуудас, хар ногоон морины бай шагнал 29 хуудас, жижиг хар морь бай шагналын хуулбар 17 нийт 66 хуудас баримтыг мөрдөгч хураан авсан атлаа хохирогч нарт буцаан өгсөн эсэх нь хэрэгт баримтаар авагдаагүй, дээрх 66 хуудас хэрэгт хавсаргагдаагүй хохирогч А.Үүрцайх, Х.Алтанхуяг нарын эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

  1. Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгад “яллагдагч С.Бадрахын

5732014823 дугаарын дансанд ...”Финанс холдинг” ХХК-иас 6 удаагийн үйлдлээр нийт 15.381.000 төгрөг, хамтран амьдрагч Д.Гантуяагийн дансанд 1 удаагийн үйлдлээ 1.934.000 төгрөгийг нийт 7 удаагийн үйлдлээр тус компаниас нийт 17.315.000 төгрөг тус тус шилжүүлжээ... яллагдагч С.Бадрах нь удаа дараагийн үйлдлээр мал, махан бүтээгдэхүүн худалдахдаа ... мал махны гарал үүслийн гэрчилгээг авч байсан эсэхийг шалгах гэж заасан боловч мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон яллагдагч С.Бадрахын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар гарал үүслийн гэрчилгээ авч байгаагүй, гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах өгч байсан болох нь тогтоогдсон байна.

Мөн “Финанс холдинг” ХХК болон Хятад улсын иргэн Lian Үоu, Үang Нailong нар нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүгчийн захирамжид дурьдсан асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нутаг дэвсгэрийн болон хууль заасын харьяаллын дагуу явагдана”, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг энэ хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу явуулна” гэж тус тус зааснаас дүгнэхэд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн шалгах асуудал байна.

  1. Яллагдагч С.Бадрах нарт холбогдох эрүүгийн 1834008780426 дугаартай хэргийг мөрдөгчөөс 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд шилжүүлэх санал гаргаж, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр прокурорт шилжүүлэн ирүүлснийг хяналтын прокурор Х.Оюунцэцэг нь 14 хоног хянаад 2019 оны 05 дугаар сарын 10-ны хэрэг хянах хугацаа сунгах санал гаргасны Аймгийн Ерөнхий прокурор С.Апимаагаас 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 14 хоногоор, Ерөнхий прокурорыг ээжлийн амралттай хугацаанд Ерөнхий прокурорын орлогч прокурор П.Мөнхзулаас хяналтын прокурор Х.Оюунцэцэгээс 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасан саналыг үндэслэн хэрэг хянах хугацааг 14 хоногоор тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1-д “мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүрт 14 хүртэл хоногоор нэмж сунгаж болно” гэж заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд сунгажээ.

Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А85 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Прокурорын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, дотоод ажлын аргачилсан заавар”-ын 1.3-т Аймгийн Ерөнхий прокурорын орлогч түүнийг эзгүйд эдлэх бүрэн эрхийг эдлэхээр заасан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм.

Хавтаст хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эрүүгийн 1834008780426 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолын хэргийн товч утга хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг нэмж оруулах” нэмэлт өөрчлөлтийг оруулсан ба тухайн тогтоолыг яллагдагч нарт болон өмгөөлөгч нарт тус тус танилцуулан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан эрхээр хангасан ба 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 2019 оны 6 дугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд буюу хэргийг шилжүүлэх хүртэл яллагдагч нараас эс зөвшөөрч байгаа талаар гомдол хүсэлт гаргаагүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1- д “Прокурор, яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид танилцуулна” гэж заасан ба тухайн тогтоолыг танилцуулсантай холбогдуулан заавал мэдүүлэг авахаар хуульчлаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

            4. “Эй жэй жэй эм” ХХК-ний гаргасан үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу гарсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн хохирогч А.Үүрцайх, Х.Аптанхуяг нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас хулгайд алдагдсан адуунуудын гаргасан амжилтуудыг нотолсон бичиг баримтуудыг үнэлгээний байгууллагад гаргаж өгч үнэлгээ гаргуулсан талаар мэдүүлсэн ба шаардлагатай гэж үзвэл үнэлгээ гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан шинжилгээтэй холбоотой зарим асуудлуудын талаар мэдүүлэг авч болох юм.

Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй, дахин дүгнэлт гаргуулах” талаар хүсэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу шийдвэрлэх боломжтой.

6. Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 112-125 дугаар талд авсан 13 хуудас хуулбар баримтыг хохирогч нараас нь “Эй жэй жэй эм” ХХК-нд гаргаж өгсний дагуу тус үнэлгээний тайланд хавсаргаж, ирүүлсэн байгаагаас дүгнэхэд тухайн материалыг мөрдөгч хохирогчоос хуулбарлан аваагүй болох нь тогтоогдсон тул тухайн материалыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасны дагуу “нотлох баримтыг хуулбарлан авах тэмдэглэл” үйлдэх үндэслэлгүй юм.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 469 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичиж, хүргүүлэв. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн хуралдаанд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч нарын өмгөөлөгч Д.Жамъяндагва гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Энэ хэрэгт шалгах зүйлүүд их байгаа. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч/С.Бадрах/-ийн өмгөөлөгч Б.Батцэнгэл гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийн 1 үндэслэлтэй санал нэг байна. Бусад асуудлаар бол шүүгчийн захирамжийг дэмжиж байна. С.Бадрахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч/Ц.Амармөнх/-ийн өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан тайлбартаа: Прокурор эсэргүүцлийнхээ үндэслэлийг тодорхой зааж чадахгүй байна. Шүүгчийн 469  дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Миний үйлчлүүлэгчийг шүүхэд хэрэг нь ирэнгүүт цагдан хорьсон. Эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр шат шатандаа гараад яваад байгаа юм. Иймд таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч/Ц.Амармөнх/-ийн өмгөөлөгч Ж.Нарантуяа гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй. Хууль зүйн үндэслэлгүй цагдан хорьсон. Иймд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хамжээ авч өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч/М.Наранбаатар/-ийн өмгөөлөгч Н.Баяр гаргасан тайлбартаа: 3-н өмгөөлөгчийн тайлбартай санал нэг байна. Нотлох баримтыг мөрдөгч хүлээж авсан юм бол яагаад хуульд заасан журмаар аваагүй юм бэ. Баримтууд нь яагаад шүүхэд ирээгүй юм бэ. 800.000 төгрөгийг 2 удаа авсан асуудлыг хүртэл шалгах ёстой. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг хорих үндэслэл байхгүй байхад цагдан хорьсон. Иймд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч/М.Наранбаатар/-ийн өмгөөлөгч У.Батцэцэг гаргасан тайлбартаа: Шүүгчийн захриамжийг дэмжиж байна. М.Наранбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Бадрал, Ц.Амармөнх, М.Наранбаатар нарт холбогдох эрүүгийн 1834008780426 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Төв аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн мөрдөгч Л.Содбаяр нь хохирогч А.Үүрцайх, Х.Алтанхуяг нараас нийт 72 хуудас нотлох баримтыг тэмдэглэл үйлдэн хүлээн авсан /1р хх-ийн 14-р хуудас/ боловч 66 хуудас баримтыг хэрэгт хавсаргаагүй байна. Прокуророос эдгээр баримтуудыг хохирогч нарт буцааж өгсөн, энэ нь хохирогч нарын эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна гэж эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тайлбар гаргаж байна. Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, шалгаж бэхжүүлэх үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар хохирогчоос гаргаж өгсөн баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргахаар хуульчилсан. Энэ талаар яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбар үндэслэлтэй байна.

Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 2-т заасан ажиллагааг прокурор хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шалгаж шийдвэрлэх боломжтой байна.

2019 оны 6 сарын 07-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолууд болон 181 дугаартай яллах дүгнэлтийг прокурор үйлджээ. Яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолыг яллагдагч нарт танилцуулахыг мөрдөгчид даалгасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу яллагдагч нь сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй. Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол гарсан өдөр яллах дүгнэлт үйлдсэн байх тул яллагдагчийн хуульд заасан эрхийг нь зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хулгайд алдагдсан 8 тооны адууг гагцхүү хохирогч нарын мэдүүлэгт үндэслэж үнэлгээ тогтоосон нь өрөөсгөл, бусад бичгийн ямар баримтаар дээрх үнэлгээ тогтоогдож байгаа нь тодорхойгүй, үндэслэл болсон нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй байх тул хууль болон холбогдох дүрэм, журамд нийцүүлэн 8 тооны адууны үнэлгээг дахин тогтоох шаардлагатай гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Байцаан шийтгэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал болох 800.000 төгрөгийг хохирогч А.Үүрцайх, яллагдагч Ц.Амармөнх нараас давхардуулан авч байгаа хууль зөрчсөн үйлдэл нь дээр дурьдсан хууль, түүнд нийцүүлэн гаргасан холбогдох журмыг ноцтой зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуульд тодорхой заасан эрхийг ноцтой зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн дээрх зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул яллагдагч С.Б, Ц.А, М.Ннарт холбогдох хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтуудад нийцсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байх тул прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Яллагдагч нарт 2019 оны 6 сарын 13-ний өдрийн 445 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь үндэслэлгүй, С.Б, Ц.А, М.Ннарын холбогдсон гэмт хэргийн шинжтэй тохирохгүй, өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих болгож өөрчлөх хуулийн үндэслэлд хамаарахгүй байх тул тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэсэн яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч яллагдагч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөв.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 20-ны өдрийн 469 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Х.Оюунцэцэгийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч С.Б, Ц.А, М.Ннарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

             3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                         ШҮҮГЧИД                                                               Т.ЭНХМАА

 

                                                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ