Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2020/0577/З |
Дугаар | 128/ШШ2021/0670 |
Огноо | 2021-10-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2021/0670
2021 оны 05 сарын 27 өдөр /0366 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: П.Б
Хариуцагч: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “П.Б-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээчийн албан тушаалд эгүүлэн авахгүй байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, П.Б-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээчийн албан тушаалтай дүйцэхүйц буюу АА-7-3 ангилал зэрэглэлтэй ажлын байраар хангахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгах /2019 оны 6 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны цалин, хөлс олговор 37,023,055 төгрөг/” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б*****, түүний өмгөөлөгч Б.Г****, С.О*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*****, Д.Ү****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 250 дугаар тушаалаар Төрийн ёслолын хэлтэст гэрээт ажилтнаар томилогдон, тус газарт анх ажилд орсон. Ажилд орсон цагаасаа өөрийн мэдлэг, боловсрол, ур чадварыг дээшлүүлэх талаар ихээхэн чармайлт гаргаж ирсэн. Ийм ч учраас төрийн жинхэнэ албан хаагч болох зорилгоор Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан шалгалтад тэнцэж, Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 01/**-03 дугаар тогтоолоор нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг.
Ингээд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 166 дугаар тушаалаар Гадаад хамтын ажиллагааны албаны шинжээчийн албан тушаалд томилогдсон юм. Гадаад хамтын ажиллагааны албаны шинжээчийн албан тушаалд ажиллаж байхдаа Япон Улсын Засгийн газар, Гадаад хэргийн яамны хамтарсан сонгон шалгаруулалтад тэнцэж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн суралцахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд Г.Б******* даргын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 23.3.2-т заасан үндэслэлээр Төрийн албанаас түр чөлөөлөгдсөн. Намайг тухайн үед буцаж ирэхэд ажлын байр хадгалж байх нөхцөлтэйгөөр түр чөлөөлсөн бөгөөд ийм ч учраас намайг ажлаас чөлөөлсөн тушаал дээр "түр чөлөөлөв” гэж бичсэн байдаг. Мөн дээрх тушаалаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь миний Япон улсад суралцах хугацаанд ногдох ХХОАТ, ЭМД болон нийгмийн даатгалын шимтгэлийг 20 кодтой “Байгууллагын захиалгаар гадаадад суралцуулах” гэрээгээр зохих санд төлсөн байдаг юм.
Ажлаас түр чөлөөлөгдөн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Япон улсад зохион байгуулагдсан сургалтад суралцаж, өөрийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлээд эх орондоо ирсэн.
Ингээд миний бие урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулж, ажиллах талаар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Тэргүүн дэд Б.Г**** даргад асуудал тавьсан. /Намайг Япон дахь сургалтаас буцаж ирэхэд Засгийн газрыг Хэрэг эрхлэх газрын сайд, болон удирдлагууд солигдсон байсан. 2018 оноос хойш Тэргүүн дэд дарга гурван удаа солигдсон байдаг./
2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр цаг авч, Тэргүүн дэд даргатай биечлэн уулзсан бөгөөд Засгийн газрын Хэрэг газар бүтцийн өөрчлөлт хийх тул “бүтцийн дараа уулзаарай” гэж надад хэлсэн. Би шат шатны албан тушаалтанд уйгагүй хандсан боловч ямар ч тодорхой хариулт өгсөнгүй. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийн асуудал орж, шинээр бүтэц батлагдсан байдаг. Тус шинэ бүтцээр миний харьяалагдаж байсан Гадаад хамтын ажиллагааны албыг Төрийн ёслолын хэлтэстэй нэгтгэж, Төрийн ёслол, хамтын ажиллагааны газар болгон өргөтгөсөн байна. Ингээд 2020 оны 01 дүгээр сараас Тэргүүн дэд даргатай цаг авч уулзах гэсэн боловч, орон тоо байхгүй, буцааж авах үүрэг хүлээгээгүй гэх мэт шалтаг тоочиж надад ажил олгохгүйгээр өдийг хүрлээ. Албан бичгээр надад хариу өгөхгүй, уулзалтын цаг олгохгүй байсан учраас аргаа бараад Тэргүүн дэд Б.Г**** даргын 99****71 дугаар руу ажилдаа эгүүлэн томилуулах асуудлаар захиа бичсэн /01 дүгээр сарын 08, 01 дүгээр сарын 27, 02 дугаар сарын 11; 03 дугаар сарын 06-ны өдрийн зурвасууд бий/. Намайг албан тушаалаас халсан тухай тушаал одоо хүртэл гаргаагүй байгаа учраас ажил олгоно гэж бодоод өдий хүрсэн болно.
Ийнхүү намайг ажил, амьдралаар хохироож байгаа энэ асуудлаар аргагүйн эрхэнд Монгол Улсын Ерөнхий сайдад 2020 оны 4 дүгээр сарын 17-нд өргөдөл гаргасан боловч нэг ч удаа албан бичгээр хариу ирүүлсэнгүй. Сүүлд нь 5 дугаар сарын 21-нд Төрийн албаны зөвлөлд ажилдаа эгүүлэн томилуулах асуудлаар өргөдөл гаргасан юм. Харин Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр албан бичгээр хариу ирүүлсэн байна.
Иймээс өөрийн эрхийг хамгаалуулахаар шүүхэд хандаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээчийн албан тушаалд эгүүлэн авахгүй байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Нэхэмжлэгч П.Б-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээчийн албан тушаалтай дүйцэхүйц буюу АА-7-3 ангилал зэрэглэлтэй ажлын байраар хангахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгах /2019 оны 6 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны цалин, хөлс олговор 37,023,055 төгрөг/ нэхэмжлэлийг хүлээн авч, Захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “П*******ийн Б******* нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс Төрийн ёслолын хэлтэст гэрээт ажилтнаар, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс Гадаад хамтын ажиллагааны албанд шинжээчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Япон Улсын Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан Дипломат ажилтнууд болон төрийн албан хаагчдад зориулсан мэргэшүүлэх сургалтад хамрагдах болсон тул гаргасан хүсэлтийг нь үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаар тушаалаар түүнийг төрийн албанаас түр чөлөөлсөн байна.
П.Б нь ажлаас чөлөөлөгдөхдөө Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасан “гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан бэлтгэгдэх болсон" үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн бөгөөд 23.5-д “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж заасны дагуу төрийн албан хаагчийн нөөцөд байсан болно.
Түүнийг суралцаж байх хугацаанд Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн албаны сул орон тоог нөхөх журмыг хуульчилсан бөгөөд хэрэв Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт сул орон тоо гарсан тохиолдолд уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3-д заасан байдлаар нөхөх боломжтой байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сард Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад орж тэнцэн, төрийн албаны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн гэх боловч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш юм.
Түүнчлэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэхэмжлэгчтэй сургалтын гэрээ болон бусад төрлийн гэрээ байгуулаагүй, сургалт дууссаны дараа хуучин албан тушаалд ажиллуулах үүрэг хүлээгээгүй болно.
Шинэ хуулийн зохицуулалтаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн иргэн тухайн байгууллагад сул орон тоо гарсан тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт өгсний үндсэн дээр зохих журмын дагуу албан тушаалд томилогдох боломжтой юм.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас түүний мэргэжил, ур чадварт тохирсон сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт зарлагдсан тохиолдолд оролцох эрхтэй байна.
Харин түүний нэхэмжлэлийн шаардлагад “намайг тухайн үед буцаж ирэхэд
ажлын байр хадгалж үлдэх нөхцөлтэйгөөр түр чөлөөлсөн бөгөөд ийм ч учраас намайг ажлаас чөлөөлсөн тушаал дээр "түр чөлөөлөв” гэж бичсэнийг анхаарч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг : Нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
Нэхэмжлэгч П.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа анх 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”[1] буюу “...Б*******ийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Төрийн ёслол, хамтын ажиллагааны газрын шинжээчийн албан тушаалд эгүүлэн авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,... Төрийн ёслол, хамтын ажиллагааны газрын шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоох...” тодруулсан.[2]
2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн баталж, Гадаад төсөл, хамтын ажиллагааны газарт хамааруулсантай холбогдуулан “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын П.Б намайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад төсөл, хамтын ажиллагааны газрын шинжээчийн албан тушаалд эгүүлэн авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоох захиргааны акт гаргахыг даалгах” гэж тодруулсан[3].
2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 245 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.[4]
2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 30, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 20 тушаал гарсантай холбогдуулан “ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн ёслолын газарт Төрийн ёслол хариуцсан шинжээчийн албан тушаалд П.Б-ийг эгүүлэн тогтоох томилох захиргааны акт гаргахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад даалгах” болгон өөрчилж, бусад шаардлагуудыг хэвээр болохыг тодруулсан[5].
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “...Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 245 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.
Уг хүсэлтийг шүүх хүлээн авч 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5468 дугаар шүүгчийн захирамжаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийн баримтлан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн[6].
Харин эцсийн байдлаар 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “нэхэмжлэгч П.Б-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээчийн албан тушаалд эгүүлэн авахгүй байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,
нэхэмжлэгч П.Б-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээчийн албан тушаалтай дүйцэхүйц буюу АА-7-3 ангилал зэрэглэлтэй ажлын байраар хангахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад даалгах,
нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх,
2019 оны 6 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 37.023.055 төгрөг олгохыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн зарим шаардлагаа өөрчилж, тодруулсан юм.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нэхэмжлэгч П.Б болон түүний өмгөөлөгч Б.Г, С.О нар өөр өөр агуулгаар тайлбарлан маргаж байсан тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын “...хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх, дүйцэхүйц албан тушаал”, ”шүүхийн шийдвэр биелэгдэх...” бүхий л байдлаар тодруулах боломжийг олгосон боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хувьд 10 жилээс дээш хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа, мэргэшсэн өмгөөлөгч болохыг хувьд өөрсдийн эцсийн байдлаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага дэмжиж, “...шаардлагын үндэслэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар зөв тодорхойлсон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан хүрээнд шийдвэрлэх боломжтой...” болохыг хэн аль илэрхийлсэн тул анхан шатны шүүхээс дээрх хуульд заасан боломжийг хэрэгжүүлсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр: Маргааны үйл баримтын тухайд:
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч П.Б нь Япон Улсад 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрүүдэд Монгол Улс-Япон Улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу зохион байгуулагдах сургалтад хамрагдах болсон тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5 дахь хэсэгт заасныг үндэслэн төрийн албанаас түр чөлөөлжээ[7].
Нэхэмжлэгч П.Б нь дээрх сургалтад амжилттай суралцан[8] улмаар
2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Б****-д хандан “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохих албанд ажиллах хүсэл, сонирхолтой байгааг маань хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...”[9] гэх, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Г****ад хандан мөн ижил утга бүхий хүсэлтийг гаргаж байжээ[10].
Хариуцагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаас дээрх хүсэлтийг шийдвэрлээгүй тул тэрээр 2020 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад[11], 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Төрийн албаны зөвлөлд[12] тус тус хандсан.
Харин Төрийн албаны зөвлөл түүнийг өргөдлийг хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 01/1347 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...Засгийн газрын Хэрэг эрхлэх газар сургалтын гэрээ байгуулсан тухайн албан тушаалд ажиллуулах үүрэг хүлээсэн талаар талуудаас баримт, тайлбар ирүүлээгүй болохыг дурдан, төрийн албанаас түр чөлөөлөгдсөн иргэн Төрийн албаны тусгай /тухайн албан тушаалын/ шалгалт өгсний үндсэн дээр зохих журмын дагуу албан тушаалд томилогдох зохицуулалттай тул Таны өргөдлийг Төрийн албаны зөвлөл шийдвэрлэх боломжгүй...” хариуг өгчээ[13].
Нэхэмжлэгчээс үүнийг эс зөвшөөрч тус шүүхэд шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...Төрийн албаны захиалгаар явсан тохиолдолд ажлын байр хадгалагдах ёстой. Энэ нь сургалтын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан[14] зэргээр тогтоогдоно, ...Б.О-г 2019 онд түр чөлөөлсөн хэдий ч 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 245 дугаар тушаалаар ажилд буцааж авсан...” гэж маргасан.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас”... нэхэмжлэгчтэй сургалтын гэрээ болон бусад төрлийн гэрээ байгуулаагүй, сургалт дууссаны дараа хуучин албан тушаалд ажиллуулах үүрэг хүлээгээгүй...”тайлбарласан.
Хэрэгт “сургалтын гэрээ” байгуулсан талаарх бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
Энэ талаар нэхэмжлэгчээс “хариуцагч ажлын байрыг хэвээр хадгалах үүрэг хүлээх хүсэл зориг илэрхийлсэн” гэх боловч бодит байдалд П.Б-ийн “Төрийн албанаас түр чөлөөлөх тухай” 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаар тушаалыг гаргасан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Б******* түүний өөрийнхөн “зохих албанд ажиллах” хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан.
Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгч П.Б-ийн 2019 оны 5 дугаар сарын 29, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гаргасан “...Хэрэг эрхлэх газрын зохих албанд ажиллах...” хүсэлтүүдийг шийдвэрлээгүй атлаа хожим түүнтэй ижил нөхцөл байдалтай Б.О-г 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 245 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасныг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад төсөл, хамтын ажиллагааны газарт Хамтын ажиллагааны асуудал хариуцсан шинжээчийн албан тушаалд тухайн албан тушаалын тусгай шалгалтгүйгээр томилсон.
Өөрөөр хэлбэл шүүхээр энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан цаг хугацаанд дээрх ажлын байрны орон тоо сул байсан болохыг илэрхийлж байна.
Гэвч хожим Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 25 тоот тушаалаар “гадаад төсөл хамтын ажиллагааны газар байхгүй, шинжээчийн албан тушаал байхгүй болсноор цаг хугацааны хувьд дээрх гол үйл баримт[15] ач холбогдолгүй болсон.
Харин нэхэмжлэгч П.Б-ийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д заасан “төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно”-той нэхэмжлэгч хариуцагчийн хэн аль маргадаггүй болно.
Гурав: Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээчийн албан тушаалд эгүүлэн авахгүй байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “...Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар тогтоолоор[16] Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг, Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 56 дугаар тогтоолоор[17] Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг тус тус шинэчлэн баталжээ.
Улмаар дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаар тушаалаар “...Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын нэгжийн албан тушаалын ангилал, зэрэглэл...баталсан[18].
Энэ тушаалтай холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай“ 77 дугаар тушаалын[19] 1 дүгээр хавсралтад[20] нэр заасан албан хаагчдыг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болгон ажлаас тус тус чөлөөлж, мөн өдрөөс 2 дугаар хавсралт ёсоор тус тус томилсон[21].
Эдгээр тушаалуудын үр дагавраас үүдэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г-ээс Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодорхойлон маргасан[22].
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...”заасан аж.
Гэвч энэ тохиолдолд Засгийн газрын 2021 оны 30, 56 дугаар тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 20 дугаар тушаалын дагуу орсон зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Гадаад хамтын ажиллагааны албаны шинжээчийн ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь алдагдсан, одоо байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаалын ангилал, зэрэглэл, орон тоо бүхий шинжээчийн албан тушаалын чиг үүрэгт хадгалагдан үлдээгүй.
Нэхэмжлэгчийн өөрийн эгүүлэн тогтоох боломжтой гэж тодорхойлж байсан Гадаад төсөл, хамтын ажиллагааны газар хэрэгжүүлж байсан чиг үүргийнхээ хамт хэлбэрийн хувьд бүхэлдээ байхгүй болсноор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2021 оны 77 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Хамтын ажиллагаа хариуцсан шинжээчийн орон тоо бүхэлдээ хасагдсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хариуд өгсөн“...Гадаад хамтын ажиллагааны алба Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Гадаад харилцаа, уулзалтад туслах чиг үүрэгтэй. Л.О******* сайдын үед шаардлагатай гэж үзэж байгуулсан. Ц.Н******* сайдын үед шаардлагагүй гэж үзэн татан буулгасан..., “... П.Б Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас түүний мэргэжил, ур чадварт тохирсон сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт зарлагдсан тохиолдолд оролцох эрх нь нээлттэй бөгөөд түүний энэ эрхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ямар нэг байдлаар хязгаарлаагүй...” гэх тайлбар үндэслэл бүхий байна.
Учир нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-д “төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан...ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 16.5.9-д дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох” гэж зааснаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар батлагдсан төсөв, бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан өөрийн орон тоо, цалингийн санг тогтоох эрхтэй.
Тухайн байгууллагын чиг үүрэг, зорилгод нийцүүлэн ямар албан тушаал бий болгох, ямар зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, эдгээр чиг үүргүүд хоорондоо давхцахгүй байхаар хуваарилан тогтоох нь захиргааны байгууллагын бүрэн эрхийн асуудал болно.
Товчхондоо нэхэмжлэгчийн эгүүлэн тогтоолгохыг хүсэж буй ажлын байр, бүтцийн өөрчлөлт хийгдсэнээ хойш тухайн ажил байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг байхгүй болсон тохиолдолд хариуцагч нэхэмжлэгч П.Б-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээчийн албан тушаалд эгүүлэн авч ажиллуулах үүрэг хүлээхгүй юм.
Иймд хариуцагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаас нэхэмжлэгчийн энэхүү шаардлагад дурдсан асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулан захиргааны идэвхгүй үйл ажиллагаа гаргасан гэж үзэхээргүй байх тул түүнийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан “эс үйлдэхүй” гаргаагүй гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээчийн албан тушаалтай дүйцэхүйц буюу АА-7-3 ангилал зэрэглэлтэй ажлын байраар хангахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Шүүхээс тус шаардлагын нөхцөлийг тодруулахад нэхэмжлэгч П.Б-ийн болон өмгөөлөгч нараас “...би Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэхээс өмнө томилогдсон, ...2011 оноос эхэлж ажлын гараагаа эхэлсэн учраас 8 жилийн тусгай шаардлагыг хангасан, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй гэдгээр цалин хөлс, нийгмийн баталгааг хангахгүй байх үндэслэлгүй...” гэж тайлбарлан.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээчийн албан тушаалтай дүйцэхүйц буюу АА-7-3 ангилал зэрэглэлтэй ажлын байраар” хангуулахыг хүссэн[23].
Нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д заасан ахлах түшмэлийн албан тушаалын тусгай шаардлагыг хангахгүй[24] байгаа хэдий ч шүүхээс түүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байдал, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал[25] зэргийг харгалзан үзэн түүнд тохирох албан тушаалыг[26] судлан үзсэн боловч хуульд заасан /АА-7-3/ ангилалд хамаарах ахлах түшмэлийн албан тушаалд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаар тушаалаар батлагдсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын нэгжийн албан тушаалын ангилал, зэрэглэл”-д багтсан нэгжид чиг үүргийнхээ дагуу бүгд хуваарилагдсан, “гадаад харилцаа”-тай холбогдох[27] шинжээчийн сул орон тоо байхгүй байлаа.
Хууль зүйн талаасаа даалгах нэхэмжлэлийн зорилго нь захиргааны эс үйлдэхүй /татгалзсан шийдвэр/ хууль бус болохыг тогтоож, холбогдох захиргааны актыг гаргуулахад чиглэгддэг.
Энэхүү шийдвэрийн үндэслэх хэсгийн дөрөвт шүүхээс хариуцагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан “эс үйлдэхүй” гаргаагүй болохыг дүгнэсэн тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээчийн албан тушаалтай дүйцэхүйц буюу АА-7-3 ангилал зэрэглэлтэй ажлын байраар хангахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Тав: Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх, 2019 оны 6 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 37.023.055 төгрөг олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”.
Харин Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Гэвч нэхэмжлэгчийн “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээчийн албан тушаалтай дүйцэхүйц буюу АА-7-3 ангилал зэрэглэлтэй ажлын байраар хангахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад даалгах” шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр дүгнэсэн тул энэхүү нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй болно.
Иймд дээрх нөхцөл байдалд өгсөн үндэслэл бүхий дүгнэлтүүдийг нэгтгэн үзээд нэхэмжлэгч П.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 46 дугаар зүйлийн 46.6, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.3.5, 16.5.9 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б*****ээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад холбогдуулан гаргасан “ П.Б-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээчийн албан тушаалд эгүүлэн авахгүй байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, П.Б-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээчийн албан тушаалтай дүйцэхүйц буюу АА-7-3 ангилал зэрэглэлтэй ажлын байраар хангахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад даалгах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх, 2019 оны 6 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 37.023.055 төгрөг олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] 1Хавтас хэргийн 31-33 хуудас
[2] 1Хавтас хэргийн 38 хуудас
[3] 1Хавтас хэргийн 123-124 дугаар хуудас
[4] 1Хавтас хэргийн 207-209 хуудас
[5] 2 хавтас хэргийн 166-167 хуудас
[6] 2 Хавтас хэргийн 212-219 хуудас
[7] 1 Хавтас хэргийн 63 хуудас
[8] 1 Хавтас хэргийн 14-15 хуудас
[9] 1 Хавтас хэргийн 42 хуудас
[10] 1Хавтас хэргийн 16 хуудас
[11] 1 хавтас хэргийн 18-19 хуудас
[12] 1 Хавтас хэргийн 17 хуудас
[13] 1 Хавтас хэргийн 30 хуудас
[14] 1 хавтас хэргийн 21-23 хуудас
[15] Гол үйл баримт гэдэг нь шийдвэрийн үйл баримтууд дотроос тухайн үйл баримт өөрчлөгдвөл шийдвэрийн үндэслэл өөрчлөгдөж болох байсан үйл баримтыг хэлнэ.
[16] 2 Хавтаст хэргийн 57-58 хуудас
[17] 2 Хавтаст хэргийн 59-80 хуудас
[18] 1 Хавтас хэргийн 98-106 хуудас
[19] 1 Хавтас хэргийн 107 хуудас
[20] 1 Хавтас хэргийн 108-114 хуудас
[21] 1 Хавтас хэргийн 115-121 хуудас
[22] Шүүх хуралдааны тэмдэглэлийн 9 хуудсыг үзнэ үү.
[23] Шүүх хуралдааны тэмдэглэлийн 9,15 хуудсыг үзнэ үү.
[24] 1 Хавтас хэргийн 21-23, 25-26, /Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх /
[25] 1 Хавтас хэргийн 62 хуудас
[26] 2 Хавтас хэргийн 146-162 хуудас
[27] Шүүх хуралдааны тэмдэглэлийн 15 хуудсыг үзнэ үү.