Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2025/0324

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/4627 хариу хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн санхүүгийн тайлангийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны хүн амын орлогын албан татварыг залруулж бүртгэхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 203 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2024/0693/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “Хариуцагчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/4627 хариу хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн санхүүгийн тайлангийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны хүн амын орлогын албан татварыг залруулж бүртгэхийг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 203 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /2008/-ийн 43 дугаар зүйлийн 43.5, Татварын ерөнхий хууль /2019/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасныг тус тус баримтлан “Ж” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг 2019 онд эцэслэн шийдвэрлэгдсэн байхад татварын тайланг залруулах болон хууль үйлчлэх хугацааг зөв тогтоож чадаагүй. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Татварын ерөнхий хууль, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 тушаал 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацаанд хамаарахгүй.

            Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт “...өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдал”-ыг ойлгохоор тайлбарласан, хэргийн гэм буруу 2019 онд эцэслэн шийдвэрлэгдсэнээр татвар, нийгмийн даатгалын тайланг залруулах, нөхөж бүртгүүлэх эрх үүссэн байхад шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 7-д “Татварын тайлан /ТТ-11/-г дараагийн татварын жилд багтаан залруулах боломжтой байхад залруулаагүй байх тул хариуцагчийн татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байна”, 7.1-д “...Ц.Г нь батлан даалтад гарснаас хойш буюу 2015 оны 08 дугаар сарын 20-оос мөн оныг дуусталх хугацаанд уг тайланг залруулаагүй”, 7.2-т “... 2016 онд залруулах хуулийн зохицуулалттай байхад татвар төлөгч нь уг хууль зүйн боломжийг ашиглаагүй, тайлангаа залруулаагүй байх тул нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм” гэж, мөн үндэслэх нь хэсгийн 8-д “... хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулж авч үзэх боломжтой хэдий ч татвар төлөгчийн хувьд тушаасан татварын тайланд залруулга хийх боломж хуулиар олгогдсон байхад энэхүү боломжийг хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ” гэсэн нь бүхэлдээ үндэслэлгүй.

            Мөн нийгмийн даатгалын газрын программ хангамж доголдож, саатсанаас Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 тогтоолын заалт биелэгдээгүй, үүний улмаас татварын тайланг хүргүүлэх хугацаа хойшлон хүлээгдэж байгааг тодруулалгүй, хариуцагчийн буруу ташаа мэдээллийг үндэслэн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 9, 10, 11-т заасан дүгнэлтүүд хийсэн нь үнэнд нийцээгүй.

            Мөн хэсгийн 12-т “Шүүгчийн 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 122 дугаар захирамж маргаж буй хугацаанаас өмнөх цаг хугацаанд хамаарч байна”, 14-т “...тайланг залруулахыг даалгаснаар нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй ...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, бүхэлдээ үндэслэлгүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасныг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас “Хариуцагчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/4627 хариу хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн санхүүгийн тайлангийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны хүн амын орлогын албан татварыг залруулж бүртгэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 04 тогтоолд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4, 7 дахь хэсэг, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2-ын г-д заасныг баримтлан “Ж” ХХК-ийн захирал Ц.Г-ыг яллагдагчаар татсан хугацаанаас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих, тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журамд заасан хувь хэмжээгээр тооцон тайланг залруулж бүртгэхийг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс (хуучнаар)-т даалгасан”, ... Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 тогтоолд заасан хугацааны хүн амын орлогын албан татварын тайланг зөвтгөж, залруулснаар тус компанийн санхүүгийн бүртгэл үнэн зөв болж, үйл ажиллагаагаа хууль журмын дагуу хэвийн явуулах нөхцөл боломж бүрдэнэ” гэж тайлбарлан маргажээ.

2.2. Гэтэл анхан шатны шүүхээс “... Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд тус хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Ц.Г-ын хоригдож байх хугацаанд хамаарах 2014 оны цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан /ТТ-11/ гаргасныг татварын алба хүлээн авсан байх ба татвар төлөгч нь тухайн тайланг дараагийн санхүүгийн жилийн дотор залруулах боломжтой байсан байхад захирал Ц.Г нь батлан даалтад гарснаас хойш буюу 2015 оны 08 дугаар сарын 20-оос мөн оныг дуусталх хугацаанд уг тайланг залруулаагүй, 2015 оны тайлангуудын хувьд 0 дүнтэй буюу цалин, хөдөлмөрийн хөлс олгоогүй байдлаар тайлан гаргасан байх ба уг тайланг 2016 онд залруулах хуулийн зохицуулалттай байхад татвар төлөгч нь уг хууль зүйн боломжийг ашиглаагүй, тайлангаа залруулаагүй, ... хэдийгээр 2008 оны Татварын ерөнхий хуульд татварын тайланд тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зурж татварын албанд хүргүүлэхээр хуульчилсан байсан, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн захирал Ц.Г нь цагдан хорих ангид тодорхой хугацаагаар хоригдож байсан нь тогтоогдож байгаа, түүнчлэн түүний энэхүү нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулан авч үзэх боломжтой хэдий ч татвар төлөгчийн хувьд тушаасан татварын тайланд залруулга хийх боломж мөн хуулиар олгогдсон байхад энэхүү боломжийг хэрэгжүүлээгүй...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадсангүй.

2.3. Хэдийгээр Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж заасан хэдий ч маргаан бүхий энэ тохиолдолд хуулийн энэхүү зохицуулалт хамаарахааргүй байна.

Учир нь нэхэмжлэгч компани нь өөрөөс үл шалтгаалах асуудлаар буюу Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 04 тогтоолоор “нэхэмжлэгч компанийн захирал Ц.Г-ын эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдсан цаг хугацаанаас 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль, журамд заасны дагуу даатгуулагчийн хилсээр мөрдөгдөхийн болон ял эдлэхийн өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөр зохих хувиар бодож тайланг залруулж бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн”-тэй холбоотойгоор тухайн цаг хугацаанд хамаарах хүн амын орлогын албан татварын тайланд өөрчлөлт орохоор байгаа учраас уг тайланд залруулга хийлгэхээр маргаж байх тул дээрх хуульд заасан тайланд залруулга хийх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр залруулга хийхээс татгалзах үндэслэлгүй.

2.4. Нэгэнт нэхэмжлэгч компаниас нийгмийн даатгалын тайланд өөрчлөлт орсонтой холбоотойгоор хүн амын орлогын албан татварын тайланд залруулга хийлгэх, түүнчлэн компанийн санхүүгийн бүртгэлээ үнэн зөв болгуулахаар маргаж байгаа энэ тохиолдолд “...дээд шүүхийн тогтоолын дагуу нийгмийн даатгалын тайланд орж буй залруулга нь татвар төлөгчийн хувьд төлөх татварын хэмжээ нэмэгдэх тул эрх зүйн байдал дордоно” гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч компани нь компанийн санхүүгийн тайлан, бүртгэлээ хууль ёсны дагуу үнэн зөв болгуулахаар маргасан байна. Нөгөөтээгүүр Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар татварын тайлангаа үнэн зөв тайлагнах нь татвар төлөгчийн үүрэг бөгөөд үүнд нь хяналт тавих нь татварын албаны үүрэг болно.

 

Эдгээрээс дүгнэвэл анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 203 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/4627 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Ж” ХХК-ийн санхүүгийн тайлангийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуусталх хугацааны хүн амын орлогын албан татварыг залруулж бүртгэхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст даалгаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г-ын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            Г.МӨНХТУЛГА

 

 

 

                       ШҮҮГЧ                                                            З.ГАНЗОРИГ

 

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН