| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0073/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/73 |
| Огноо | 2023-04-17 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/73
2023 04 17 2023/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,
Шүүгдэгч: С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн И овогт Сгийн Эд холбогдох эрүүгийн 2335000000109 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны 3 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн ........ суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын .... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаар шийтгүүлж байсан И овогт Сгийн Э /РД:................/
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах соёлын төвийн гадна 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр албан үүргээ гүйцэтгэхээр очсон Өндөрхангай сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч Э.Хны албан үүргээ биелүүлэх явцдаа тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч С.Эийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах соёлын төвийн гадна 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр албан үүргээ гүйцэтгэхээр очсон Өндөрхангай сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Э.Хны албан үүргээ биелүүлэх явцдаа тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, түүний нүүр хэсэгт цохисон болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-5 дахь тал),
Нүдний шилэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-8 дахь тал),
Увс аймгийн Цагдаагийн газрын даргын Э.Хныг Өндөрхангай сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа-жолоочоор томилсон Б/114 дугаартай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 14 дэх тал),
Хохирогч Э.Хны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал),
Гэрч Ч.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),
Гэрч Ц.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
Гэрч Ж.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),
Гэрч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг(хавтаст хэргийн 31 дэх тал),
Гэрч Б.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
Шүүгдэгч С.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаартай “ Үзүүлэгч Э.Хны биед хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Хамрын нуруунд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй ба биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал)-аар хууль сахиулагчийн биед гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсон тул Увс аймгийн цагдаагийн газрын Өндөрхангай сумын сум дундын цагдаагийн хэсгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Э.Х нь хууль сахиулагч мөн байна.
Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага хууль ёсны эсэх нь шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох шалгуур үзүүлэлт болдог.
Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах соёлын төвийн гадна 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр албан үүргээ гүйцэтгэхээр очсон Өндөрхангай сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Э.Хны албан үүргээ биелүүлэх явцдаа тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, түүний нүүр хэсэгт цохисон үйлдэл нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан ба согтолтын зэрэг нь 2.16%-ийн согтолттой байсан болох нь согтуурал шалгасан магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-11 дэх тал)-ээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч С.Эийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Х мөрдөн байцаалтын шатанд “Увс аймгийн цагдаагийн газрын Өндөрхангай сумын сум дундын цагдаагийн хэсгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Э.Х би 2023 оны 3 дугаар сарын 8-ны өдөр болсон зүйлд Өндөрхангай сумын иргэн С овогтой Эд ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 91 дэх тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
2. Шүүгдэгч С.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Э нь Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг хууль сахиулагчийн биед халдсан үйлдэл нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Э нь урьд Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 72 дахь тал)-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч С.Эгийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 3 дахь хэсэгт заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тохиролцож ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Сгийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Эд 2750 /хоёр мянга долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ