| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2019/01285/И |
| Дугаар | 101/ШШ2019/01352 |
| Огноо | 2019-05-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2019/01352
2019 оны 05 сарын 08 өдөр Дугаар 101/ШШ2019/01352 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Д холбогдох
Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-гээр М.*******тай харилцан тохиролцсоноор улсын бүртгэлийн Ү- ******* дугаартай, Нийслэлийн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/ ******* ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай 44.1 м.кв хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар гэрээ байгуулан, гэрээний үүргээ биелүүлэн, улмаар 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар дээрх үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ч.******* миний бие болно. Гэтэл урьд өмнө нь М.*******тай тохиролцон эзэмшиж байсан Э.******* нь тус орон сууцыг эзэмшиж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл орон сууцыг суллаж өгөөгүй, өмчлөгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Миний бие Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Э.*******д үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөн өгөх тухай хугацаатай мэдэгдлийг урьд өмнө нь утсаар болон амаар мэдэгдэж улмаар 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тус тус Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13343/ ******* 47Б дугаар байр, ******* тоот хаягт бичгээр хүргэж өгөх үед Э.*******гийн дүү гэх эмэгтэй мэдэгдлийг хүлээн авч “...би эгчдээ өмнөх 3.15-ны өдрийн мэдэгдлийг мэдэгдсэн байгаа, удахгүй суллаж өгнө, хариу өгъе ...” гэх хариуг өгч байсан боловч өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийг суллах талаар хариуг өгөөгүй, ямар нэг үр дүн гараагүй байна. Миний бие тус орон сууцанд хэн гэх айл бүртгэлтэй амьдарч байгаа талаар орон сууцны СӨХ-ны дарга н.Мөнхтуяагаас тодруулахад “...н.******* гэх хүн түрээслэгч гэсэн бүртгэлтэй амьдарч байгаа, СӨХ-ны төлбөрөө төлөөгүй 500 гаруй мянган төгрөгийн өр төлбөртэй...” гэх хариуг өгсөн. н.******* нь хариуцагч Э.*******гийн аав бөгөөд түүний дүү нар түрээслэгч гэсэн бүртгэлтэй тус орон сууцанд амьдарч байгаа нь орон сууцны СӨХ-ны бүртгэлээс харагдаж байсан.
Тиймээс өмчлөгч миний өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрх ашгийг ноцтойгоор хөндөж байгаа тул өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/ ******* ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаар Ү-*******, гэрчилгээний дугаар-, 44.1 м.кв талбайтай, хоёр өрөө, сууцыг З.*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч Э.******* шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/ *******, 47б дугаар байрны ******* тоот орон сууцыг Э.*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э.*******д нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гардуулж, тэрээр 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хариу тайлбар ирүүлэх үүрэг хүлээсэн боловч энэхүү тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй, мөн шүүх хуралдаан товлосон цагт хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, *******, 47б дугаар байрны ******* тоот, 44,1 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Ч.******* болох нь түүнд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч Ч.******* нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй юм.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар хариуцагч Э.******* нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд тэрээр шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй, дээр дурьдсанчилан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул Э.*******гийн эзэмшил нь хууль бус байна.
Нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 14, 3 дугаар сарын 19-ний өдрүүдэд орон сууцыг чөлөөлөх мэдэгдлийг хариуцагчид өгч байсан байна.
Иймд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, *******, 47б дугаар байрны ******* тоот, 44,1 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг хариуцагч Э.******* /түүний гэр бүлийн гишүүд/-гийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, *******, 47б дугаар байрны ******* тоот, 44,1 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг хариуцагч Э.******* /түүний гэр бүлийн гишүүд/-гийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ