Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2400

 

 

 

 

 

                               

2019 оны 09 сарын 11 өдөр

   Дугаар 101/ШШ2019/02400

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч тоотод байрлах, МКТ ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: тоотод байрлах, МКПМ ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар:*******/,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, алдангид нийт 137,491,248 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дагиймаа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунцэцэг нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч МКТ ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МКТ ХХКнь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “М******* ******* *******” ХХК-тай “Хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, Төв аймгийн Баян сумын нутагт байрлах Цайдам нуурын нүүрсний уурхайд хөрс хуулалт, лэлтийн ажлыг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэж, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн юм.

“МПМ” ХХК-тай байгуулсан гэрээний 4.1 дэх хэсгээр гэрээний нийт үнийн дүнг 188,000,000 төгрөгөөр 1 м.кв хөрс хуулалтын ажлыг 2350 төгрөг, нийт гэрээний хугацаанд 14,152 м.кв шимт хөрс 70,737 м.кв нүүрсний тааз хүртлэх хөрс нийт 84,889 м.кв хөрс хуулалт, лэлтийн ажлуудыг хийж гэрээгээр  хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

Бидний хооронд байгуулсан гэрээний 4.2 дахь хэсгээр урьдчилгаа төлбөрт гэрээний үнийн дүнгийн 25 хувь буюу 47,000,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсны дараа ажлын 1 хоногт багтаан гүйцэтгэгчид шилжүүлэхээр тохирсон хэдий ч ажил эхлээд 10 гаруй хоногийн хугацаа өнгөрсний дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Мөн гэрээний 2.6 дахь хэсгээр гүйцэтгэгч талын нийт ажиллагсдын байрлах байр, хоол, ажлын хувцасны цэвэрлэгээ болон шатахууны асуудлыг ажил гүйцэтгүүлэгч хариуцахаар заасны дагуу уурхайн кемп дээр байрлан ажиллаж байсан манай компанийн ажилчдын хоолны тооцооны 7,010,000 төгрөг, 32,016 литр түлш ажил гүйцэтгэх явцад хэрэглэсэн, нэг литр түлшний үнийг 1550 төгрөгөөр тооцохоор тохирсон дагуу 49,624,800 төгрөг, 2018 оны цагаан сарын битүүний өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөг зэрэг нийт ажлын хөлсөнд 91,634,800 төгрөгийг авсан.

 Хоёр талын байгуулсан гэрээний 4.3 дахь хэсгээр ажлын хөлсгийг ажил эхэлснээс хойш хуанлийн 14 хоног тутамд гэрээт ажлын гүйцэтгэлээр тооцож төлөхөөр тохирсон боловч МКПМ ХХКнь үүргээ биелүүлээгүй.

Манай компани гэрээт ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хийж дуусгаад “МПМ” ХХК-тай тооцоо нийлэх, ажлын хөлсийг төлөх талаар санал солилцох гэхэд танай компани 84,889 м.кв хөрс хуулалт, лэлтийн ажлыг хийж гүйцэтгээгүй гэж маргаан үүсгэх болсон. Бид арга буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэргэжлийн байгууллага буюу “А******* *******” ХХК-иар хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоолгоход 84,889 м.кв хөрс хуулалт, лэлийн ажлыг хийсэн байна гэсэн тооцоог хийсэн. Мөн ажлын явцад “Хово” маркийн авто самосвалуудыг түрээсийн гэрээгээр ажиллуулсан ба эдгээр машинууд нийт 4443 удаагийн рэйс хийсэн, нэг удаа машинд ачигдах шорооны хэмжээг 19,4 м.кв тооцоход /4443х19,4=86,194 м.кв/ манай компанийн хийсэн ажлын хэмжээ нотлогддог.

Ажил гүйцэтгүүлсэн “МПМ” ХХК, ажлын хөлс төлөх гэрээний үүргээ одоог болтол биелүүлээгүйгээс болж манай компани  татвар, нийгмийн даатгал болон түрээсийн машин техникийн түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс алданги төлж их хэмжээний хохирол хүлээх болсон.

Иймд 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний ажлын хөлс 96,365,200 төгрөг, гэрээний 5.2 дахь хэсгээр алданги төлөхөөр тохирсны дагуу алданги 41,126,048 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртлэх хугацааны алданги /101,365,200 х 0,1 хувь=101,365 х 92 хоног/ 9,325,598 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртлэх хугацааны алданги /96,365,200 х 0,1 хувь=96,365х330 хоног/, 31,800,450 төгрөг, нийт 137,491,248 төгрөгийг “М******* Петро *******” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал 2 үндэслэлээр маргадаг. Нэгдүгээрт. 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар “М******* метро *******” ХХК-ийн захирал Б.Мягмардаш гэрчийн мэдүүлэгтээ гэрээнд гарын үсэг зурж, тамга дарж байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Иймээс ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэдэг нь нотлогдсон зүйл гэж бодож байна. Манай зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага хангасан нотлох баримт өгч чадаагүй учраас хариуцагч тал үүнтэй маргадаг. Б.Мягмардашаар гарын үсэг зуруулж, тамга даруулаад гэрээний нэг хувийг авах гэсэн боловч өгөөгүй. Үүнийг гэрч О.Н гэрчилдэг. Хоёрдугаарт. “М конвейерын ” ХХК-г төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан гэдэг боловч хавтаст хэрэгт нотлох баримтууд авагдсан байгаа. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх тухай заасан. Энэ тохиолдолд нэхэмжлэгч талд үүссэн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “МКТ” ХХК-ийн захирлаар Ц.Ү*******ыг томилж, эрх шилжүүлэх гэрээгээр хүлээж авсан. Мөн энэ өдөр өмнөх захирлаар ажиллаж байсан О.Б*******ийг гүйцэтгэх захиралаар томилж, өнөөдрийг хүртэл “М конвейерын ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. О.Б******* нь хувьцаа эзэмшигч биш, зөвхөн Ц.Ү******* эрх хэрэгжүүлдэг. Иймд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэх захиралд эрх олгодог учраас компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 10 сард ажил эхэлсэн гэдэг боловч 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ажил эхэлсэн нь түлшний тооцооны баримтаар нотлогддог. Хэдэн литр түлш зарцуулсан, хэдэн км зам туулсан тухай цорын ганц баримтад талууд гарын үсэг зурж, тамга дарсан баримт хэргийн материалд авагдсан. Хариуцагч талаас нягтлан бодогч Ю.Т, нэхэмжлэгч талаас Б.М нар оролцож шатахууны тооцоо хийсэн байдаг. Уг тооцоогоор 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ажил эхэлж, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсныг нотолдог. Энэ хугацаанд зуны түлш 16,566 литр, өвлийн түлш 14,020 литр авсан тухай тооцоонд тусгасан байгаа. Мөн 9,10 сард 584 хүн, 11 дүгээр сард 125 хүний өдрийн хоолны тооцоо гарсан байдаг. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д 1 өдрийн хоол, байр, хувцас цэвэрлэгээний зардлыг тусгасан 10,000 төгрөгөөр заасан. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д 1 литр түлшний зардлыг 1,550 төгрөгөөр тооцохоор заасан учраас манай зүгээс дээрх тооцоог гаргасан. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад авсан түлшний тооцоо таардаг боловч өвлийн түлшний тооцоог 1,770 төгрөгөөр, хоол, байр, хувцас цэвэрлэгээний зардлыг 25,000 төгрөгөөр тооцож зөрүү үнэ гаргаж сөрөг нэхэмжлэл гаргасан. “А**************” ХХК-ийн хэмжилтээр өнгөн хөрс хуулалтын хэмжээ 14,152 м3, нүүрс олборлолт 70,737 м3 нийт 84,889 м3 хөрс хуулалтын тооцоо гаргасан. Байгалийн нөхөн сэргээлтийг хийх зорилгоор өнгөн хөрсийг хуулж, нүүрс олборлодог бөгөөд үүний нийлбэрээр дээрх тоо гардаг. Хариуцагч тал манай компанийг 38,000 гаруй хөрс олборлолтын ажил хийсэн тухай өөр компаниар хэмжилт хийлгэсэн баримт хэргийн материалд авагдсан байсан. Гэхдээ тухайн хэмжилтийг хийлгэхэд нэхэмжлэгч тал оролцох хүсэлт гаргасан боловч оролцуулаагүй. Гуравдугаарт. Манай компанийн 84,889 м3 талбайд “М ” ХХК-г оруулж нүүрс олборлуулах ажил хийлгэсэн. Тухайн компанийг хэр хэмжээний ажил хийсэн тухай “Сайт*******” ХХК-иар тогтоолгоход нийт 78,000 гаруй ажил хийсэн байсан. О.Б******* нь компанид ажиллаж байсан нь батлагдсан учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлтэй гэж үзэж байна гэв. 

 

Хариуцагч МКПМ ХХКшүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дагиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь манай компанид хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээт ажилд хамтран ажиллах талаар удаа дараалан О.Б******* гэсэн гарын үсэгтэй 2017 оны 9 дүгээр сарын 14-ний 14/02, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны 15/01 тоот албан бичгүүд ирүүлэн компани нь өөрийн техник тоног төхөөрөмжтэй гэсэн техникүүдийн жагсаалт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, О.Б*******аас О.Над гэрээ хийх эрх олгосон итгэмжлэлийн хамт ирүүлж байсан.

“М ” ХХК нь манай компаниас “хөрс хуулалтын ажил гүйцэтгэх” албан ёсоор баталгаажаагүй 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 17/09 тоот гэрээний төслийг авч яваад алга болсон. Үүнээс хойш тус компани нь өөрийн техник байхгүй тул өнөөдөр, маргааш техникээ ажилд гаргана гэх мэтээр 2017 оны 10 дугаар сарын 21-нийг хүртэл амаар болон мессежээр гуйн бичиж байсан. Биднийг эхнээсээ санаатайгаар илт хууран мэхэлж, өөрийн гэсэн техникгүй байж техниктэй мэтээр бичсэн хамтран ажиллах албан тоот, хуурамч техникийн жагсаалтуудыг удаа дараалан ирүүлж байсан нь бидний ажилд ихээхэн хугацаа алдаж компанийн төлөвлөгөөт ажилд хохирол учруулсан тул манай компаниас цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш тус компанитай ажлын талаар дахин хандаж хөөцөлдөөгүй болно.

Тиймээс тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд О.Б******* нь 2016 оны 5 дугаар сарын 18-нд тус компанийн захирлаас хасагдсан байх үедээ хуурамч бичиг баримт үйлдэн удаа дараалан өөрийн гарын үсэгтэй хамтран ажиллах саналуудыг итгэмжлэл, гэрчилгээний хуулбаруудын хамт ирүүлэн илт санаатайгаар залилан мэхлэх үйлдэл гаргах хууран мэхлэх замаар гэрээ хийх үйлдэл гаргасан тул бид цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзсэн. Иймд албан ёсоор хийж баталгаажуулаагүй гэрээг байгуулагдсанд тооцох хууль эрх зүйн үндэслэл байхгүй юм.

2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн бидэнд огт байхгүй гэрээг манай компани нотлох баримтаар өгөх боломжгүй юм.

МКТ ХХКнь “А******* *******” ХХК-иар өөрийн хийсэн ажил гэж худал дүгнэлт гаргуулсан нь бас л өрөөсгөл юм. Учир нь манай компани 2017 оны 11 дүгээр сарын 02-нд “Илт хэт” ХХК-тай “Нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”, 2017 оны 11 дүгээр сарын 07-нд “Хийморийн алт групп” ХХК-тай уул уурхайн техник, тоног төхөөрөмж түрээсийн гэрээнүүдийг тус тсу байгуулан ажил эхэлсэн байсан. Дээрх гэрээт компаниудын хийсэн ажлыг “М конвейерын ” ХХК-ийнхан өөрсдийн хийсэн ажил болгож “А******* *******” ХХК-ийн хүмүүсийг уурхай дээр дур мэдэн аваачиж манай компанийн зөвшөөрөлгүйгээр уурхайн бүсэд нэвтэрч хуурамч хэмжилт хийлгэн энэхүү хэмжилтээ хийсэн ажил болгон биднээс хийгээгүй ажлын төлбөр нэхэмжлэх нь үндэслэлгүй байх тул бид хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв албан ёсоор хийсэн ажил байсан бол бүх талуудын төлөөллийг байлцуулан албан ёсоор баталгаажуулан акт үйлдэн хүлээлгэх өгөх ёстой байсан. Тиймээс биднээс нэхэмжлээд байгаа 137,491,248 төгрөгийг бид төлөх үндэслэлгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тэгшдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2 үндсэн шалтгаанаар хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт. Гэрээг амаар болон бичгээр байгуулдаг. Гэвч нэхэмжлэгч талын яриад байгаа 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан гэрээ гэж байхгүй. Харин 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн гарын үсэг зуруулахаар авч явсан хавтаст хэрэгт байгаа нотлох баримтын шаардлага хангахгүй гэрээний драфтаас алданги тооцож бодсон байна. Мөн тухайн гэрээг компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох О.Б******* хийсэн байж болзошгүй. Иймээс нотлох баримтын шаардлага хангахгүй гэрээний дагуу алданги тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Хоёрдугаарт. Нэхэмжлэгч тал 4,443 удаагийн рейс явсан гэдэг боловч ирэх очихдоо 1 км гэж тооцвол 4,443 км гэсэн үг юм. Үүнд зарцуулсан шатахууныг тооцвол 2000-3000 орчим литр түлшний тооцоо гарна. Гэвч манай компанитай хийсэн түлшний тооцоонд 30,000 гаруй литр зарцуулсан байсан. Үүнээс үзэхэд асар зөрүүтэй тооцоо гарч байна. Мөн “А******* *******” ХХК-ийн гаргасан 2017 оны 12 дугаар сард хийсэн маркшейдерийн зурганд компанийн өнгөн хөрс хуулсан хэмжээ 14,152 м3, нүүрс олборлолт 70,737 м3 гэсэн байна. Гэвч тухайн компани нүүрс олборлоогүй зөвхөн хөрс хуулсан байдаг. Үүнээс үзэхэд тооцоо зөрүүтэй бөгөөд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байгаа тул хууль зүйн үндэслэлгүй байна гэв.

 

Хариуцагч МКПМ ХХКшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дагиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Анх 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “М конвейерын ” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Б******* гэдэг хүнээс албан тоот ирж, манай компанийн захиалгаар Төв аймгийн Баян сумын нутагт орших Цайдам нуурын уурхай дээр хөрс хуулалтын ажил хийхээр яриа хэлэлцээр эхэлсэн. Хэдийгээр талууд харилцан гэрээ байгуулан хамтран ажиллах хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний нөхцөл тохирон бичгээр байгуулах болоход “М конвейерын ” ХХК-ийн зүгээс гэрээг гарын үсэг зурж баталгаажуулан гэж авч яваад одоог хүртэл авч ирж өгөөгүй. Тэгсэн атлаа өнөөдөр үнэн худал нь мэдэгдэхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэрээний фото зургийн хуулбар шүүхэд гарган өгч батлагдаагүй, хууль эрх зүйн үндэслэлгүй гэрээний зүйл заалтаар манайхыг буруутгаж, хийгээгүй ажлаа хийсэн болгон маргаж, үнэ хөлс нэхэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Гэрээг батлуулаад авч ирж өгөх байх гээд манай компани “М конвейерын ” ХХК-ийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ноор хөрс хуулалтын ажил хийлгэхээр уурхайдаа оруулсан боловч бодит байдал дээр анх хамтран ажиллах саналдаа дурьдаж байсан машин техник, тоног төхөөрөмжгүй болж таарсан бөгөөд ажил жигдэрч өгөлгүй, хөрс хуулалтын ажил цаг хугацаандаа явж чадахгүй нөхцөл үүсч, манай зүгээс арга буюу ажлыг нь зогсоон өөр компанитай гэрээ байгуулан хөрс хуулалтын ажилд оруулсан.

Гэтэл МКТ ХХКнь 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 2017 оны 11 дүгээр сарын 07-ны хооронд 84,889 м.куб хөрс хуулалт хийсэн гэж худал тоо хэмжээ хэлж маргадаг боловч өөрсдийнх нь шүүхэд гаргаж өгсөн “А******* *******” ХХК-ийн хийсэн маркшейдерийн гүйцэтгэлийн зурагт тэдний хуулсан хөрсний хэмжээг  14,152 м.куб гэжээ. Мөн манай компани “Геомэп инженеринг” ХХК-иар хийлгэсэн маркшейдерийн хяналтын хэмжилтээр 38,811.87 м.куб хөрс хуулалт хийсэн болох нь тогтоогддог бөгөөд энэхүү ажилд 102,304,300 төгрөгийн хөлс төлсөн. Ингэхдээ 11,096,406 төгрөгийг түлш шатахуун, ажиллагсдын хоол хүнсний зардалд илүү төлсөн болох нь санхүүгийн баримтаас харагдаж байна. Энэ зөрүүг талуудын хооронд хоол хүнс, өвөл зуны түлш хэрэглэсэн тооцоогоо нийлсэн байхад ажилчдын хоолны тооцоог дутуу бодох, өвлийн түлшийг зуны түлшний ханшаар тооцох зэргээр МКТ ХХКнь зориуд мэдэн будилж, тохиролцсон ёсоор ажлаа гүйцэтгэж чадаагүй үйлдлээ нуун дарагдуулж, одоо хэр нь гэрээний эх хувийг гаргаж өгөлгүй худал дүр эсгэн хохирогчийн дүрд тоглож байна.

Иймд манай компаниас “М конвейерын ” ХХК-д ажилчдын хоол хүнс, түлшний зардалд илүү төлсөн 11,096,406 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч  МКТ ХХКсөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч талын гаргасан ажилчдын хоол, хүнс, түлшний зардалд илүү төлсөн 11,096,406 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талууд хоорондоо харилцан тохиролцож  гарын үсэг зурсан тооцооны баримт хэргийн материалд байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тайлбар хэлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д хоолны зардлыг 10,000 төгрөгөөр тооцсон боловч 10,000,000 гаруй төгрөгийн зөрүү гарсан байдаг. Мөн хариуцагч тал түлшний тооцоонд 2,109,000 гаруй төгрөгийн зөрүү гаргасан байдаг. Манай компанийн зүгээс гэрээний 2 дугаар зүйлийн  2.6-д зааснаар 1 литр түлшийг 1,550 төгрөгөөр бодсон боловч хариуцагч тал 1,700 орчим төгрөгөөр тооцож гаргасан байдаг. Манай компаниас 9,10 дугаар сард 584 хүн, 11 сард 125 хүн нийт 709 хүн ажилласан байдаг бөгөөд хариуцагч тал хоолны тооцоог 25,000 төгрөгөөр тооцож зөрүү гаргаж нийт 11,096,406 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэгэнт ажилласан хүний тоо 709 гэж таарч байгаа боловч нэг хүний зардлыг 25,000 төгрөг болгон ихэсгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрвээ үнэхээр тооцоотой байсан бол яагаад манай компани руу үлдэгдэл 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм бэ? Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МКТ ХХКнь хариуцагч “М******* Петро *******” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 137,491,248 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь ажлын хөлсөнд илүү төлсөн 11,096,406 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “М******* Петро *******” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардсан ба уг гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байдлаар хэрэгт хавсаргуулж, гэрээний хувийг хариуцагчаас гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан.

Хариуцагч нь гэрээний хувийг нэхэмжлэгч талаас авч чадаагүй буюу гэрээ огт байхгүй хэмээн маргаж байна.

Гэвч, талууд Төв аймгийн Баян сумын нутагт байрлах Цайдам нуурын нүүрсний уурхайд 188,000,000 төгрөгийн үнийн дүнтэй, 80,000 м.куб хөрс хуулалт, лэлтийн ажлыг хийж гүйцэтгэх, гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдов.

Нэхэмжлэгч тал дээрх газарт хөрс хуулалт, лэлтийн ажлыг хийж байсныг хариуцагч үгүйсгээгүй, нэхэмжлэгчийн хийсэн ажлын хэмжээний талаар талууд маргаж байх боловч ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг талууд хүлээлцээгүй, ажлын хэмжээ тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” 343.2.-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.” гэж тус тус зааснаар гүйцэтгэгдсэн ажлын үр дүнг талууд хүлээлцэх, ажлын хэмжээ тодорхой байх нь гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардахад чухал ач холбогдолтой.

Зохигч талууд хэн аль нь мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, гүйцэтгэгдсэн ажлын үр дүн, хэмжээг тогтоохыг эрмэлзэж мэтгэлцэж байх боловч тухайн дүгнэлтүүд нь зохигч талуудын хэн альных нь тайлбарыг нотлох, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. 

Учир нь дээрх дүгнэлтийг тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллага гаргаснаас үл хамаарч “М конвейерын ” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил, хөрс хуулалт хийсэн талбай, хийсэн лэлтийг хөдөлбөргүй зөв тогтоосон гэж үзэхээргүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч “МКТ” ХХК-ийн захиалгаар хийгдсэн “Алфа *******” ХХК-ийн геодезийн хэмжилт нь “М конвейерын ” ХХК-ийн хөрс хуулалт хийснээс хойш өөр бусад компаниуд тухайн талбайд хөрс хуулах болон нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж, “М конвейерын ” ХХК-ийн хөрс хуулалт хийсэн талбайн хэмжээ хязгаараас тэлж томорсон талбайд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртлэх хугацаанд хийгдсэн маркшейдерын хэмжилтийг үндэслэл болгосон болох нь МКТ ХХКболон “А******* *******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Геодезийн хэмжилт хийх тухай гэрээ”-ээр тогтоогдсоны зэрэгцээ уг геодезийн хэмжилтийг хийхэд МКТ ХХКболон “М******* Петро *******” ХХК-ийн төлөөллүүд хамтдаа оролцоогүй буюу “М конвейерын ” ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын хэмжээ, талбайг зөв тогтоосон гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь дээрх талбайд ажилласан жолооч, техникийн бүртгэлийг нотлох баримтаар гаргасан боловч эдгээр нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, гүйцэтгэсэн ажлын хэмжээг, гарсан зардал зэргийг нотолсонгүй.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, “М конвейерын ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг хөдөлбөргүй тогтоолгүйгээр хариуцагчийн 11,096,406 төгрөгийг илүү төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. 

Зохигч талууд хэн аль нь шүүхэд гаргасан шаардлагуудаа нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “МПМ” ХХК-иас 137,491,248 төгрөг гаргуулах тухай “МКТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчээс 11,096,406 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “МКТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 845,407 төгрөг, хариуцагч “МПМ”  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192,492 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.УНДРАА