Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2025/0335

 

 

Т.З-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А

Гомдлын шаардлага: Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Г-ын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0043275 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 247 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч Т.З, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Хариуцагч Б.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2025/0145/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч Т.З-аас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Г-д холбогдуулан “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Г-ын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0043275 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 247 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.12, 6.22, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8, 6.11 дүгээр зүйлийн 1.-д заасныг тус тус баримтлан иргэн Т.З-аас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Г-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Г-ын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0043275 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

            “... 3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 247 дугаартай шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3-т “Хэдийгээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах нь татварын улсын байцаагчийн харьяалалд хамаарч байх боловч хариуцагч татварын улсын байцаагч Б.Г нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэх үйлдэлд нэмэлт нотлох баримт цуглуулж зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0043275 дугаар шийтгэлийн хуудсанд “Э намын нэр дэвшигч Т.З сонгуулийн зардлын тайландаа хувийн аудит хийлгээгүй, данс нээгээгүй, хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргаж ирүүлээгүй” гэх асуудлыг шалгасан талаар тэмдэглэсэн нь өөрт хуулиар харьяалуулаагүй асуудлыг шалгасан байна гэжээ.

            Үйл баримт дурдвал “Н а” ХХК нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0/24-44 дугаартай Хараат бус аудитын дүгнэлт, Үндэсний Аудитын газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1924 дугаартай “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай” албан бичиг, Сангийн яамны 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 03/8213 дугаартай “Зөрчил шийдвэрлүүлэх тухай” албан бичгээр Э намын 40 нэр дэвшигч нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн; талаар тодорхой дурдаж нотлох баримтаар ирүүлсэн, мөн эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсэгт зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг зөрчсөнийг зөв зүйлчилсэн байтал захиргааны хэргийн шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үгүйсгэж, татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас бичихдээ гаргасан техникийн, бичиглэлийн алдааг тодорхойлж, шийтгэлийг хүчингүй болгох нь хуульд үл нийцэж байна.

Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйл. Эрх бүхий албан тушаалтан: 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл зөрчлийн хэрэг нээх..., 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т зааснаар зөрчилд шийтгэл оногдуулах бүрэн эрх нь улсын байцаагчид хуулиар олгогдсон байна.

3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 247 дугаартай шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4-д “Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж зарцуулах талаар хуульд заасан журмыг буюу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгосон гэж тайлбарлаж байх боловч энэ талаар холбогдогч буюу нэхэмжлэгчид танилцуулж, тайлбар, нотлох баримт гаргах эрхээр хангаагүй” гэж үзжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч Б.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 311 тоот өрөөнд 11 цаг 25 минутад холбогдогч Т.З-аас мэдүүлэг авсан байна. Тус тэмдэглэлд холбогдогч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх, үүрэгтэй танилцаж гарын үсэг зурсан бөгөөд мэдүүлэгтээ...” нам тусдаа данс нээж сонгуулийн үйл ажиллагаа явуулах бол хуулийн зөвлөгөө өгнө гэсэн би тусдаа нээлгэх хүсэлгүй байсан тул дээрх хуулийн заалттай танилцаагүй” гэж мэдүүлсэн байна.

            Өөрөөр хэлбэл холбогдогч буюу нэхэмжлэгч тал тусдаа сонгуулийн зардлын данс нээх талаарх хуулийн заалт зөрчсөнөө мэдсэн, тусдаа данс нээх хүсэлгүй байснаа илэрхийлсэн, зардлын данс бүртгүүлээгүй талаараа хүлээн зөвшөөрсөн нь өгсөн мэдүүлэг бусад баримтуудаар нотлогдсон байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх холбогдогчийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон “сонгох”, “сонгогдох” эрхээ эдлэхдээ хуульд заасан, хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйг зөвтгөсөн гэх нөхцөл байдлыг бий болгосон бөгөөд холбогдогчид хууль хэрэгжүүлэх боломж байсаар байтал хуулийг биелүүлээгүй, үл тоосон байдал гаргаж, эрхээ эдлэхдээ, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйг нь зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй байна.

3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 247 дугаартай шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 7-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл. 4. “Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна”, 6.8 дугаар зүйл. 1. “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна”, 2. “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан хугацааны дотор зөрчил шалган шийдвэрлэхээр байна.

7.1-д Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Г 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн ба удирдах албан тушаалтан хэрэг бүртгэлт явуулах хугацааг мөн оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 26- ны өдрийг хүртэл 14 хоногоор сунгасан байна.

7.2-т Дээрх удирдах албан тушаалтны сунгасан хугацаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4-т зааснаар 26-ны өдрийн 24 цагт дууссан тул мөн хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1. “Эрх бүхий албан тушаалтан дараах үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана: ...1.4. зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” гэж зааснаар зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох байжээ.

7.3-д Гэтэл Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 577 дугаар тогтоолоор хугацаа дууссаны дараагийн хоногоос буюу 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 17- ны өдрийг хүртэл 20 хоногоор сунгаж, улмаар 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0043275 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй гэж үзсэнд гомдолтой байна.

Учир нь....... Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж зааснаар материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүй буюу биелүүлэх талаар арга хэмжээ хэрэгжүүлээгүй, тусгай ангид заасан бие даасан үйлдэл /эс үйлдэхүй/-ийн шинжийг хангасан бол зөрчил гэж үзэж, хариуцлага тооцох нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан шударга ёсыг тогтоох ...” зарчмаас үүдэлтэй. Нэгэнт хууль тогтоогч Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх”, “зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах” гэсэн хоёр үйлдэл эс үйлдэхүй/-г таслалаар зааглан өөр өөр төрлийн эхлэл, төгсгөлтэй бие даасан зөрчил болохыг тодорхойлсон энэ тохиолдолд нийлмэл агуулгатай, аль нэг шинж нь хангагдаагүй бол зөрчилд тооцохгүй гэж тайлбарлах боломжгүй юм.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, ... засах эрхтэй” гэж зааснаар хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь  “шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ гаргасан бичилтийн алдаагаа засах эрхтэй” байхад алдаагаа засах хуульд заасан боломжийг олголгүйгээр “Шийтгэлийн хуудас”-ыг бүхэлд нь хүчингүй болгосон шийдвэр гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Улмаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгосноор холбогдогч хуулийн этгээдийн үйлдсэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсгийн “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэх зөрчил нь үгүйсгэгдэхгүй бөгөөд шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас холбогдогч хуулийн этгээдэд оногдуулсан торгох шийтгэл нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн ..., хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх”, 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан зарчмуудад нийцсэн байна” гэж үзэж байгаа тул Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Э намаас нэр дэвшигч Т.З-т Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Г-ын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0043275 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 247 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

            2.1. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Г-ын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043275 дугаартай шийтгэлийн хуудсаар Э намаас нэр дэвшигч Т.З-ыг сонгуулийн зардлын тайланд аудит хийлгээгүй, данс нээгээгүй, хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10.000.000 төгрөгөөр” торгох шийтгэл ногдуулжээ.

            2.2. Гомдол гаргагч Т.З-аас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Г-ын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0043275 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд гомдлын шаардлагын үндэслэлээ “... Э намын зүгээс сонгуулийн сурталчилгааг нэгдсэн байдлаар явуулах, намын хэмжээнд зардлын нэг л данстай байх, нэр дэвшигчид тус бүртээ хандив хүлээж авах, зардал гаргах үйлдэл хийхгүй байх арга замыг сонгож, түүний дагуу сонгуульд оролцсон. Намын тус шийдвэр, үйл ажиллагаа хууль ёсны бөгөөд намын тус дотоод хэрэгт төрөөс оролцох, буруутгах эрхгүй юм. Өнөөдрийг хүртэл Э намын Сенатын 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дээр дурдсан С/05 дугаартай Тогтоолыг хууль зөрчсөн гэж тогтоосон, хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй болно. Э нам нь намын хэмжээнд нэг данстай байж, түүнийг хууль, журмын дагуу төрийн эрх бүхий байгууллагуудад мэдэгдэж, бүртгүүлсэн. Тухайн үед төрийн эрх бүхий байгууллагуудын зүгээс үүнийг буруутгасан, нэр дэвшигч тус бүр данс нээхийг шаардсан зүйл байхгүй...” гэж тайлбарлан маргасан байна.

            2.3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, 51 дүгээр зүйлийн 51.1.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

2.4. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нэр дэвшигч нь сонгуульд хэрэглэгдэх зардлыг хуульд заасны дагуу данс нээлгэж, түүнд төвлөрүүлэн зарцуулахаар байх бөгөөд ийнхүү сонгуулийн зардлын нэг данс нээж, бүртгүүлэх нь нэр дэвшигчид санхүүгийн хувьд харьцангуй тэгш байдалтай сонгуульд өрсөлдөх, хууль бус санхүүжилтийг хязгаарлах, сонгуулийн явцад хууль бус сурталчилгаа болон үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө зарцуулахаас урьдчилсан сэргийлж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т заасан шударга ёсыг сахих зарчмыг хангах зорилготой байна.

            2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Э намын Сенатын 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн С/05 дугаар “Э намаас нэр дэвшигчид Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох үйл ажиллагааны тухай” тогтоолоор Э намаас сонгуульд нэр дэвшигч тус бүрээр аль нэг банканд зардлын /хандивын/ данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний аудитын газарт бүртгэлтэй Э намын нэг дансаар сонгуулийн сурталчилгааны зардлыг нэгдсэн байдлаар хөтлөн явуулж, хуульд заасан хугацаанд холбогдох төрийн байгууллагад тайлангаа хүргүүлэхийг Удирдах зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.

2.6. Уг шийдвэрийн дагуу Э нам нь зардлын данс нээлгэж Үндэсний аудитын газарт бүртгүүлсэн төдийгүй гомдол гаргагч Т.З нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохдоо өөрийн нэрээр зардлын данс нээлгээгүй нь түүний нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангаар тогтоогдож байх бөгөөд гомдол гаргагч Т.З-ын хувьд намын эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу сонгуулийн зардлын данс нээлгээгүй байх бөгөөд аливаа байдлаар хандив аваагүй, сонгуулийн сурталчилгааны зардал гаргаагүй, түүнчлэн зардал гаргасан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй.

2.7. Нөгөөтээгүүр, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ”, 49.2.1-д “хандив”, 49.2.2-т “намын өөрийн хөрөнгө”, 49.2.3-т “нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө”, 36 дугаар зүйлийн 36.2-т “Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нам, эвслийн болон нэр дэвшигчдийнхээ сонгуулийн сурталчилгааг эрхлэн явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж тус тус заасан ба Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/1030, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/1095, мөн Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03/10225 дугаар албан бичгүүдээр “...хэрэв нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг дээр дурдсан зардлын эс үүсвэрээс зөвхөн намын өөрийн хөрөнгөөс бүрдүүлж байгаа тохиолдолд сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой” талаар хариу өгч байсан болох нь тогтоогдож байна.

2.8. Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч бүр заавал хандивын данс нээлгэн сонгуульд оролцох үүрэг хүлээхгүй бөгөөд Э намаас “сонгуульд оролцох нэр дэвшигчдийн танилцуулгыг сонгуулийн төв ажлын хэсгээс нэгдсэн байдлаар хийж гүйцэтгэн зөвхөн Э намын өөрийн албан ёсны цахим хуудсууд болон олон нийтийн радио, телевизийн төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй самбаруудыг ашиглахаар шийдвэрлэсэн. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэгэн зардал гаргахгүй байхаар санал нэгдэж” шийдвэрлэсэн зэргээс үзэхэд гомдол гаргагч Т.З-ыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэж заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байх тул шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.9. Гэсэн хэдий ч анхан шатны шүүх “... аудит хийлгээгүй, хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлээгүй гэх зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан нь нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч байхад хариуцагч өөрийн харьяаллын бус асуудлаар зөрчлийн хэрэг нээж, шалгасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчсөн...” гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

2.10. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:”, 6.12-т “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйл, 7.10, 7.11, 7.12, 7.13 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.10 дугаар зүйлийн  3 дахь хэсэг, 10.6 дугаар зүйл, 11.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл, 14.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.4 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 21, 22, 24 дэх хэсэгт заасан зөрчил” гэж тодорхой заасан бөгөөд хариуцагч татварын улсын байцаагчийн хувьд гомдол гаргагч Т.З-ыг Зөрчлийн тухай хуулийн 17. 1 дүгээр зүйлийн 21-д заасныг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэж, шийтгэл ногдуулсан байгаа энэ тохиолдолд хариуцагч татварын улсын байцаагчийг өөрийн харьяаллын бус асуудлаар зөрчлийн хэрэг нээж, шалгасан гэж буруутгах үндэслэлгүй.

2.11. Түүнчлэн анхан шатны шүүх “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 24 цагт дууссан тул ... зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох байсан...” гэх үндэслэл муутай дүгнэлт хийжээ. Учир нь зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа дууссан гэх 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь бүх нийтээр амрах баярын өдөр байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд  заасан хугацаа тоолох журмын дагуу “хугацааны төгсгөл ажлын бус өдөр тохиолдвол хугацааны сүүлийн өдрийг түүний дараагийн ажлын эхний өдрөөр тоолох”-оор байжээ.

 

            Эдгээрээс нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч маргааны зарим үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн, мөн хэрэгт хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээ, утга найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 8-ны өдрийн 247 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Т.З-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Г-ын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0043275 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                                       З.ГАНЗОРИГ

 

 

 

              ШҮҮГЧ                                                       Г.МӨНХТУЛГА

 

 

 

              ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН