Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0667

 

    

 

 

 

2021 оны 10 сарын 15 өдөр               Дугаар 128/ШШ2021/0667       Улаанбаатар хот

                                                                        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:        

Нэхэмжлэгч: “Э ” ХХК /РД:*********/

Хариуцагч: Монгол Улсын Сангийн сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Сангийн сайд 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар тушаалыг хүчингүй болгохыг Монгол Улсын Сангийн сайдад даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Н.Э, гэрч Ц.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “...Сангийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 214 дүгээр тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гомдол болон уг тушаалын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг аль ч этгээд гаргаагүй болох нь тушаалын 1 дэх заалтад байгаа “...”Э ” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, олон нийтийн хэрэгслээр хууль тогтоомж зөрчиж, иргэдийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй үйлдэл ... гэснээс харагдаж байх тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

Монгол Улсын Сангийн яамны сайдад манай компанийн зүгээс 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 40 дугаартай албан хүсэлтүүдийг тус тус хүргүүлсэн боловч албан ёсны хариу өгөөгүй.

“20” сугалааны тохирлыг орон даяар 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр явуулна хэмээн зарласан байсан боловч дээрх Сангийн сайдын тушаалаас шалтгаалан өнөөдрийг хүртэл сугалааны тохирлыг явуулаагүйн улмаас сугалаанд итгэж оролцсон олон иргэд бухимдан гомдолтой байна.

Манай сугалааны 2 дугаар шатны хонжвороор 373 хүн азтан болох бөгөөд сугалааны сан бэлдсэн байгаа бөгөөд тохирлоо яаралтай явуулж олон нийтийн эрх ашгийг ханган оролцогчдын гомдлыг барагдуулах, тэдний амьжиргааны түвшин, санхүүгийн байдалд хувь нэмэр оруулах хүсэлтэй байна.

Мөн дээрх сугалааг худалдаж авсан иргэдэд төлбөрийг барагдуулах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байна.

Иймд Сангийн сайдын дээрх эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...”гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Т.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...“Э ” ХХК нь эд мөнгөний хонжворт сугалаа эрхлэх холбогдох төслийг боловсруулсны үндсэн дээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.4-т заасан эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Сангийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны 214 тоот тушаалаар авсан байдаг.

Тус аж ахуйн нэгж нь 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ТВ9 телевизийн шууд дамжуулалтын явцад нийтийн эрх ашгийг хохироох, шударга бус үйлдэл гаргасан байж болзошгүй нөхцөл байдал олон нийтэд илэрхий болсон ба иргэн Ч.Жаас тус яаманд уг асуудлаар тусгайлан гомдол гаргасан.

Ингэснээр гомдлын дагуу асуудлыг хянан үзэх зорилгоор Захиргааны ерөнхий хуулийн 96.1 дэх хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээр дурдсан Сангийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 214 дүгээр тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлж, тухайн үед болсон үйл явдлыг тогтоолгохоор эрх бүхий байгууллагад хандах тухай Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 60 тоот тушаал гарсан.

“Э ” ХХК-ийн үйлдэлтэй холбогдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 5 дугаар сарын 27-ны 588 дугаар тогтоол гаргасан ба түүнд дурдсанаар “Шууд эфирт “Б” телевизийн сурвалжлагч Ц.Э, найруулагч Ц.Г, “Ө” телевизийн хөтлөгч Н.Ч, “Э” ХХК-ны гүйцэтгэх захирал О.Д, В.А нар ажиллаж байсан ... Тус нэвтрүүлгийн үед иргэдээс сугалаа худалдан авалт ихсэж, улмаар сугалаа хуйлж шилэн хоргонд хийх ажиллагаанд эфирт байсан хүмүүст тусалсан байна” гэж тогтоосон.

Прокурорын байгууллагаас тогтоосон дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй бус гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан боловч тус компанид Сангийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 214 дүгээр тушаалаар тусгай зөвшөөрөл олгох болсон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчигдсөн байж болох үндэслэл болоод байна. Тухайн компани нь тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа эрхлэх төслөө Сангийн яаманд ирүүлсэн ба хонжвор шалгаруулах журмын талаар аливаа өөрчлөлтийг тус яаманд мэдэгдээгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

Энэхүү төслийн баримт бичгийн 23 дахь талд дурдагдсан дараах “Хонжворт сугалааны азтан тодруулах үйл ажиллагаа”-ны журам зөрчигдсөн байх тул тус яамны зүгээс иргэний гомдлын дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэж байна:

“Азтан тодруулах ажлын байранд хяналтын 20 хүний оролцоотойгоор явагдана. Ингэхдээ сугалаанд оролцогчдын төлөөлөл 10 хүн, хяналт шалгалтын байгууллагаас 10 хүн байлцана.

Сугалааны мэдээлэл бүхий агууламжтай цааснуудыг хяналтын гишүүдийн хамт байлцуулан өдөр бүрийн сугалааны мэдээллүүдийг хайрцагт хийнэ.

Сугалааг тодруулах явцыг бага насны хүүхдийг оролцуулан хайрцгаас сонголтыг хийлгэж азтан тодруулна.

Энэ бүх үйл ажиллагааг хөндлөнгийн хяналт шалгалт болон камерын бичлэг доор хяналттай зохион байгуулах болно”.

Иймд сугалааны тохирол явагдаж байхад хяналтын зөвлөлийн гишүүн оролцуулаагүй, 2021 оны эцсийн тайлан хугацаа болоогүй, Сангийн яамны хувьд гомдлыг эцэслэн шийдвэрлэж дуусаагүй учраас тусгай зөвшөөрлийг сэргээх нөхцөл байдал нь үүсээгүй” гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн захиргааны акт хүчин төгөлдөр байх шаардлагатай тул тус яамны зүгээс эс үйлдэхүй гаргахгүй байгаа эс үйлдэхүй байхгүй болно” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-аас Монгол Улсын Сангийн сайдад холбогдуулан “Монгол Улсын Сангийн сайд 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар тушаалыг хүчингүй болгохыг Монгол Улсын Сангийн сайдад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлж, хууль зүйн үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан гэж тайлбарласан болно.

Нэг: Маргааны үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч “Э” ХХК-нд Сангийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 214 дүгээр  тушаалаар[1] “Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” тусгай зөвшөөрлийн 20 дугаар гэрчилгээ[2] 3 жилийн хугацаатайгаар олгосон.

Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа болох “20” эд мөнгөний хонжворт сугалааны телевизийн шууд дамжуулалтын үеэр хөтлөгчид иргэдийн худалдан авсан сугалааг шилэн хоргонд хийлгүйгээр шууд хаяж буй үйлдэл олон нийтэд цацагдсан.

Уг үйлдэлтэй холбогдуулан 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Ч.Ж-аас  “...хууль бус үйлдлийг шалгаж, эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлд анхаарч ажиллаж холбогдох арга хэмжээг авч өгнө үү...” гэх гомдлыг Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт гаргажээ[3].

            Гомдлын дагуу Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар “Тушаалын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасныг баримтлан “...”Э” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, олон нийтийн хэрэгслээр хууль тогтоомж зөрчиж, иргэдийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй үйлдэл, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлсэн баримт бичгийн дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхийг хянан шийдвэрлэх хугацаанд Сангийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 214 дүгээр тушаалын тус компанид холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлжээ[4].

            Уг тушаал нь тухайн цаг мөчид захиргааны актад тавигдах формаль буюу шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах эрх зүйн шаардлага болон хууль ёсны байх материаллаг эрхзүйн шаардлагыг хангасан.

            Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэний хүсэлтээр гомдлыг хянахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасанд нийцжээ.

Хоёр: Захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэжээ.

 Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас дээрх маргаан бүхий тушаалын 2 дахь хэсэгт заасны дагуу “...хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоох асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс, болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол мэдээлэл хүргүүлэх, Татварын ерөнхий газарт зохих татварын ноогдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, төлсөн эсэх талаар...” хууль тогтоомжийн хүрээнд шалгалт явуулахад бодит нөхцөл байдалд гомдол гаргагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх хангалттай үндэслэл тогтоогдсонгүй.

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 588 дугаар тогтоолоор “...”Э” ХХК нь “20” сугалааны 1 дүгээр ээлжийн хонжворыг явуулж иргэдэд амласан хонжворыг өгсөн, 2 дугаар ээлжийн сугалаа явуулж үндсэн тохирол явуулах хугацаа болоогүй, хонжворт амласан 2 өрөө байраа авч бэлдсэн байсан зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд иргэдийн төөрөгдүүлж, залилан мэхэлсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаах нь зүйтэй байна” гэж[5], Татварын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 02/**79 дугаар албан бичгийн 1 хавсралтад “...сугалааны эхний тохирол 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр явагдсан бөгөөд эхний тохирлын орлого 1.351.377.600.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг 2021 оны 1, 2 сарын тайланд тайлагнасан байна. Дараагийн тохирол явагдаагүй байгаа бөгөөд сугалааны орлого 766.278.600.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын 2021 оны 3, 4 дүгээр сарын тайланд тайлагнаж, ноогдсон татварыг төлж барагдуулсан байна...”гэж[6], Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01/1255 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “...манай байгууллага хянан шалгах эрх зүйн үндэслэлгүй болно...”[7] гэж, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 28иа/4051 “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “...Э” ХХК -ны зохион байгуулсан эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаатай холбоотой асуудалд...[8]гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаах саналтай...” гэж тус тус шийдвэрлэсэн.

Эдгээр эрх бүхий байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны албан тушаалтан, эрх бүхий байгууллагад гомдол, мэдээлэл гаргагчаас болон бусад субъектээс гомдол гаргаагүй болно.

Энэхүү үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгч ”Э” ХХК-аас “...хяналт шалгалтаар манай компани буруутай үйл ажиллагаа явуулаагүй, ямар нэг зөрчил илрээгүй нь тогтоогдсон ... оролцогч олон иргэдийн хүлээлт, хүсэлт эрх ашгийг харгалзан үзэж 60 дугаартай түдгэлзүүлсэн тушаалыг хүчингүй болгуулах...” агуулах бүхий 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №34[9], 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №40 дугаар албан бичгээр Монгол Улсын Сангийн яаманд хүсэлт гарган хандсан байна[10].

Гэтэл хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 “Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө” заасан хуулиар тогтоосон хугацаанд хариу өгөөгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагчаас захиргааны идэвхгүй үйл ажиллагаа” гарган нэхэмжлэгч компаниас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан /өргөдөл/ хүсэлтийг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулжээ.

Эрх зүйт төрд иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллагыг хуулийн хүрээнд ажилладаг гэдэгт итгэх итгэлтэй байх ёстой.

Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэхээр хугацаа тогтоож өгсөн.

Гэтэл хариуцагч хуульд заасан хугацаанд асуудлыг шийдвэрлээгүй, захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар нэхэмжлэгчид танилцуулж ямар нэг хариу өгөх, мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй тул түүнийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан эс үйлдэхүй гаргасан гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Дээрх хэсэгт хариуцагчийн эс үйлдэхүй гаргасан түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болон Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаас захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлсэн боловч ноцтой зөрчил тогтоогдоогүй талаар дүгнэсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3-д заасны дагуу хариуцагчийн эс үйлдэхүй нь улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөж байна гэж үзэн маргаан бүхий 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар “Тушаалын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгох захиргааны зохих акт гаргахыг Монгол Улсын Сангийн сайдад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу хэргийг үнэн зөв эргэлзээгүй талаас нь шийдвэрлэхийн тулд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлэн шүүх хуралдаанд гэрч Ц.Э-ээс гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд тэрээр телевизийн шууд дамжуулалтын үеэр болсон үйл явдлын талаар “...Бичлэг дээр байгаа цаасыг шидсэн хүн нь би. Сугалааг базаж шидээд байгаа асуудал биш камерт харагдахгүй байх 2 хүн 2 хөтлөгч амжихгүй учраас хуйлах гэж сууж байсан. Энэ үйлдэл телевизээр гарсан нь эфирээр найруулагч анзааралгүй цацсантай холбоотой. Камерт харагдахгүй байгаа 2 хүн хөтлөгч бид хоёрын сугалаануудыг өгөхөөр шторк цацсан хооронд сугалаануудыг хуйлаад шилэн хоргонд хийгээд шторк орох завсраар бидэнд авчирч өгдөг. Камерт харагдахгүй 2 хүн хөтлөгч бид хоёрын сугалаануудыг хуйлахад туслаад, шторк гарах хооронд бидэнд дамжуулж өгөөд бид нар шилэн хоргонд хийж байгаа үйлдэл. Сугалаа гээгдэх, хаях зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн[11].

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эрх бүхий байгууллагаас явуулсан хяналт шалгалтаар “20” эд мөнгөний хонжворт сугалааны 2 дугаар ээлжийн сугалааны азтануудыг тодруулах эцсийн тохирол явагдаагүй болох нь тогтоогдсон.

Сурталчилгааны нэвтрүүлгийн явцад хяналтын гишүүн оролцоогүй гэх үйл баримт тогтоогдоогүй, хариуцагчаас энэ талаар ямар нэг ажиллагаа явуулсан зүйлгүй.

 Зөвхөн дан энэхүү тодорхойгүй үйл баримттай холбогдуулан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй.

2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар тушаалаар нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн нөхцөл байдал цаашид хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй.

Сугалаанд оролцогч иргэдээс гар утасны цахим зурвасаараа /мессеж/ сугалааны тохирлыг явуулахыг шаардсан болон сугалаа худалдаж авсан мөнгөө буцаан авахаа илэрхийлсээр байгаа[12].

Захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр нь зохих хуульд үндэслэгдсэн түүндээ нийцсэн эсэхэд  өөрөө дүн шинжилгээ хийх үүрэгтэй зэргийг харгалзан үзээд үүсээд буй асуудлыг эцэслэн шийдвэрлэх шаардлага бий болсон гэж үзсэн болно.

Иймд нэхэмжлэгчийн даалгах шаардлагын хүрээнд зайлшгүй захиргааны акт гаргахыг хариуцагчид үүрэг болгох байдлаар маргааныг шийдвэрлэх нь хууль зүйн талаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасантай нийцэхээс гадна нэхэмжлэгчийн зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагаварт хүргэх тул “Э” ХХК-аас Монгол Улсын Сангийн сайдад холбогдуулан гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 98 дугаар зүйлийн 98.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-аас Монгол Улсын Сангийн сайдад холбогдуулан гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Сангийн сайдаас 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар тушаалаа хүчингүй болгох шийдвэр гаргахыг Монгол Улсын Сангийн сайдад даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

[1] 1Хавтас хэргийн 94 хуудас

[2] 1Хавтас хэргийн 5 хуудас

[3] 2Хавтас хэргийн 25-26 хуудас

[4] Хавтас хэргийн 95 хуудас

[5] Хавтас хэргийн 10-11 хуудас

[6] 2Хавтас хэргийн 19-23 хуудас

[7] 2Хавтас хэргийн 11 хуудас

[8] 2 Хавтас хэргийн 24 хуудас

[9] 1Хавтас хэргийн 8 хуудас

[10]1Хавтас хэргийн 9 хуудас

[11] Шүүх хуралдааны тэмдэглэл үзнэ үү.

[12] 1Хавтас хэргийн 32-43 хуудас