Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2019/01279

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 01 өдөр                Дугаар 101/ШШ2019/01279                      Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

0

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А.Т нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: БЗДЗДТГ холбогдох

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны ажлын хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.*******, гэрч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч А.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хэсгийн ахлагч нарыг ажилд томилох тухай ******* дугаар тушаалын дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 4 дүгээр хэсгийн ахлагчаар А.******* миний бие Засаг даргын тамгын газартай “Хэсгийн ахлагчтай хамтран ажиллах тухай гэрээ” байгуулан ажилласан. Хэсгийн ахлагчаар ажиллах хугацаандаа Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээнд заасан эрх, үүрэг болон Баянзүрх дүүргийн Засаг даргын баталсан Хорооны хэсгийн ахлагчийн журмын дагуу өгсөн үүрэг, даалгаврыг тогтоосон хугацаанд нь биелүүлж, ажлаа дүгнүүлэн, жил бүрийн 1 сарын эхэнд гэрээгээ сунгуулан, шинэчлэн байгуулан, ажиллаж ирсэн. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Б.******* нь үндэслэлгүйгээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр намайг ажил үүргээ ямар ч алдаа зөрчил гаргалгүй хийж гүйцэтгэж байхад мэдэгдэлгүй үүрэгт ажлаас чөлөөлөх тухай ******* дугаар тушаал гаргасан байна.

Миний бие энэ хууль зөрчсөн, үндэслэлгүй ******* дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь ямар үндэслэл, шалтгаанаар үүрэгт ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдлийг энэ тушаал гаргахаас өмнө надад албан ёсоор өгч мэдэгдээгүй, мөн ажлаас чөлөөлсөн тухай ******* дугаар тушаалыг албан ёсоор гардуулж өгөөгүй, одоо хүртэл ажил хүлээлцээгүй байна. Баянзүрх дүүргийн тамгын газраас надад дээрхи тушаалын хуулбарыг нэхүүлж байж 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгсөн. А.******* миний бие холбогдох хууль тогтоомжинд заасан журмыг зөрчиж намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын ******* дугаар тушаалаас болж 2019 оны 01 дүгээр сараас одоог хүртэл миний гэрээ шинэчлэн хийгдээгүй, гэрээний дагуу авах ёстой ажлын хөлс олгогдоогүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй их хохирч байна. Мөн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргаас журамд зааснаар гэрээг сунгах эсэх талаар санал ирүүлээгүй байхад гэрээний хугацаа дууссан гэж үзэн, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Иймд хууль, тогтоомжинд заасан журмыг зөрчиж гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын ******* дугаар тушаалыг хүчингүй болгон, А.*******ыг урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны ажлын хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь шүүхэд “...Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны ажпын хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Нэхэмжпэгч А.*******ыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай “Хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар тус дүүргийн 14 дүгээр хорооны 3 дугаар хэсгийн ахлагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. А.*******тай 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тул дүүргийн Тамгын газрын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, хөлсөөр ажиллах гэрээг цаашид сунгах хүсэлтээ ирүүлээгүй хэсгийн ахлагч нарын гэрээг сунгаагүй болно. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд Хөлсөөр ажиллах гэрээний үндсэн зохицуулалтыг хуульчилсан ба тус хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно.", 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт “Гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно” гэж тус тус заасан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан Хөлсөөр ажиллуулах гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Гэрээг цуцалсан болон гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болно.” гэж тусгасан ба нэхэмжлэгч нь нэг жилийн хугацаатай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн нөгөөтэйгүүр гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болсноор ажлаас чөлөөлөгдөх зохицуулалттайг мэдэж байсан тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй юм. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээ байгуулах этгээдийг сонгох, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба хариуцагчийн зүгээс гэрээний хугацаа нэгэнт дуусгавар болсон тохиолдолд гэрээг заавал сунгах үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээхгүй болно. Тус дүүргийн Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/19 дугаартай албан бичгээр Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу хугацаа сунгагдахгүй болсон хэсгийн ахлагч нарын ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийн тухай нийт хороодын Засаг дарга нарт хүргүүлж мэдэгдсэн.

Ийнхүү нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

           Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг   шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны ажлын хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай “Хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5-д заасныг үндэслэн тус дүүргүүдийн хороодын хэсгийн ахлагч нарын 2018 оны хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон тул нэрсийг хавсралт ёсоор баталж, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэсэн заалтыг үндэслэн ажлаас чөлөөлж буй байдал нь тухайн дүүргийн Засаг даргын тамгын газрын орон тоонд хэсгийн ахлагчийн орон тоо багтаж байна гэж үзэхээр байна.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/339 дугаартай “Журам батлах тухай” захирамжаар “Хорооны хэсгийн ахлагчийн журам”, хэсгийн ахлагчтай байгуулах “Хамтран ажиллах гэрээ”-ний загварыг тус тус баталжээ.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Б.*******гийн баталсан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г нэг талаас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн 14 дүгээр хорооны Засаг дарга Э.Батсайхан, нөгөө талаас 4 дүгээр хэсгийн ахлагч А.******* нар байгуулж, уг гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан байна.

 

Дээрх гэрээний агуулгаас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байх бөгөөд энэхүү хугацаа дуусахаас өмнө болон дууссанаас хойш нэхэмжлэгч А.******* нь гэрээний хугацааг сунгах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж зааснаар 2018 оны хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр А.*******ыг үүрэгт ажлаас  чөлөөлсөн нь үндэслэлтэй, энэхүү хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга Н.******* шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “... 2018 оны 12 дугаар сарын 03, 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд хэсгийн ахлагч нарын шуурхай хурал хийхдээ гэрээний хугацаа сунгах, сунгагдах эсэх талаар яригдана гэдгийг сануулж байсан... мөн 12 дугаар сарын 28-ны өдөр хэсгийн ахлагч нартаа торт авч өгөөд, шинэ оны мэнд хүргэж, мөн гэрээний талаар сануулж байсан, энэ 3 удаагийн хурал, арга хэмжээнд А.******* нь байсан” гэж мэдүүлж байх ба, үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусгавар болж байгаа, цааш сунгах эсэхээ шийдвэрлэхийг нэхэмжлэгч А.******* мэдэж байсан, эрх бүхий албан тушаалтан түүнд сануулсан байна. 

 

Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллуулах гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Гэрээг цуцалсан болон гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болно” гэж тусгасан гэж тайлбарладаг боловч зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний 7.2 дахь заалтад энэхүү агуулга бүхий заалт байхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөөгүй, Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хамаарахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг түүний 1 сарын ажлын хөлс болох 360,000 төгрөгөөс тооцон нөхөн гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

               

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

           1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны ажлын хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай” нэхэмжлэгч А.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 11,450 /арван нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.    

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ