Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/513

 

 

 

  2023         04         10                                        2023/ШЦТ/513

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,  

улсын яллагч К.Чимгээ,

шүүгдэгч Э.Г. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Э.ын Г.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 06068 0922 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Б. овогт Э.ын Г.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Г. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах РЦНК төвийн автомашины зогсоол дээр ...... УБҮ улсын дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл дотор иргэн Д.У.тай үл ялих зүйлээр маргалдаж, түүний зүүн талын чихнээс хазаж, улмаар тээврийн хэрэгслийн гадна нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г. мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Д.У.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр найз П.Мөнхбатын Баянзүрх дүүргийн Улиастайд байрлах лагерьт очиж, Эдэн гэх нэртэй 2 шил архи ууж дуусгаад 16:00 цагийн үед буцаж гараад найз П.Мөнхбатын 13-32 УБҮ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашинд найз Доржоо машин барьж, жолоочийн хажуугийн суудалд П.Мөнхбат, хойд талын суудалд би, эхнэр Ганзул, найз Сугар, найз Г. суугаад бид хэд хот руу гэр лүүгээ харьж явсан. Эхлээд Г.ийг гэрт нь буулгах гээд явж байхад Монгол кино үйлдвэр өнгөрөөд Г. бид хоёр машин дотор үл ялих асуудлаас болж муудалцаад, тохойдолцоод, бага зэрэг цохилцоод, болиод, зүгээр явж байхад Г. нь миний зүүн талын чихний дээд хэсгээс хазсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Чингис зочид буудлын машины зогсоол дээр машинаас буугаад дахиад нүүр лүү 3-4 удаа цохисон. Тэгээд бид хоёрыг найзууд салгаад, буцаж машинд нь суугаад, Андуудын Хаан банктай байрны хажууд эхнэр бид хоёр буугаад, тэндээсээ шууд Гэмтлийн эмнэлэгт очиж чихээ оёулж, компьютер томографт зураг авахуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

- Гэрч П.Мөнхбатын өгсөн: “У. нь Г. миний чихийг хазчихлаа гэж хэлснийг сонссон. Харин хараагүй. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр У. чихээ оёулсныг мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

- Гэрч Ц.Доржготовын өгсөн: “Баатарбилэгийг 11 дүгээр хороололд гэрт нь буулгах гээд Сансарын тунель доогуур байгалийн зүгээр зүүн талаасаа баруун тийш чиглэлтэй уруудаад явж байхад У. нь Г.ийг гараа атгаж байгаад баруун талын шанаа хавь руу нь 3 удаа цохиж байсныг би машины салхины шилний дунд толинд харсан. Тэгээд машин дотор байсан хүмүүс “зодолдоод эхэллээ, зогсоорой” гэж хэлэхээр нь би И-Март дэлгүүрийн 4 замын гэрлэн дохиогоор баруун гар тийш эргэж, Чингис зочид буудлын хойд талд байрлах РЦНК-ийн автомашины хашаан дотор ил шороон зогсоол дээр зогссон. Машины арын хаалга онгойлгоход хойд талын суудалд сууж байсан У.ын зүүн чихнээс нь цус гарсан байдалтай бууж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

- Гэрч Т.Ганзулын өгсөн: “Тэгээд явж байтал манай нөхөр, Г. хоёр хэл амаараа хэрүүл маргаан үүсгээгүй, гэнэт цохилцоод эхэлсэн. Эхлээд манай нөхөр Г.ийн толгой хэсэг рүү нь гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд Г. нь манай нөхрийн зүүн талын чихний дээд үзүүр хэсгийг хазаад цус гаргахад нь хойно сууж явсан бид 3 машин дотор хоёр тийш нь болгож салгаад, машин замаас гарч зогсоол дээр зогсоход бид нар машинаас буугаад цусыг нь цэвэрлээд байж байхдаа би Г. луу “чи чинь араатан, махчин юм уу, хүн хазаад” гэж уурласан. Машины хажууд зогсож байсан манай нөхрийг Г. нь дахиад баруун гараа атгаж байгаад зүүн нүд хэсэг рүү нь 1 удаа цохиж, газар унагасныг нь би харсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

- Гэрч М.Сугарсүрэнгийн өгсөн: “Тэгээд замдаа явж байхад машин дотор У. нь Г.ийн нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16201 тоот: “Д.У.ын биед зүүн чихэнд сорви, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугааагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 218 тоот: “Э.Г.ийн биед 2 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтэл байх ба хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 36-37/,

- Шинжээч эмч Г.Ханхүүгийн өгсөн: “Э.Г.т гарсан гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой. Тухайн гарсан гэмтлийн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Э.Г.ийн шүдний эмтрэл нь мөлийж мохсон, элэгдсэн байсан. 1 сар буюу түүнээс дээш хугацаа өнгөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Г. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах РЦНК төвийн автомашины зогсоол дээр 13-32 УБҮ улсын дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл дотор иргэн Д.У.тай үл ялих зүйлээр маргалдаж, түүний зүүн талын чихнээс хазаж, улмаар тээврийн хэрэгслийн гадна нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Д.У.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр найз П.Мөнхбатын Баянзүрх дүүргийн Улиастайд байрлах лагерьт очиж, Эдэн гэх нэртэй 2 шил архи ууж дуусгаад 16:00 цагийн үед буцаж гараад найз П.Мөнхбатын 13-32 УБҮ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашинд найз Доржоо машин барьж, жолоочийн хажуугийн суудалд П.Мөнхбат, хойд талын суудалд би, эхнэр Ганзул, найз Сугар, найз Г. суугаад бид хэд хот руу гэр лүүгээ харьж явсан. Эхлээд Г.ийг гэрт нь буулгах гээд явж байхад Монгол кино үйлдвэр өнгөрөөд Г. бид хоёр машин дотор үл ялих асуудлаас болж муудалцаад, тохойдолцоод, бага зэрэг цохилцоод, болиод, зүгээр явж байхад Г. нь миний зүүн талын чихний дээд хэсгээс хазсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Чингис зочид буудлын машины зогсоол дээр машинаас буугаад дахиад нүүр лүү 3-4 удаа цохисон. Тэгээд бид хоёрыг найзууд салгаад, буцаж машинд нь суугаад, Андуудын Хаан банктай байрны хажууд эхнэр бид хоёр буугаад, тэндээсээ шууд Гэмтлийн эмнэлэгт очиж чихээ оёулж, компьютер томографт зураг авахуулсан.” гэх мэдүүлэг,

- Гэрч П.Мөнхбатын өгсөн: “У. нь Г. миний чихийг хазчихлаа гэж хэлснийг сонссон. Харин хараагүй. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр У. чихээ оёулсныг мэдсэн.” гэх мэдүүлэг,

- Гэрч Ц.Доржготовын өгсөн: “Баатарбилэгийг 11 дүгээр хороололд гэрт нь буулгах гээд Сансарын тунель доогуур байгалийн зүгээр зүүн талаасаа баруун тийш чиглэлтэй уруудаад явж байхад У. нь Г.ийг гараа атгаж байгаад баруун талын шанаа хавь руу нь 3 удаа цохиж байсныг би машины салхины шилний дунд толинд харсан. Тэгээд машин дотор байсан хүмүүс “зодолдоод эхэллээ, зогсоорой” гэж хэлэхээр нь би И-Март дэлгүүрийн 4 замын гэрлэн дохиогоор баруун гар тийш эргэж, Чингис зочид буудлын хойд талд байрлах РЦНК-ийн автомашины хашаан дотор ил шороон зогсоол дээр зогссон. Машины арын хаалга онгойлгоход хойд талын суудалд сууж байсан У.ын зүүн чихнээс нь цус гарсан байдалтай бууж ирсэн.” гэх мэдүүлэг,

- Гэрч Т.Ганзулын өгсөн: “Тэгээд явж байтал манай нөхөр, Г. хоёр хэл амаараа хэрүүл маргаан үүсгээгүй, гэнэт цохилцоод эхэлсэн. Эхлээд манай нөхөр Г.ийн толгой хэсэг рүү нь гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд Г. нь манай нөхрийн зүүн талын чихний дээд үзүүр хэсгийг хазаад цус гаргахад нь хойно сууж явсан бид 3 машин дотор хоёр тийш нь болгож салгаад, машин замаас гарч зогсоол дээр зогсоход бид нар машинаас буугаад цусыг нь цэвэрлээд байж байхдаа би Г. луу “чи чинь араатан, махчин юм уу, хүн хазаад” гэж уурласан. Машины хажууд зогсож байсан манай нөхрийг Г. нь дахиад баруун гараа атгаж байгаад зүүн нүд хэсэг рүү нь 1 удаа цохиж, газар унагасныг нь би харсан.” гэх мэдүүлэг,

- Гэрч М.Сугарсүрэнгийн өгсөн: “Тэгээд замдаа явж байхад машин дотор У. нь Г.ийн нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохисон.” гэх мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16201 тоот: “Д.У.ын биед зүүн чихэнд сорви, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугааагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Г.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж тайлбарлаж байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Э.Г.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэргийг нь харгалзан шүүгдэгч Э.Г.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Э.ын Г.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г.т 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Э.Г.т оногдуулсан 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг тайлбарласугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Г. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

            5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Хохирогч Д.У. нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД