Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2019/01285

 

                                     

 

 

 

 

2019 оны 05 сарын 02 өдөр         Дугаар 101/ШШ2019/01285             Улаанбаатар хот

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

 

   Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *******,******* тоотод оршин, суух Хунт тайж овогт Пэрэнлэйн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

   Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,******* тоотод байрлах, “******* *******” ХХК /РД:*******/-д холбогдох,

 

12.590.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К., хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Пэрэнлэй овогтой ******* миний бие нь "******* *******" ХХК-тай 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/23 тоот хөдөлмөрийн байгуулж тухайн компанид ерөнхий менежерийн албан тушаалд томилогдон тухайн компанийн "Есөн Эрдэнэ" харуул хамгаалалтын салбарын үйл ажиллагааг өргөтгөх ажиллагсдын тоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг хариуцан хоёр жил гаруй хугацаанд ажилласан билээ. Миний бие дээрх ажилласан хугацаандаа Буянт Ухаа дахь Спортын ордон, "" ХХК, “” ХХК, “” төв гэх мэт нийтдээ арав гаруй овъектын харуул хамгаалалтын ажлыг өөрийн биеэр олж гэрээний дагуу нэг объектын хамгаалалтаас тус компанидаа 1,8-5,4 сая төгрөгийн цэвэр орлого төвлөрүүлж ажиллаж байсан юм. “******* *******" ХХК нь надад цэвэр ашгаасаа зохих орлогыг бодож олгоно гэсэн аман гэрээтэй байсан хэдий ч нийт ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлсийг одоо хүртэл дутуу олгож намайг хохироосоор байна. “******* *******” ХХК-д 2010 оноос хойш О.той найз нөхдийн холбоотой байж байгаад 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээний хөдөлмөрийн гэрээ байгуулаад 2013 оныг дуустал ажилласан. 2013 оны 3 сарын 13-ны өдрийн цалингийн тодорхойлолтоор тухайн үед 1.450.000 төгрөгийн цалинтай байсан. 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалин, хөдөлмөрийн гэрээгээр сарын цалингаа 800,000 төгрөгөөр бодож 12.590.000 төгрөгийн цалин хөлс нэхэж байгаа. О. надтай хөдөлмөрийн гэрээтэй байсан боловч дансаар мөнгөө хийхдээ дандаа зээл гээд хийсэн байна. Үүнийг сая нэхэмжлэл гаргахаар дансны хуулгаа авахдаа харсан. Энэ зээл гэж хийсэн баримтынхаа дагуу О. нь 2016 онд 56.000.000 төрөг залилсан гээд Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага иргэд хоорондын зээлийн асуудал байна гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Үүний дараа 2016 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд надад холбогдуулан 56.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн үед миний гэрт ажил явдал гарсан байсан учир би хөдөлмөрийн гэрээ, цалингийн тодорхойлолт, дансны хуулга зэргээ гаргаж өгч чадаагүйгээс болоод, шүүхээс 13.990.000 төгрөгийг надаар төлүүлэх шийдвэр гарсан. О. давж заалдсан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тус шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад би гэр оронгүй болсон. О. надаар ажил хийлгэчихээд намайг залилаад байсан байгаа юм. Тиймээс би цалингаа нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч "******* *******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр П.*******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Учир нь П.******* нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/01072 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 120 дугаар магадлалаар О.т 13.990.000 төгрөгийн өглөгтэй болно. Энэ өглөгөө хаах зорилгоор хууль бус нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. П.******* нь манай компанийг үүсгэн байгуулагч О.ын найз бөгөөд манай хамгаалалтын албанд хамааралгүй юм. Хөдөлмөрийн гэрээ болон цалингийн тодорхойлолттой асуудал нь өнгөрсөн, дуусгавар болсон асуудал ба уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь “******* ******* ХХК-д 2011 оноос хойш хөдөлмөрийн гэрээгээр ажилд орсон гэх тайлбар өгдөг. Гэтэл тухайн үед ******* ******* ХХК-ийн захирал байсан О.той найз нөхдийн холбоотой байсан ба тухайн хөдөлмөрийн гэрээ байгуулан нийгмийн даатгал төлөх болон бас бус асуудал байсан учир хөдөлмөрийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан. П.******* нь тус компанид ажиллаж байгаагүй. Мөн нэхэмжлээд байгаа хөдөлмөрийн хөлс 12.990.000 төгрөг нь тухайн компанид ажиллаад авах ёстой цалин хөлс биш О.оос зээлсэн мөнгө байгаа. Анх барилга барих зориулалтаар тухайн мөнгийг зээлсэн. 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр П.*******т 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бол цалин бүрэн авах байсан. Хөдөлмөрийн хөлсөө бүрэн тооцуулж бодуулан авах шаардлага гаргасан байна. Гэтэл П.*******ын данс руу .******* *******. ХХК-иас нэг ч төгрөг цалин хөлс гэж орж байгаагүй. Тухайн үед захирал байсан О.той найз нөхдийн холбоотой байсан учир хувийнх нь данс руу зээлээр л мөнгө төгрөг гарч байсан. Бусдаар бол компанийн данснаас нэг ч төгрөг гарч байгаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаад хөдөлмөрийн харилцаа үүссэн тохиолдолд манай компанийн зүгээс ажилд авах тушаал гарах байсан. Хэрэв ажиллаж байсан бол нэхэмжлэгч ажилд орсон болон ажлаас халах тушаалыг гаргаж өгөх боломжтой байсан. Ажиллаагүй болохоор нэхэмжлэгч уг баримтуудыг гарган өгөөгүй. Мөн хэднээс хэзээг хүртэл ажиллаж байсан, хэзээ хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон талаар нотлоогүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлсөө аваагүй гэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацааны дотор цалингаа нэхэх байсан боловч тухайн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй байна. О., П.******* нарын хооронд маргаан үүсээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр уг зээлийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Тус хэргийн хянан шийдвэрлэх хугацаанд тухайн компанид ажиллаж байсан цалин хөлсөө нэхэх эрх нь нээлттэй байсан. Гэтэл одоо О.т төлөх 13,990,000 төгрөгтөө дүйцүүлэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлээ тодорхойлохдоо цалин хөлс гэж тодорхойлсон. 2011 оноос хойш 2013 оны 4 сар хүртэл гэж тодорхойлж байна. Гэтэл яг хэдэн төгрөг нэхээд байгаа нь тодорхой бус, нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхой бус байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой цалин хөлс нэхэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 128,129 дахь хэсэгт заасны дагуу тусгай хөөн хэлэлцэх хугацаа яригддаг. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа нь Иргэний хуульд заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа байна. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан. “”******* ******* ХХК-ийн удирдлагатай уулзаж ярилцахад П.******* гэж хүн манай компанид ямар бүртгэлгүй. Бичиг баримтуудаа шүүн үзэхэд тийм хүн манайд ажиллаж байгаагүй. Энэ хүн яагаад манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. О. нь гэж хүн манай компанид байхгүй гэсэн. О. П.******* нар найз нөхдийн холбоотой. Хөдөлмөрийн гэрээ болон цалингийн тодорхойлолтын асуудлын хувьд хөдөлмөрийн гэрээг итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Цалингийн тодорхойлолтын хувьд О. хийж өгсөн. П.******* хорооллын дэлгүүрээс цахилгаан бараа лизингээр авах гээд уг тодорхойлолтыг хийлгэсэн. О. нь хэлэхдээ энэ хүн “******* *******” ХХК-тай хамааралгүй. Бид найз нөхдийн холбоотой байж байгаад мөнгөний асуудлаас болоод муудсан гэж хэлсэн. Наад хүн чинь надад тодорхой хэмжээний өглөгтэй гэж хэлсэн. Хэрэгт Приус 10 авто машин, Марк 2 авто машин авсан гэх талаарх баримтууд авагдсан байгаа. Энэ асуудлаа энэ хүн ярьж байна. Өөрөө бас хэлж байна.  “...Шүүхийн шийдвэрээс миний бүх зүйлийг битүүмжилсэн одоо би энэ хүнтэй үзэж тарна гэж” яг энэ нөхцөл байдлаас л энэ хүн хандаж нэхэмжлэлээ гаргасан. Үнэхээр О.той хувийн тооцоо байгаа бол О.тойгоо асуудлаа шийдэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв. 

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч П.******* хариуцагч "******* *******" ХХК-д холбогдуулан 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс нийт ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс 12.590.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч "******* *******" ХХК нь П.******* нь О.т 13.990.000 төгрөгийн өглөгтэй, үүний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

П.******* “******* *******” ХХК-тай 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, хариуцагч цэвэр ашгаасаа зохих орлогыг бодож олгоно гэх амар гэрээтэй байсан хэдий ч нийт ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлсийг одоо хүртэл дутуу олгож байна гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар П.******* “******* *******” ХХК-тай 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 01/23 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл туршилтын хугацаанд ажиллаж, түүний сарын цалин хөлс 800.000 төгрөгөөр тохирсон байна.

 

“******* *******” ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2/14 албан тоотоор П.******* нь 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ерөнхий менежерийн албан тушаал томилогдсон бөгөөд 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд 1.450.000 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлжээ. /хх-ийн 7 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь өөрийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулгыг хавсаргасан байгаа бөгөөд энэ баримтаар “******* *******” ХХК-иас цалин авч байсан гэх байдал тогтоогдохгүй байна. /хх-ийн 8-25 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийэ 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нь өөрөө нотлох үүрэгтэй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгоно” гэж зохицуулсан.

 

П.******* 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 он хүртэл “******* *******” ХХК-д ажиллаж байсан гэх боловч түүний нэхэмжилж байгаа 12.590.000 төгрөг нь хэдэн оны хэдэн сарын хэднээс хэдэн оны хэдэн сарын хэдэн хүртэл ажиллаж байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

 

Мөн нэг сарын цалин хөлсийг хэдэн төгрөгөөр бодсон нь тодорхойгүй, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...12.590.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлсийг” хэдэн сарын хэдэн төгрөгөөр бодсон талаараа тайлбарлаж чадаагүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1 Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д зааснаар "******* *******" ХХК-д холбогдох 12.590.000 төгрөг гаргуулах тухай П.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180.640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.СОЛОНГО