Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1061

 

 

 

 

 

 

 

   2019         10            24                                              2019/ДШМ/1061                                       

 

      О.А, Э.Э нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Уранбайгаль,

хохирогч Г.А,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Б.Дамба,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/608 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Б.Дамба нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор О.А, Э.Э холбогдох эрүүгийн 1903000520113 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. О овгийн Э.Э, 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эмси ХХК-нд засварчин ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаа 14 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ЧЛ87101774/,

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

2. З овгийн О.А, 1996 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй, Япон барааны "Наран стор" дэлгүүрийн төв агуулахад нярав ажилтай, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Буянт-Ухаа 1002-48 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ИГ96031410/;

 

О.А нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны орой 22 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Мишээл" хүнсний дэлгүүрийн хойд замд "Тоёота Приус" маркийн 58-60 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалтыг зөрчиж, Э.Э-гийн жолоодож явсан "Кiа К-5" маркийн 86-59 УНС улсын дугаартай автомашиныг шахсаны улмаас жолооч Э.Э нь зорчих хэсгийн хажуугийн гэрэлтүүлгийн шон мөргөж, уг автомашинд сууж явсан зорчигч Г.Аг-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Э.Э нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны орой 22 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Мишээл" хүнсний дэлгүүрийн хойд замд "Кiа К-5" маркийн 86-59 УНС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн хажуугийн гэрэлтүүлгийн шон мөргөж, зорчигч Г.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: О.А, Э.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч З овгийн О.А-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Анхбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан О.А нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, Иргэний хуулийн 497, 499 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүгдэгч О.А-аас 5.745.000 /таван сая долоон зуун дөчин тав төгрөгийг гаргуулж Э.Эд (РД: ЧЛ87101774)-д олгож, шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч Г.А нь өөрт учирсан гэм хорын хохирол болон цаашид гарсан эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Анхбаяр, түүний өмгөөлөгч Б.Дамба нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Дамба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, түүнийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт огт тусгаагүй, дүгнээгүй орхигдуулсан байна. Энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд энэ нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах үндэслэл болно гэж үзэж байна. Товч тодруулбал: Өмгөөлөгч би өөрийн үйлчлүүлэгч О.А-ын гэм бурууг үгүйсгэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон бөгөөд үндэслэл нь шүүгдэгч О.А гарцаагүй нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэж, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Амартүвшингийн "...Зам тээврийн ослын дараа Приус маркийн автомашины жолоочтой уулзахад ...өөдөөс автомашин сөрөөд ороод ирлээ." гэх мэдүүлэг /хх 26/, гэрч Одонтуяагийн ".. Зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байсан юм. Гэтэл 2 дугаар эгнээгээр явж байсан Приус маркийн автомашин шууд шахаад орж ирэхэд нь юу болж байна гэх хооронд осол гарсан. Приусын жолооч нь нэг машин хажуу талаас урсгал сөрөөд ороод ирлээ гэж хэлж байсан. ... Киа К-5-ын жолооч нилээд хурдтай явсан..." гэх мэдүүлэг /хх 35/, гэрч Берлекболын " ... 100-н айлын чигтээ явж байтал урсгал сөрөөд марк 2 автомашин орж ирсэн. Тэгтэл Анхбаяр саадыг тойрон гарахаар баруун дарсан. Тэгээд тойроод гарах үед ард талаас түс хийх чимээ гарсан. ...урсгал сөрсөн автомашин шууд ухраад 32-ын тойрог руу явсан. ... Киа К-5-ын жолоочид ...одоо яахав ахаа гэхэд урсгал сөрсөн автомашиныг олно гэсэн..." гэх мэдүүлэг /хх 36/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлуулж, өмгөөллийн үгэндээ тодорхой ярьсан билээ. Гэтэл анхан шатны шүүх өмгөөлөгч миний саналын үндэслэл болгосон дээрх баримт, түүнийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт огт дурдаагүй, тусгаагүй, дүгнэлт ч өгөөгүй орхисон нь энэ гомдлыг гаргах үндэслэл болсон юм. Шүүгдэгч О.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би тухайн үед авах ёстой арга хэмжээг авсан гэж бодож байна. Зүүн гар тал руу дарах боломжгүй байсан. Хэрэв би зогсоох арга хэмжээ авч, тормоз гишгэсэн бол энэ ослоос илүү аюултай осол болох байсан..." гэх мэдүүлэг нь сиди-д авагдсан камерын бичлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Өөрөөр хэлбэл, тухайн тохиолдолд зам хөндлөн гэнэт урсгал сөрж гарч ирсэн автомашин нь бодитой аюулыг үүсгэхээр нэгэнт эхэлсэн, үргэлжилсэн шинжтэй тулж ирсэн аюул байсан учир О.Аын хувьд гарцаагүй байдлын нөхцөл байдалд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч О.А давж заалдах шатны шүүх хуралдаанд: “...Гомдлоо дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Эгийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг хэрэгт гарцаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, манай нөхцөл байдалд ийм зүйл яригдахгүй гэж үзэж байна. Э.Э тухайн үед замын хөдөлгөөний ямар нэгэн дүрэм журмыг зөрчөөгүй, эгнээ байраа зөв эзэлж явж байсан. Харин 2 дугаар эгнээгээр зорчиж байсан О.Аын жолоодож байсан тээврийн хэрэгсэл гэнэт замын хөдөлгөөний дүрмийг бүдүүлгээр зөрчиж, хажуунаас шахаж орж ирсэн. Дээрх үйлдлийн улмаас Э.Эгийн тээврийн хэрэгсэл урд хэсэгтээ цохигдож, үүний дагуу жолоодлого алдаж замын хашлага мөргөсөн асуудал үүссэн. Хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, дүр зургийг тодорхойлсон бүдүүвч зураг, техникийн шинжээчийн дүгнэлт зэргээр О.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхээс өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул үүсгэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн гэмт хэрэг гарсан нь нотлогдон тогтоогддог. Анхан шатны шүүхээс Э.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. О.Аын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүд хоорондоо илт зөрүүтэй байдаг. Иймд шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Б.Дамба нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 608  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед О.А огцом шахаагүй бол би дээрх үйлдлийг гаргахгүй, мөн эхнэрийнхээ эрүүл мэндийг хохироохгүй байсан. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 608 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.А хэргийн газрыг харуулсан камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож авсан байдаг. Тухайн бичлэгээс харахад О.А явах боломжтой байдал харагддаг. Тэгээд Э.Э, О.А нарыг хоёуланг нь буруутай гэж үзэж хэргийг шилжүүлсэн байдаг. Мөн шүүгдэгч О.А нь дүрмийн заалтыг зөрчсөн. Үүнийхээ талаар ч өөрөө мэдүүлсэн байдаг. Тухайн хэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. О.Ат оногдуулсан ял шийтгэл нь үндэслэлтэй гэж үзэж байна. Э.Эгийн хувьд, түүний эхнэр мэдүүлсэн байдаг. Мэдүүлэгтээ “Эрдэнэхүү машин ороод ирлээ гэхэд, би авч болох бүхий л арга хэмжээг авна” гэж хэлээд шон очоод мөргөсөн” гэдэг. Үүнээс харахад шууд шон мөргөөгүй ба ярилцах цаг байсан бөгөөд тухайн явж байсан газраас шон нь 13 метрийн зайтай байсныг тогтоосон. Тиймээс тохиромжтой хурдыг сонгож яваагүй байсан. Иймд энэхүү хэргийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

1.О.А нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны орой 22 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Мишээл" хүнсний дэлгүүрийн хойд замд "Тоёота Приус" маркийн 58-60 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалтыг зөрчиж, Э.Эгийн жолоодож явсан "Кiа К-5" маркийн 86-59 УНС улсын дугаартай автомашиныг шахсаны улмаас жолооч Э.Э нь зорчих хэсгийн хажуугийн гэрэлтүүлгийн шон мөргөж, уг автомашинд сууж явсан зорчигч Г.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О.Аын яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 15-ны 22 цаг 50 минутын орчимд 32-ын тойргоос 100 айл руу чигт зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байснаа толинд хартал араас нэлээн хурдтай хар утаа саагсан киа-5 маркийн автомашин ирж байхаар нь би хурдаа саан тормосон дээрээ хөлөө тавих үед эсрэг урсгалаас цагаан өнгийн марк-2 маркийн автомашин хоёрдугаар эгнээгээр ороод ирэхээр нь би жолооны хүрдээ дараад саадыг тойрон эргэж хоёрдугаар эгнээндээ орон толиндоо харахад киа-5 маркийн автомашин миний автомашины ард алхмын зайтай байсан. Түс хийх чимээ гараад миний автомашины араас тас хийх дуу сонсогдохоор нь би автомашинаа зогсоогоод гараад хартал КИА-5 маркийн автомашин хашлага даваад явган хүний зам дээр байсан гэрэлтүүлгийн шон мөргөөд бүтэн эргэхдээ миний автомашины араас мөргөсөн байсан. Та яагаад хашлага даваад гэрэлтүүлгийн шон араас мөргөчхөв өө гэхэд чамайг урсгал сөрсөн автомашинаас зайлсхийхийг хараад сандраад тормосоо гишгэж чадалгүй хаазаа гишгэчихлээ гэж надад хэлсэн. Охин нь толгой өвдөөд байна гэхлээр нь би автомашиндаа суулгасан. Цагдаа болон 103 руу би найзынхаа утсаар дуудлага өгсөн юм. Эхнэрийнх нь амнаас цус гарсан байхаар нь би тайвшруулсан. Нөхөр нь сандраад юу хийхээ мэдэхгүй гар нь чичрээд өөрийнхөө автомашиныг тойроод гүйгээд байсан. Би Киа-5 маркийн автомашины жолоочтой уулзаад ахаа та ямар их хурдтай явдаг юм бэ гэхэд би хөдөөнөөс хүн авах гээд яараад явж байсан юм, ахыгаа уучлаарай ах нь бүрэн даатгалтай наадахыг чинь дор нь засуулаад өгнө гээд байсан..." /хх-176-177/,

 

Э.Эгийн яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр эгнээ байраа зөв эзлэн явж байсан. Зохих хэмжээний хурдтай явсан юм. Тоёота приус 20 маркийн 58-60 дугаартай автомашин огцом 2 дугаар эгнээнээс намайг шахсан. Хойд дугуйны ойролцоо миний автомашины хамар байхад жолооч нь толиндоо ч харалгүй шахсан. Тэгэхэд би тормос гишгэсэн боловч миний автомашин зогсохгүй болохоор нь ослыг зайлуулах зорилгоор тормос гишгээд баруун гар тал руугаа дарахад хашлага даваад гэрэлтүүлгийн шон мөргөсөн. Би зогсоох арга хэмжээ хангалттай авсан. ...” /хх 83-85/,

 

гэрч Г.Отгонтуяагийн: “...Эгч Амартүвшин жолоочийн хажуу талын суудалд сууж явсан юм. Миний сууж явсан автомашин зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байсан юм. Хажуу талаар нь хоёрдугаар эгнээгээр явж байсан Приус маркийн саарал өнгийн автомашин шууд шахаад ороод ирэхийг би хараад юу болж байна гэх зуур манай автомашины хурд саараад буцаад хажуу тийшээ дарснаа зорчих хэсэг рүү орсон. Тэгтэл манай автомашин нэг мэдсэн хашлага даваад шон мөргөсөн. ... нэг хартал хажуу талаас урсгал сөрөөд нэг автомашин ороод ирлээ гэж Приус автомашинаас бууж ирсэн залуу хэлсэн. Манай эгчийн эрүү, ам гэмтсэн. Өөр гэмтсэн хүн байхгүй. ..." /хх 33-34/, 

 

гэрч Ё.Берлэкболын: “...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Мишээл дэлгүүрийн хойд замаар зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 100 айл руу чигтээ явж байтал урсгал сөрөөд марк 2 маркийн автомашин орж ирсэн. Тэгтэл Анхбаяр саадыг тойрон гарахаар баруун дарсан. Тэгээд тойроод гарах үед ар талаас түс хийх чимээ гарсан. Тэгээд зогсоод буугаад хартал Киа К-5 маркийн автомашин хашлага даваад, гэрлийн шон мөргөөд миний сууж явсан автомашиныг мөргөөд эргээд зогссон байсан. Приус автомашины жолооч Киа маркийн автомашинд саад учруулсан эсэхийг анзаараагүй. Лав л ард явж байснаа л араас ирээд мөргөсөн. ...” /хх 35-36/,

 

гэрч Б.Амаржаргалын “...2018 оны 12 дугаар сарын 15-ны орой гэгээ тасарсан байхад Анхбаяр намайг ажлаас аваад 32-ын тойргоос зүүн тийшээ явж байсан. 22 цаг өнгөрч байсан байх, Анхбаяр Тоёота Приус 20 маркийн 58-60 УНА улсын дугаартай автомашинаа жолоодон “Мишээл” дэлгүүрийн урд замаар зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал урд талд Марк-2 маркийн цагаан өнгийн автомашин автобусны буудал дээр хөндлөн эргэж байсан. Голын зураас бараг давах гэж байхад нь Анхбаяр сигналдаад хамар хэсгийг нь гаргаад цааш явж байтал түс тас хийх чимээ гарахаар нь юу болж байна гээд хартал миний сууж явсан автомашины ар хэсэг рүү автомашин шүргэх шиг болохоор нь гараад хартал Киа К-5 маркийн автомашин шон мөргөөд буцаж эргэхдээ миний сууж явсан автомашиныг шүргэсэн юм. Киа-5 автомашиныг шахаагүй, хажуу талд яваагүй, Киа-5 автомашин миний сууж явсан автомашины хойно нэгдүгээр эгнээгээр явж байсан юм. ...” /хх-38-39/ гэх мэдүүлгүүд,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №569 дугаартай “...Т.Амартүвшингийн биед доод эрүүний түүшингийн хугарал, зүүн доод 1, баруун доод 1, 2, 3, 4, 5 дугаар шүдний мэс заслаар авагдалт, доод эрүүний шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...”/хх 53/,

 

Техникийн шинжээчийн 110 дугаартай "2. Тоёота Приус маркийн 58-60 УНА улсын дугаартай автомашины жолооч О овогтой А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осол гарахын өмнө урсгал сөрсөн гэх улсын дугаар марк тодорхойгүй автомашин нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэл хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна. ...” /хх 64-65/ гэх дүгнэлтүүд,

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 10-11/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-12/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-17, 57-58, 87/  зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Аыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч О.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас хохирогч Амартүвшингийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болон түүний хувийн байдалд тохирсон байна гэж үзлээ.

 

Техникийн шинжээчийн 110 дугаартай дүгнэлтийн 1-д “Киа К- 5 маркийн 86-59 УНС улсын дугаартай автомашины жолооч Э овогтой Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэж дүгнэжээ.

 

Гэвч жолооч Э.Э тухайн үед хурд хэтрүүлэн явсан талаар нотлох баримт байхгүй байна. Иймд дээрх шинжээчийн дүгнэлтэд үндэслэн Э.Эг хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Шүүгдэгч О.А болон түүний  өмгөөлөгч Б.Дамба “... О.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж   өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хамтран  гаргажээ.

 

Шүүгдэгч О овогтой А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж тухайн үед 1 дүгээр эгнээгээр машинаа жолоодож явсан Э.Эгийн "Кiа К-5" маркийн 86-59 УНС улсын дугаартай автомашиныг шахсаны улмаас жолооч Э.Э нь зорчих хэсгийн хажуугийн гэрэлтүүлгийн шон мөргөсөн байна.

Шүүгдэгч О.А нь осол гаргасан шалтгаанаа “урсгал сөрж машин орж ирсэн“ гэж тайлбарладаг боловч Техникийн шинжээчийн 110 тоот актын 3-т “Зам тээврийн осол гарахын өмнө урсгал сөрсөн гэх улсын дугаар марк тодорхойгүй автомашин нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэл хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна. ...” гэж дүгнэжээ. /хх-64-65/,

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн “сиди” бичлэгт ч урсгал сөрж орж ирсэн машинаас хамаарч осол гарсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч О.Аын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас жолооч Э.Э осол гаргаж, түүний машинд сууж явсан хохирогч Г.Агийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч О.А нь бусдаас  нөлөөлсөн шалтгаан, нөхцөл байдлын улмаас зам тээврийн осол гаргасан нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгч О.А болон түүний өмгөөлөгч Б.Дамба нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/608 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Б.Дамба нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ