Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2025/0336

 

 

         

“И” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын МҮ-017*** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, ашигт малтмалын ашиглалтын МҮ-017*** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн эрхийг сэргээж олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 213 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, Ц.Б, Б.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 128/2025/0021/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “И” ГХОХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын МҮ-017*** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, ашигт малтмалын ашиглалтын МҮ-017*** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн эрхийг сэргээж олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 213 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6-д заасныг тус тус баримтлан “И” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “... Юуны Өмнө анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэсэн шүүхийн нотлох зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр хэргийг хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газрыг тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан нөхөх олговрыг гаргуулах талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд зохих журмын дагуу хандаж байсан боловч өнөөдрийг хүртэл яамны зүгээс нэхэмжлэгч талд нөхөн олговор олгох талаар зөвшилцөх ямар ч боломжгүйгээр нөхөн олговрыг олгохгүй нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж тэднийг хохироосоор байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талыг Монгол Улсын Засгийн газарт нөхөх олговрыг гаргуулахаар хандах ёстой байсан гэж тодорхойлсон ба гэвч нэхэмжлэгч талаас Монгол Улсын Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхий сайдад нөхөх олговор гаргуулах талаар хүсэлтүүдийг гаргаж байгаагүй байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д заасан шаардлагуудыг биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд дээрх шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд мөн зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй гэж дүгнэжээ. Ингэж дүгнэхдээ нэхэмжлэгч талаас нөхөх олговрыг гаргуулахаар зохих яам, агентлагт хүсэлтээ тавьж байсан асуудалд зохих дүгнэлтийг хийгээгүй байж ийнхүү дүгнэлт гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхээс өөрийн хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, гаргасан дүгнэлт нь үндэслэлгүй байна гэж үзэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Үүнээс харахад анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ асуудлыг зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэн. Учир нь 2009 онд Засгийн газрын 100 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан ба энэ нь “И” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газар бүхэлдээ орж байгаа ба ашиглалтын тусгай зөвшөөрөл 2012 онд авсан байна. Энэ нь тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах санал гаргасан байгууллага судалгааг Засгийн газарт гаргаж өгөөгүйн улмаас үүдэлтэй. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д ““Тусгай хэрэгцээний газар” гэж эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон газрыг” гэж тодорхойлсон ба нэгэнт тусгай хэрэгцээнд авахаас өмнө олгосон тусгай зөвшөөрлийг урьдчилан мэдэгдэж, хязгаарлалт тогтоох ёстой байтал үүнийг огт биелүүлээгүй нь ашигт малтмалын тухай хуулиа зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллага энэхүү хориглох, хязгаарлах ажлыг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас манай байгууллагын үйл ажиллагааг олон жил явуулж маш их хэмжээний хөрөнгөөр хохироож байгаа нь Үндсэн хуульд ардчилсан нийгэмд байж болохгүй асуудал.

Тусгай хэрэгцээнд авсан цаг хугацаа нь 2009 он, манай компанид 2012 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон ба хариуцагч тал тухайн үед зураг зүйн шүүлт хийхэд тусгай хэрэгцээнд авсан газартай болон ямар нэгэн компанитай давхцаагүй байсан учир олгосон гэж анхан шатны шүүхэд тайлбар өгсөн. Тэгэхээр энэ нь тусгай хэрэгцээнд авсан бол төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж тэмдэглэгээ хийлгэх ёстой байтал энэхүү үүргээ биелүүлээгүй нь манай компанийн эрх ашгийг зөрчиж хохирол учруулаад байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-14.6 дахь заалтууд нь газрыг тусгай хэрэгцээнд авсан нөхцөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчийн эрхийг хамгаалсан заалт юм. Монгол Улсын Үндсэн хуульд өмчийн хэлбэр харгалзахгүй төрийн хамгаалалтад байх ёстой. Гэтэл төр хувийн өмчид маш бүдүүлгээр халдаж байгаа нь олон хуулийг зөрчиж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж заасан байна. Энэ хуулийн заалтын агуулгаар тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гаргасан байгууллага 1 жилийн дотор нөхөн олговор олгоно. Олгоогүй бол үйл ажиллагаагаа явуулна гэсэн агуулга. Ашигт малтмалын тухай хууль тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хамгаалахын тулд энэхүү заалтыг тодорхой заасан байна. Хэрвээ тусгай хэрэгцээнд тодорхой газар нутгийг авахаар бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй 1 жил өнгөрсөн бол тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн явуулах эрх үүсэхээр хуульд зохицуулалт хийжээ. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан нөхөн олговор олгохоор болсон үед хэрхэх талаарх заалтыг иш үндэс болгосон байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан заалтад дүн шинжилгээ хийхэд тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох үүрэгтэйг шууд заагаад 1 жилийн дотор төлөх үүрэг хүлээлгээд энэ хугацаанд төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа явуулах эрх үүсэхээр байна. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь заалтууд нь нөхөн олговор авахаар харилцан тохиролцоонд хүрээд төлөх хугацаагаа тохиролцоод тэр хугацаанд нь төлөөгүй үед хэрхэх вэ гэдгийг зохицуулсан хэм хэмжээг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хуулийг буруу хэрэглэсэн байна.

Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 213 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Анх нэхэмжлэгч “И” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх С.Б-аас “Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолыг үндэслэн манай компанийн MҮ-017*** тоот тусгай зөвшөөрөлтэй талбай бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсан боловч “И” ХХК нь Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлж, Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших ***** нэртэй талбай бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 124 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

2.2. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч компанийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг С.Б-д олгосон талаарх итгэмжлэлийг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээдээс түүнд итгэмжлэл олгосон эсэх, С.Б нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулахгүйгээр ийнхүү захиргааны хэрэг үүсгэсэн байна. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “И” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Ж иргэн С.Б, Б.Г нарт 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/47 дугаар албан бичгээр /Монгол хэл дээр/ тус компанийг төлөөлж “Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох, компанийн хүчингүй болсон газрын эрхийг хуулийн дагуу сэргээлгэх, зөрчигдсөн эрхийг хамгаалах маргаанд оролцох, захиргааны хэргийн гурван шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол хянуулах зэрэг гомдол, хүсэлт, өргөдөл гаргах, хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, гуравдагч этгээдийг оролцуулах, гэрчийг асуулгах, хөрөнгө хамгаалуулах хүсэлтийг шүүхэд гаргах, шаардлагатай нотлох баримтыг төрийн болон хүчний байгууллагуудаар гаргуулах эрх эдэлж, үүрэг хүлээх талаар олгосон итгэмжлэл”-ийг шүүхэд ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан байна.

2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөн оролцох ба хуулийн этгээдээс итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тохиолдолд итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-д “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх”, 27.4.2-т “олгосон он, сар, өдрийг заах”, 27.4.3-д “хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх”, 27.4.4-д “захиргааны ямар маргаанд оролцохыг тодорхой заах”, 27.4.5-д “итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах” гэсэн шаардлагуудыг хангасан байх учиртай.

Үүнээс гадна Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж хуульчилсан. Тодруулбал, нэхэмжлэгч “И” ГХОХХК-иас С.Б, Б.Г нарт олгосон дээрх итгэмжлэлд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн В-гаас өөр этгээд гарын үсэг зурсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

2.4. Нөгөөтээгүүр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд нь Монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл болон мэддэг хэл, бичгээр шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, нотлох баримт гаргах эрхтэй бөгөөд Монгол хэл мэдэхгүй гадаадын иргэний шүүхэд гарган өгч буй баримт нь тухайн иргэний эрх хэл дээр үйлдэгдсэн хувь болон түүний баталгаат Монгол хэлээр орчуулсан орчуулгын хамт хүчин төгөлдөр үнэлэгддэг. Гэтэл нэхэмжлэгч “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал В болон тус компанийн үүсгэн байгуулагч Ж нар нь Монгол хэл мэддэггүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараар тогтоогдож буй энэ тохиолдолд С.Б, Б.Г нарт олгосон итгэмжлэлийн учир холбогдол, үүсэх үр дагаврыг ойлгосон эсэх нь тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Түүнчлэн “Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох, компанийн хүчингүй болсон газрын эрхийг хуулийн дагуу сэргээлгэх, зөрчигдсөн эрхийг хамгаалах маргаанд” холбогдуулан итгэмжлэл олгосон байгаа нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагад шууд хамааруулан үзэхээргүй байна.

2.5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаж буй этгээдэд олгосон итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 27.4-т заасан шаардлагыг хангахгүй итгэмжлэлийг нэг мөр тодруулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх боломж бүрдэхээр байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 213 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

                      ШҮҮГЧ                                                            З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН