Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2022/0014

 

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2022/0014

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б-ийн Т

Хариуцагч: Б сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М

Маргааны төрөл: Иргэн Б.Т-ийн газар ашиглах эрхийг Б сайд хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Т-с Б сайдад холбогдуулан Б сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Б.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гаргасан.

2. Б сайдын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Төрхурахын аманд 1,7 га хэмжээтэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 0160833 дугаар гэрчилгээг иргэн Б.Т-д олгожээ.

Улмаар мөн сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч иргэн Б.Т-ийн газар ашиглах эрхийг эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, ойн хамгаалалтын бүсийг зөрчсөн гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.

3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай 319 дүгээр албан бичгээр Б.Т-д Б сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын хувийг хүргүүлжээ.

Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч Б.Т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/ Баянзүрх дүүргийн Засаг даргын зүгээс Б сайдын газар ашиглуулах шийдвэр гарч, газрын гэрчилгээ олгогдсоноос хойш албан ёсоор удаа дараа хандаж гэрээг байгуулж өгөхийг хүсэхэд шийдвэрлээгүй, гэрээг баталгаажуулж өгөөгүй атлаа газрын төлбөрийг нэхэж байгаа нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасантай нийцээгүй, мөн хуулийн зарчмын дагуу газрыг ашиглах боломжийг нээсэн орц, гарцтай байлгахыг хариуцагч, түүний харьяа байгууллагууд хариуцах бөгөөд түүнээс бус ямар ч ашиглах боломжгүй газрыг ашиглуулах шийдвэр гаргачихаад төлбөр төлөөгүй, зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгах нь шударга бус бөгөөд газар ашиглах боломжийг олгоогүй учир энэ үүргээ биелүүлээгүй гэж буруутгагдах үндэслэлгүй гэж үзэж байна.

2/ Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дугаар заалтыг ... газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, 3 болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэжээ. Гэтэл бодит байдал дээр газар ашиглах гурвалсан гэрээ байгуулагдаагүй, эцсийн байдлаар Б яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга баталгаажуулаагүй байхад 2 жилийн хугацааг яаж тооцож тогтоосон нь ойлгомжгүй, бодит байдалтай нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд Дархан цаазат Богдхан уулын Төрхурахын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар эрх олгосон 1,7 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон Б сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Б.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б яамны зүгээс маргаан бүхий 2021 он 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалыг гаргасан. Ингэхдээ Б.Т-д ямар нэг байдлаар мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй. Шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд маргаан бүхий тушаалыг гаргасны дараа газрыг чөлөөлж өгөх гэсэн агуулга бүхий мэдэгдэл, албан бичгийг ирүүлсэн байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан эрх нь хөндөгдөж байгаа этгээдэд тухайн маргаан бүхий актыг гаргахаас өмнө сонсох ажиллагаа буюу сонсгох, мөн мэдэгдэх гэсэн агуулгаар мэдэгдэл хүргүүлж байгаа тэр ажиллагаа биш гэж үзэж байна. 

Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас хуулийн дагуу газар дээр нь очиж үзсэн, хүсэлтийг шийдвэрлэсэн, цаг хугацааны тухайд Дээд шүүхээс тайлбарласан гэрээ байгуулснаас хойш 2 жил гэсэн хугацааг нарийн шалгаж тогтоосон зүйл байдаггүй. Мөрдөгчийн мэдэгдэл ирсэн. Мөрдөгчийн мэдэгдэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дугаар зүйл дурдагдаагүй байдаг. Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах болохоос Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу газар ашигласан эсэхэд мөрдөн байцаагч хяналт тавьж, түүнийг тогтоох эрх бүхий албан тушаалтан биш. Үүнийг хэн шалгаж тогтоох вэ гэхээр хариуцагч, доод шатанд нь ажилладаг нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг гэж хэлээд байгаа Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас тогтоох ёстой. Гэвч энэ асуудлыг тогтоогоогүй. 

Төлбөр маш зөрүүтэй байдаг. Хоёр үндэслэлийг дурдсан боловч аль аль нь эргэлзээтэй, газар ашиглаагүй гэдэг зүйлийг тогтоогоогүй. Төлбөрийг хэсэгчилсэн байдлаар төлчихсөн байхад бүрэн төлөөгүй гэдэг агуулгатай байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс 2018 онд 2017 гарсан шийдвэрийн дагуу албан бичгийг хүлээж авч, холбогдох бүх ажиллагааг хийсэн. 2018 онд ерөнхий үнэлгээ, 2019 онд нарийвчилсан үнэлгээ, нэмэлт тодотгол, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Богдхан уулын хамгаалалтын захиргаатай гэрээг байгуулах, түүнээс хойш Баянзүрх дүүргийн Засаг даргад гурвалсан гэрээг баталж, байгуулж өгөх байдлаар хандсан. Мөн цахилгаан дамжуулах, хашаа барих талаар холбогдох арга хэмжээг авсан боловч орц, гарцын асуудал үүсэж хашаа барих боломжгүй байсан талаар хандаж байсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс өөрийн гэрээгээр болон хуулиар хүлээсэн газар ашиглахтай холбоотой үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. 

Хариуцагч талын зүгээс энэ ажиллагаанд акт гаргаж байгаагүй, тодруулах ёстой бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоон, түүнийгээ нотлох баримтаар нотлох ёстой боловч энэ ажиллагаа хийгдээгүй. Хөндлөнгийн байгууллагын мэдээлэл дээр хэтэрхий хөтлөгдөж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь буруу юм. Нэхэмжлэгчийн зүгээс 2019, 2020 онд цар тахал, гэр бүлийн хүн нь хүнд мэс засалтай байсан ч холбогдох асуудлаар хүсэлтүүдийг гаргаж байсан нь тухайн газрыг ашиглах гэж байсан хүсэлт зоригоо тодорхой илэрхийлсэн, төлбөр төлж байсан үйл баримтуудыг шүүхээс харж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна. гэв. 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 9 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Б яаманд ирүүлээгүй байдаг.

2/ Газрын төлбөрийн итгэлцүүрийг тогтоосон акттай маргаж байгаа нь газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.

3/ Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/5794 дүгээр албан бичгээр ирүүлсэн төлбөрийн мэдээлэл, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 дугаар албан бичгээр ирүүлсэн газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 дүгээр албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байх тул Б сайдын 2021 оны А/50 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан болно.

Иймд Б сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Нэхэмжлэгч Б.Т-с Б сайдад холбогдуулан гаргасан Б сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Б.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.            Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс ... газрын гэрчилгээ олгогдсоноос хойш албан ёсоор удаа дараа хандаж гэрээг байгуулж өгөхийг хүсэхэд шийдвэрлээгүй, газар ашиглах боломжийг олгоогүй, газар ашиглах гурвалсан гэрээ байгуулагдаагүй, эцсийн байдлаар Б яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга баталгаажуулаагүй байхад 2 жилийн хугацааг яаж тооцож тогтоосон нь ойлгомжгүй, бодит байдалтай нийцээгүй шийдвэр болсон, хариуцагч тодруулах ёстой бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоон, түүнийгээ нотлох баримтаар нотлох ёстой боловч энэ ажиллагаа хийгдээгүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, 9 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж маргасан.

3.            Хариуцагч нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлахдаа ойн хамгаалалтын бүс зөрчсөн, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй гэх боловч энэхүү үйл баримтыг шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримт цуглуулан шалгаж тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. гэж заасныг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч ашиглах эрх бүхий газарт орох, гарах гарц нээлгүүлэхээр яаманд хандаж байсан болон нэгж талбарын зургаар нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газрын эргэн тойрон бусдад газар ашиглах эрх олгосон болох нь нэхэмжлэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандсан хүсэлт, уг хүсэлтийг хүлээн авсан талаарх бүртгэл хяналтын карт, Б яамны 2021 оны 10 дугаар сарын 08-н өдрийн 03/4722 дугаар албан бичгээр ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурахын амны хязгаарлалтын бүс орчмын зураг зэргээр тус тус тогтоогдож байна.

4.            Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх; , 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн гэх үндэслэл нотлогдохгүй байна.

5.            Харин Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх; гэж заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нотлогдож байх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтад маргаан бүхий Б сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Б.Т-д холбогдох хэсэг нийцсэн гэж үзлээ.

Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зохицуулалт нь газар ашиглаж буй этгээд газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлсөн байхыг шаардсан байна. 

6.            Нэхэмжлэгчээс Б сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалыг гаргахдаа сонсох ажиллагааг хийгээгүй гэж маргаж байгаа боловч хариуцагчаас сонсох ажиллагааг хийсэн эсэхээс үл хамааран нэхэмжлэгчийн газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүйг зөвтгөх боломжгүй бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 530 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 599 дүгээр магадлалаар Б сайдын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар Б.Т-д газар ашиглуулах шийдвэр гарснаар газрын төлбөр төлөх үүрэгтэй, газрын гэрчилгээ олгогдсоноос хойших 2017-2019 оны төлбөрийг шаардсан дүүргийн газрын албаны нэхэмжлэх хуульд нийцсэн талаар дүгнэсэн байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан Б.Т-с Б сайдад холбогдуулан гаргасан Б сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Б.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН