| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2019/00782/И |
| Дугаар | 101/ШШ2019/01017 |
| Огноо | 2019-04-08 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2019/01017
2019 оны 04 сарын 08 өдөр Дугаар 101/ШШ2019/01017 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******,*******,*******,******* тоотод оршин суух, Чой овогт Сэрээдагвын ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,******* тоотод оршин суух Өндөө овогт Хаданхүүгийн ******* /РД:/-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэгт төлөгдөөгүй 16.204.450 төгрөг, сургалтын төлбөр 3.380.000 төгрөг нийт 19.584.450 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.******* би Х.*******тай 2000 оны хавар танилцаж 2001 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүү г төрүүлсэн. Бид 2 жил амьдарсан ч ******* өөр амьдралтай болсноор бид хоёр тийш болсон. 2006 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүх хурал болж 171 дугаартай шийдвэр гарч Х.******* нь хүүхдийн тэтгэлэг төлөх болсон. Үүнээс хойш одоог хүртэл буюу 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүү маань 18 нас хүрснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх шүүхийн шийдвэрээр 17.214.450 төгрөг тогтоосноос 1.090.000 төгрөгийг Х.******* төлж 16.204.450 төгрөг үлдсэн. Х. нь Х.*******ын ах хүүхдийн тэтгэлэг, оюутны төлбөр төлнө гэж тохиролцоод амласнаа биелүүлээгүй. Иймд сургалтын төлбөрийн 3.380.000 төгрөг, тэтгэлгийн төлөгдөөгүй үлдэгдэл 16.204.450 төгрөг нийт 19.584.450 төгрөгийг Х.*******аас гаргуулж өгнө үү. Итгэл эвдсэн амлалтаасаа буцсан зэрэгт гомдолтой байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х.*******аас хүүхдийн тэтгэмж, 16.204.450 төгрөг, сургалтын төлбөр 3.380.000 нийт 19.584.450 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Х.*******тай С.******* нь хамтран амьдарч байгаад, 2005 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 171 дугаар шүүхийн шийдвэрээр хүү гийн эцгээр Х.*******ыг тогтоож, Х.*******аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очсон боловч 19 жилийн хугацаанд хариуцагч нь 1.090.000 төгрөг төлөөд 16.204.450 төгрөгийг төлөөгүй. Х.******* нь төлөөгүй үлдсэн 16.204.450 төгрөгөө төлөхгүйгээр хүүгээ их сургуульд орохоор нь сургалтын төлбөрийг жил бүр 4.000.000 төгрөгөөр тооцон төлөхөөр тохиролцож, гэрээ байгуулан нотариатаар батлуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ажиллагааг хаалгасан. Гэвч Х.******* сургалтын төлбөрийг төлөөгүй. 17 насандаа ШУТИС-д орж оюутан болсон. Хүүгийн сургалтын төлбөр 21 кредитийн мөнгө 3.380.000 төгрөг болсон байгаа. Үүнийг С.******* төлсөн. Энэ мөнгийг нэхэмжилж байгаа. Энэ үндэслэлээр 19.584.450 төгрөгийг нэхэмжилж байна... гэв.
Хариуцагч Х.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.******* миний бие СХД-ийн шүүхийн 2006 оны шийдвэрийн дагуу хамтран амьдрагч байсан С.*******д хүүхдийн тэтгэлэг төлөх шийдвэр гарсан боловч өөрөө тодорхой орлогогүй учраас төлбөрийг бүрэн төлж чадаагүй, аав маань миний өмнөөс тэтгэврийнхээ мөнгөөр төлж байгаад 2013 онд нас барснаас хойш төлөгдөөгүй байх. Би С.*******г салж явснаас хойш 2005 онд дагавар хүүхэдтэй хүнтэй нийлж, өөрийн төрсөн 6-13 насны гурван хүүхдүүдээ тэжээх гэж зүтгэж явна. Эхнэр маань галт тэрэгний үйлчлэгч хийдэг, олон хоногоор явчихдаг болохоор үр хүүхэд, гэр орны ажлаа зохицуулах шаардлагын улмаас өнөөдрийг хүртэл тодорхой ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй байна. Намайг тогтсон орлогогүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай, эмзэг бүлгийн өрх гэдгийг манай хорооны ажилтнууд бүгд мэднэ. Эхнэрийн цалин зээлэнд суутгагддаг учраас арайхийн хоногийн хоолоо залгуулдаг. Надад хууль ёсны эхнэр, гурван хүүхдийн хамт эзэмшдэг Сэлбийн намагтай 0.3 га газар дээр барьсан жижигхэн байшин, мотор нь цохисон эвдэрхий 2000 оны “Мазда” машинаас өөр өмч хөрөнгө байхгүй. Санхүүгийн чадваргүй, тогтмол орлогогүйн улмаас хүүхдийн тэтгэлэг төлж чадаагүй болохоос санаатайгаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн явдал байхгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаныхан миний амьдралын нөхцөл байдлыг бүрэн судалсан байх, манай гэрээр олон удаа ирж байсан. 2017 оны хавар шийдвэр гүйцэтгэгч дуудаж уулзаад “Хүүхэд чинь ирэх жил дээд сургуульд орох юм байна, нэг жилийн 4 сая төгрөгөөр бодоод 16 сая төгрөг аваад дуусгая гээд байна, энэ мөнгийг төлье гээд төлбөр авагчтайгаа эвлэрээд шийдвэр гүйцэтгэлийн хэргээ хаалгачих, чиний бүх хөдөлгөөнийг хаагаад хориг тавьчихсан байгаа” гээд элдвээр ятгаж гуйх, дарамтлах байдлаар шахалт үзүүлсэн. Миний төрсөн ах Х. шийдвэр гүйцэтгэгчийн дэргэд С.*******тэй уулзаад “Чиний хүүхдийг нэг ч удаа зүсийг нь харж байгаагүй, чи хүүхдээ уулзуулж харуулах юм бол хүүхдийг бодоод сургалтынх нь төлбөрийг төлж болох юм” гэсэн. Ингээд С.******* хүүхдээ уулзуулахаар тохирч явсан. Шийдвэр гүйцэтгэгч хүүхдийн сургалтын төлбөр төлүүлэх тухай намайг тэгж ингэж бич гэж байгаад өөрөө үг үсгийн нь нэг бүрчлэн хэлж байгаад нотариатаар батлуулсан юм. Тухайн үед ах бид хоёр хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг далимдуулан хэн нэгний захиалга, шахалтаар намайг дарамтлан сургалтын төлбөр 16 сая төгрөг төлүүлэх бичиг хийлгэж авсан. Үүнээс хойш одоог хүртэл С.******* хүүхдийг уулзуулаагүй. 2018 оны 7 сард манай ах С.*******тэй яриад “Хүүхэд чинь ямар сургуульд орсон бэ, хүүхдийн талаар ярья” гэхэд “завгүй байна, би та нартай ярихгүй, манай дүүтэй ярь” гээд хүний утасны дугаар явуулсан гэсэн. Нэгэнт өөрөө тохиролцоогоо биелүүлээгүй учраас ах туслахаас татгалзсан. Хүүхэд 18 нас хүрсэн, ямар сургууль соёлд орсныг ч мэдэхгүй учраас С.*******гийн нэхэмжилсэн сургалтын төлбөр 3.380.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. С.******* бид хоёр албан ёсоор эхнэр нөхөр болоогүй, 2000 онд анх танилцан хамтран амьдарч байхад хүүхэд төрсөн нь үнэн боловч өнгөрсөн хугацаанд хүүхдийг надтай огт уулзуулаагүй, ой гарантай байснаас нь хойш өнөөдрийг хүртэл царай зүсийг нь хараагүй. Бид нэг гэрт орсны дараагаас С.*******гийн ааш зан хувирч, ялих шалихгүй зүйлээр өдөж хэрүүл маргаан үүсгэдэг, Баянхошуунд аав ээжийн хажууд барьсан жижиг байшин савыг голж, хоосон ядуугаар гоочилдог, гэр орны ажилд муу, надтай муудалцсан нэрээр удаа дараа олон хоногоор алга болж байсан. Тэр хугацаандаа хаагуур хэнтэй нөхцөж явсныг би мэдэхгүй. Мөн хүүхэд төрсний дараа хүүхдийг надаар овоглуулахаас татгалзаж өөрөөрөө овоглосон нь биднийг гайхшруулсан. Өмнөх шүүх хурлын үед шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч хэрэгсэж үзээгүй. Мөн хүүхдийн тэтгэлгийн зөрүү мөнгийг С.*******гийн нэхэмжилсэн зоргоор биш өмнөх шүүхийн шийдвэрээр төлөх мөнгөний дүнгээр тооцуулах хүсэлтэй байна. Гэхдээ би үр хүүхдэдээ чадлаараа туслахыг боддог боловч санаанаас хэтрэхгүй байна... гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Х.*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэгт төлөгдөөгүй 16.204.450 төгрөг, сургалтын төлбөр 3.380.000 төгрөг, нийт 19.584.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч Х.******* нь амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой, ажил хийдэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 171 дугаар шийдвэрээр гийн эцгээр *******ыг тогтоож, г Х.*******аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 209 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-ийн 7-8 дугаар тал/
2006 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 196 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2005-2019 оны хугацаанд тэтгэлэг төлөгч Х.******* гийн тэтгэлэгт 1.090.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 16.204.450 төгрөгийг төлөөгүй байна. /хх-ийн 9-11 дүгээр тал/
Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол түүнийг нөхөн төлүүлэх талаар зохицуулжээ.
Хариуцагч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн хугацаанд нь төлөөгүй, тэрээр энэ талаараа өөрөө тодорхой орлогогүй учраас төлбөрийг бүрэн төлж чадаагүй, аав маань миний өмнөөс тэтгэврийнхээ мөнгөөр төлж байгаад 2013 онд нас барсан, би тогтсон орлогогүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай тул төлөх боломжгүй гэжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.-д тэтгүүлэгч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэсэн, санаатайгаар биедээ гэмтэл учруулснаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, эцэг, эх, хойт эцэг, хойт эх нь эцэг, эх байх эрхээ хасуулсан бол тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх юм.
Х.*******ыг амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэх үндэслэлээр гийн тэтгэлэг нөхөн гаргуулахаас чөлөөлөх үндэслэлгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдийнхээ өмнө хүлээх эрх, үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй юм.
нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээл холбооны технологийн суруульд суралцаг түүний 2018-2019 оны хичээлийн жилийн төлбөр 3.380.000 төгрөгийг нэхэмжлэгч С.******* төлсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагджээ.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар С.******* гийн сургалтын төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир 3.380.000 төгрөгийн 50 хувь буюу 1.690.000 төгрөгийг Х.*******аас гаргуулах нь зүйтэй байна.
Иймд Х.*******аас 17.894.450 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.690.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 49 дүгээр зүйлийн 49.1.-д зааснаар хариуцагч Х.*******аас 17.894.450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.690.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255.980 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247.422 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО