Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
Хэргийн индекс | 101/2019/01641/И |
Дугаар | 101/ШШ2019/01567 |
Огноо | 2019-05-27 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2019/01567
2019 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 101/ШШ2019/01567 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Чулуунбатын Тын /РД: 0000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, Доржийн Гд /РД: 000000/ холбогдох
3.119.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Т,
Хариуцагч Д.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Г нь надаас 2018 оны 2 дугаар сараас эхлэн мөнгө зээлсэн. Хамгийн анх 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 100.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 50.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 150.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 160.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 15 цаг 25 минутанд 250.000 төгрөг, мөн өдрийнхөө 17 цаг 24 минутанд 160.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 100.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 300.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 550.000 төгрөг, нийт 2.020.000 төгрөгийг Д.Г-ийн Хаан банк дахь ******* тоот дансаар шилжүүлсэн.
Мөн түүний өмнөөс Төрийн банк дахь цалингийн зээлэнд нь 1.099.000 төгрөгийг төлсөн. Тодруулбал: 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 125.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 118.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 123.500 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 123.500 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 124.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 113.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 124.000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 120.000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 124.000 төгрөг, нийт 1.099.000 төгрөгийн цалингийн зээлийг түүний өмнөөс төлсөн.
Би Д.Гэс хүү тооцож нэхээгүй, өгсөн мөнгөө л авья гэж байгаа. Та санаа зоволтгүй, би цалингийн зээл аваад мөнгийг чинь өгнө гэж тайлбарладаг байсан. Иймд хариуцагч Д.Гэс нийт 3.119.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би энэ хүнээс мөнгө зээлж байсан нь үнэн. Ч.Таас 2.020.000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Хаан банкны ******* тоот данс миний данс. Энэ мөнгийг нь төлнө. Миний цалингийн карт энэ хүнд байсан бөгөөд цалин буунгуут цалингаас маань зээлийг миний өмнөөс төлж байсан тул 1.099.000 төгрөгийг зөвшөөрөхгүй. 2.000.000 төгрөг л төлнө гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Д.Гд холбогдуулан 3.119.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.Т нь ”... 2.020.000 төгрөгийг Хаан банк дахь ******* тоот дансанд нь шилжүүлсэн. Түүний өмнөөс Төрийн банкны зээлэнд нь 1.099.000 төгрөг төлсөн. Иймд нийт 3.119.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж,
хариуцагч Д.Г нь “... 2.020.000 төгрөг зээлсэн. Миний цалингийн карт Ч.Тад байсан ба цалин буумагц зээлийг маань төлж байсан тул 1.099.000 төгрөгийг зөвшөөрөхгүй” гэж тус тус маргаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,
282 дугаар зүйлийн 282.4-т:” Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.
Зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар буюу мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлох бөгөөд зээлдүүлэгч Ч.Т Хаан банк дахь өөрийн 5007119763 тоот данснаас 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 100.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 50.000 төгрөг болон 150.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 160.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 250.000 төгрөг болон 160.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 100.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 300.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 550.000 төгрөг, нийт 2.020.000 төгрөгийг хариуцагч Д.Г-ийн Хаан банк дахь ******* тоот данс руу шилжүүлсэн ба энэ талаар хариуцагч Д.Г маргахгүй байгааг дурьдлаа.
/ХХ-ийн 5-15 дугаар тал/
Мөн нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Д.Г-ийн Төрийн банкны зээлэнд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 125.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 118.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 123.500 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 123.500 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 124.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 113.010 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 124.000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 124.000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 124.000 төгрөг, нийт 1.099.000 төгрөгийг төлсөн гэж Төрийн банкны орлогын мэдүүлэг болон мөнгө шилжүүлсэн баримтуудыг ирүүлжээ.
Дээрхи орлогын мэдүүлгүүдэд Д.Г-ийн зээлийн төлбөр Ч.Т төлөв гэсэн агуулга тусгагдсан байна.
/ХХ-ийн 16-24 дүгээр тал/
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэж үзэхэд хариуцагч Д.Г 3.119.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан тул тэрээр уг мөнгийг зээл олгосон этгээдэд буцаан төлөх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38, 107 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаа нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Д.Г нь миний цалингаар зээлийг маань төлж байсан, 1.099.000 төгрөгийг хүлээж аваагүй гэх тайлбарынхаа үндэслэлийг нотлоогүй, энэ талаархи баримтаа ирүүлээгүй болно.
Иймд хариуцагч Д.Гэс 3.119.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Тад олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Д.Г-ийн гадаад паспорт болон өөр бусад иргэний нэр дээр өмчлөх эрх бүртгэлтэй Баянзүрх дүүрэг дэх 0,4 га газрыг өмчлөх эрхийн гэрчилгээг зээлийн барьцаанд авсан хэмээн хариуцагч Д.Г тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч Ч.Т бичиг баримт, газар өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалаагүй, хариуцагч Д.Гд хүлээлгэн өгнө хэмээн тайлбараа гаргалаа.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх болон бусдын өмчлөлийн хөрөнгө барьцааны зүйл байж болох ч талууд барьцааны гэрээг Иргэний хуульд заасны дагуу байгуулаагүй байх ба иргэний бичиг баримтыг барьцаалах нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэгч Ч.Т бусдын бичиг баримт, өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч талд буцаан шилжүүлэх нь зүйтэй болохыг дурьдлаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Гэс 3.119.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Тад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Тын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64.854 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гэс 64.854 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Тад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН