Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2019/01192

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 24 өдөр             Дугаар 101/ШШ2019/01192                 Улаанбаатар хот

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                       

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: К нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Ц холбогдох

 

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч К******* /K*******/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БНСУ-ын иргэн К******* /K*******/ нь Монгол Улсад 2010 оноос ажиллаж байх хугацаандаа 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, ******* ******* ЗЗв дугаар байрны ******* тоот 46.2 м кв талбайтай 2 өрөө байрыг өөрийн нэр дээр худалдан авч Үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх улсын бүртгэлийн ******* гэрчилгээг өөрийн нэр дээр нэг хүний өмчлөлөөр бүртгүүлсэн байдаг. БНСУ-ын иргэн К******* /K*******/ нь өөрийн өмчлөлийн орон сууцандаа амьдарч байгаад 2014 онд БНСУ руу буцах үедээ хамт ажиллаж байсан Тын О гэх иргэнд 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2 жилийн хугацаатай түрээслэх, хөлслөх итгэмжлэл бичиж өгсөн бөгөөд тухайн итгэмжлэл нь 2016 оны 8 дугаар сарын 26-нд дуусгавар болсон бөгөөд түрээслэгч Т.О нь БНСУ иргэн К******* /K*******/-ийн байрыг тухайн үед хүлээлгэн өгөөгүй бөгөөд 2016 оноос хойш тухайн байрыг ямар хүн түрээслэж байгаа нь тодорхойгүй байна. БНСУ иргэн К******* /K*******/ нь 2018 оны 10 дугаар сард Монгол Улсад ажиллаар ирэх үедээ өөрийн байрны асуудлыг шийдэрлэхээр Т.Отай уулзсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хоёр тал баталгаа байгуулан Т.О нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дотор тухайн орон сууцанд амьдарч байгаа айлыг гаргаж К******* /K*******/-д суллаж өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл хугацаанд тухайн байрыг суллаж өгөхгүйгээс гадна Т.О нь өөрөө хаана байгаа нь мэдэгдэхгүй баталгаа гэрээний 4, 7-д заасан үүргээ тус тус биелүүлэхгүй итгэл алдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул БНСУ иргэн К******* /K*******/-ийн орон сууцанд түр оршин сууж байгаа Г.Ц гэх айлыг шүүхийн журмаар албадан гаргаж, тухайн орон сууцыг чөлөөлүүлж, БНСУ иргэн К******* /K*******/-ийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БНСУ-ын иргэн К*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Г.Ц нь н.О гэгчтэй ярилцаж тохиролцоод 20 сая төгрөгийг хүүгүй зээлүүлж тус байранд зээлийг буцаан төлөх хүртэлх хугацаанд оршин суухаар болсон бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийг эргүүлэн төлөөгүй байгаа тул тус байрыг чөлөөлж өгөхөд хүндрэлтэй байна. Г.Ц нь н.Оыг зээлсэн мөнгөө буцаан төлсөн тохиолдолд байрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К******* /K*******/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т******* нь хариуцагч Г.Цд холбогдуулан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, *******, Намъяанжүгийн гудамжны ******* дугаар байрны ******* тоот орон сууцыг Г.Цгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, *******, Намъяанжүгийн гудамжны ******* дугаар байрны ******* тоот, 46,2 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгч нь БНСУ-ын иргэн К******* /K*******/ болох нь түүнд 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Г.Ц нь н.О гэгчид 20,000,000 төгрөгийг хүүгүй зээлүүлж, дээрх орон сууцанд зээлийг буцаан төлөх хүртэл хугацаагаар оршин сууж байна гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэхүү тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар хариуцагч Г.Ц нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй байх тул Г.Цгийн эзэмшил нь хууль бус байна. 

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч К******* /K*******/ нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.

 

Иймд Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, *******, Намъяанжүгийн гудамжны ******* дугаар байрны ******* тоот, 46,2 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг хариуцагч Г.Ц /түүний гэр бүлийн гишүүд/-гийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч К******* /K*******/-д шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, *******, Намъяанжүгийн гудамжны ******* дугаар байрны ******* тоот, 46,2 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг хариуцагч Г.Ц /түүний гэр бүлийн гишүүд/-гийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч К******* /K*******/-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цгээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К******* /K*******/-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Т.ЭНХЖАРГАЛ