| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2023/0004/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/02 |
| Огноо | 2023-01-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т
Улсын яллагч Т.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н
Шүүгдэгч Я.А нарыг оролцуулан Хаймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Б-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Я-ын А-д холбогдох эрүүгийн 22400000000....дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны 11 дүгээр сарын 28-ны өдөр С аймгийн Б суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Х аймгийн Б сумын 1 дүгээр баг нийтийн байрны 00 тоотыг түрээслэн амьдардаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл:
-Х аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,
-Х аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 40 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40,000 төгрөгийн торгох ялаар,
-Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Я-ын А. /Регистрийн дугаар: СЩ68112819/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Я.А нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Х аймгийн сумын 3 дугаар баг Нарлаг хорооллын 4 дүгээр гудамжны 415 тоотод оршин суух Я.Э-ийн амьдардаг цоожтой байсан монгол гэрийн цоож, цуурга төмрийг гараараа хүчтэй татаж, хөших зэргээр хаалгыг эвдэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хонины мах 8 кг, ямааны мах 16 кг, Хараа нэртэй архи 1 ширхэг, ургамлын тос 1 литр зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Я.Э-т 261,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.А “Урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй.” гэв.
Эрүүгийн 224...... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар хуудас/ зэрэг болно.
2.Хохирогч Я.Э-ийн “...Би 2022 оны 10 сарын 12-ны өдөр Х аймгийн Б сумаас У хот руу хувийн ажлаар явсан. Тэгэхдээ гэр цоожлоод тогоо салгаад гарсан. Түүнээс 14 хоногийн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би Хэнтий аймгийн сумын Нарлаг хороолол 4-415 тоотод байрлах гэртээ эргэн ирэхэд манай гэрийн дарлаг төмрийг хөшсөн байдалтай мурийлгаж орхисон байсан тул би цагдаа дуудсан. Манай гэрийн хөргөгч хэсэгт байсан 2 бүтэн ямааны шулсан цул мах 16 кг орчим, тал хонины шулсан цул мах 8 кг орчим, гал тогооны шүүгээнд байсан ургамлын тос 1 литр мөн авдарт байсан 0.33 савалгаатай Хараа архи зэрэг нь алга болсон байсан. ...Надад сэжиглэж байгаа хүн бий. Миний төрсөн дүү А гэх хүн бий. Тухайн хүн нь манайхаас үе үе жижиг сажиг зүйл аваад баригдаж байсан тэр болгонд нь цагдаад хандаад байдаггүй байсан. Намайг хот явсан талаар Амэдэж байсан. Би өөрийн алдсан зүйлийг нийт 400,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13 дугаар хуудас/
3.Гэрч Б.Х-ийн “...Манай ээж болох Я.Э нь 2022 оны 10 сарын 12-ны өдөр Х аймгийн Б сумаас У хот руу хувийн ажлаар явсан. 2022 оны 10 дугаар сарын 25-ны орой 18 цагийн үед манай Х аймгийн Б сумын 1 дугаар баг 41 дүгээр байрны 4 дүгээр орц 46 тоотод байрлах гэрт маань ирсэн. Би ээжийг өвөл болж байгаа тул гэртээ өвөлжүүлье гэж яриад маргааш өглөө нь буюу 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн үед Нарлагийн 4-415 тоот гэрээс нь эд зүйлийг нь авахаар очиход гэрийн дарлаг төмрийг хөшсөн байдалтай мурийлгаж орхисон байсан тул цагдаа дуудсан. Тухайн гэрээс миний 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ээжид өвлийн идшинд хэрэглүүлэхээр авчирч өгсөн 2 бүтэн ямааны шулсан цул мах, тал хонины шулсан цул мах, гал тогооны шүүгээнд байсан ургамлын тос мөн авдарт байсан архи нар алга болсон байсан...Надад сэжиглэж байгаа хүн бий. Манай ээжийн төрсөн дүү А гэх хүн бий. Тухайн хүн нь манай ээжээс үе үе жижиг сажиг зүйл аваад баригдаж байсан тэр болгонд нь цагдаад хандаад байдаггүй байсан. Ээжийг хот явсан талаар А мэдэж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17 дугаар хуудас/
4.Шүүгдэгч Я.А-гийн яллагдагчаар өгсөн “...Би яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Би 10 дугаар сарын дундуур л гэж бодож байна. Нэг өглөө босоод өлсөөд мөнгө хэрэгтэй болохоор нь өөрийн төрсөн эгч Я.Э-ийн гэрт нь очсон боловч гэр нь түгжээтэй байсан. Тэгэхээр нь гэрийнх нь цоожны цуурга төмрийг гараараа хэд хэд хүчтэй татсан чинь тэр даруулга төмөр нь үл ялиг махийхаар нь хаалгыг нааш нь хүчтэй татаад онгойлгоод дотогш орсон юм. Гэрт ороод хойморт байсан авдрыг онгойлгоод дотор нь байсан 0.33 литрийн савлагаатай Хараа нэртэй архийг аваад баруун талд байсан хөргөгчийг онгойлгоход 2 том ууттай цул мах байхаар нь аваад гарах гэж байгаад үүдний гал тогооны шүүгээг онгойлгож үзтэл 1 ширхэг наран цэцгийн тос бүтнээрээ байхаар нь аваад гарсан. Гэрээс нь гараад хашааны буланд очоод нөгөө 0.33 литрийн архийг ганцаараа уусан. Тэгээд архиа уучихаад төврүү алхаж яваад 2 залуу тааралдахаар нь авч явсан 2 ууттай цул махаа зарна гэж хэлсэн. Тэгтэл тэр 2 залуу юуны мах юм гэхээр нь хонь болон ямааны мах гэж хэлсэн чинь тэгээд хэдэн төгрөгөөр зарах юм гэсэн. Би тэгэхээр нь ахдаа 2 шил архины мөнгө өгчих гээд 25,000 төгрөг авсан. Бас наранцэцэгийн тосоо махтайгаа хамт өгчихсөн...Тухайн үед би ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38 дугаар хуудас/
5.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШД/371 дугаартай дүгнэлтэд “...эд зүйлийн зах зээлийн үнэлгээг нийт 261,000 төгрөг байх боломжтой” гэжээ. / хх-ийн 24-26 дугаар хуудас/ зэрэг болон шүүгдэгчийн хувйин байдалтай холбоотойгоор шүүгдэгчийн өмгөөлөгч дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1.Шүүгдэгч Я.А-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгт хэргээ анхнаасаа хүлээн мэдүүлсэн байдаг. /хх-ийн 19-20, 37-38 дугаар хуудас/
2.Хохирогч Я.Э-ийн дахин өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Сүүлийн үед Я.А-гийн уушиг, элэг өвддөг болсон гээд эмнэлгээр их явж байгаа сурагтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/
3.Гэрч Б.Х-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр өгсөн: “...Сүүлийн үед бол бие нь өвдөөд үзүүлж харуулаад яваад байгаа сурагтай байсан. Уушиг, элэг нь өвддөг болоод байгаа юм шиг байгаа юм. Зан байдлын хувьд бол уул нь гайгүй л хүн, архинд орчихоор бол гарах хэцүү юм шиг байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/
4.Х аймгийн Б сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 387 дугаартай албан бичигт “Я.А ам бүл 1. Бумбат 3 дугаар багийн Дэнж 3-315 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Я.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Я.А нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нарлаг хорооллын 4 дүгээр гудамжны 415 тоотод оршин суух, өөрийн төрсөн эгч Я.Э-ийн амьдардаг цоожтой байсан монгол гэрийн цоож, цуурга төмрийг гараараа хүчтэй татаж, хөших зэргээр хаалгыг эвдэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хонины мах 8 кг, ямааны мах 16 кг, Хараа нэртэй архи 1 ширхэг, ургамлын тос 1 литр зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Я.Э-т 261,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нар болон яллагдагчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ямар нэгэн маргаангүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл нь “Хулгайлах” гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн шинжийг “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж хуульчилсан байх ба гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зорилготой орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, ...үйлдсэн бол” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Я.А нь өөрийн төрсөн эгч Я.Э-ийн амьдардаг орон байр буюу цоожтой байсан монгол гэрийн цоож, цуурга төмрийг гараараа хүчтэй татаж, хөших зэргээр хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, Я.Энхцэцэгт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хонины мах 8 кг, ямааны мах 16 кг, Хараа нэртэй архи 1 ширхэг, ургамлын тос 1 литр зэрэг эд зүйлийг авснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Я.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Я.А-г дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйлийн зүй зохисгүй, байнга хэрэглэдэг байдал, эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх ба шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр гэмт хэргийг үйлдсэн байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Я.Энхцэцэгт 261,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 42-р хуудас/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Я.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Я.А нь хувийн байдлын хувьд архины хамааралтай, архи уух зорилгоор хулгайн гэмт хэрэг үйлдсэн байдаг, урьд энэ төрлийн хэрэгт ял шийтгүүлж байсан зэргийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих...” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н-с: “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдал, шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлгээр Я.А нь уушиг болон элэгний өвчтэй байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж заасан ба шүүгдэгч Я.Алтайхүү нь гэмт хэргийн улмаас учруулсан 261,000 төгрөгний хохирол нөхөн төлөөгүй, хохирогч, түүний төрсөн эгч Я.Э нь “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн нь хохирол төлсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хорих ялыг хөнгөрүүлж, 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг хүлээн авахгүй боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна.
Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч нь 55 настай, ам бүл 1, Х аймгийн Б сумын Бумбат 3 дугаар багийн Дэнж 3-315 тоотод оршин суух хаягтай боловч тус сумын 1 дүгээр баг нийтийн байрны 103 тоотод түрээслэн амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан гэх хувийн байдал тогтоогдсон болно.
Шүүгдэгч Я.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хохирол төлөөгүй боловч хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Я.А-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Я-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Х- овогт Я-ын А-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүгдэгч Я.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ