Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/06

 

      

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т

Улсын яллагч Т.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Н

Шүүгдэгч Д.А, Э.Э нарыг оролцуулан Х аймгийн       Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар Дэл овогт Д-ын А, Х овогт Э-ын Э нарт холбогдох эрүүгийн 2240000000076 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны 07 дугаар сарын 19ий өдөр Х. аймгийн Г суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Х аймгийн Г сум 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй урьд Х аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 20.... оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар, Сум дундын 29 дүгээр шүүхийн 20.. оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д-ын А /РД:СИ.................../

2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны 5 дугаар сарын 03ы өдөр Х аймгийн Г суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Х аймгийн Г сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Э-ын Э /РД:СИ0000000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А, Э.Э нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Х аймгийн Г сумын 5 дугаар баг “Их будрын хад” гэх газраас “Даюун” маркийн мотоцикль ашиглан иргэн Д.Ш-ын саран хороотой зуузай тамгатай шүдлэн насны  зээрд зүсмийн 1 тооны адууг хулгайлж, Д.Ш-т 880,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нар “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

           

Эрүүгийн 224......... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч Д.Ш-ын “...Би 2020 оны 01 дүгээр сард Х аймгийн Г сумын 5-р баг Их будрын хад гэх газраас өөрийн 1 тооны шүдлэн байдсаа алдсан. Манай саарал азаргатай 17 тооны тухайн үед Их будрын хад гэх газарт бэлчээрлэж байсан. Одоо тэндээ байгаа. Тэр үед буюу 2020 оны 01 дүгээр сард тухайн саарал азаргатай адуунаас саран хороотой зуузай тамга 2 талын гуянд дарсан, зөв талын гуянд монгол бичгээр "Мөн" гэх бичгээр дарсан тамгатай, зээрд зүсмийн 1 тооны адуу алдагдсан. Би сураг гаргах гээд тухайн үед нэлээн хайсан. Тэгээд ойр орчмоор нэлээн хайгаад олоогүй, сураг гараагүй. Манай малын бэлчээрлэж байгаа газрын ойролцоо Э гэх залуу мал маллаж амьдардаг. Тухайн үед Энхбаяр, А нар xaмт байсан гэж сонсогдсон. Тэр үед манай адуу алдагдсан учраас миний алдсан 1 тооны адууг Э, А нар авсан байж болзошгүй байна. Миний саарал азаргатай бусад 16 тооны адуу бол бүрэн байсан. Миний алдсан гэх адуу Г суманд айрагдаж түрүүлж байсан адууны төрсөн дүү байсан. Шүдлэн эм адуу байсан. Хурдан удмын адуу төрүүлэх гүү байсан гэж үзэж байна. Би адуугаа 3,000,000 төгрөгөөр үнэлнэ. ...Би өөрийн хохирлыг бүрэн барагдуулж авсан. Надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл  байхгүй. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 8,11 дүгээр хуудас/

2.Гэрч Г.Ө-ийн "... Би Х аймгийн Г сумын 6-р баг буюу сумын төв дээр амьдардаг. Би 2020 оны 01 сард яг өдрийг нь санахгүй байна Х аймгийн Г сумын харьяат А гэх хүн адууны мах зарна гээд явж байхад нь таараад адууны тал махыг нь би 170,000 төгрөгөөр худалдаж авсан. Надад хэний ямар адууны мах гэдгийг хэлээгүй. Тэр адууг ажиллаад махыг нь аваад явж байсан. Арьс толгой шийр зэрэг нь байгаагүй. Би эхнэрээс бэлэн мөнгө аваад А-д өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

3.Шүүгдэгч Д.А-ийн яллагдагчаар өгсөн "...Би 2020 оны 01 дүгээр сарын үед /өдрийг нь одоо санахгүй байна/ Х аймгийн Г сумын Жаргалант багийн Модон хашаат гэх газар Э.Энхбаярын гэрт нь хамт байсан. Э.Э-ын хамт гэрээс нь үхэрт нь явах санаатай гарах үед өвөлжөөнийх нь ойролцоо 10 гаран тооны саарал азаргатай адуу байсан. Тэгэхээр нь би энэ адуунаас нэгийг нь авчихъя гэж Э.Э-т хэлсэн чинь өөрөө мэдэхгүй юу гэж хэлсэн. Тэгээд Э.Э өөрийн улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг унаад би ар дээр нь суугаад саарал азаргатай адуунаас 1 зээрд зүсмийн шүдлэн салгаж туугаад хашаанд хашсан. Хашаанд оруулж байгаад барьж аваад би хашааных нь ар талд гаргаад уясан. Тэгээд орой нь тэр адууг Э.Э-ын хамт ажиллаад өглөө нь би мах, шийр, арьс, толгойг нь аваад Галшар сумын төврүү Э.Э-ын мотоцикльтой явсан. Сумын төв орох замдаа хогон дээр толгой, шийр, арьсыг нь хаясан. Г сумын төв дээр явж байгаад Г.Ө-тай таараад адууны махныхаа талыг нь 170,000 төгрөгөөр зарсан. Тэгээд үлдсэн махыг нь би сумын төв дээр байх гэртээ авч очоод идсэн. Тэр 170,000 төгрөгнөөс Э.Энхбаярт мөнгө өгөөгүй, өөрөө хэрэглэсэн. Тэр үед идэх хоолгүй болчихоод ажилласан юм. Би хохирлыг бүрэн барагдуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

4.Шүүгдэгч Э.Э-ын яллагдагчаар өгсөн "...Би 2020 оны 01 дүгээр сард Д.А ахтай хамт хөдөө гэртээ байсан. Бид хоёр гэртээ байж байгаад үхэртээ явах гээд гэрээс гарах үед манай гэрийн гадаа Д.Ш ахын адуу манай гадаа ойрхон ирчихсэн байсан. Тэр азаргатай адууг хараад Г.А ах нэг адуу авчихъя, надад нэг адууны хэрэг байна гэж хэлсэн. Би хэрэггүй юм бишүү гэсэн. Г.А ах зүгээрээ гээд 1 адууг нь хашиж байгаад барьчихъя гэж хэлсэн. Тэгээд би өөрийн улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг бариад Д.Ш ахын адуунаас 2 талын гуяндаа саран хороотой зуузай тамгатай шүдлэн насны адууг салгаж туугаад хашсан. Хашаанд хашсаны дараа Г.А ах барьж аваад хашааны ар талд гаргаж уясан. Хашааны ард гаргаж уячихаад орой ажилласан. Тэгээд маргааш нь тэр ажилласан адууны мах, арьс, шийрийг нь Г.А ах аваад сумын төврүү явсан. Би тэрнээс хойш мэдэхгүй байна. Г.А ах нэг адууны хэрэг байна гээд ажилласан. Надад ямар нэгэн санаа байгаагүй...Тухайн үед унаж байсан улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоцикль одоо байхгүй, эвдэрхээр нь задалчихсан. Би хохирлыг бүрэн барагдуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/

5.Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 18ы өдрийн 2022/ШД-341 дугаартай: "...1 тооны шүдлэн насны зээрд зүсмийн зах зээлийн үнэлгээг 880,000 төгрөг байх боломжтой..." гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/

6. Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 22ы өдрийн 2022/ШД-389 дугаартай: "...Даюун маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээг 750,000 төгрөг байх боломжтой.." гэх дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас/

7.Шүүгдэгч Х овогт Д-ын А /РД:СИ...../-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 82-84 дүгээр хуудас/

 8.Шүүгдэгч нарын “Эрүүгийн хариуцлага хүлээж  байсан эсэхийг шалгах хуудас” / хх-ийн 80, 86-94 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв  гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.А, Э.Э нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Х аймгийн Г сумын 5 дугаар баг “Их будрын хад” гэх газраас “Даюун” маркийн мотоцикль ашиглан иргэн Д.Ш-ын саран хороотой зуузай тамгатай шүдлэн насны  зээрд зүсмийн 1 тооны адууг хулгайлж, Д.Ш-т 880,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчөөс  гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаангүй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэж яллах дүгнэлтэд бичсэн, шүүгдэгч нараас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэргийг хэзээ үйлдсэн талаар тодруулахад 2020 оны 01 дүгээр сарын 10 юм уу, түүнээс өмнөх өдрүүд байх боломжтой гэж хариулсан зэргээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол...” гэж, уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг 2 дахь хэсэгт “Бусдын олон тооны малыг хулгайлсан бол...” гэж хуульчилжээ.

            Дээрх хуулийн заалтуудыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан буюу “Мал хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны малыг хулгайлж;”, 2.2-т “бүлэглэж;”, ...2.4-т “машин механизм ашиглаж; ...зэргээр хүндрүүлэх шинжийн төрлүүдийг хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.А, Э.Э нарын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бүлэглэн, машин механизм ашиглан иргэн Д.Ш-ын 1 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь хэдийгээр бүлэглэн, машин механизм буюу мотоцикль ашиглан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн боловч гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-нд “бүлэглэн”, “машин механизм ашиглан” гэх хүндрүүлэх шинж нь хуульчлагдаагүй, эдгээр шинжийг  2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байна.

Түүнчлэн шүүгдэгч нар нь бусдын олон тооны бус нэг тооны адуу хулгайлсан байх тул зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Х овогт Д-ын А, шүүгдэгч Х овогт Э-ын Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

           

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын ажил, орлогогүй байдал, амар хялбар аргаар ашиг, орлого олох гэсэн шунахай санаа, тэдний хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн байх ба дээрх гэмт хэргүүдийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн байна.  

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б овогт Д-ийн Ш /РД:СИ....../-т хөрөнгийн үнэлгээгээр 880,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Э.Э нь 3,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Д.Ш-т  төлсөн байх тул шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

Хохирогч Д.Ш нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...Би адуугаа 3,000,000 төгрөгөөр үнэлнэ...” /хх-ийн 08 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн боловч 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 341 дугаартай “...1 тооны шүдлэн насны зээрд зүсмийн адуу 880,000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх шинжээчийн дүгнэлттэй 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр танилцахдаа “Оролцогчоос гаргасан хүсэлт: хэсэгт “Байхгүй” гэжээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч Д.Ш нь үнэлгээг зөвшөөрөхгүй талаар ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй байх тул шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэн, уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ш-т 880,000  төгрөгийн бодит хохирол учирсан байна гэж шүүх тогтоов.

Иймд шүүгдэгч Э.Э-с хохиролд илүү төлсөн 2,120,000 төгрөгийг хохирогч Д.Ш-аас буцаан гаргуулан шүүгдэгч Э.Э-т олгох нь зүйтэй, энэ талаар гаргасан өмгөөлөгчийн санал үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.А,  Э.Э нарт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Улсын яллагчаас “...Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хохирол төлснөөр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болон хувийн байдлуудыг нь харгалзан үзэж шүүгдэгч Д.А-д 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Э.Э-т 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийн үнэ 750,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох...” дүгнэлтийг,

           Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...Үйлчлүүлэгч нар маань мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.А-ийг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Э-ыг 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан. 

           Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мал хулгайлах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн, хохирогчид нэг тооны адууны 880,000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нар хохирол төлснөөр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүгдэгч Д.А урьд ял шийтгүүлж байсан, шүүгдэгч Э.Э нь мал маллан амьдардаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэв.

           Иймд улсын яллагчаас гаргасан “хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт  болон шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэсэн болно.  

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Д-ын А-д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч  Х овогт Э-ын Э-т 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух газраас буюу Х аймгийн Г сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэсэн болно.  

           Шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарлав.

           Шүүгдэгч Д.Ас, Э.Э нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

           Шүүгдэгч Д.А, Э.Э нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Даюун” маркийн мотоцикль байхгүй тул түүний үнэ болох 750,000 төгрөгийг шүүгдэгч Д.А, Э.Э нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 375,000 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

          

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар Х аймгийн Б сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х овогт Д-ын А,  Х овогт Э-ын Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Х овогт Д-ын Амгалантөгс,  Х овогт Э-ын Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Д-ын А-д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Х овогт Э-ын Э-т 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух газраас буюу Х аймгийн Г сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг шүүгдэгч нарт хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарласугай.

           6.Шүүгдэгч Д.А, Э.Э нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нараас хохиролд илүү төлсөн 2,120,000 төгрөгийг хохирогч Д.Ш-аас буцаан гаргуулан шүүгдэгч Э.Э-т олгосугай.

7.Шүүгдэгч Д.А, Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.   

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Даюун” маркийн мотоциклийн үнэ 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.А, Э.Э  нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 375,000 /гурван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.   

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ