Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/08

 

                     2023          02         07                                         2023/ШЦТ/08

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т

Улсын яллагч Н.А

Шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч С.Н /цахим/

Шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Г.Б

Шүүгдэгч А.А, Г.Т нарыг оролцуулан Х аймгийн    Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.А-аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын Т, О овогт А-ын А нарт холбогдох эрүүгийн 224......... дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 198.. оны 5 дугаар сарын 28ы өдөр Х аймгийн Г суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Х аймгийн             Х сумын 3 дугаар баг Шинэ Б-ийн 3-21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 202.. оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-ын Т. /Регистрийн дугаар: СИ........../

 

2.Монгол улсын иргэн, 198... оны 8 дугаар сарын 29ий өдөр Х аймгийн Г суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Х аймгийн Г сумын 4 дүгээр баг Згэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт А-ын А. /Регистрийн дугаар: СИ82082912/

 

 

Холбогдсон хэргийн талаар:

1.Шүүгдэгч Г.Т, А.А нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд хохирогч Б.Р-ийн тугалтай үнээ 2, гунжин үнээ 1, бяруу 1 нийт 6 тооны үхрийг алдуул мал гэдгийг, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж машин механизм ашиглаж завшсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4,779,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

1.Шүүгдэгч А.А, Г.Т нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй...” гэв.  

 

Эрүүгийн 223.......... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч Б.Р-ийн “...Би С аймгийн Т сумын 3 дугаар багийн нутаг "Талын толгой" гэх газарт мал маллаж амьдардаг юм. 2022 оны 05 дугаар сарын 20-д гаргаад /өдрийг нь сайн санахгүй байна/ үхрээ хурааж услах гээд үхрээ бүртгэхэд манай үхрээс тугалтай үнээ-2, гунжин үнээ-1, бяруу-1, нийт хоёр тугал нь ороод 6 тооны үхэр дутаж байсан. Тэгээд би ойр хавийн айлуудын үхрээр салаад явсан байж магадгүй гэж бодоод алдсан цагаасаа хойш хайгаад олоогүй. Манай үхэр Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Талын толгойн хутагт ус уугаад худгаасаа ертөнцийн зүгээр зүүн урагшаа буюу Үнэгт уулын ойролцоо бэлчдэг үхэр юм. Би үхрээ хамгийн сүүлд 2022 оны 05 дугаар сарын 18,19-ний үед худагт услаад гаргахад манай үхэр бүрэн байсан. Үхрээ хайгаад олохгүй байгаа болохоор арга буюу цагдаагийн байгууллагад хандсан... Улаан зүсмийн, охин улаан тугалтай бүдүүн үнээ, энэ үнээний содон шинж нь өрөөсөн эвэр хугархай, мөн улаан зүсмийн охин улаан тугалтай бүдүүн үнээ. Энэ үнээ содон шинж тэмдэггүй. Сартай улаан зүсмийн гунжин сувай үнээ, Гунжин үнээ содон шинж тэмдэг байхгүй. Хүрэн халзан зүсмийн эр бяруу. Бяруу нь хоёр чих имгүй. Бусад нь үнээ болон тугал нь хоёр чих цуулбар имтэй... Улаан зүсмийн 2 тугалтай үнээгээ тус бүрд нь 1,500,000 төгрөг, гунжин үнээгээ 1,000,000 төгрөг, хүрэн халзан бяруугаа 700,000 төгрөгөөр үнэлж байна...

Тэр үед манай эхнэр аймагт төрөх гэж байсан болохоор би Хэнтий аймаг явсан...Тэгээд 08 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймаг ороод  Мөрөн сум руу явж байх үед манай үхэрнүүд зам дээр байж байсан. Тэгээд сураад явсан чинь манай үхэрнүүдийг манайхаас баруун хойш нутагладаг Х.А найзтайгаа цуг айлд зарчихсан байсан...Надад годмдол санал байхгүй. Миний үхэрнүүдийг буцаагаад авч ирж өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-10, 12-13 дугаар хуудас/

  2.Гэрч Х.Г-ийн “...Би 2022 оны 5 сард мал худалдаж авна гэж ойр дотныхоо хүмүүст ярьж байсан. 5 сарын эхээр байх /яг өдрийг нь санахгүй байна./ намайг гэрт байж байхад урд өмнө нь харж байгаагүй 30 гаран насны хүн манай гэрийн гадаа ирээд аав чинь байна уу гэж асуусан... Удалгүй манай аав нөгөө хүнтэй гэрт ирсэн. Аав надад нэг хүн үхэр зарна гэж байна. Чи  үхэр авах юм уу гэсэн. Та ямар үхэр зарах юм гэж асуухад хамаагүй, ах нь ямар ч үхэр зарж болно. Чи харин ямар үхэр авах гэхээр нь тугалтай үнээ, бяруу худалдаж авна гэж хэлсэн. Тэр хүн ах нь чамд тугалтай үнээ, бяруу өгье, чи харин урьдчилаад 1,000,000 төгрөг өгчих гэсэн юм. Тэгээд үхрээ удаахгүй авч ирж өгье гэж хэлж байсан. Тэгээд би ааваас үхэр зарна гэж байгаа хүн хаанахын, хэн гэдэг хүн юм бэ, найдвартай хүн үү гэж асуухад Х аймгийн Г сумын хүн. Өөрөө малтай хүн юм чинь найдвартай байх. Нэрийг нь У гэдэг. Харин аавыг нь З хочтой Д гэдэг юм гэж надад хэлж байсан. Тэгээд би аавдаа виза картаа өгч явуулаад 1,000,000 төгрөг аваад өгчих гэж аймгийн төв рүү явуулсан. Тэгээд 6 сарын 03,04-ний орчимд манай ээжийн төрсөн дүү Б.Б ах ирээд нөгөө үхэр авах ёстой У гэдэг хүн чинь үхрээ хүнээр явуулсан байна. Энэ үхэр авч ирж байгаа хүн нь танай гэрийг мэдэхгүй гэхээр нь ах нь зааж ирлээ гэж хэлсэн.     Бонго-3 маркийн машинд 2 тугалтай үнээ, 1 гунжин үнээ, 1 бяруу ачсан байсан. Нийт тугалтайгаа 6 тооны үхэр байсан. Тэгээд би үхэр ачиж ирсэн хүнээс Би У гэх хүнээс 1 тугалтай үнээ, 1 бяруу авах ёстой. Энэ илүү үхэр нь яах ёстой, хаанаас ирсэн юм гэж асуухад С аймгаас ирсэн үхэр юм. Удахгүй энэ үхэрнүүдийг авчихна, танай үхэрт түр байж байг гэж хэлсэн. Тэгээд манай үхэрт нийлүүлээд 7-8 хоногийн дараа Портер-2 маркийн машинтай бас танихгүй хүн ирээд ирж авсан.  Ачиж ирсэн үхэрнүүдийн зүс нь улаан зүсмийн үнээ /2 чих цуулбар имтэй буруу талын эвэр нь унасан/, улаан зүсмийн үнээ /2 чих цуулбар имтэй/, сартай улаан зүсмийн гунжин үнээ, хүрэн халзан эр бяруу /имгүй/, улаан охин тугал /2 чих цуулбар имтэй/, улаан зүсмийн охин тугал /2 чих цуулбар имтэй/.

Би өрөөсөн эвэр нь сугарсан улаан үнээ, улаан охин тугалтай, хүрэн халзан эр бярууг нь авсан. Тугалтай үнээгээ 1,200,000 төгрөг, бярууг нь 400,000 төгрөгөнд бодож худалдаж авсан... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 16-21 дүгээр хуудас/

3.Гэрч Г.Х-ын “...2022 оны 5 сарын эхээр /өдрийг нь санахгүй байна/ намайг саахалт айлындаа байж байхад Г сумын У гэх залуу ирээд та үхэр худалдаж авч байгаа юм уу гэхээр нь ах нь олон үхэр худалдаж авахгүй, ганц нэг үхэр бол худалдаж авна гэж хэлсэн. Улаанаа надад хэлэхдээ дүү нь тугалтай үнээ зарах гэсэн юм, мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь чи үхрээ бэлэн ачиж ирэхгүй юу даа тэгвэл ах нь худалдаж авъя гэж хэлэхэд манайхан хавьд үхрийн өвчин гараад аймгийн урдаас амьд мал оруулахгүй байна. Та надад урьдчилаад 1,000,000 төгрөг өгчих, би танд тугалтай үнээ, мөн 1 бяруу авчирч өгье гээд байхаар нь эхнэр хүүхэдтэйгээ ярилцаж байгаад аймгийн төв ороод дансаар нь 1,000,000 төгрөг өгсөн. Тухайн үед тугалтай үнээгээ 1,200,000 төгрөг, бяруугаа 400,000 төгрөгөөр бодож авсан. Үлдсэн 600,000 төгрөгийг нь үхрээ авчирч өгөхөөр нь өгнө гэж Улаанаатай ярилцаж тохиролцсон байсан. Тэгээд 2022 оны 6 сарын эхээр Улаанаа залгаад дүү нь үхрээ аваад ирлээ үлдэгдэл 600,000 төгрөгөө авъя гэж ярьсан. Тухайн үед нь би У хот руу явж байсан...Тэгээд би У-тай яриад 600,000 төгрөгийг нь ХААН банкны дансаар хийсэн. Тухайн үед У “ахаа та ахиад 1 тугалтай үнээ, 1 гунж үнээ авах уу” гэхээр нь мөнгөний боломжгүй, үхэр худалдаж авахгүй гэж хэлсэн. Тэгээд манай хүү Х.Г над руу утсаар залгаад 1 тугалтай үнээ, 1 гунжин үнээ илүү ачиж ирсэн байна. Тэр үхэрнүүдээ манай үхэрт түр хугацаанд тавьчихъя гэж байна, яах юм ааваа гэж асуухаар нь түр хугацаанд юм бол тавиул даа гэж хэлж байсан. ...Тэгэд намайг гэртээ байхгүй байх хугацаанд ирээд аваад явсан байсан... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 24-28 дугаар хуудас/

4.Гэрч Г.Б-ын “...2022 оны 6 сард байх /би сар өдрийг нь санахгүй байна/ намайг гэртээ байж байхад миний танил Т /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх залуу манай гэрт ирээд найз нь манай хүргэн Х-нд нэг тугалтай үнээ аваачиж өгөх ёстой юм. Чи найздаа зам заагаад цуг яаад өгчих гэхээр нь тэгье гэсэн. Бид манай гэрээс гараад Т-гийн “Приус-20” маркийн машинтай явсан. Тэгээд Тамираа айлын хашаанд очоод “Приус-20” машинаа үлдээгээд үхэр ачсан цагаан өнгийн Бонго-3 маркийн машин унаад бид хоёр Хосбаяр ахын хөдөө гэр рүү нь цуг явсан. Тэгээд Хосбаярынд очиход хүү нь болох Х.Г гэртээ байсан... Т Х ахынх руу явж байхдаа найз нь танай хүргэн Х-т 1 тугалтай үнээ, 1 бяруу өгөх ёстой юм. Бусад үхрээ түр хугацаанд үхэрт нь тавьчихъя, чи хэлээд өгчих гэж байсан. Тэгээд би Г-т хэлсэн. Т тухайн үед машиндаа 2 тугалтай үнээ, 1 гунжин үнээ, 1 бяруу нийт тугал нь ороод 6 тооны үхэр ачаад явж байсан. Имийг нь мэдэхгүй байна. Улаан зүсмийн 2 тугалтай үнээ, улаан зүсмийн гунжин үнээ, бараан зүсмийн бяруу байсан.  /1-р хх-ийн 31-35 дугаар хуудас/

5.Гэрч Г.Б-ын “...2022 оны 05 дугаар сард /өдрийг нь сайн санахгүй байна./ Х аймгийн төвд явж байхад манай найз Г.Т миний утас руу залгаад хоёулаа оройхон хөдөө яваад ирэх үү гэсэн. Тэгэхээр нь Г.Т-т тэгье гэж хэлсэн. Тэгээд орой 19 цагийн орчимд намайг байж байхад Г.Т манайд ирээд хоёулаа хөдөө А.А-нх руу яваад ирье гэж байсан. Тэгээд бид хоёр Хэнтий аймгаас урагш гүүр гараад А.А-ийн хөдөө гэр рүү нь Г.Т-ын цагаан өнгийн Бонго-3 маркийн машинтай явсан. Хөдөө явж байх замдаа Г.Т-аас А.А-х  руу  явж яах  гэж байгаа  талаар  асуухад А-оос үхэр ачиж ирнэ гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр шөнө 23 цагийн орчимд А.А-нд очиход өглөө эрт үхрээ ачъя гээд тэндээ хоносон. Маргааш өглөө 05 цагийн орчимд босоод А.Алтанцогийн малын хашаанд байсан үхрээс үнээ-2, гунжин үнээ-1, бяруу-1, тугал-2 нийт 6 тооны үхэр ачсан. Тухайн үхрүүдийг Г.Т, А.А бид гурав ачсан. Тэгээд Г.Т бид хоёр үхрээ аччихаад Хэнтий аймаг руу явсан. Аймагт ирээд Г.Т Ж гэх залууг зам заагаад өгчих гээд Ж /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ бид хоёр аймгаас хойшоо үхэр буулгах айл руу нь явсан. Улаан зүсмийн үнээ-2, улаан зүсмийн гунжин үнээ-1, халзан бяруу-1, улаан зүсмийн тугал-2 нийт 6 тооны үхэр ачсан. Имийг нь мэдэхгүй байна. Анзаараагүй юм... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 64-66 дугаар хуудас/

6.Гэрч Ц.О-ийн “...2022 оны 6 сарын 10-д гаргаад байх, манай Бэрх тосгоны миний танил дүү Б /бүтэн нэрийг нь санахгүй байна/ миний утас руу залгаад та тугалтай үнээ авч байгаа юу гэж асуусан. Тэгээд Б-тай утсаар ярьсны дараа танихгүй хүн миний утас руу залгаад та тугалтай үнээ авч байгаа юм уу, би Баяагаар асуулгасан хүн байна. Би танд тугалтай үнээ, 1 гунжин үнээ зарах гэсэн юм гэхээр нь тэр хүнд би ах нь тугалтай үнээ 1,500,000 төгрөг, гунжин үнээг 1,000,000 төгрөгөөр худалдаж авч болно гэхэд үхрээ ачаад очъё гэж хэлсэн. Удалгүй манай хөдөө гэрийн гадаа үхэр ачиж ирсэн. Цагаан өнгийн Бонго маркийн машинтай ирсэн. Тэгээд үхрээ манай гэрийн гадаа буулгаад мөнгөө ХААН банкны дансаар авсан. Дараа нь аймгийн төвд явж байгаа үхэр өгсөн хүнтэйгээ таараад танилцахад Т гэж нэрээ хэлж байсан. Тамирбаатарын надад зарсан үхрийн им зүс нь улаан зүсмийн улаан угалтай үнээ, улаан зүсмийн гунжин үнээ байсан. Им нь 2 чих цуулбар имтэй байсан... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 69-72 дугаар хуудас/

7.Гэрч Д.У-ийн “...Г.Т надтай таараад ахад нь мөнгөний хэрэг байна. Мөнгө зээлчих газар байна уу гэсэн юм. Тэгэхээр нь би Т ахад хандан "Би хүнээс мөнгө асууж өгье" гэж хэлсэн. Тэгээд би Т-тай цуг өөрийн танил Г.Х ахын гэрт нь очиж уулзаад тугалтай үнээ өгнө гэж хэлээд 1,000,000 төгрөг авч Т ахад өгсөн. Тухайн үед Т ах намайг чи өөрөө мал өгнө гээд мөнгө авчих гэж хэлсэн юм. Тэгээд би Т ахад "Би өөрөө тугалтай үнээ өгнө гэж хэлээд мөнгө авчихлаа шүү. Та хорио цээр дуусахаар нь тугалтай үнээгээ авчраад өгөөрэй" гэж хэлсэн. 2022 оны 05 дугаар сард Х аймгийн Г сумын нутаг "Их нуур" гэх газарт үхрийн шүлхий өвчин гараад хорио цээртэй байсан юм. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын эхээр намайг хөдөө гэртээ байж байхад Т ах миний утас руу залгаад ах нь нөгөө үхрээ өгөх гэсэн юм. Мөнгө авсан хүн рүүгээ чамтай цуг очих уу эсвэл би өөрөө аваачаад өгчих үү гэж асуухаар нь та өөрөө аваачаад өгчих гэж хэлсэн. Г.Х ахад үхрээ өгөхөөр явахад нь би Т ахтай цуг яваагүй. Ямар зүсмийн үхэр аваачиж өгсөн талаар надад мэдэх зүйл байхгүй...Би анх Г.Х ахтай 1 тугалтай үнээ өгнө гэж тохиролцсон. Г.Х ах тухайн үед тугалтай үнээг 1,200,000-1,300,000 төгрөгний хооронд худалдан авч байсан. Тэгээд үхрээ харж байгаад үлдэгдэл мөнгөө өгнө гээд урьдчилгаа болгож 1,000,000 төгрөг өгсөн юм. Дараа нь Г.Т ахыг тугалтай үнээгээ өгөхөөр очиход нь Г.Х ах миний утас руу залгаад үлдэгдэл мөнгийг чинь үхэр авчирж өгсөн хүнд өгчих юм уу гэхээр нь би тэг гэж хэлсэн юм... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 75-76 дугаар хуудас/

8.Гэрч А.Б-ын “...Х аймгийн Гасумын 4 дүгээр баг З гэх газар нутаглан амьдардаг. Манай гэрээс А.А-ийн гэр урагш 1 км орчим зайд байдаг. Манай үхэр Зүлэгт гэх газар байх З-ийн худгаас ус уудаг. А.А-ийн үхэр мөн тэр худгаас уудаг. Худгаас ус уугаад идээшлэхдээ З гэх гэх газраас холдохгүй тэр хавьдаа л байдаг....Зүлэгтийн худаг дээр 5 дугаар сарын 20-ны үеэр 2 тугалтай үнээ, 1 халзан гунж, 1 хүрэн бяруу ус уугаад байсан. Манай үхэрнүүдийг бодвол туранхай, онд муу орсон үхэрнүүд байсан. Худгаас ус уучихаад А.А-ийн үхэртэй нийлээд л яваад байсан. Манай нутаглаж байгаа газар өвс сайтай, ойр хавийн айлын үхэрнүүд орж ирээд байдаг байсан. Орж ирээд удалгүй буцаагаад эзэн нь ирээд аваад явдаг байсан.... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 79-80 дугаар хуудас/

9.Хөрөнгийн үнэлгээний ”Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн “... 6 тооны бод малын нийт зах зээлийн үнэлгээг 4,779,800 төгрөг гэх....дүгнэлт /1-р хх-ийн    86-96 дугаар хуудас/,

10.Иргэний нэхэмжлэгч А.Б-ийн “...Манай нөхөр 3 жилийн өмнө худалдаж авч байсан. Би хэдэн төгрөгөөр худалдаж авч байсныг мэдэхгүй байна. Манай нөхөр Эрдэнэ-очир 2021 онд нас барчихсан юм. Тэрнээс хойш би төв дээр ажилтай болохоор энэ машиныг унаж хэрэглээгүй. Г.Т ойр зуурын ажилдаа унаад байсан. Би өөрөө унахгүй болохоор Г.Т-т өгсөн юм. Г.Т нь миний төрсөн дүүгийн нөхөр байгаа юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...Би өөрийн “Бонго-3” маркийн 21-03 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрөө авна. Улсын орлого болгуулахгүй. Би дутуу ярьсан байна... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 162-163 дугаар хуудас/,

11.Иргэний нэхэмжлэгч Ц.О-ийн “...Би Г.Т-аас үхэрнүүдийг 2,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Надаас үхэрнүүдийг буцааж авахдаа оронд нь 2 тугалтай үнээ өгөөд аваад явсан. Би 2 тугалтай үнээг нь аваад зөрүүнд нь 500,000 төгрөг өгөөд явуулсан. ...Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 167-168 дугаар хуудас/,

12.Иргэний нэхэмжлэгч Х.Г-ийн “...Би 1 тугалтай үнээ, 1 буяруу худалдаж авахдаа 1,600,000 төгрөг өгсөн. Надаас үхрээ буцааж авахдаа 1,800,000  төгрөг өгсөн. ...Би үхрийг зун худалдаж авсан. Үхрээ буцааж авах үед нь үхэрний үнэ өсчихсөн байсан тул нэмж 400,000 төгрөг нэхэмжилнэ. Өөр санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-173 дугаар хуудас/,

13.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр  сарын 22-ны өдрийн 2022/ШД391 дугаартай шинжээчийн “Даюун” маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээг 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөг, 2007 онд үйлдвэрлэж 2013 онд Монголд орж ирсэн 21-03 ХЭҮ улсын дугаартай “Киа Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 192-195 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн байх тул эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Т, А.А нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд хохирогч Б.Р-ийн тугалтай үнээ 2, гунжин үнээ 1, бяруу 1 нийт 6 тооны үхрийг алдуул мал гэдгийг, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж машин механизм ашиглаж завшсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4,779,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нараас  гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаангүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйл нь “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн шинжийг 1 дэх хэсэгт “...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэж хуульчилсан байна.

 

“...Алдуул мал завших” гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө  гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, захиран зарцуулсан байдгаараа өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс буюу мал хулгайлах гэмт хэргээс ялгагдан зүйлчлэгддэг.

            Өөрөөр хэлбэл: Шүүгдэгч А.А, Г.Т нар нь хохирогч Б.Ренчиндоржийн 6 тооны үхрийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, уг 6 тооны үхэр нь шүүгдэгч А.А-ийн үхэртэй нийлээд удсаны улмаас шүүгдэгч нарт эдгээр 6 тооны үхрийг завших сэдэлт төрж, захиран зарцуулсан буюу иргэн Х.Г, Ц.О нарт худалдан борлуулсан үйл баримт тогтоогддог.

 

            Шүүгдэгч А.А, Г.Т нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд хохирогч Б.Р-ийн тугалтай үнээ 2, гунжин үнээ 1, бяруу 1 нийт 6 тооны үхэр буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, улмаар 6 тооны үхрийг  “Киа Бонго-3” маркийн 21-03 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, Х.Г, Ц.О нарт  худалдан борлуулж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            -хохирогч Б.Р-ийн “...2022 оны 5 дугаар сарын 20-д гаргаад үхрээ хурааж услах гээд үхрээ бүртгэхэд манай үхрээс 6 тооны үхэр дутаж байсан. ...Би үхрээ хамгийн сүүлд 2022 оны 5 дугаар сарын 18, 19-ний үед худагт услаад гаргахад манай үхэр бүрэн байсан. ...А.А-н гэр манай гэрээс баруун хойшоо 20 орчим км зайтай байдаг. Би хавар өвс муутай болохоор А.А-ийн байгаа газрын зүүн хойд талд 10 орчим км зайд нутагладаг юм. Би тэнд хүн байхгүй, худаг усгүй юм чинь явахгүй байх гэж бодсон өвс дагаад явчихсан юм шиг байна лээ. Манай хоёр улаан үнээ өвс дагаад явчихаад байдаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-13 дугаар хуудас/

-гэрч А.Б-ын “...Х аймгийн Г сумын 4 дүгээр баг Зүлэгт гэх газар нутаглан амьдардаг. Манай гэрээс А.А-ийн гэр урагш 1 км орчим зайд байдаг. Манай үхэр Зүлэгт гэх газар байх Зүлэгтийн худгаас ус уудаг. А.А-ийн үхэр мөн тэр худгаас уудаг. Худгаас ус уугаад идээшлэхдээ Зүлэгт гэх гэх газраас холдохгүй тэр хавьдаа л байдаг....Зүлэгтийн худаг дээр 5 дугаар сарын 20-ны үеэр 2 тугалтай үнээ, 1 халзан гунж, 1 хүрэн бяруу ус уугаад байсан. Манай үхэрнүүдийг бодвол туранхай, онд муу орсон үхэрнүүд байсан. Худгаас ус уучихаад А.А-ийн үхэртэй нийлээд л яваад байсан. Манай нутаглаж байгаа газар өвс сайтай, ойр хавийн айлын үхэрнүүд орж ирээд байдаг байсан. Орж ирээд удалгүй буцаагаад эзэн нь ирээд аваад явдаг байсан.... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 79-80 дугаар хуудас/

 

-шүүгдэгч Г.Т-ын яллагдагчаар өгсөн “...А.А-той уулзаад малтай болохоор нь тугалтай үнээ хэрэгтэй болоод байна гэж гуйсан чинь тэгж байгаадл болгож өгье, гэртээ очоод ярья гэж байсан. Тэрнээс хойш 6 дугаар сарын 08-ны өдөр би А.А руу утсаар залгаад юу болж байна гэж асуусан чинь энд хэнийх нь мэдэгдэхгүй хэдэн үхэр манай үхэрт нийлээд нилээн хэд хоночихлоо... гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-130 дугаар хуудас/

-шүүгдэгч А.А-ийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 19, 20-ны үед манай үхэрт өмнө нь харж байгаагүй, хэнийх гэдгийг нь мэдэхгүй, 2 тугалтай үнээ, 1 гунжин үнээ, 1 бяруу худаг дээр ирчихсэн байсан. Тэр үхэрнүүд худаг дээр ирж байгаад манай үхэрт нийлээд яваад байсан. Манай үхэрт тэр 6 үхэр нийлээд салахгүй18,19 хоносон. Би үхэртэй нийлчихээд салахгүй байхаар нь цуг маллаад яваад байсан юм...” гэх  мэдүүлэг /1-р хх-ийн 136-138 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Х аймгийн Б сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Т, А.А нарын үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон орлогогүй байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахай санаа болон хохирогчийн малдаа тавих хараа хяналт, шүүгдэгч, хохирогч нарын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал зэрэг шалтгаан нөхцөл нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч  Х овогт Б.Р-д 4,779,800 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч нь  “...Надад годмдол санал байхгүй. Миний үхэрнүүдийг буцаагаад авч ирж өгсөн...” гэж мэдүүлсэн /хх-ийн 12 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч А.А, Г.Т нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүхээс шүүгдэгч А.А, Г.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар  Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

           Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн. Хохирол төлснөөр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.        Шүүгдэгч А.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн, хувьдаа эд хөрөнгөтэй буюу малтай тул 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ял оногдуулах, шүүгдэгч Г.Т-ын гэмт хэрэгт үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн, урьд ял шийтгүүлж байсан боловч дүгнэлт хийгээгүй, эрхэлсэн ажилгүй, тогтмол орлого олдог эсэх нь тогтоогдоогүй тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Киа Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь А.Б болох нь тогтоогдсон тул үнэлгээгээр тогтоогдсон 4 сая төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан А.А-ийн эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклийг улсын орлого болгох, иргэний нэхэмжлэгч Х.Г-ийн нэхэмжилсэн 400,000 төгрөг нь баримтгүй тул хэрэгсэхгүй болгох...” дүгнэлтийг,

 

           -шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Г.Б-ээс “...Шүүгдэгч Г.Т нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, торгох ял биелүүлэх боломжтой талаарх өөрийнх нь илэрхийлэл зэргийг үндэслэн 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Улсын яллагчийн бусад гаргасан дүгнэлттэй санал нэг байна...” гэх саналыг,

 

           -шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч С.Н-ээс “...Хэргийн нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулж өгнө үү. Улсын яллагчийн гаргасан торгох ялын дүгнэлттэй санал нэг байгаа боловч торгуулийн хэмжээг багасгаж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Уг гэмт хэргийг үйлдэхэд А.А-ийн эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклийг ашиглаагүй байдаг, тиймээс мотоциклийг А.А-т буцаан олгож, харин гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Киа Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн биш 70, 30 хувь гэсэн байдлаар гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.  

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

 

           Хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар:

           Шүүгдэгч А.Аг нь 40 настай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Х аймгийн Г сумын 4 дүгээр багт оршин суух, 2021 оны мал тооллогоор 697 толгой мал тоолуулсан, малчин, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,

           Шүүгдэгч Г.Т нь 40 настай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Х аймгийн Х сумын 3 дугаар баг шинэ Б-ийн 3-21 тоотод  оршин суух,  эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдлууд тус тус тогтоогдсон болно.

 

           Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хохирол төлснөөр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад төлөх төлбөргүй болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А,  Г.Т нарт торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарлав.

 

           Шүүгдэгч А.А, Г.Т нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

           Иргэний нэхэмжлэгч Х.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Би 1 тугалтай үнээ, 1 бярууг худалдаж авахдаа 1,600,000 төгрөг өгсөн. Надаас үхрээ буцааж авахдаа 1,800,000 төгрөг өгсөн. ...Би үхрийг зун худалдаж авсан, үхрээ буцааж авах үед нь үхэрний үнэ өсчихсөн тул нэмж 400,000  төгрөг нэхэмжилнэ...” гэжээ.

           Шүүгдэгч Г.Т нь иргэний нэхэмжлэгч Х.Г-т 1 тугалтай үнээ, 1 бяруу зэргийг 1,600,000 төгрөгөөр худалдан борлуулж, үхрийг буцааж авахдаа 1,800,000 төгрөг өгсөн болох нь шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон, иргэний нэхэмжлэгч Х.Г нь үхэрний үнэ өссөн гэх үндэслэлээр нэмж 400,000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох бичгийн нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

           Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22ы өдрийн 2022/ШД-391 дугаартай дүгнэлтээр 21-03 ХЭҮ улсын дугаартай “Киа Бонго-3” маркийн тээврийн  хэрэгслийг 4,000,000 төгрөгөөр үнэлсэн байна.

           Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 21-03 ХЭҮ улсын дугаартай, цагаан өнгийн “Киа Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь А.Бболох нь тогтоогдсон тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эзэмшигч А.Б-д олгож, үнэлгээгээр тогтоогдсон 4,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Т, А.А нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй. Энэ талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

           Харин шүүгдэгч А.А-ийн эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй байх тул мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, “Даюун” маркийн мотоциклийг А.А-т буцаан олгох нь зүйтэй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-ийн санал үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Г-ын Т, шүүгдэгч О овогт А-ын А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Г-ын Т-т 1500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ял,  шүүгдэгч О овогт А-ын А-т 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-т шүүхээс оногдуулсан 1,500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд, шүүгдэгч А.А-т шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, А.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарласугай.  

5.Шүүгдэгч Г.Т,  А.А нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, иргэний нэхэмжлэгч Х.Г-ийн нэхэмжилсэн 400,000  төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6.Шүүгдэгч Г.Т, А.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай. 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Киа Бонго-3” маркийн 21-03 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Даюун” маркийн мотоцикль зэргийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, “Киа Бонго-3” маркийн 21-03 улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч А.Б-д, “Даюун” маркийн мотоциклийг эзэмшигч А.А-т тус тус буцаан олгож, “Киа Бонго-3” маркийн 21-03 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ