Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/12

 

              

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О

Улсын яллагч Н.А

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-ийн Б-д холбогдох эрүүгийн 234... дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 199... оны 12 дугаар сарын 21ий өдөр Х аймгийн Г суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Х аймгийн Г сумын 1 дүгээр баг Згэх газар  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202... оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаатай зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д-ийн Б. /РД:СИ......../

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Х аймгийн Г сумын Арвин 1 дүгээр баг “Замт” гэх газар оршин суух Б.Н-ын гэрийн гадна Д.Б нь Г.Г-тай маргалдан ноцолдож байх үед салгах гэж очсон Г.Б-ын зүүн гуя руу хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Эрүүгийн 234.......  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч Г.Б-ын “...2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээсээ эхнэрийн хамтаар сумын төв орж гэртээ хүнс цуглуулаад буцаад харьсан. Тэгээд эхнэрийг гэрт нь буулгаад Х аймгийн Г сумын А 1-р баг Замт гэдэг газарт амьдардаг найз Наай уулзах гээд гэрт нь очсон. Н-ын гэрт нь ортол манай найзууд болох Г, Б, М нар байсан. Тэр хэд Экс гэх нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи ууж байсан. Цаана нь 3 шил архи байсан. Тэгээд намайг ирсэн гээд хамт бид нар уугаад 4 шил архи уусан. Ерөнхийдөө бүгд согтсон тэр дундаасаа Барай илүү согтолттой байсан. Б Г гэх залуутай тоглоод байсан гэж бодтол муудалцаад байсан. Учир нь Н бид хоёр жорлон орох гээд гэрээс гараад хартал Б Г-ыг газар унагасан, дээр нь суугаад цамцнаас нь заамдаад сууж байхаар нь миний бие очиж салгатал араас Б миний зүүн хөлний бүдүүн гуяны арын хэсэг рүү 1 удаа хутгалсан. Хутгалуулаад би шууд холдсон. Н-ыг гуйгаад би сумын төвийн эмнэлэг орж хөлөө үзүүлсэн. Сумын эмч үзээд хамаагүй хөдөлж болохгүй, хүйтэн жин тавиад байж бай гэсэн. Ямар ч байсан 2.8см:2.5см хэмжээтэй байна шарх гэж хэлээд 3 оёдол тавьсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 6-7, 53-54 дүгээр хуудас/

2.Гэрч Г.Г-ын “...Манай найз Н нь намайг 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай хөдөө гэрт ирээд хамт мал ажиллаад өгөөч гэж гуйсан. Тэгээд би зөвшөөрч хөдөө гэрт нь буюу Х аймгийн Г сумын А1-р баг Замт гэх газарт очсон. Намайг очих үед Н-ын гэрт бас мал ажиллахаар Б, М хоёр найз маань ирсэн байв. Тэгээд бид нар хамт 5 үхэр ажиллаж дуусахад 17 цаг болж байсан. Биднийг дуусахын алдад найз Б гэрээсээ ирсэн. Бид нар хоорондоо ярилцаж байгаад хамт сумын төв орж архи авч ирээд хөдөө уухаар болсон. Тэгээд сумын төв рүү хамт бид нар явж нийт 4 шил архи авсан. Тэгээд тухайн архиа бүгдийг ууж дуусгаж байтал бид нар бүгд согтож эхэлсэн. Бид нарыг бодвол Б, Н хоёр арай гайгүй байсан. Б нэлээн согтуу юу яриад байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь одоо унтаж амаръя гэж хэлтэл уурлаад байх шиг байсан. Тэгээд миний бие гадаа бие засах гэж гартал араас гарч ирээд намайг тэвэрч авсан. Яг юу яриад байгаа талаар би ойлгоогүй байтал намайг зөөлөн түлхэхэд гадаа цас орж байсан би газар унах үед миний дээр гарч суучихаад цамцны энгэрээс барьсан байсан. Гэхдээ огт над руу гараараа далайж, цохиж зодсон асуудал гараагүй. Б, Н бид хоёрыг гэрийн гадаа хараад зогсож байгаад Бөхболд бид хоёрыг салгаад, намайг яг босгож байтал Б Б-ын араас нь зүүн хөл рүү нь хутгалсан байсан. Тэгээд Н Б-ыг машиндаа суулгаж аваад сумын төв рүү явсан. Миний бие Б-ийг гэр лүү оруулсан. Бархасдорж шууд орон дээр очоод хэвтээд унтаад өгсөн...гэх мэдүүлэг   /хх-ийн 14-15 дугаар хуудас/

3.Гэрч Б.Н-ын “...Манайх Улаанбаатар хот руу ах дүү нартаа өвлийн идшийг нь бэлдэх гээд үхэр ажиллах ажилтай болоод найзууд Галбадрах, Мөнх-Эрдэнэ, Б нарыг дуудсан.Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 10 цагийн орчимд манай хөдөө гэр буюу Х аймгийн Г сумын Арвин 1-р баг Замт гэх газарт байрлах гэрт маань Г, М, Б нар ирсэн. Тэгээд бид нар хамжаад 5 үхэр махалж хот руу явуулахад бэлэн болгоод яг дуусаж байтал Б найз маань ирсэн. Тэгээд бид нар хамт ойрд уулзалдаагүй, архи ууж суунгаа юм ярьж суух болоод сумын төвийн дэлгүүр лүү архинд явсан юм. Дэлгүүрээс 4 шил Хараа гэх нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи авч манай гэрт уусан юм. Бид нар бүгд архиа хувааж уусан. Сүүлийн архи дуусах дөхөж байтал М тасраад газар унтаад өгсөн. Б согтуу бага зэрэг яриа нь чанга чанга болоод байсан. Г бас согтуу гэхдээ Б-ыг бодвол гайгүй. Б бид хоёр ер нь бага зэрэг согтсон байсан. Тэгээд Г-тай Б нэг юм яриад л байсан бид нар учрыг нь ойлгоогүй хэтэрхий их согтсон байсан болохоор. Байж байгаад л Г-г тэврээд, байж байгаад загнаад байх шиг, тэгээд байж байгаад бие засах гээд Г гадагшаа гарсан. Удалгүй бас Г-ийн ардаас нь Б бас гарсан юм. Б бид хоёр бие засах гээд гарсан байх гэж бодсон. Тэгээд гэрт орж ирэхгүй удаад байхаар нь Ббид хоёр хамт гэрээс гараад хартал нөгөө Б, Гхоёр нэг юм яриад л зогсож байсан. Тэгсэн Б хальт Г-г түлхэх шиг болсон чинь Г газар унаж, Б дээрээс нь бас унасан. Тэгсэн Бархас Г-ийн дээр гарч суугаад Г-ийн цамцнаас заамдсан. Тэрийг харсан Б бид хоёр очиж салгах гээд очсон. Бөхөө Б-ыг холдуулж Г-г босгох гэж байтал Б Б-ын зүүн гуяны арын хэсэг рүү нь хутгалсан. Тэгээд би Г, Бархас хоёрыг гэр лүү оруулчихаад, Б-ыг аваад шууд сумын төвийн эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

4.Гэрч Б.М-“...Манай найз Н өвлийн идшээ хийх гэсэн юм чи ирээд хамжаад өгөөч Г, Б нарт хэлсэн бүгдээрээ хамжаад гялс 5 үхэр ажиллах хэрэгтэй байна гэхээр нь миний бие хөдөө гэр буюу Х аймгийн Г сумын Арвин 1-р багийн нутаг Замт гэх газар очсон. Тэгээд бид 4 хамтраад 5 үхэр махалж дуусгасан. Дуусаж байхад Бөхболд гэх манай найз ирсэн. Хоорондоо бид нар ойрд уулзалдаагүй учир хэдэн шил архи уугаад, гэр гэр лүгээ харих талаар ярилцаж байгаад сумын төв орсон. Сумын төвийн дэлгүүрээс архи аваад буцаад Н-ын гэрт очиж уусан. Тэгээд бүх архиа уусан эсэх талаар би огт санахгүй байна. Ямар ч байсан Хараа гэх нэртэй 0.75 литрийн хэмжээтэй 5 шил архи анх дэлгүүрээс авсан. Миний бие архиндаа согтож тасраад өглөө сэрэх үед Б, Г хоёртой хамт сэрсэн. Тэгээд би Н руу залгаад "Хаана байгаа юм бэ" гэж асуутал "Эмнэлэг дээр байна. Шөнө Б, Г хоёр маргалдаад байхаар нь Б салгах гээд очих үед ББөхболдын зүүн хөл рүү нь хутгалсан. Тэгээд би хамт эмнэлэг дээр байна" гэж хэлсэн. Тэгээд би Бархасдоржийг сэрээгээд юу болсон талаар асуутал Бархасдорж юу ч санахгүй байна гэж их гайхсан байдалтай байсан...Урьд өмнө нь Бархасдорж, Бөхболд хоёр муудалцаж байгаагүй. Б хүнтэй маргалдах байтугай хэрүүл хийдэггүй залуу. Харин Б их даруухан залуу хүнд их тусч залуу. Б-ийг яагаад тийм үйлдэл хийсэн талаар их гайхаж баина...” гэх мэдүлэг, /хх-ийн 22-23 дугаар хуудас/

5.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2296 дугаартай шинжээчийн: “1. Г.Б-ын биед зүүн гуяны хэсгийн хутгалагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг болно.

6.Яллагдагч Д.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Х аймгийн Г сумын 1 дүгээр баг Замт гэх газар найз Б.Н-ын гэрт очиж мал ажиллаж өгсөн. Би мал ажиллахаар очихдоо өөрөө гэрээсээ бариулгүй, даавуу ороогоод скочидсон хутгаа аваад явсан. Тэр үед Б.Н, Г.Г, Б.М нар байсан. Бид нар малаа ажиллаж дуусчихаад сумын төв орж 4 ширхэг 0.75 литрийн архи аваад буцаад Б.Н-ын гэрт ирж ууцгаасан. Бид нарыг сумын төв яваад ирсний дараа гэрт Г.Б ирсэн. Би архи уугаад нилээн согтсон, согтоод Г.Г-тай ам мурийсан. Гэрт архи уугаад сууж байсан Г.Г гадагшаа гарахаар нь би араас нь гарсан. Бие засаад зогсож байхаар нь араас нь тэврээд түлхээд цуг газар унасан. Газар унаад би дээр нь гараад цамцнаас нь бариад сууж байсан Г.Б ирээд намайг татаад босгох гэхээр нь би өдөр мал ажиллах гээд авч ирсэн байсан хутгаа өөрийнхөө зүүн түрийнээс аваад Г.Б-ын зүүн гуяных нь ар хэсэг рүү нэг удаа хутгалсан. Тэгсэн Г.Б цаашаа яваад өгсөн. Тэгээд би босоод гэр лүү орсон. Гэрийн гаднаас Б.Н Г.Быг аваад сумын төв рүү явсан байсан...Ямар нэгэн шалтгаан байхгүй, архи их уугаад согтсон байсан болохоор тийм үйлдэл гаргасан. Би тухайн үед хүнтэй муудалцаагүй байсан. Би бараг л тасарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн ..дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Б-ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Х аймгийн Г сумын Арвин 1 дүгээр баг “Замт” гэх газар оршин суух Б.Н-ын гэрийн гадна Д.Б нь Г.Г-тай маргалдан ноцолдож байх үед салгах гэж очсон Г.Б-ын зүүн гуя руу хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байна. 

Шүүгдэгч Д.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйлийн зүй зохисгүй хэрэглээ, хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлсөн байх ба шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Д овогт Г-ын Б зүүн гуяндаа хутгалуулж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...1,175,400 төгрөгийн хохирол учирсан ба 400,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 775,400 төгрөгийг нэхэмжлэхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэж мэдүүлжээ.

Иймд хохирогчийн “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг үндэслэн  шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ. 

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-ийн  үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.

           Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч Д.Б нь 28 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Х аймгийн Г сумын 1 дүгээр багт  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдов.

Шүүгдэгч Д.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчийн биед хутгалагдсан шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан, хохирогчид 400,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлснээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүгдэгч Д.Б нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсныг түүний хувийн байдалд хамааруулан, тал бүрээс нь  харгалзан үзэж, улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Бархасдорж нь Х аймгийн Г сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай бөгөөд 1 дүгээр баг нь сумын төвөөс 18 км-ын зайтай, малнууд нь 1-р багийн нутаг дэвсгэрээс гарч бэлчдэггүй гэх түүний тайлбарыг үндэслэн  өөрийн оршин суух газар болох Х аймгийн  Г сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 /гурав/ сарын хугацаагаар оногдуулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгав.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Бархасдоржид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ишийг нь ногоон өнгийн даавуугаар ороосон, ажлын хэсэг 11.5 см,  нийт 24.5 см урттай хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх” комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Х овогт Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Д-ийн Б-д 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух газраас буюу Х аймгийн Г сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарласугай.

5.Шүүгдэгч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Д.Б-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн 234000000001 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ишийг нь ногоон өнгийн даавуугаар ороосон ажлын хэсэг 11.5 см,  нийт 24.5 см урттай хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ