Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/225

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

Улсын яллагч С.Энхням,

Гэрч Д.Нацагдорж, Н.Чулуунбаатар,

Хохирогч Б.Шинэбаяр, Б.Мөнгөнцэцэг,

Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Туяа,

“Он-Ирээдүй” ХХК-н өмгөөлөгч А.Ганбат, хууль ёсны төлөөлөгч Э.Сайханбат,

“Хийморьт Магнай” ХХК-н хууль ёсны төлөөлөгч Б.Лхагвадорж,

Шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, Э.Шинэцэцэг нарыг оролцуулан,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сэргэлэнгийн Ад холбогдох эрүүгийн 2120 00056 0586 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Сэргэлэнгийн А /РД./,

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-22-3 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

/Холбогдсон хэргийн талаар/:

Шүүгдэгч С.А нь  

1. 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Рок-Ойл” ХХК-д тавьсан өрийг төлөх зорилгоор “Рок-Ойл” ХХК-д түлшний менежер хийдэг гэж өөрийгөө танилцуулан, “хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Шинэбаярыг төөрөгдөлд оруулан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 49,050 литр түлшний үнэ болох 81,423,000 төгрөгийг нь авч, хохирогч Б.Шинэбаярт их хэмжээний хохирол учруулсан,

2. 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Рок-Ойл” ХХК-д тавьсан өрийг төлөх зорилгоор “хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 37А байрны 1-29 тоотод байршилтай “Он- Ирээдүй” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч Т.Дашцэрэнг төөрөгдөлд оруулан 48,900 литр түлшний үнэ гэж 83,130,000 төгрөгийг нь авч, “Он-Ирээдүй” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,       

3. “Хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Ориентал 8 тоотод оршин суух хохирогч Д.Мөнх-Эрдэнийг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 64,382,000 төгрөг нийт 84,382,000 төгрөгийг нь авч хохирогч Д.Мөнх-Эрдэнэд их хэмжээний хохирол учруулсан,

4. 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Баганат-Өргөө” хотхоны 414-6 тоотод байрлах “Хийморьт магнай” ХХК-ийн оффисын байранд “Хийморьт магнай” ХХК-нд арматурын 50 тонн төмөр" худалдана гэж хуурч “Арматур худалдах, худалдан авах” гэрээ байгуулан гэрээг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар “Хийморьт магнай” ХХК-ны 74,400,000 төгрөгийг нь авч “Хийморьт магнай" ХХК-нд их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 475 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С.А нь

1. 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Рок-Ойл” ХХК-д тавьсан өрийг төлөх зорилгоор “Рок-Ойл” ХХК-д түлшний менежер хийдэг гэж өөрийгөө танилцуулан, “хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Шинэбаярыг төөрөгдөлд оруулан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 49,050 литр түлшний үнэ болох 81,423,000 төгрөгийг нь авч, хохирогч Б.Шинэбаярт их хэмжээний хохирол учруулсан,

2. 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Рок-Ойл” ХХК-д тавьсан өрийг төлөх зорилгоор “хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 37А байрны 1-29 тоотод байршилтай “Он- Ирээдүй” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч Т.Дашцэрэнг төөрөгдөлд оруулан 48,900 литр түлшний үнэ гэж 83,130,000 төгрөгийг нь авч “Он-Ирээдүй” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,       

3. “Хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Ориентал 8 тоотод оршин суух хохирогч Д.Мөнх-Эрдэнийг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 64,382,000 төгрөг нийт 84,382,000 төгрөгийг нь авч хохирогч Д.Мөнх-Эрдэнэд их хэмжээний хохирол учруулсан,

4. 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баганат-Өргөө хотхоны 414-6 тоотод байрлах “Хийморьт магнай” ХХК-ийн оффисын байранд “Хийморьт магнай” ХХК-нд арматурын 50 тонн төмөр" худалдана гэж хуурч “Арматур худалдах, худалдан авах” гэрээ байгуулан гэрээг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар “Хийморьт магнай” ХХК-ны 74,400,000 төгрөгийг нь авч “Хийморьт магнай" ХХК-нд их хэмжээний хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь:  хохирогч Б.Шинэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 49,050 литр дизель түлш худалдан авахаар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-с С.А гэгчийн данс руу 81,423,000 төгрөгийг шилжүүлэн өгч залилуулсан гэх гомдол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, / 2-р хавтаст хэргийн 203-204 дүгээр тал/

Хохирогч Б.Шинэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ”...41,423,000 төгрөгийг хүмүүсээс авсныг нэг ч төгрөг дутаалгүйгээр төлж байгаа. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэв.

Б.Шинэбаярын Хаан банкны 5069197988 дугаарын дансны хуулга /2-р хавтаст хэргийн 205-р тал/,

Шүүгдэгч С.А руу 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 81,423,000 төгрөг шилжүүлсэн баримт /2-р хавтаст хэргийн 207-р тал/,

Хохирогч Б.Шинэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийнхөө “Agua Marina” гэдэг нэртэй фейсбүүк хаягаас түлш авна, түлш бөөндөнө гэсэн зарыг оруулсан байсан. Тэгтэл 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 98116265 гэсэн дугаараас над руу нэг эмэгтэй залгаад хямд үнэтэй, чанартай түлш байна авах уу гэж асуусан. Тэгэхээр нь үнийг нь асуусан чинь 1 литр нь 1660 төгрөг гэж надад хэлэхээр нь түлшнийхээ сорьцын бичиг, дээжийн зураг зэргээ миний имэйл хаяг руу явуулчих харчхаад эргээд холбогдъё гэж би хэлээд имэйл хаягаа өгсөн. Маргааш нь буюу 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр миний имэйл хаяг руу түлшний сорьцын бичгээ ирүүлсэн. Мөн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөн дээжийн зураг явуулсан юм. Ингээд би 98116265 дугаараас над руу ярьсан А гэдэг эмэгтэй рүү утсаар яриад уулзаж түлшийг нь очиж үзэхээр болж 2021 оны 05 дугаар сарын 13-ны өглөө Орбитын “Хүнс трейд” ХХК-ны гадаа уулзаж түлшнийх нь дээжийг нь очиж үзсэн. Түлшний дээж нь сайн байсан учраас 49,050 литр түлш худалдаж авахаар 81,423,000 төгрөгийг С.Агийн хаан банкны 5166805013 дугаарын данс руу нь 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Саппорогийн автобусны буудлын хажуу талд байрлах хаан банк орж шилжүүлсэн. Энэ үед С.А нь миний яг хажууд надаас шилжиж дансанд нь орж ирсэн 81,423,000 төгрөгийг өөрийнхөө данснаас “Рок Ойл” ХХК-ний хаан банкны 5664112205 дугаарын данс руу Агаас 49,050-н үнэ шахав гэсэн утга бичээд шилжүүлсэн. Үүнийхээ дараагаар А нь миний 04-93 УБК улсын дугаартай шаланз маркийн автомашинаар “Рок Ойл” ХХК-ийн захирал Д.Нацагдорж, борлуулагч Больсоль, нягтлан гэх 3 хүн рүү нь “viber”-p явуулсан. Энэ өдрөө түлшээ аваад гарах байсан боловч манай машиныг дуудаж оруулахгүй байсаар байгаад орой болсон. Тэгэхээр нь би Агаас яагаад манай машиныг дуудаж оруулахгүй байгаа юм бэ? гэж асуусан чинь агуулахынх нь тог тасарсан гэнээ. Маргааш өглөө ачъя гэж байна машинаа агуулахын гадаа хонуулчих гэж хэлсэн. Хэлснээр нь түлш ачих 04-93 УБК дугаартай шаланз машинаа “Рок Ойл” ХХК-ны агуулахын гадна хонуулахаар болоод явах гэтэл А надад хэлэхдээ маргааш түлшний үнэ нэмэгдээд 1700 төгрөг болох гээд байна. Манай захирал сая над руу яриад маргааш түлш гаргахдаа 1700 төгрөгөөр гаргана шүү гэж байна. Чи нэмж өнөөдөр түлш захиалах юм бол би чамд одоо байгаа үнээр чинь буюу 1660 төгрөгөөр би захиалга аваад өгье гэж надад хэлэхээр нь үнэхээр л түлшний үнэ нэмэгдэх гэж байгаа юм байна гэж бодоод түүнд итгээд 26,200 литр түлшний мөнгө 43,492,000 төгрөгийг, мөн 49,050 литр түлшний мөнгө 81,423,000 төгрөгийн дахин шилжүүлсэн. 26,200 литр түлшний мөнгө 43,492,000 төгрөгийг шилжүүлэхдээ эхлээд 41,218,000 төгрөгийг шилжүүлээд дараа нь үлдсэн 2,274,000 төгрөгийг нь шилжүүлсэн. Нэмж захиалга өгсөн 49,050 литр түлшний мөнгө 81,423,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Үүний дагуу хамгийн эхэнд захиалсан 49,050 литр түлш мөн 26,200 литр түлшээ “Рок Ойл” ХХК-с авсан. Харин сүүлд нэмж захиалсан 49,050 литр 81,423,000 төгрөгийн түлшээ авч чадахгүй залилуулсан. Тэгтэл А нь надад 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 40,000,000 төгрөгийг надад эргүүлэн өгсөн. Одоо үлдсэн 41,423,000 төгрөгөө буцааж өгөхгүй залилсан юм. “Рок Ойл” ХХК-ны захирал Нацагдорж гэдэг хүнтэй уулзсан чинь 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манай / дээр орж ирсэн захиалгын дагуу ачилтууд гарсан. А бол манай компанийн үндсэн ажилтан биш, сүүлд нэмж орж ирсэн 49,050 литр түлшний мөнгө компанийн дансанд орж ирсэн, би буцаалт хийхгүй. Учир нь А манай компанид өртэй байгаа учраас өрөндөө 81,423,000 төгрөгийг нь суутгаж авсан гэж хэлсэн юм. Энэ талаар Ад хэлэхээр би ямар ч өргүй гээд байгаа юм. Би хувиараа дизель түлшний бөөний борлуулалт хийж компаниудтай хамтран ажилладаг юм. “Рок Ойл” ХХК-д түлшний борлуулалтын менежер хийдэг гэж өөрийгөө хэлж байсан...” гэх /3-р хавтаст хэргийн 7-10, 11-15 дугаар тал/,

Гэрч Д.Нацагдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай “Рок Ойл” ХХК-ийн менежер Больсоль гэдэг хүнээр дамжуулан А гэдэг эмэгтэй манай компанитай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ үед А нь өөрийгөө “Эс Ар Жи Эл Эн” ХХК-ийн захирал гэж хэлж байсан... А...2021 оны 05 дугаар сарын 13-ний өдөр Агаас орж ирсэн 81,000,000 төгрөгийг би 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийнх нь үлдэгдэл 73,917,450 төгрөгийн төлбөрт нь авсан. Үүнийг ч өөрөө А мэдэж байгаа. Мэдэж ч байсан. Өмнөх өдрийнхөө өр төлбөрийг барагдуулж байж дараагийн өдрийнхөө түлшний ачилтаа авдаг юм. А түлш авсан өмнөх өдрийнхөө өр төлбөрийг компанийн дансанд шилжүүлэхдээ нэг бол өр төлбөрөөсөө их нэг бол бага хэмжээгээр шилжүүлдэг юм...2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бол Агаас “Эм Си Ти” түлш гэсэн утгатай 3 удаа мөнгө орж ирсэн юм...А манай компанийн нэрийг барьж бусдыг залилан мэхэлж байгаа ...С.А нь манай агуулахаас 1880 төгрөгөөр бодож түлш аваад цаашаа бусдад 1680, 1700 гэсэн үнээр зарж байсан гэдгийг мэдсэн. Энэ нь өөрөө алдагдалтай зарж мөнгө зүгээр эргэлдүүлж байсан...” гэх /3-р хавтаст хэргийн 21-28 дугаар тал/,

Гэрч Д.Отгонзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай компанийн зүгээс борлуулсан түлшнээс 1 литр тутам 10 төгрөгийн урамшуулал өгдөг зүйл огт байхгүй. Манай компани С.Ад ямар нэгэн урамшуулал, цалин, шагнал өгч байгаагүй манай ажилтан бол биш юм. Зүгээр бэлэн бус гэрээгээ байгуулсан харилцагч юм...С.А өөрөө хэлэхдээ би одоо эгчийгээ эсвэл нягтлан явуулж мөнгө хийлгэж байгаа гэх мэтчилэн маш олон өөр төрлийн данснаас мөнгө хийдэг байсан...2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 1880 төгрөгөөр бодож өгсөн...гэх /3-р хавтаст хэргййн 40-46 дугаар тал/,

Гэрч Н.Чулуунбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...А өөрийгөө “Рок-Ойл” ХХК-ны борлуулалтын менежер гэдэг байсан...2021 оны 04 дүгээр сард Арарлжигмаа нь надаас түлш авах хэрэгтэй байна 1 сарын дотор буцааж өгнө гээд 90 орчим сая төгрөг надаас зээлээд буцааж өгөхгүй болохоор нь Агаас асуухад над руу 60 орчим сая төгрөг шилжүүлээд үлдсэн мөнгийг өгөөгүй байгаа. Тэгсэн над руу өгсөн мөнгө нь Замын-Үүдийн Мөнх-Эрдэнэ гэдэг залуугийн мөнгө болж таарсан...Ад итгэсэн шалтгаан нь анх над руу мөнгө шилжүүлж “Рок-Ойл” ХХК-аас түлш аваад тэрнээсээ ашиг өгч түлшийг хямд зарж байгаа гэж итгүүлсэн. Тэгсэн сүүлд залилуулсан гэдгийг мэдээд “Рок-Ойл” ХХК-ын захирал Нацагдоржтой уулзахад А “Рок-Ойл”- ХХК-аас түлш авсан үнээсээ бага үнээр бусдад зарж байсан гэдгийг мэдсэн... гэх /3-р хавтаст хэргийн 50 дугаар тал/,

 2. “Он-Ирээдүй” ХХК-с гаргасан ”...түлш худалдаж авахаар 83,130,000 төгрөг шилжүүлж залилуулсан” гэх гомдол, /2-р хавтаст хэргийн 68-72-р тал/,

Хууль ёсны төлөөлөгч Т.Дашцэрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Он-Ирээдүй ХХК бол манай эхнэр Б.Мөнгөнцэцэгийн компани юм. Уг компанид би борлуулалтын менежерээр ажилладаг. Манай компани 2019 онд байгуулагдсан бөгөөд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг...Өнөөдрийн байдлаар хохирол төлж барагдуулсан зүйл байхгүй...Би гомдолтой байгаа учир нийт 83,130,000 төгрөгийг нэхэмжлэх болно...гэх /2-р хавтаст хэргийн 84-85 дугаар тал/,

Гэрч Г.Орхонмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд “Он Ирээдүй” ХХК-ний борлуулалтын менежер Дашцэрэн гэх эрэгтэй 80446677 дугаарын утаснаас миний 94118708 дугаарын утас руу залгасан. Тэгээд надад хандаж хямдхан түлш байна уу 48,900 литр түлш авъя олоод өгөөч гэсэн. Тэгээд “Рок Ойл” гэх компани 1 литр нь 1700-р түлш гаргана гэсэн мэдээлэл надад байсан. Тэгээд би А гэх эмэгтэйтэй ярихад “Рок ойл”-с түлш гарна гэж хэлсэн. Тэгээд би Дашцэрэнд “Рок ойл” ХХК-с түлш гарна гэж хэлсэн. Би Агийн 80467727 гэх дугаарын утас руу яриад тэгээд “Рок Ойл” ХХК-ний 5664112205 дугаарын дансыг А гэх эмэгтэйгээс аваад Дашцэрэнд өгсөн. Тэгээд Дашцэрэн “Рок ойл” ХХК-руу 83,130,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд дараа нь бараагаа авах машинаа явуулсан. Тэгээд түлшээ авахаар болсон чинь түлш нь ачигдахгүй удаад байхаар нь би 80467727 гэх дугаарын утас руу залгаад Атай холбогдоход зөвшөөрөл нь гараагүй байна гээд хүлээлт үүсгэсэн. Тэр хооронд Дашцэрэн “Алтан Дорнод” гэх агуулах дээр өөрөө очсон. Тэгээд Дашцэрэн агуулахынхаа няравтай уулзаад тухайн очсон гэх Алтан Дорнод гэх агуулахаас ачилт хийгдэхгүй юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд мэдээд Дашцэрэн над руу залгаад хэлсэн. Тэгэхээр нь би “Рок Ойл” ХХК-ний захирал болох Нацагдоржийн утсыг таньдаг хүмүүсээсээ асууж байгаад олж авсан. Тэгээд би өөрийн 94075600 дугаарын утаснаас Нацагдоржийн 99072148 гэх утас руу нь залгаад би танайх руу ачилт хийнэ гээд 83,130,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд гүйлгээг нь шалгаад өг гэсэн тэгэхэд Нацагдорж шалгаад 83,130,000 төгрөг орсон байна гэж хэлсэн. Тэгээд танайх “Он Ирээдүй” рүү ачилт хийсэнгүй тэгээд ачилт хийгээгүй юм чинь танайх мөнгийг нь буцаагаад “Он Ирээдүй” ХХК-ний данс руу хийчих гэж хэлсэн. Тэгсэн чинь Нацагдорж за би ажилчидтайгаа ярьчхаад буцаагаад ярья гэж хэлсэн. Би байж байгаад Нацагдорж руу дахиад ярьсан гэтэл наад хийсэн мөнгөний чинь бараа болох 49,050 литрийн түлшийг өөр компанийн өр авлагад ачилт хийсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ “Он Ирээдүй” ХХК-ний 48,900 литрийн багтаамжтай машин бараагаа ачаагүй байхад юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн. “Он Ирээдүй” ХХК гэсэн данснаас 83,130,000 төгрөгийг танай “Рок ойл” ХХК гэсэн данс руу хийсэн байхад яахаараа тэр мөнгөний түлшийг өөр компани руу ачуулсан гээд юу яриад байгаа юм гэхэд Нацагдорж чи надтай яриагүй шүү дээ чи тэр ярьсан хүнтэйгээ ярь гээд утсаа тасалсан. Тэгээд би Атай ярихад ачилт хийх ёстой би өөрөө Нацагдоржтой ярья гэсэн. Тэгээд 2021 оны 05 сарын 16-ны өдөр С.А би Дашцэрэн, Нацагдорж бид дөрвүүлээ нэгдүгээр эмнэлгийн зогсоол дээр уулзсан. Тэгэхэд Нацагдорж нь Дашцэрэн бид 2-т хандаж А надад өртэй байсан. Тэгэхээр нь би “Он Ирээдүй”- ХХК-аас орж ирсэн 83,130,000 төгрөгийг би бараа болгоод 49,050 литрийн түлшийг өөр машинд ачаад гаргасан гэсэн. Тэгэхээр нь би А та 2-н асуудал “Он Ирээдүй” ХХК-ний мөнгөтэй ямар хамаатай юм бэ гэсэн чинь А надад өртэй тийм учраас би Агийн яриулж түлш авъя гэсэн мөнгийг нь би өөр машинд түлшийг ачуулаад явуулсан гэж хэлсэн...гэх /2-р хавтаст хэргийн 90-92 дугаар тал/,

Хохирогч Мөнгөнцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Он-Ирээдүй” ХХК-ийн хувьд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шатахуун авах зорилгоор “Рок-Ойл” компанийн дансанд 83,130,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнийг С.Агийн данс руу бус “Рок-Ойл” ХХК-ийн дансанд шилжүүлсэн боловч шатахуун түлш авалгүйгээр 2 жилийн хугацаа өнгөрсөн. 2022 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, дээрх үнийн дүнгээр нэхэмжлэл үүсгэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд очин манай компани энэ үнийн дүнгээр төлж барагдуулж байгаа. Хохирол 83,130,000 төгрөгийг гаргуулах, мөн “Он-Ирээдүй” ХХК-ийн зүгээс С.А бус Д.Нацагдоржийг иргэний хариуцагчаар татах хүсэлтэй байна...”  гэв. 

Гэрч Д.Нацагдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр А гэх эмэгтэй манай борлуулалтын менежер Б.Больсоль руу түлш авъя гэж ярьсан байна лээ. Тэгээд тэрний дараа манай борлуулалтын менежер Больсоль “ЭМ СИ ТИ” ХХК-ний А яриад байна түлш авъя гэж байна гээд өөрийнхөө 80014182 дугаарын утаснаас миний 99072148 дугаарын утас руу яриад надад хэлсэн. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр А 2 машин түлш авсан. Тэгээд 49,050 литрийг 92,214,000 төгрөгөөр авсан. 26,200 литрийн түлшийг 49,256,000 төгрөгөөр тус тус 2 ачилт авсан. 2 ачилт авахынхаа өмнө наян хэдэн сая төгрөг хийнэ тэгээд үлдэгдэл мөнгийг нь хаан банкны киоск ороод 1 цагийн дараа хийнэ. Тэгээд миний дансны лимит хэтэрсэн байна гялс ачуулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд “Рок ойл” ХХК-аас Агийн хэлснээр 26,200 литрийн түлшийг  86-88 УНЦ улсын дугаартай шатахуун түгээлтийн машинд ачсан. 49,050 литрийн түлшийг 04-93УБК улсын дугаартай автомашинд ачуулсан. Эдгээр түлшийг “сити ойл” гэх нэртэй агуулахаас ачиж гаргасан. Тэгээд 2021 оны 05 сарын 14-ний өдөр үлдэгдэл 60,500,000 төгрөгийг манай “Рок ойл” ХХК-нд өгөх ёстой байсан. Одоо болтол өгөөгүй байгаа. 2021 оны 05 дугаар сарын 14-ний 20 цагийн орчимд “Он Ирээдүй” ХХК-аас ярьж байна гээд миний 99072148 дугаар луу эрэгтэй хүн ярьсан. Тухайн ярьсан эрэгтэй хүн надтай яриад надаас нэг юм тодруулъя гээд тэгээд Атай холбоотой манай 77-33 УАР гэх машинд ачих түлш гаргана гээд намайг хүлээлгээд байна. Ийм түлш танайхаас гарах уу гээд надаас асуусан. Тэгэхээр нь би манайд ийм захиалга орж ирээгүй ийм түлш гарахгүй гэж хэлсэн. Тэгээд удалгүй над руу Орхонмөнх гэх залуу над руу яриад “Он Ирээдүй” гэж манай найзын компани тэгээд тэр найздаа би хямд түлш олж өгөх гээд А гэх хүнээр дамжуулаад ачилт гаргах гэсэн чинь гаргасангүй. Одоо тэгээд би найздаа худлаа хэлсэн болох гээд байна. Наад ачилт чинь гарах боломж байна уу гэсэн. Тэгэхээр нь би тийм Он-Ирээдүйгээс гэсэн захилга байхгүй гэж хэлсэн. Наад А гэж эмэгтэй чинь “Сити Ойл” гэх агуулахаас ачиж байгаа. Та нар тэнд Атай очиж уулзаад учраа ол гэж хэлсэн. Нацагдорж миний бие “Рок ойл” ХХК нь “Он Ирээдүй” гэх ХХК ерөөсөө мэдэхгүй ээ...” гэх /2-р хавтаст хэргийн 94-95 дугаар тал/,

Гэрч Б.Больсол мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр А миний 80014182 дугаарын утас руу 80467722, 98116265 гэсэн дугааруудаасаа над руу залгаад түлш авъя гэсэн. Тэгэхээр нь би Ад хандаж манай “Рок Ойл” ХХК-ийн данс руу мөнгөө хийчих тэгээд авах түлшийг чинь гаргаад өгье гэж хэлсэн. Тэгээд над руу байн байн залгаад байсан. Мөнгө чинь ороогүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь дахиад залгаад мөнгөө орсон гэж хэлэхээр нь би нягтлан руугаа ярьж компанийнхаа дансыг шалгуулахад 83,130,000 төгрөг орсон байна гэж хэлсэн. Тэгээд А манай гүйцэтгэх захирал Нацагдорж болон борлуулалт зохицуулалтын менежер Отгонзаяа хоёрын аль нэгэн рүү нь ийм дугаартай ийм загварын машин байна гэж хэлсэн байгаа. Тэгээд А удахгүй үлдэгдэл мөнгөө нэмж хийнэ гэсэн гэж гүйцэтгэх захирал Нацагдорж руу ярьж хэлсэн...Аралжимаа гэх хүнээсээ мөнгө олж ир гэж хэлсэн Тэгээд одоо өнөөдрийг хүртэл 60,500,000 төгрөгөө манай компани авч чадахгүй байна...” гэх  /2-р хавтаст хэргийн 97-98 дугаар тал/,

3. Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ : “...Улаанбаатар хотоос шатахуун худалдаж авахаар 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 64,382,000 төгрөг шилжүүлж нийт 54,440 литр шатахуун захиалсан боловч одоо хүртэл шатахуунаа авч чадахгүй байна” гэх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл,       /1-р хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

Хаан хөдрөгийн 5070590884 дугаарын данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /1-р хавтаст хэргийн 12 дугаар тал/,

Б.Мөнх-Эрдэнийн 5031329691 тоот данснаас 5003557144 “Эм Си Ти” ХХК-н данс руу 64,382,000 төгрөгийг 54,440 литр дизел түлш Мөнх-Эрдэнэ гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн баримт /1-р хавтаст хэргийн 13 дугаар тал/,

Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлхэдээ: “...2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр миний фэйсбүүк чат руу А өөрийнхөө "Ри Ри" гэсэн нэртэй фэйсбүүк чатнаас түлш нь зарагдаагүй байна уу гэж асуухаар нь би зараад явж байна гэж хариу чат бичсэн. А над руу одоо нөгөө түлшээ буулгачхаад явж байна, захиалга хийх гээд хэдэн хүмүүс рүү ярьчхаад байж байна, чи худлаа байна уу гэж чат бичихээр нь би худлаа гэж хариу чат бичээд, би маргааш нөгөөдрөөс 20,0 сая төгрөгтэй болчих байх гэж биччихээд, А уг нь бага багаар шахаад байвал зүгээр л байхдаа, одоо чамд 10 гарахгүй юм уу, маргааш 10 гээд энэ 7 хоногтоо 50 хувиа шахчихвал барахгүй юу гэхээр нь би хариу чат бичээгүй. 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр А 80467722 дугаарын гар утаснаас миний 96052211 дугаарын гap утас руу залгаад мөнгөтэй болсон юм уу, урьдчилгаа мөнгөө хийчих, хүмүүс түлшийг чинь авах гээд байна гэхээр нь дансны дугаараа явуул гэж хэлсэн чинь миний фэйсбүүк чат руу “Хаан хөдрөг" ХХК-ийн 5070590884 дугаарын дансыг явуулсан байсан. Би өөрийнхөө хаан банкны 5031329691 дугаарын данснаас 20,0 сая төгрөгийг “Хаан хөдрөг” ХХК-ийн 5070590884 дугаарын данс руу шилжүүлсэн. 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр А өөрийнхөө "Ри Ри" нэртэй фэйсбүүк чатнаас миний фэйсбүүк чат руу түлш нь дуусаж байна уу гэж чат бичихээр нь би арай болоогүй гэж хариу чат бичихэд А хэдийгээр ирэхээр байна гэж асуухаар нь би дараа 7 хоногт машин явуулья гэж хариу чат бичсэн. 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Агийн чатаас миний фэйсбүүк чатад “Эм Си Ти" ХХК-ийн 5003557144 дугаарын дансны дугаарыг явуулахаар нь би өөрийнхөө 5031329691 дугаарын данснаас 64,382,000 төгрөгийг “Эм Си Ти” ХХК-ийн 5003557144 дугаарын данс руу шилжүүлсэн. 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Шаргын овооны Мал эрүүлжүүлэх хорио цээрийн бүсэд тусгаарлагдаж байгаа найз Отгонбаатарт 12-26 ДГН улсын дугаартай “Норд бенз Виз” маркийн машины 27-23 АЧ улсын дугаартай цистерн чиргүүлийн хамт өгч Улаанбаатар хотоос түлш ачаад ирээрэй гээд явуулсан. 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай найз Отгонбаатар миний 12-26 ДГН улсын дугаартай “Норд бенз Виз” маркийн машины 27-23 АЧ улсын дугаартай цистерн чиргүүлийн хамт “Хүнс трейд” ХХК-ийн агуулахын үүдэнд очоод бүтэн өдөржин хүлээгээд түлшээ ачиж чадаагүй. А надаас авсан мөнгөндөө түлш өгөхгүй 7 хоног худлаа яриад түлшний агуулахуудын үүдэнд дагуулж очоод цаг хугацаа үрээд байхаар нь би 2021 оны 05 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод очсон... А миний мөнгийг шилжүүлэх гэж байна гээд яриад мөнгө хийхгүй худлаа яриад байгаа...” гэх /1-р хавтаст хэргийн 22- 24 дүгээр тал/,

Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирлын 84,382,000 төгрөгийг С.Агийн дансанд бус “Хаан хөдрөг”, “Эм Си Ти” компанийн дансанд хийсэн. Тухайн хүмүүстэй холбогдож байгаагүй. С.Агаас түлш зээлээр авч байсан удаагүй. Анх фейсбүүкээр “дизель шатахуун түлш зарна” гэх группээс зар харж, түлш авах гэж Бэк гэх хаягтай хүнтэй холбогдсон. Замын-Үүдээс хотод ирээд “зааж өгсөн газар нь ирсэн байна” гэхэд “борлуулалтын менежер очно” гэж хэлсэн. Тухайн үед түлшээ ачиж яваад нөгөө хүндээ хэлтэл “наад хүнтэйгээ холбогдоод аваад байхгүй юу, болоод байна” гээд 7 удаа авсан. Хамгийн сүүлд “түлш хямдхан байна урьдчилгаа 20,000,000 төгрөг хийчих” гэж “Хаан хөдрөг” ХХК-н дансанд хийлгэсэн. Хохирол 84,382,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх,

Гэрч Н.Чулуунбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...А өөрийгөө “Рок-Ойл” ХХК-ны борлуулалтын менежер гэдэг байсан...2021 оны 04 дүгээр сард А нь надаас түлш авах хэрэгтэй байна 1 сарын дотор буцааж өгнө гээд 90 орчим сая төгрөг надаас зээлээд буцааж өгөхгүй болохоор нь Агаас асуухад над руу 60 орчим сая төгрөг шилжүүлээд үлдсэн мөнгийг өгөөгүй байгаа. Тэгсэн над руу өгсөн мөнгө нь Замын-Үүдийн Мөнх-Эрдэнэ гэдэг залуугийн мөнгө болж таарсан...Ад итгэсэн шалтгаан нь анх над руу мөнгө шилжүүлж “Рок-Ойл”- ХХК-аас түлш аваад тэрнээсээ ашиг өгч түлшийг хямд зарж байгаа гэж итгүүлсэн. Тэгсэн сүүлд залилуулсан гэдгийг мэдээд “Рок-Ойл”- ХХК-ийн захирал Нацагдоржтой уулзахад А “Рок-Ойл” ХХК-аас түлш авсан үнээсээ бага үнээр бусдад зарж байсан гэдгийг мэдсэн...гэх /3-р хавтаст хэргийн 50 дугаар тал/,  

Гэрч Я.Цолмон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С.А нь над руу утсаар яриад танай компанийн данс руу 20,000,000 төгрөг хүнээр хийлгээд өөрийнхөө данс руу авъя гэхэд нь би урьд харьцаж байсан болохоор итгээд 20,000,000 төгрөг хийлгээд буцаагаад данс руу нь шилжүүлсэн...” гэх /1-p хавтаст хэргийн 80-81 дүгээр тал/,

4. Хохирогч О.Мөнхдалайгаас гаргасан “арматурын төмөр худалдаж авахаар мөнгө шилжүүлсэн боловч үлдэгдэл төмрөө өгөөгүй” гэх гомдол, арматур худалдах, худалдан авах гэрээ /1-р хавтаст хэргийн 191-197 дугаар тал/,

Хууль ёсны төлөөлөгч Б.Лхагвадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сэргэлэн овогтой А нь манай “Хийморьт Магнай” ХХК-тай гэрээ байгуулахдаа 10 дугаар хорооллын материал импексийн хашаанд аваачиж энэ миний өөрийн арматур гэж хэлсэн байдаг. Тухайн үед үзүүлсэн арматур нь 50 тонноос дээш хангалттай хэмжээтэй байсан. Тэгээд эхний машинд ачаад 2 дахь машинаа ачих гэхэд арматур дууссан гэж хэлээд ачуулаагүй. Үүнээс үзэхэд С.А нь анхнаасаа зохиомол байдлыг бий болгон хуурч мэхэлсэн гэж үзэж байна...74,400,000 төгрөгийн арматур аваагүй учир нэхэмжилж байна...” гэх /1-р хавтаст хэргийн 227-228 дугаар тал/,

“Хийморьт Магнай” ХХК-н хууль ёсны төлөөлөгч Б.Лхагвадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийморьт Магнай” ХХК-н зүгээс С.Атай арматур худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд 50 тонн арматурын мөнгө буюу 155,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Анх Л.Бадамрагчаа гэх хүний данснаас мөнгийг шилжүүлээд, үлдсэнийг Л.Бадамрагчаагийн эхнэр Ч.Түмэндэлгэрийн данснаас шилжүүлсэн бөгөөд шилжүүлгийн баримт хавтаст хэрэгт авагдсан. Тухайн үед 50 тонн арматур гэсэн мөртөө 26 тонн арматур шилжүүлсэн. “Хийморьт Магнай” ХХК-ийн зүгээс үлдэгдэл 24 тонн арматурыг нийлүүлээгүйд гомдолтой байна. 24 тонн арматур буюу 74,400,000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх,

Гэрч Т.Мандахтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...арматурын төмрийг А гэх эмэгтэй өөрийнх гэж итгүүлэн үзүүлсэн.Тэгээд арматурын төмөр байсан учраас итгээд , авахаар болсон...Эхний машинд арматур ачаад 2 дахь машиндаа ачих гэхэд ачуулахгүй дууссан гэсэн. Тэгээд С.А өөрөө бид нарыг дагуулаад худлаа баахан газраар дагуулж яваад арматур олдохгүй болохоор нь мөнгөө буцааж авъя гэхэд орой болоод банк хаасан гээд маргааш өгнө гэж хэлээд бид нар С.Атай хоносон. Тэгээд өглөө банкин дээр очиход С.А мөнгөгүй болсон байсан. Тэгээд сураггүй болсон... гэх /1-р хавтаст хэргийн 247-248 дугаар тал/,

Гэрч Ц.Амгаланбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед 50 тонн арматур авна гэж урьдчилгаа 93,000,000 төгрөг манай компанийн Хаан банкны 5619116054 гэсэн данс руу 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн. Тэгээд тухайн өдрөө шилжүүлсэн мөнгөнд таарах арматурыг Материал импексээс хүлээлгэн өгч ачуулсан. Арматур нэмж авна гэсэн боловч мөнгө өгөхгүй байсан...” гэх, /2-р хавтаст хэргийн 4-5 дугаар тал/,

Гэрч Б.Шинэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би С.Ад 81,423,000 төгрөг өгч залилуулсны дараа байнга түүнээс мөнгө авах гэж хамт явсан. Тэгэхэд С.А нь нэг компанид арматур зараад түүнээс олсон ашгаас өгнө гэж хэлээд чимээгүй байж байгаарай гэж явж байгаад нэг хүнтэй гэрээ байгуулаад гэрээ байгуулсны дараа ATM ороод миний өртэй байсан хүн рүү нийт 40,000,000 төгрөг, Сайнбуян гэдэг хүнээс түлш авна гэж мөнгө шилжүүлсэн...миний үлдсэн мөнгөнд Сайнбуянаас түлш авч өгнө гэж хэлсэн. Тэрнээс би С.Агийн гар утсыг булааж авч өөрөө мөнгө шилжүүлэн авсан зүйл байхгүй...” гэх, /2-р хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,

Гэрч Л.Бадамрагчаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "Би Хийморь Алтай ХХК-тай 50 тн арматур нийлүүлэхээр тохиролцож улмаар 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Эс Ар Жи Эл Эн” ХХК-ийн захирал Атай “50 тн арматур худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 05 дугаар сарын 21-ний өдөр бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцсон 1 тн арматурыг 3,100,000 төгрөг /нөатын үнэ орсон/, 50 тн арматурыг  155,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 05 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн “Төмөр бетон зуурмаг” ХХК-ийн 5026972947 тоот данснаас Агийн Хаан банкны 5166805013 дугаарын дансанд 75,000, 19,925,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах компанийн байрнаас шилжүүлсэн, 05 дугаар сарын 22-ны өдөр үлдэгдэл 133,000,000 төгрөгийг шилжүүлэхээр “Нарантуул” зах дотор байрлах Хаан банкны салбарт очсон боловч Хаан банкнаас өнөөдөр манайх 50,000,000 төгрөг шилжүүлэх боломжтой байна та хувийн данс руу шилжүүлсэн тохиолдолд өөрийн хүссэн газраас шилжүүлэн авах боломжтой гэж хэлсэн тул би өөрийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн Хаан банкны 5026972947 дугаарын дансанд 05 дугаар сарын 22-ны өөр 134,980,000 шилжүүлсэн. Харин манай өмгөөлөгч Минжүүрдорж хөдөө орон нутагт ажиллахаар болсон тул манай эхнэр Ч.Түмэндэлгэрийн Хаан банкны 5920285518 дугаарын дансанд дээрх мөнгөн дүн болох 134,980,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Тэгээд манай эхнэр Ч.Түмэндэлгэр 05 дугаар сарын 24-ний өдөр өөрийн Хаан банкны 5920285518 тоот данснаас “Эс Ар Жи Эл Эн” ХХК-ийн 406126610 дугаарын дансанд 133,000,000 сая төгрөгийг Чингэлтэй дүүрэг Нийслэлийн Цагдаагийн газрын хойд талд байрлах Хаан банкны салбараас шилжүүлсэн гэх /1-р хавтаст хэргийн 233-234 дүгээр тал/,

Гэрч Ч.Түмэндэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Бадамрагчаагийн компанийн хуулийн зөвлөх Минжүүрдорж гэх хүн миний Хаан банкны 5920285518 тоот дансанд 05 дугаар сарын 22-ны өдөр 134,980,000 төгрөг шилжүүлсэн тухайн мөнгийг 05 дугаар сарын 24-ний өдөр “Эс Ар Жи Эл Эн” ХХК-ийн 406126610 тоот дансанд Чингэлтэй дүүрэг Байгалийн түүхийн музейн /хуучин/ баруун талд байрлах Хаан банкны салбараас шилжүүлсэн. Намайг мөнгө шилжүүлэх үед манай нөхөр болон “Хийморьт магнай” компанийн 2 ажилтан болон “Эс Ар Жи Эл Эн” ХХК-ийн захирал А гэх эмэгтэй хамт байсан гэх /1-р хавтаст хэргийн 236-р тал/,

Хаан банкны 5920285518 дугаарын данстай Ч.Түмэндэлгэр нь “Худалдаа хөгжлийн” банкны 406126610 дугаартай SRGLN LLC компанийн данс руу “50 арматур” гэсэн гүйлгээний утгатай 133,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт, /1-р хавтаст хэргийн 237 дугаар тал/,

Б.Минжүүрдоржийн 5041057599 дугаарын данс руу 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Төмөрбетон зуурмагийн 5026972947 дугаарын данснаас 134,980,000 төгрөгийг шилжүүлсэн баримт, /1-р хавтаст хэргийн 237 дугаар тал/,

“Төмөрбетон” зуурмагийн 5026972947 тоот Хаан банкны дансанд 5653219558 дугаартай данснаас 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 155,000,000 төгрөгийг “Хийморьт Магнай” ХХК арматурын төлбөр” гэсэн гүйлгээний утгатай 155,000,000 төгрөгийн орлого орсон дансны дэлгэрэнгүй хуулга, /1-р хавтаст хэргийн 238-р тал/,

Шүүгдэгч С.А мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...Мөнхдалай гэх хүн Хийморьт Магнай ХХК-ийн захирал ажилтай бөгөөд Бадамханд гэх хүн тухайн үед над руу яриад арматур авъя, үнэ ханш нь хэд вэ гэсэн. Өмнө нь бид хоёр наймаа хийж байгаагүй боловч намайг арматур, түлшний бизнес эрхэлдэг гэдгийг мэддэг байсан. Тэгээд би Бадамхандтай гэрээ хийсэн чинь тэр “Хийморьт магнай” ХХК-ийн захиалагч нь болж таарсан. Тухайн компанийн төлөөлөлтэй уулзуулах төмрийг нь үзүүлээд гэрээ хийхээр болоод тэдний Улаанхуаранд байх оффис дээр нь очиж 50 тонн арматур төмөр нийлүүлэх гэрээ хийсэн. Тухайн өдрөө материал импексийн хашаа буюу “Хермес” төвийн тэндээс 26 тонн гаруй арматур төмөр ачуулж өгсөн. Үлдэгдэл төмрөө гурвалжингийн гүүрний тэнд байдаг газраас авч өгнө гээд Сайнбуян, Шинэбаяр гэх хүмүүс руү мөнгө шилжүүлсэн боловч тэр хүмүүсээс авч чадаагүй. Тийм болохоор О.Мөнхдалай гэх хүнд өнөөдрийг хүртэл үлдэгдэл төмрийг нь өгч чадаагүй байна...” гэх /1-р хавтаст хэргийн 240 дүгээр тал/,

Шүүгдэгч С.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн “Эс Ар Жи Эл Эн” ХХК-ын дансаар 155,000,000 төгрөг авч анх тохирсон 50 тонн арматурын төмрийн 50 хувийг нийлүүлж үлдсэн 50 хувийн арматурын төмрийг өгөөгүй байгаа нь үнэн. Өмнө гэрчийн мэдүүлэг дээрээ ярьсан Б.Шинэбаяр надаас 40,000,000 төгрөг, бас нэмж 20,000,000 төгрөг нийт 60,000,000 төгрөг авсан. Үлдсэн 10 гаран сая төгрөгийг “Алтантайж” ХХК-аас тонн зөрүү гээд авч чадаагүй...” гэх /4-р хавтаст хэргийн 68-69 дүгээр тал/,

Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлгийг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх,

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч С.А нь үргэлжилсэн үйлдлээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар залилах гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч С.А нь 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Рок-Ойл” ХХК-д тавьсан өрийг төлөх зорилгоор “Рок-Ойл” ХХК-д түлшний менежер хийдэг гэж өөрийгөө танилцуулан, “хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Шинэбаярыг төөрөгдөлд оруулан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 49,050 литр түлшний үнэ болох 81,423,000 төгрөгийг нь авч, хохирогч Б.Шинэбаярт их хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Рок-Ойл” ХХК-д тавьсан өрийг төлөх зорилгоор “хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 37А байрны 1-29 тоотод байршилтай “Он- Ирээдүй” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч Т.Дашцэрэнг төөрөгдөлд оруулан 48,900 литр түлшний үнэ гэж 83,130,000 төгрөгийг нь авч, “Он-Ирээдүй” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,   

“Хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Ориентал 8 тоотод оршин суух хохирогч Д.Мөнх-Эрдэнийг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 64,382,000 төгрөг нийт 84,382,000 төгрөгийг нь авч хохирогч Д.Мөнх-Эрдэнэд их хэмжээний хохирол учруулсан,

2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баганат-Өргөө хотхоны 414-6 тоотод байрлах “Хийморьт магнай” ХХК-ийн оффисын байранд “Хийморьт магнай” ХХК-нд арматурын 50 тонн төмөр" худалдана гэж хуурч “Арматур худалдах, худалдан авах” гэрээ байгуулан гэрээг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар “Хийморьт магнай” ХХК-ны 74,400,000 төгрөгийг нь авч “Хийморьт магнай" ХХК-нд их хэмжээний хохирол тус тус учруулан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар залилах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч,

Шүүгдэгч С.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан.

Шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг журамлах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл ангийг журамлах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн заалтыг зөрчихгүй гэж үзлээ. 

“Он-Ирээдүй” ХХК-н өмгөөлөгч А.Ганбат, хохирогч Б.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ц.Туяа, шүүгдэгч С.Агийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, Э.Шинэцэцэг нар “Рок-Ойл” ХХК, “Эм Си Ти” ХХК нарыг иргэний хариуцагчаар тогтоолгох мөн нэмэлт ажиллагаа хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтууд болон гэрч Д.Нацагдорж, Н.Чулуунбаатар нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч С.А нь “Эм Си Ти” ХХК болон “Рок ойл” ХХК-д урьд өртэй байсан ба хохирогч нараас тус хуулийн этгээдүүд рүү шилжүүлсэн мөнгийг урьд өр төлбөртөө хасуулж, суутгуулах талаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байх тул тус хуулийн этгээдүүдийг иргэний хариуцагчаар татах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч С.Агаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 283,335,000 төгрөгийг гаргуулан хохирогч Баянзүрх дүүргийн 13-р хороо, 11-482 тоотод оршин суух, Б.Шинэбаяр /РД:ОЮ92071107/-д 41,423,000 төгрөг, Баянгол дүүргийн 8-р хороо, 37А-1-29 тоотод оршин суух, Т.Дашцэрэн /РД: ИН84022613/-д 83,130,000 төгрөг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг ориентал 8 тоотод оршин суух, Д.Мөнх-Эрдэнэ /РД:ЕА94032217/-д 84,382,000 төгрөг, Улсын бүртгэлийн дугаар 2671123, Баянзүрх дүүргийн Баганат хороолол 414-6 тоотод байрлах “Хийморт магнай” ХХК-д 74,400,000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгч С.Ад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар  хорих ял оногдуулав.

Шүүгдэгч С.Агийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Агийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 90 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Сэргэлэнгийн Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 /дөрөв/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Агийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 90  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Агаас нийт 283,335,000 төгрөгийг гаргуулан  хохирогч Баянзүрх дүүргийн 13-р хороо, 11-482 тоотод оршин суух, Б.Шинэбаяр /РД:ОЮ92071107/-д 41,423,000 төгрөг, Баянгол дүүргийн 8-р хороо, 37А-1-29 тоотод оршин суух, Т.Дашцэрэн /РД: ИН84022613/-д 83,130,000 төгрөг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Ориентал 8 тоотод оршин суух, Д.Мөнх-Эрдэнэ /РД:ЕА94032217/-д 84,382,000 төгрөг, Улсын бүртгэлийн дугаар 2671123, Баянзүрх дүүргийн Баганат хороолол 414-6 тоотод байрлах “Хийморьт магнай” ХХК-д 74,400,000 төгрөг тус тус олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               П.АРИУНБОЛД