Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 157/2022/0124/Э/226/2022/0046 |
Дугаар | 2023/ШЦТ/17 |
Огноо | 2023-03-03 |
Зүйл хэсэг | 11.1.2.1., |
Улсын яллагч | Т.Б |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Б даргалж, Ерөнхий шүүгч М.Э, шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т
Улсын яллагч Т.Б
Иргэдийн төлөөлөгч Ш.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан Х аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Н-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-ийн Б-д холбогдох эрүүгийн 2239......... дугаартай хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 226/ЗТ2023/00003 дугаартай тогтоолын дагуу харьяалал тогтоож, шилжүүлж ирүүлснийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 197... оны 6 дугаар сарын 25-ны өдөр Х аймгийн Б суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 8, эхнэр хүүхдүүд, зээ нарын хамт, Хаймгийн Б сумын 2 дугаар баг Т т 101 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Б дүүргийн 200.. оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолроор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 01 хоногийн хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А-ийн Б. /РД:СЕ............./
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 23:00 цагийн орчимд Х аймгийн Б сумын 2 дугаар баг Улаан-Өндөр Таван толгойн 4 тоотод байрлах Ц.Б-ы гэрт түүний 6 настай охин болох хохирогч Б.М-ын толгойтой үснээс барьж үүдний довжоо руу цохиж, зодож түүний эрүүл мэндэд нь баруун чамархай яс, дух ясны хугарал, хамрын ясны далд хугарал, мурийлт, тархи доргилт, духны дунд хэсэг, духны зүүн дээд хэсэг, духны баруун хэсэг, баруун хацар хэсэг, хамрын нуруу хэсэг, дээд уруулын дунд хэсэг, хүзүүний зүүн хажуу урд хэсэг, цээжний зүүн хажуу урд доод хэсэг, баруун, зүүн өвдөгний дотор хэсгүүдийн зулгаралт, духны дунд болон духны баруун, зүүн хэсгүүд, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүд, баруун, зүүн хацар хэсгүүд, хамрын нуруу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Бшүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Юу болсныг санахгүй байгаа юм. Тэднийд очиж архи уусан нь миний буруу. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхэд зодсон нь миний буруу. Болсон явдлыг үнэхээр санахгүй байгаа юм. Би үнэхээр их гэмшиж байна. Тэр гэр бүлийнхнийг танина. Хохиролд 7 сая төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардал төлнө...” гэв.
Эрүүгийн 2239...... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-7 дугаар хуудас/
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ы “...Тухайн хэрэг болдог өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ойролцоогоор 12 цагийн үед байх. Б нь манай гэрт ирээд надтай хамт 0,75-н нэг шил архи хувааж уучихаад явсан. Тэгээд орой 11 цагийн үед дахин 1 литрийн EDEN гэдэг архи бариад орж ирсэн. Тэгээд манай эхнэр болох О бид 3 тэр архийг ууж байгаад архиа дуусгалгүй амарцгаах болоод гэрлээ унтраагаад манай гэрийн зүүн орон дээр Б, би эхнэр 2 охины хамтаар баруун орон дээрээ унтацгааж байтал манай бага охин гэнэт орилоод байхаар нь сэртэл охин маань ээж байхгүй байна гэж хэлэхээр нь би сандраад бага охиноо тэврээд гэрийн хойд талд байдаг дүү Баяржаргалынд орох гээд хашааных нь үүдэнд явж байтал Б-ын эхнэр Ш нь манай эхнэр О-ийн хамт манай гэрлүү ирж байна гээд явж байхаар нь М байхгүй байна гэж хэлээд бага охиноо өгчихөөд эхнэрийн хамт гэрлүүгээ орох гээд гүйтэл гэрийн үүдэнд хаалга дэлгэчихсэн манай охин М-Б нь модон довжоон дээр доош нь харуулаад толгойг нь дарчихсан өөрөө газар хөлөө жийгээд суучихсан нэг гараараа үснээс нь барьчихсан үүдний довжоо руу цохиж байсан. Тэгэхээр нь би сандарч очоод Б-г 1 удаа өшиглөөд охиноо тэврээд дүүгийнхээ гэрлүү зугтааж манай бэр дүү Ш эмнэлэг цагдаа дуудсан...Б-г би эртнээс мэднэ. Надтай хамт 2007 оноос хойш захиргаанд цуг ажилладаг байсан, нутгийн танил найз...Өмнө нь манай эхнэр Одонгэрэлийн жирэмсэн байхад нь тэр 2 хоорондоо маргалдаад цагдаа дуудаж байсан. Тэгээд тухайн үедээ гуйгаад байхаар нь өргөдлөө буцааж аваад гомдолгүй гэж байсан. Тэрнээс өөрөөр ойрдоо маргалдаж муудалцсан асуудал байхгүй ээ....Тухайн хэрэг болдог өдөр хоорондоо маргалдаж муудалцсан тийм асуудал гаргаж байгаагүй. Б бол өчигдөр уусан согтоод л тийм үйлдэл гаргасан байх, тэрнээс хэрэлдэж муудалцаагүй байсан. Ер нь уухаараа маш их агсан, гэр бүлийнхэндээ байнга агсан тавьж муудалцаж цагдаа сэргийлэх болдог байсан. Өчигдрийн хувьд охиндоо хөөгдөөд ирлээ гээд ирж байсан...Тэр үед бага охин уйлаад ээж байхгүй байна гээд байхаар нь би бага охиноо тэврээд том охиноо хайтал байхгүй байсан. Тэгээд гараад гүйсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 14-15 дугаар хуудас/
...Тухайн үед миний охины нүүрний баруун талын хэсэг тэр чигтээ зулгараад хавдсан байсан. Тэгээд Х аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж хэвтэхэд эмч нар хамрын яс хугарсан мурийсан, баруун нүдний ухархайн яс дотогшоо цөмөрсөн гэж хэлж байсан. Тэгээд Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн. Одоо ч гэсэн хэд хэдэн удаа Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэж байгаа....Шүүхээр ороод Б нь цаашдаа гарах эмчилгээний зардлыг төлнө гэж хэлсэн байсан. Тийм учраас эмчилгээний зардлаас өөр нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Одоо 2023 оны 04 дүгээр сард дахин Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэнэ.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 9-10 дугаар хуудас/
3. Гэрч А.С-н“...Би Х аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр ажилладаг. 2022 оны 3 дугаар сарын 01-ний шөнө гэртээ байж байхад жижиүүр эмчээр гарч байгаа О.Х над руу 00:13 цагт утсаар залгаж манай үйлчлэгч О-ийн охин М хүнд зодуулсан байна, та хурдан хүрээд ир гэхээр нь би гэрээс гарч Баяржаргалын гэрт очиход Б.М нь 6 настай эмэгтэй хүүхэд байсан. Тэгээд үзэхэд нүүр нь зулгарсан, толгой хавантай, нил цус болсон байсан. Тэгээд сумын эмнэлэг дээр авчирч анхан шатны тусламж үзүүлээд шууд аймгийн эмнэлэгт авчирч хэвтүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19 дүгээр хуудас/
4. Гэрч О.Х-ийн “...Би Х аймгийн Бсумын Эрүүл мэндийн төвд эх баригч бага эмч ажилтай. Жижүүр эмчээр 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 24 цаг үүрэг гүйцэтгэх хугацаанд орой 2022 оны 3 дугаар сарын 01-ний 00:13 цагт Эрүүл мэндийн төвийн сувилагч О “Б гэх айлаас дуудлага ирсэн” гэсний дагуу сувилагч О-н хамтаар гэрт нь очиход Б-ы М гэх 6 настай эмэгтэй хүүхэд нүүр нь цус, толгой тархи хавдсан байхаар нь үзэж их эмч А.С-утсаар мэдэгдэж дуудсан. Намайг дуудлаганд ирэхэд хүүхдийн толгой хавантай, нүүр зулгарсан, бие нь цус болсон, уруул нь хавдсан зэргийг харахад зодуулсан байдалтай байсан юм. Намайг очиход Б.М-ээж О, аав Б нар манай охиныг Б зодсон гэж хэлсэн. Б намайг очиход архи уусан бололтой байсан. Мөн ээж О-ээс архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 22-23 дугаар хуудас/
5. Гэрч Б.Ш-ын “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг шилжих шөнө буюу ойролцоогоор 23 цаг 40-50 минутын үед намайг Х аймгийн Б сум 2-р баг Ул 5-3 тоот дахь гэртээ амрах гэж байхад манай нөхрийн төрсөн ах Б-ы эхнэр О нь манайд левчик, турсинктэйгээ орж ирсэн. Тэгээд гайхаад юу болсон талаар асуухад эгч “Манай гэрт Бирж архи уугаад намайг гэрээс хөөгөөд гаргачихлаа, цагдаа дуудаж өгөөч" гэж хэлэхээр нь би сумын цагдаагийн утсыг мэдэхгүй гэхэд эгч манай гэрт миний утсан дээр дугаар нь байгаа гэхээр нь эгч О-тай хамт тэдний гэр лүү орох гээд хашааных нь хойд талд явж байтал ах Б нь бага охин М-ыг дагуулаад М алга байна гээд хайчихсан явж байсан. Тухайн үед Б ахын гэрийн үүдэнд Б гээд залуу нь “ална” гээд орилоод зогсож байсан. Тэгээд Б ахын охиныг хайж манайд орчихсон юм байх гэж бодоод өөрийнхөө гэр лүү гүйж ороод хартал М байхгүй байсан. Удалгүй Батсайхан ах О эгч хоёр М-тэврээд Б хүүхдийг минь зодчихлоо гээд орж ирсэн. Тэр үед Мөнх-Учралыг харахад нүүр нь тэр чигтээ цус болчихсон байсан. Тэгээд би шууд 7056102 буюу Х аймгийн цагдаагийн утас руу залгаж дуудлага өгчихөөд дараа нь сумын эмнэлэг рүү залгасан...Би гэртээ байж байхад Б ах миний охиныг Б зодчихлоо гээд тэврээд орж ирсэн...Б О хоёулаа бага зэрэг амссан байсан харагдаж байсан. Гэхдээ тийм ухаанаа алдатлаа уусан байгаагүй. Ах эгч 2 зүгээр л харагдаж байсан...Б О нар нь хүүхдүүддээ гар хүрч хэрүүл маргаан үүсгэж байсан асуудал бол огт гаргаж байгаагүй. Хүүхдүүддээ гар хүрч бол байгаагүй. Тэр тухай би сайн мэдэж байгаа...Б бол манай сумын иргэн. Эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Архи согтууруулах ундааны зүйл бол ер нь их хэрэглэж байгаа харагддаг. Уухаараа ер нь их агсан тавьдаг. Урьд нь миний мэдэхээр хэдэн жилийн өмнө хутга шөвөгний хэрэгт холбогдож байсан санаж байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 27 дугаар хуудас/
6. Гэрч А.О-ийн “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай нутгийн танил залуу болох Баатархүү нь манай гэрт өдөр 12 цагийн орчимд манай нөхөр Б-тай хамт 1 шил 0,75-н архи хувааж уусан. Тэгээд тэр архиа ууж яваад орой 22-23 цагийн орчимд гэж санаж байна, эргэж согтуу манай гэрт дахин 1 шил литрийн EDEN гэдэг нэртэй архи барьж ирээд бид 3 хамтдаа архийг нь талд нь ортол нь уусан. Тэр үед манай охин М Б-ийн утсаар тоглоод Б ч миний охинтой тоглоод сууж байхаар нь охиноо унтья гэж хэлчихээд би хэвтээд унтчихсан байсан. Тэгээд гэнэт орой 23 цагийн орчимд хүн орилоод “зайл яв гээд” байхаар нь би айгаад левчик турсинктайгаа гэрээсээ гарч гүйгээд хойд талынхаа хашаанд байдаг нөхрийнхөө дүүгийн гэрт ортол дүүгийн эхнэр Шинэсаруул гэртээ байж байхаар нь "Б манай гэрт архи уугаад хөөгөөд байхаар нь айгаад гараад ирлээ цагдаа дуудаад өгөөч" гэж хэлэхэд Ш цагдаа дуудахаар дүүг дагуулаад эргэж гэрлүүгээ орох гээд хашааны буланд явж байтал манай нөхөр Батсайхан бага охин Мөнх-У-ыг тэвэрчихсэн М та хоёрыг хайгаад явж байлаа гэхээр нь нөхөр бид хоёр шууд бага охиноо Ш-д өгөөд өөрсдөө гэрлүүгээ гүйгээд очтол Б нь манай гэрийн хаалгыг дэлгэчихсэн өөрөө газар хөлөө жийгээд хөлөн дээгүүрээ манай охин Мөнх-Учралыг давуулж хэвтүүлээд үснээс нь зулгаагаад гэрийн модон довжоон дээр нүүрээр нь цохиж байсан. Тэгээд нөхөр бид 2 шууд очиж охиноо аваад дүүгийн гэр лүү гүйж эмнэлэг дуудсан. Тухайн үед Б манай охины нүүрийг довжоон дээр цохингоо “аав ээж чинь хаана байна, ална” гээд орилоод байсан.
...Б нөхөртэй найз нөхдийн л харилцаатай байсан...Намайг жирэмсэн байхад буюу 5 жилийн өмнө Б нь согтуу манай гэрт намайг зодож байсан. Тэр үед нь цагдаа сэргийлэх дуудаж өгч байсан. Тэгээд Баатархүү гуйгаад байхаар нь тэр үедээ гомдлоо буцааж байсан...Манай охин 2006 онд Х аймгийн Х суманд төрсөн. Одоо 6 настай. Б сумын цэцэрлэгт явдаг. М-биед хамар яс нь цууралттай, зүүн нүднийх нь яс мөн гэмтэлтэй гэсэн. Улаанбаатар хот руу хагалгаанд орохоор яваад хойшлоод ирсэн. Удахгүй дахиад явна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 37 дугаар хуудас/
7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 195 дугаартай шинжээчийн: “...1.Б.М-ын биед баруун чамархай яс, дух ясны хугарал, хамрын ясны далд хугарал, мурийлт, тархи доргилт, духны дунд хэсэг, духны зүүн дээд хэсэг, духны баруун хэсэг, баруун хацар хэсэг, хамрын нуруу хэсэг, дээд уруулын дунд хэсэг, хүзүүний зүүн хажуу урд хэсэг, цээжний зүүн хажуу урд доод хэсэг, баруун, зүүн өвдөгний дотор хэсгүүдийн зулгаралт, духны дунд болон духны баруун, зүүн хэсгүүд, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүд, баруун, зүүн хацар хэсгүүд, хамрын нуруу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх баруун чамархай яс, дух ясны хугарал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 54 дүгээр хуудас/
8.Шүүх, сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн: “...1. А.Б нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байгаагүй байна. 2. А.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3.А.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой гэдгийг мэдэх чадвартай. 4.А.Б нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх баримт мэдээлэл үзлэгээр үгүй байна. 5.А.Б нь хэрэг үйлдэх үедээ болон одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 13-15 дугаар хуудас/
9.Шүүгдэгч А.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өглөө ажлаасаа буугаад гэртээ амарч байтал Б манай гэрт орж ирээд зуурмагийн машин буулгалцаад өгөөч гэхээр нь очиж буулгалцаад байж байтал Б нэг шил архи аваад манай гэрт очиж ууя гээд тэдний гэрт очоод ууж байтал манай эмнэлгийн жолооч З Б-ы гэрт орж ирээд хроп өргөлцөөд өгөөч гэхээр нь Б-ы гэрээс гараад эмнэлгийн грашд хроп өргөлцсөн. Тэгээд тэндээс гараад гэрлүүгээ очтол манай охин Хонгорзул архи уулаа гээд загнаад байхаар нь би гэрээсээ гараад ажил руугаа очиж байж байгаад тэндээс нэг шил архи олж аваад эргэж орой ойролцоогоор 21 цагийн орчимд нэг шил архиа аваад Батсайхны гэрлүү очсон. Намайг очиход тэдний гэрт Б эхнэр О болон 2 охины хамт дөрвүүлээ байж байсан. Тэгээд би авчирсан 1 литрийн EDEN гэдэг архиа Б болон эхнэр О-тэй хамт 3-лаа уугаад ерөнхийдөө тасарчихсан байсан. Тэрнээс хойш бол юу ч санахгүй байгаа. Тэгээд маргааш өглөө нь эрүүлжүүлэхэд сэрээд болсон асуудлын талаар сонссон...Тэр өдөр Б-тай хамт 1,75-н X гэдэг архи хувааж уугаад орой 1 литрийн EDEN гэдэг архийг талд нь ортол уусан байсан. Тэгээд тасарчихсан байна лээ...Би яг юу болсон талаар мэдэхгүй байна. Үнэхээр санах юм алга байна. Тухайн хэрэг болсны дараа өдөр би өглөө эрүүлжүүлэхэд сэрэхэд миний гар цус болчихсон байхаар нь гайхаад байж байтал хэсгийн төлөөлөгч Г орж ирээд болсон асуудлын талаар надад хэлсэн. Мөн би тэр үед юу болсноо санах гэж оролдоход хэрэг болдог орой би “нэг юмтай ноцолдоод ч байгаа юм шиг, над руу нэг юм ноцоод ч байгаа юм шиг санагдаад” байсан. Тэгээд би тэр хүүхдийг зодчихсон юм байхдаа гэж бодсон. Тиймээс би хүүхдийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр:
10. Гэрч Б.О-ын “...Б ах бол бусадтай нийтэч харьцаатай, ажилдаа сайн. Хааяа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, гэхдээ элдэв ааш зан гаргаад агсам согтуу тавиад байдаггүй хүн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 дугаар хуудас/,
11. Гэрч М.Ч-ын “...Б бол хүнд тусархуу зантай хүн. Ажилсаг залуу. Архи согтууруулах ундааны зүйлийг хааяа л хэрэглэдэг. Тэрнээс байнга ууж идээд байдаггүй. Уухаараа элдэв ааш гаргаж байхыг нь харж байгаагүй ээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46 дугаар хуудас/
12. Б овогт А-ийн Б-ийн мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт “...эелдэг тусархаг зантай, мөрдөн байцаалтын үед биеэ “сайн” авч явж байсан...” гэх, /1-р хх-ийн 66 дугаар хуудас/
13. Х аймгийн Б сумын Улаан-Өндөр багийн Засаг даргын “...А.Б нь 2007-2018 он хүртэл ЗДТГ-т галч, сахиулаар, 2018 оноос одоог хүртэл “Өндөр-хаан илч” ХХК-д машинистаар тус тус ажиллаж байна.” гэх тодорхойлолт /1-р хх-ийн 74 дүгээр хуудас/
14. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ы Х аймгийн Прокурорын газарт гаргасан “...Тухайн хэрэг болсон цагаас хойш А.Б нь бидэнд охин Б.М-ын эмчилгээний зардалд одоо гарчихаад байгаа эмчилгээний зардал болон хойшид гарах эмчилгээний зардалд нийт 7,000,000 төгрөгийг төлж барагдуулсан юм. Одоо бид энэхүү зардлаар охиноо дахин эмчилгээнд хамруулах гэж байгаа юм. А.Б-г би бага байхаас нь мэднэ. Бид хоорондоо гэмгүй найзалж нөхөрлөөд явдаг байсан. Иймд одоо бид А.Б-д гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй болно.” гэх хүсэлт болон эмчилгээний зардал хүлээлцсэн баримт /1-р хх-ийн 145-147 дугаар хуудас/
15. А.Б-ийн байгууллагын болон сумын аварга ажилтнаар шалгарч байсан “Өргөмжлөл”-үүд /1-р хх-ийн 148-149 дүгээр хуудас/
16. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ы шүүхэд гаргасан “...2022 оны 02 дугаар сарын 28-ны орой найз А.Б-ийн хамт гэртээ архи уусан бөгөөд А.Б- нь согтуурсан үедээ охины минь биед халдсан. Тухайн үед бид цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гомдол гаргасан. Хэрэг шалгагдаж байх хугацаанд Б-ээс хохирол барагдуулж, 7 сая төгрөг бэлнээр авсан. Гэвч хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж Б- хорих ял авсан. Тухайн үед бид гомдолгүй гэж мэдүүлж байсан. Миний болон манай гэр бүлийн зүгээс энэ хүнд ямар нэгэн гомдолгүй бөгөөд хорих ял оноомооргүй байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч Б-г хорих ялаас чөлөөлж өгнө үү...” гэх хүсэлт /2-р хх-ийн 34 дүгээр хуудас/
17.Х- аймаг, Б- сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Б овогтой М-нь Ц.Д- багштай 1а ангид сурч байгаа нь үнэн болно.” гэх тодорхойлолт,
18.Х аймаг, Б сумын Эрүүл мэндийн төвийн “Б овогтой М нь 6 настай, эмэгтэй. Эмчийн хяналтад байдаггүй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно.” гэх тодорхойлолт,
19.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ы “...охины биеийн байдал хэвийн, эрүүл саруул, найз нөхөдтэйгөө энгийн, хэвийн харилцаатай суралцаж байна.” гэх тодорхойлолт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүгдэгч А.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Х аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 23:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Б сумын Улаан-Өндөр 2 дугаар баг, Таван толгойн 4 тоотод байрлах Ц.Б-ы гэрт түүний 6 настай охин болох хохирогч Б.М-толгойтой үснээс барьж үүдний довжоо руу цохиж, зодож түүний эрүүл мэндэд нь баруун чамархай яс, дух ясны хугарал, хамрын ясны далд хугарал, мурийлт, тархи доргилт, духны дунд хэсэг, духны зүүн дээд хэсэг, духны баруун хэсэг, баруун хацар хэсэг, хамрын нуруу хэсэг, дээд уруулын дунд хэсэг, хүзүүний зүүн хажуу урд хэсэг, цээжний зүүн хажуу урд доод хэсэг, баруун, зүүн өвдөгний дотор хэсгүүдийн зулгаралт, духны дунд болон духны баруун, зүүн хэсгүүд, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүд, баруун, зүүн хацар хэсгүүд, хамрын нуруу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр”, 2.7-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохиролд 7 сая төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-аас “Зүйлчлэлийн хувьд маргаангүй оролож байгаа. Энэ хэрэг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу одоогоос 1 жилийн өмнө гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй хамт ажилладаг, найз нөхөд хүмүүс байдаг. Тухайн өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний эхнэр болон Б 3 архи уусан байдаг, юу болсноо санахгүй, маргааш өглөө нь эрүүлжүүлэхэд сэрсэн байдаг. Хүүхэд зодсоноо мэдээгүй. Нөхцөл байдлын хувьд 6 настай хүүхдэд санаатайгаар гэмтэл учруулчихъя гэх санаатай үйлдэл, оюун бодол байгаагүй. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй...” гэх саналыг,
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “...тархины хүнд гэмтэл учруулсан тул гэм буруутай...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хүндрүүлэх 14 шинжийг хуульчилсан бөгөөд 2.1-д “онц харгис хэрцгийгээр;”, 2.7-д “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж;” гэх хүндрүүлэх шинжүүд тусгагдсан байна.
“Онц харгис хэрцгий” гэх хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, харин “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан буюу хохирогч бага насны хүүхэд тул өөрийгөө хамгаалах чадваргүй байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг.
Шүүгдэгч А.Б нь 6 настай хохирогч Б.Мөнх-Учралын толгойтой үснээс барьж үүдний довжоо руу цохиж, зодож түүний эрүүл мэндэд нь баруун чамархай яс, дух ясны хугарал, хамрын ясны далд хугарал, мурийлт, тархи доргилт, духны дунд хэсэг, духны зүүн дээд хэсэг, духны баруун хэсэг, баруун хацар хэсэг, хамрын нуруу хэсэг, дээд уруулын дунд хэсэг, хүзүүний зүүн хажуу урд хэсэг, цээжний зүүн хажуу урд доод хэсэг, баруун, зүүн өвдөгний дотор хэсгүүдийн зулгаралт, духны дунд болон духны баруун, зүүн хэсгүүд, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүд, баруун, зүүн хацар хэсгүүд, хамрын нуруу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан байна.
Иймд Х аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, зүйлчлэлийн талаар талуудаас маргаж мэтгэлцээгүй байх тул шүүгдэгч Б овогт А-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэ талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Б овогт А-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, хүүхдийн цаашдын эрүүл мэнд, сэтгэл санаа болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг харгалзан 8 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 214 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Хохирогчид учирсан гэмтлүүд нь хүнд болон хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Шүүгдэгчийн хувьд анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсээр ирсэн байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн удаа дараа гаргасан ял шийтгэл хөнгөрүүлж өгнө үү гэх хүсэлт, хохиролд 7 сая төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан шийдвэрлэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна.
Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч А.Бнь 45 настай, бага боловсролтой, ам бүл 8, эхнэр, хүүхдүүд, зээ нарын хамт, Хаймгийн Б сумын 2 дугаар баг Таван толгойн 101 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2003 онд 1 удаа ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдов.
Шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хохиролд 7 сая төгрөг төлсөнөөр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 06 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлсөн хэдий боловч насанд хүрээгүй хохирогч Б.Мөнх-Учралын биед баруун чамархай яс, дух ясны хугарал, хамрын ясны далд хугарал, мурийлт, тархи доргилт, духны дунд хэсэг, духны зүүн дээд хэсэг, духны баруун хэсэг, баруун хацар хэсэг, хамрын нуруу хэсэг, дээд уруулын дунд хэсэг, хүзүүний зүүн хажуу урд хэсэг, цээжний зүүн хажуу урд доод хэсэг, баруун, зүүн өвдөгний дотор хэсгүүдийн зулгаралт, духны дунд болон духны баруун, зүүн хэсгүүд, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүд, баруун, зүүн хацар хэсгүүд, хамрын нуруу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдсон, хохирогчид учирсан хор уршиг арилаагүй, шүүгдэгч нь уг гэмт хэргийг согтуугаар, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Шүүгдэгч А.Б нь энэ гэмт хэргийн улмаас 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 214 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж зааснаар шүүгдэгч А.Б-гийн цагдан хоригдсон 214 /хоёр зуун арван дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Б-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт А-ийн Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б овогт А-ийн Б-д 06 /зургаа/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 06 /зургаа/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийн цагдан хоригдсон 214 /хоёр зуун арван дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Шүүгдэгч А.Б нь хохирогчийн эмчилгээний зардалд 7,000,000 /долоон сая/ төгрөгийг төлсөн байх ба шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Шүүгдэгч А.Б-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАТБАЯР
ШҮҮГЧИД М.ЭНХМАНДАХ
Б.БОЛОР-ЭРДЭНЭ