| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0060/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/060 |
| Огноо | 2023-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,
Улсын яллагч: Ж.Энхбат
Шүүгдэгч: Б.Түвшинтөгс, Б.Өлзийбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Түвшинтөгс, Б.Өлзийбилэг нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2214002660322 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.Түвшинтөгс нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шөнийн 04-05 цагийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах Хонгор хотхоны 201 дүгээр байр 2 дугаар орц 2 тоотод оршин суух иргэн Б.Баттулгын гэрт нь Б.Өлзийбилэгтэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхи, салст, баруун хацар, зүүн, баруун бугалагны дотор тал, зүүн мөр, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Өлзийбилэг нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шөнийн 05-06 цагийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах Хонгор хотхоны 201 дүгээр байр 2 дугаар орц, 2 тоотод иргэн оршин суух иргэн Б.Баттулгын гэрт нь Б.Түвшинтөгстэй маргалдаж, улмаар түүнийг аягаар цохиж, эрүүл мэндэд толгойн баруун зулай шарх, зүүн дагз, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Хохирогч Б.Өлзийбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2022 оны 08 дугаар сарын 26-ны орой бааранд 3 найзын хамт сууж байгаад 01 цагийн үед гэр лүүгээ явах гээд гараад явж байгаад баарны үүдэнд Д.Түмэнжаргалтай таарахад 2 танихгүй залуугийн хамт юм яриад зогсож байсан. Тэгээд намайг дуудахаар нь очиж уулзахад Д.Түмэнжаргал манай найзууд байгаа юм, дөрвүүлээ нэг газар очоод ярилцаад сууя гээд захын хойно байрлах Шаргалжуут караокед орж 1 цаг дуулаад 1 шил 0.75 литртэй архийг хувааж уусан. Тэгээд гараад Б.Баттулгын гэрт буюу Хонгор хотхонд очоод 1 шил 0.75 литртэй архийг дөрвүүлээ хувааж уугаад дуусгасан. Тухайн үед шөнийн 04 цаг болж байсан. Тэгээд би явах гэхэд 2 залуугийн 1 болох Б.Түвшинтөгс гэх залуу унтлагын өрөө рүү дагуулж ороод “энд унтчих” гээд орон дээр дарж унагахаар нь явна гэж би нэлээд эсэргүүцсэн. Тэгтэл Б.Түвшинтөгс тоглоомоор ч юм уу миний боовыг хөхөөд босгочих гэж хэлэхээр нь согтуу хүнтэй олон юм яриад яах гээд аргалж байгаад өрөөнөөс гарч ирээд ширээний хажууд сууж байтал миний боовыг хөхөөд босгоодох гэж хэлээд байхаар нь хэрэлдэж маргалдсан. Тэгтэл Б.Түвшинтөгс миний баруун талын нүд рүү гараараа цохихоор нь би тонгойгоод нүдээ дараад суухад миний үснээс гараараа зулгааж татаад толгойн дагз хэсэг рүү 4 удаа цохисон. Тэр үед би баруун гартаа ундаатай цэнхэр өнгийн шинжтэй аяга барьсан байсан. Тухайн аягаараа болиулах санаатай цохисон. Тэр үед гарыг онолоо гэж бодсон, тэгтэл толгой руу нь цохисон байсан. Б.Баттулга, Д.Түмэнжаргал нар бид хоёрыг салгаад Б.Түвшинтөгсийг үүд рүү аваад явж байтал салж ирээд миний шилэн хүзүү рүү, нуруу руу хэд хэдэн удаа цохисон. Би тэр үед гараараа толгойгоо дарж хамгаалсан дахин Б.Баттулга, Д.Түмэнжаргал нар салгаж авч явахад “энийг алчихъя” гээд тэлээгээ тайлаад над руу дайраад байсан. Б.Түвшинтөгс, Б.Баттулга нартай шөнө баарны гадаа уулзаад танилцсан, тэрнээс өмнө таньдаггүй байсан. Миний баруун нүд хавдаж хөхөрсөн, нурууны хэсгээр хөндүүрлэж, хавдаж, өвдөж байгаа, толгойн дагзны хэсэгт хэд хэдэн газарт овойгоод хавдсан баруун, зүүн гарын сарвууны хэсэгт хөхөрсөн байгаа, биеийн байдал зүгээр нүд харанхуйлаад толгой эргээд байгаа, өөр ямар нэг зовуурь байхгүй,....дараа нь цагдаа дуудаад ирсний дараа Б.Түвшинтөгс чи миний толгой руу аягаар цохиж хагалсан гэж хэлэхээр мэдсэн юм тэрнээс өмнө бол мэдээгүй байсан . Тухайн аяга нь цэнхэр өнгийн шинжтэй шилэн аяга байсан, аяга хагараад үйрч унасан, өөр би Б.Түвшинтөгсийн биед халдаж цохисон зүйл байхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна, Б.Түвшинтөгстэй эвлэрсэн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,
Хохирогч Д.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“... 2022 оны 08 дугаар сарын 26-ны орой 00 цаг үед танил ах Б.Баттулгын хамт Уранхайрхан баарны гадаа явж байгаад Д.Түмэнжаргалтай танилцаад машинд сууж байхад найз гэх Б.Өлзийбилэг нь ирээд мөн танилцаад ярилцаж байгаад Шаргалжуут караокед очиж 1 цаг дуулж, 0.75 литртэй архи уучихаад Б.Баттулгын гэрт дөрвүүлээ 02 цаг өнгөрч байхад ирээд 1 шил 0.75 литртэй архийг хувааж уугаад дуусаж байхад буюу шөнийн 04 цаг өнгөрч байсан. Тэгтэл Б.Өлзийбилэг хөх толгойд гэрт хүргэж өг” гэхээр нь “согтуу байна, машин барьж болохгүй” гэж хэлээд Б.Өлзийбилэг бид 2 маргалдсан. Тэгэхээр нь “би унт” гэж хэлэхэд над руу гөжүүдлээд хэрэлдээд дайраад байхаар нь “чи тэнэг юм байна” гэж хэлэхэд ширээн дээр байсан цэнхэр өнгийн шинжтэй аягыг аваад миний толгойг цохиж хагалаад дахин архины шил аваад намайг цохих гээд байхаар нь нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгтэл намайг Д.Түмэнжаргал, Б.Баттулга нар барьж аваад салгасан. Тэгтэл хогийн шүүр аваад дахиж толгойны ар хэсэг рүү цохисон тэгээд хэрэлдэж байгаад больсон. Б.Өлзийбилэг миний толгойн баруун дээд хэсэгт аягаар цохиж хагалсан, 2 оёо тавиулсан. Мөн хогийн шүүрээр толгойн ар хэсэгт цохиж хатгаж гэмтэл учруулсан өөр гэмтэл учраагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Өлзийбилэгтэй эвлэрсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 21- 23/,
Шүүгдэгч Б.Түвшинтөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Хэн нь түрүүлж цохисон бэ гэдэг асуудал дээр маргаад байгаа байх гэж би ойлгож байна. Б.Өлзийбилэгийг үсдээд дарсан байсан тохиолдолд миний толгойны зулай хэсэгт аягаар хүрэх боломж байхгүй гэдгийг хэлмээр байна. Тухайн үед шөнийн 04-05 цагийн үед Б.Өлзийбилэг нь машин бариад намайг Хөх толгой руу хүргээд өг гэсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор машин барьж явах боломжгүй гэж хэлснээс болж анх маргаан үүссэн. Миний боовыг хөхөөд босгоод өгчих гэдэг үгийг тоглоом, шоглоомоор хэлсэн болохоос биш энэ хүний биед халдаж, ямар нэгэн байдлаар Б.Өлзийбилэг рүү дайраагүй гэв.
Шүүгдэгч Б.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 04 цагийн үед Б.Өлзийбилэгтэй юм яриад суугаад би тоглоод Б.Өлзийбилэгт миний боовыг хөх гэж хэлсэн. Тэгтэл барьж байсан шинжтэй цэнхэр аягаар миний толгой руу цохиж хагалахаар нь би яаж байна пизда гэхэд хоосон архины шилээр цохих гээд байхаар нь би зөрүүлээд нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. Хаана цохисныг мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/,
Шүүгдэгч Б.Өлзийбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Анх намайг унтлагын өрөөнд оруулчихаад “...миний боовыг хөхөөд өг...” гэдэг үгнээс болж маргаан үүссэн. Бид 4 ширээ тойроод юм яриад сууж байхад тийм зүйл хэлээгүй. Тухайн үед Б.Түвшинтөгс миний биед халдсанаас болж хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Б.Түвшинтөгсөөс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Одоо учирсан гэмтэл эдгэрсэн байгаа гэв.
Шүүгдэгч Б.Өлзийбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Б.Түвшинтөгс тоглоомоор ч юм уу, үнэн хэлээд байгаа юм уу миний боовыг хөхөөд босгочих гэж хэлээд байхаар нь согтуу хүнтэй янз бүрийн юм яриад яах гээд аргалж байгаад унтлагын өрөөнөөс гарч ирээд том өрөөний ширээний хажууд сууж байтал Б.Түвшинтөгс миний боовыг хөхөөд босгоодох гэж дахин хэлээд байхаар нь юу яриад байгаа гээд хоорондоо маргалдсан. Тэгтэл Б.Түвшинтөгс миний баруун талын нүд рүү гараараа цохихоор нь би тонгойгоод зүүн гараараа нүдээ дараад тонгойход миний үснээс гараараа зулгааж доош нь дараад толгойн дагз хэсэг рүү 4-5 удаа цохисон. Тэр үед би баруун гартаа ундаатай цэнхэр өнгийн шинжтэй аяга барьсан тул тухайн аягаараа болиулах санаатай гар луу нь цохиж тавиулъя гэж бодоод цохисон. Тэгтэл аяга хагараад үйрээд унасан. Тэгтэл Б.Баттулга, Д.Түмэнжаргал нар ирээд Б.Түвшинтөгсийг салгаж аваад явсан. Тэгтэл дахин салж ирээд намайг хөргөгч болон хөлөөрөө цохиод байсан. Тэр үед би гараараа дарж хамгаалсан. Дахин Б.Баттулга, Д.Түмэнжаргал нар салгаж авч явахад “энийг алчихъя” гээд тэлээгээ тайлаад шавхуурдах гээд над руу дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-78/,
Гэрч Д.Түмэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2022 оны 08 дугаар сарын 26-ны орой найз Б.Өлзийбилэг болон түүний хоёр найзын хамт бааранд ороод эргээд удалгүй гарч ирээд явах гээд байж байтал 2 залуу ирээд уулзаад танилцсан. Тухайн залуучуудыг Б.Баттулга, Б.Түвшинтөгс нар гэж байсан. Тэгээд Шаргалжуут караоке ороод 1 цаг орчим суугаад 1 шил 0.75 литртэй архийг хувааж уугаад, 02 цаг өнгөрөөгөөд гарч ирээд Б.Баттулгын гэрт очоод 1 шил 0.75 литртэй архийг хувааж уугаад юм ярьж суусан.Б.Өлзийбилэг намайг явъя гэхэд Б.Өлзийбилэгийг Б.Түвшинтөгс жоохон байж байгаад яв гээд бэлхүүсээр нь тэврээд, түрээд унтлагын өрөө рүү орсон. Тэгтэл Б.Өлзийбилэг явлаа гэж яриад байсан. Тэгтэл пид, пад хийх чимээ буюу өрөөнд байсан матраас дээр унаж байгаа чимээ дуулдаж байсан. Тэгээд удалгүй хоёулаа гарч ирээд Б.Өлзийбилэг ширээний хажууд суугаад Б.Түвшинтөгс сая унтлагын өрөөнд ороод миний эрхтнийг хөхөөд босгоодох гээд байна гэж хэлсэн. Тэгтэл Б.Түвшинтөгс ширээний хажууд суугаад Б.Өлзийбилэгийг “миний эрхтнийг хөхөөд босгоодох” гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Гэнэт Б.Түвшинтөгс, Б.Өлзийбилэгийг толгойтой үснээс нь зулгаагаад доош дараад толгой руу нь цохиод байсан. Тэр үед цэнхэр шинжтэй аяга хагарч үйрч унасан. Тэгтэл Б.Түвшинтөгс салаад “ёооё” гээд толгойноос нь цус гарахад орилоод “чамайг ална” гээд Б.Өлзийбилэгийг буйдан болон хөргөгчийн завсар шахаж байгаад толгой, бие рүү гараараа болон хөлөөрөө олон удаа өшиглөөд, цохиод байхаар нь Б.Баттулгын хамт Б.Түвшинтөгсийг салгасан. Тэгтэл дахин хутга авах гэхээр нь би чирсээр байгаад унтлагын өрөө рүү орж тайвшруулсан. Тэгтэл дахин Б.Түвшинтөгс, Б.Өлзийбилэг дээр очоод өшиглөж цохихоор нь салгасан,... Намайг харахад Б.Өлзийбилэгийг Б.Түвшинтөгс ширээний хажууд үснээс нь зулгаагаад доош нь дараад толгой нуруу руу нь их олон удаа цохиод байсан. Тэгтэл Б.Өлзийбилэг үснээсээ зулгаалгаж толгойгоо даруулсан байхад нь цэнхэр өнгийн шинжтэй аяга хагарч унасан. Харин Б.Өлзийбилэгийг Б.Түвшинтөгсийн толгойг аягаар цохихыг бол сайн хараагүй юм. Тухайн үйл явдал их хурдан хугацаанд болсон. Харин Б.Өлзийбилэг, Б.Түвшинтөгсөд үсдүүлээд толгойгоо доош нь даруулсан байхдаа аягаар цохисон талаар хэлсэн. Тухайн цэнхэр өнгийн шинжтэй аяга нь ширээн дээр ундаа ууж байсан аяга байгаа. Б.Түвшинтөгсийн толгойноос цус гарсны дараа Б.Өлзийбилэгийг буйдан хөргөгчийн завсар шахаж байгаад толгой, нуруу руу нь их олон удаа цохисон. Салгаад авч явтал эргэж ирээд дахин Б.Өлзийбилэгийг гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд байсан. Б.Өлзийбилэгийн баруун нүд хөхөрч хавдсан, толгойн хэсэгт 4-5 газар хавдсан байсан. Өөр ил харагдах гэмтэл харагдаагүй, харин Б.Түвшинтөгсийн толгойн баруун талын хэсгээс нь цус гарч байгаа харагдсан, 2 оёо тавиулсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/,
Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2022 оны 08 дугаар сарын 27-ны шөнийн 02 цаг өнгөрөөгөөд манайд очоод 1 шил 0.75 литртэй архи хувааж уугаад байж байгаад Б.Түвшинтөгс, Б.Өлзийбилэгтэй манай унтлагын өрөө рүү орж гарч ирээд ширээн дээр сууж байгаад хоорондоо маргалдаад байсан. Тэгтэл юм чат хийгээд дуугарахаар нь харахад Б.Өлзийбилэг гараа далайсан байдалтай боссон, Б.Түвшинтөгс нь суусан байдалтай байж байгаад Б.Өлзийбилэг рүү дайрч босож ирээд гараа далайгаад толгой руу нь 1 удаа цохихоор би дундуур нь гүйж ороод салгахад Б.Түвшинтөгс, Б.Өлзийбилэгийг хана руу шахсан байсан. Тэгээд салгаад яагаад эмэгтэй хүн цохиод байгаа гэхэд миний толгойг хага цохчихлоо гэж хэлэхэд толгойн зүүн дагзны хэсгээс цус урсаад байсан. Тэгж байтал Б.Түвшинтөгс цусаа хараад, “тархи хагалчихлаа гээд дайраад Б.Өлзийбилэг рүү дайрахаар нь Б.Түвшинтөгсийг барьж аваад холдуултал нэг нэгэн рүүгээ дайрахад Д.Түмэнжаргал, Б.Түвшинтөгсийг барьж авч салгасан,....Миний харснаар бол чат хийж юм хагарахаар нь харахад Б.Өлзийбилэг, Б.Түвшинтөгсийг цохисон бололтой гар нь далайгаад бууж байсан болохоор Б.Өлзийбилэг эхэлж цохисон, харин дараа нь Б.Түвшинтөгс нь босож ирээд Б.Өлзийбилэгийг гараараа толгой руу нь цохиод, үснээс нь гараараа барьсан байсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 83-85/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 589 дугаартай
1.Б.Өлзийбилэгийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, салст, баруун хацар, зүүн, баруун бугалагны дотор тал, зүүн мөр, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 586 дугаартай
1.Б.Түвшинтөгсийн биед толгойн баруун зулай шарх, зүүн дагз,зулгаралт гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-13/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 69-72, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88-89/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92, 94/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 93, 95/, депозит дансны хуулгууд /хх-ийн 97-10, 110-121/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 103/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Б.Түвшинтөгс нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 04-05 цагийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах Хонгор хотхоны 201 дүгээр байр 2 дугаар орц, 2 тоотод оршин суух иргэн Б.Баттулгын гэрт нь Б.Өлзийбилэгтэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхи, салст, баруун хацар, зүүн, баруун бугалагны дотор тал, зүүн мөр, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Өлзийбилэг нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 05-06 цагийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах Хонгор хотхоны 201 дүгээр байр 2 дугаар орц, 2 тоотод оршин суух иргэн Б.Баттулгын гэрт нь Б.Түвшинтөгстэй маргалдаж, улмаар түүнийг аягаар цохиж, эрүүл мэндэд толгойн баруун зулай шарх, зүүн дагз, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь
шүүгдэгч Б.Өлзийбилэгийн ....Б.Түвшинтөгс миний баруун талын нүд рүү гараараа цохихоор нь би тонгойгоод зүүн гараараа нүдээ дараад тонгойход миний үснээс гараараа зулгааж доош нь дараад толгойн дагз хэсэг рүү 4-5 удаа цохисон. би баруун гартаа ундаатай цэнхэр өнгийн шинжтэй аяга барьсан тул тухайн аягаараа болиулах санаатай гар луу нь цохиж тавиулъя гэж бодоод цохисон аяга хагараад үйрээд унасан,.... дахин салж ирээд намайг хөргөгч болон хөлөөрөө цохиод байсан. Тэр үед би гараараа дарж хамгаалсан.... мэдүүлэг /хх-ийн 76-78/,
шүүгдэгч Б.Түвшинтөгсийн.... Б.Өлзийбилэг цэнхэр аягаар миний толгой руу цохиж хагалахаар нь би яаж байна пизда гэхэд хоосон архины шилээр цохих гээд байхаар нь би зөрүүлээд нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. Хаана цохисныг мэдэхгүй байна....” мэдүүлэг /хх-ийн 67-68/,
хохирогч Б.Өлзийбилэгийн ...миний баруун нүд хавдаж хөхөрсөн, нурууны хэсгээр хөндүүрлэж, хавдаж, өвдөж байгаа, толгойн дагзны хэсэгт хэд хэдэн газарт овойгоод хавдсан баруун, зүүн гарын сарвууны хэсэгт хөхөрсөн байгаа, биеийн байдал зүгээр нүд харанхуйлаад толгой эргээд байгаа, өөр ямар нэг зовуурь байхгүй,....би Б.Түвшинтөгсийн биед халдаж цохисон зүйл байхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,
хохирогч Б.Түвшинтөгсийн ....Б.Өлзийбилэгийг би унт гэж хэлэхэд над руу гөжүүдлээд хэрэлдээд дайраад байхаар нь “чи тэнэг юм байна” гэж хэлэхэд ширээн дээр байсан цэнхэр өнгийн шинжтэй аягыг аваад миний толгойг цохиж хагалсан,... хогийн шүүр аваад дахиж толгойны ар хэсэг рүү цохисон, .... миний толгойн баруун дээд хэсэгт аягаар цохиж хагалсан, 2 оёо тавиулсан. Мөн хогийн шүүрээр толгойн ар хэсэгт цохиж хатгаж гэмтэл учруулсан өөр гэмтэл учраагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 21- 23/,
гэрч Д.Түмэнжаргалын .....Б.Түвшинтөгс, Б.Өлзийбилэгийг толгойтой үснээс нь зулгаагаад доош дараад толгой руу нь цохиод байсан. Тэр үед цэнхэр шинжтэй аяга хагарч үйрч унасан. Б.Түвшинтөгсийн толгойноос нь цус гарахад орилоод “чамайг ална” гээд Б.Өлзийбилэгийг буйдан болон хөргөгчийн завсар шахаж байгаад толгой, бие рүү гараараа болон хөлөөрөө олон удаа өшиглөөд, цохиод байсан /хх-ийн 25-27/,
гэрч Б.Баттулгын ....Б.Түвшинтөгс нь суусан байдалтай байж байгаад Б.Өлзийбилэг рүү дайрч босож ирээд гараа далайгаад толгой руу нь 1 удаа цохихоор,...,....Миний харснаар Б.Өлзийбилэг, Б.Түвшинтөгсийг цохисон бололтой гар нь далайгаад бууж байсан болохоор Б.Өлзийбилэг эхэлж цохисон, харин дараа нь Б.Түвшинтөгс нь босож ирээд Б.Өлзийбилэгийг гараараа толгой руу нь цохиод, үснээс нь гараараа барьсан байсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 83-85/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 09 сарын 01-ний өдрийн 589 дугаартай....Б.Өлзийбилэгийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, салст, баруун хацар, зүүн, баруун бугалагны дотор тал, зүүн мөр, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...гэх дүгнэлт /41-42/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 586 дугаартай... .Б.Түвшинтөгсийн биед толгойн баруун зулай шарх, зүүн дагз,зулгаралт гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 35-36/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Өлзийбилэг, Б.Түвшинтөгс нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Өлзийбилэг, Б.Түвшинтөгс нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч Б.Өлзийбилэг, Б.Түвшинтөгс нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Б.Өлзийбилэг нь хохирогч Б.Түвшинтөгсийн биед толгойн баруун зулай шарх, зүүн дагз,зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 35-36/,
Шүүгдэгч Б.Түвшинтөгс нь хохирогч Б.Өлзийбилэгийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, салст, баруун хацар, зүүн, баруун бугалагны дотор тал, зүүн мөр, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн , 35-36, 41-42/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нар нь бие биедээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Түвшинтөгс, Б.Өлзийбилэг нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Түвшинтөгс нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Өлзийбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт....би аргагүй хамгаалалтын улмаас хүний биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-т....Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй... гэж заасан.
Аргагүй хамгаалалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 1,13 дахь хэсгүүдэд заасан амьд явах, халдашгүй байх эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах үйлдэл ба халдлага нь аюултай буюу амь нас эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан үйлдэл, довтолгооны эсрэг хийж буй таслан зогсоох үйлдэл юм.
Шүүгдэгч Б.Өлзийбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт... Б.Түвшинтөгс миний баруун талын нүд рүү гараараа цохихоор нь би гараараа нүүрээ дараад тонгойгоод сууж байтал миний үснээс зулгаагаад доош дарсан, би үснээсээ барьсан гарыг нь тавиулах гэж Б.Түвшинтөгсийг цохьсон... гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Түвшинтөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Б.Өлзийбилэг эхлээд намайг аягаар цохисон болохоор би зөрүүлээд цохисон.. гэх мэдүүлэг зэргээр үзэхэд шүүгдэгч Б.Өлзийбилэгийн амь биед аюултай хүч хэрэглэсэн нэн даруй хохирол учруулах шинжтэй үйлдлийг Б.Түвшинтөгс хийгээгүй, харин түүний үйлдлийг эсэргүүцэж гараараа нүүр лүү нь цохисон, шүүгдэгч Б.Өлзийбилэг нь Б.Түвшинтөгсийн үйлдлийг таслан зогсоох өөрөөсөө зайлуулахдаа гарт байсан аягаар толгой руу цохьсон гэж үйлдэл нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж дүгнэлт хийх боломжгүй юм.
Шүүгдэгч Б.Түвшинтөгс, Б.Өлзийбилэг нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Түвшинтөгс, Б.Өлзийбилэг нар нь өөрсдийн үйлдлийн улмаас нэг нэгнээсээ учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Түвшинтөгс, Б.Өлзийбилэг нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тэдгээрт тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.Түвшинтөгс, Б.Өлзийбилэг нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Өлзийбилэг, Б.Түвшинтөгс нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар шүүгдэгч Б.Түвшинтөгс нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал / Улаанбаатар их сургуульд Бизнесийн удирдлага мэргэжлээр магистрт суралцаж байгаа, Баянхонгор аймгийн 9-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Есөн-эрдэнэ зах худалдааны төвд тамхины бөөний худалдаа эрхэлдэг, тогтмол орлоготой, хувьд ногдох үл хөдлөх хөрөнгөтэй /, шүүгдэгч Б.Өлзийбилэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал, болон хувийн хувийн байдал/ 0-10 бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон ганц бие эмэгтэй, Баянхонгор аймгийн Жаргалант сумын цэцэрлэгт архив, бичиг хэргийн ажилтнаар ажилладаг, сарын 660000 төгрөгийн цалинтай, хувьд ногдох үл хөдлөх хөрөнгөтэй/ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулж шийдвэрлэхээс гадна шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Өлзийбилэгийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Түвшинтөгсийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Түвшинтөгс, Б.Өлзийбилэг нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн шилний үйрмэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж,
Шүүгдэгч Б.Түвшинтөгс, Б.Өлзийбилэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Түвшинтөгс, Б.Өлзийбилэг нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Түвшинтөгс, Б.Өлзийбилэг нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Түвшинтөгсийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.Өлзийбилэгийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Түвшинтөгсөд оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг , шүүгдэгч Б.Өлзийбилэгт оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд тус тус төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Түвшинтөгс, Б.Өлзийбилэг нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Түвшинтөгс, Б.Өлзийбилэг нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн шилний үйрмэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Б.Түвшинтөгс, Б.Өлзийбилэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Түвшинтөгс, Б.Өлзийбилэг нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА