Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0020

 

 

 

                                      

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн хуралдааны 4 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И” ХХК

Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам

Хариуцагч: Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газарт /ОНӨААТҮГ/  нарын  хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Р.Б нар биечлэн, Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г  цахимаар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И” ХХК-аас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эцсийн байдлаар Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газарт холбогдуулан /цаашид “захиалагч” гэх/ “тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны УСУГ-ХА-2021-35 дугаартай “Хуванцар усан сан нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендерт “Г” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох,

Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан Сангийн яамны 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/2608 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах,

Тус яамны 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/2674 дүгээр албан бичгээр гомдол гаргагчаас банкны баталгаанд төлсөн 1,327,500,00 төгрөгийг улсын орлого болсон шийдвэрийг хүчингүй болгуулах,

“И” ХХК-аас тендерийн баталгаанд төлсөн 1,327,500,00 төгрөгийг буцааж олгохыг Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газарт /ОНӨААТҮГ/ даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлон маргасан.

2. Анх Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/72 дугаар тушаалаар Хуванцар усан сан нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулжээ[1].

Улмаар 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Хуванцар усан сан нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендерийн баримт бичгийг Ус сувгийн удирдах газрын даргаар батлуулж,  2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зарлахаар шийдвэрлэн[2] төлөвлөсөн ажлаа бүрэн хийж гүйцэтгэжээ.

2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр тендерт оролцогч нарын цахимаар ирүүлсэн  материалыг нээхэд “Г”  ХХК /111,531,850,00 төгрөг/, И ХХК /121,990,000,00 төгрөг/, Ун******* ХХК /129,895,000,00 төгрөг/ үнийн саналыг өгсөн болон бусад тендерийн баримт бичгийн бүрдэл зэрэгт дүгнэлт өгч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасныг дагуу “Г” ХХК-ийг  УСУГ-ХА-2021-35 дугаартай “Хуванцар усан сан нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендерийн нийлүүлэгчээр сонгож, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэжээ[3].

            Уг шийдвэрийг нэхэмжлэгч “И” ХХК-аас эс зөвшөөрч 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “...савны материал болон жийргэвч резиний шинжилгээг хамтад нь хийлгэж байж лабораторын шинжилгээний шаардлагыг бүрэн хангах ёстой байдаг. Мөн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг гаргуулаагүй... тендерийн материалын бүрдүүлэлтийн  шаардлагыг хангаагүй гэж үзэж...энэ тендерийг хүчингүй болгож өгнө үү...” гэх[4] гомдлыг Монгол Улсын Сангийн яаманд  гаргасан.

            Хариуцагч Монгол Улсын Сангийн яам уг гомдлыг хүлээн авч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т заасныг дагуу 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлж гомдлыг хянан шийдвэрлэх шаардлагатай баримтуудыг захиалагчаас ирүүлэхийг шаардан[5] авч улмаар гомдлын хянан үзээд “...Захиалагч тендерийн баримт бичигт хуванцар усан савны жийрэг резинд шинжилгээ хийлгэх, мөн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт ирүүлэх талаар тусгайлан заагаагүй байна...” гэж дүгнээд захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацааг дуусгавар болгосон байна[6].

            Энэ шийдвэр гарсантай холбогдуулан Монгол Улсын Сангийн яамнаас нэхэмжлэгч “И“ ХХК-аас 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байршуулсан тендерийн баталгааны 1,327,500,00 төгрөгийг улсын Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын 100900000753 тоот дансанд төвлөрүүлэхийг[7] Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газарт /ОНӨААТҮГ/ даалгасан тул тус байгуулагаас дээрх ажиллагааг хийж хэрэгжүүлэх тухай албан бичгийг Хаан банкинд хүргүүлжээ[8].

            3.”И“ ХХК-аас дээрх шийдвэрүүдийн улмаас зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

            4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...Сангийн яамыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйл, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан журмын дагуу гомдлыг хянан шийдвэрлээгүй, ...савны эд ангиудын холбоос буюу савны зайлшгүй бүрдэл материал болох жийргэвч резинд мөн лабораторийн дүгнэлттэй байх шаардлагатай...” гэжээ.

            4.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Усны савны жийргэвч резиний  шинжилгээг авалгүйгээр тендерт шалгаруулсан. Бид өөрийнхөө субьектив эрхийг сэргээлгэхээс илүүтэй энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани учраас Нийслэлийн цэвэр усны эрүүл аюулгүй байдал, хүн амын эрүүд мэндэд аюул учруулж болохуйц байдлыг шалгаж тогтоож өгөөч гэж Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдлоо хуулийн дагуу шударгаар шийдвэрлүүлэх эрхээ эдэлмээр байна. Сангийн яам гомдлыг үндэслэлтэй хянаагүй байж тендерийн баталгааг улсын орлого болгож байгаа.1,327,500 төгрөг харьцангуй бага мөнгө боловч шударга ёсны төлөө бид буцааж авах ёстой...” гэжээ[9].

5. Хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар /ОНӨААТҮГ/ хариу тайлбартаа:”...тухайн тендерт оролцогч И ХХК-аас гаргасан гомдлын дагуу тендерийн материалыг дээд шатны байгууллага болох Сангийн яамаар хянуулсны үндсэн дээр тус тендер сонгон шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэн “Г” ХХК-тай хуванцар усан сан нийлүүлэх гэрээг байгуулан гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулан төлбөр барагдуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.

5.1.Хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Манай Ус сувгийн удирдах газрын дэргэд усны төвд итгэмжлэгдсэн лаборатори байдаг. Энэ лаборатори цэвэр усны дээжийг олборлож байгаа усны сангаас авхуулаад хүргэж байгаа ус түгээх байр хүртэл шат дамжлагаар өдөр болгон шинжилгээ авч баталгаажуулж явдаг. Давхар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хөндлөнгийн хяналт хийгээд уснаас нь дээж авч Монгол Улсад мөрдөгдөж байгаа ундны усанд нийцэж байгаа эсэх талаар хөндлөнгийн дүгнэлт гаргуулж, шинжилгээний хариуг тухай бүрд нь гаргуулж явдаг. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн асуудал гараагүй.Энэ усаар ард иргэдийг ундны усаар хангахад ямар нэгэн асуудалгүй, шаардлага нийцсэн ус гэсэн дүгнэлт гараад явж байгаа. Резин зөвхөн савтай холбоотой ундны усан дээр 100 хувь хүрэлцдэг зүйл биш. Хуванцар усан савнаас гадагш нь ус гоожуулахгүй гэсэн бүрдэл хэсэг болохоос резин дотор нь байдаг зүйл биш. Тиймээс заавал шинжилгээ хийлгэхээр техникийн тодорхойлолтод ороогүй...”[10] гэв.

6. Хариуцагч Монгол Улсын Сангийн яам хариу тайлбартаа: “...Захиалагчаас ирүүлсэн тендерийн материалыг гомдлын дагуу хянан үзэхэд гомдол үндэслэлгүй буюу захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байсан тул холбогдох хариуг Сангийн яамны 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/2608 дугаар албан бичгээр захиалагч болон “И” ХХК-д мэдэгдсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтад тендерт оролцогчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг улсын орлого болгохоор Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 7.1-д тус тус заасны дагуу Ус сувгийн удирдах газарт “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/2674 дугаар албан бичгийг хүргүүлсэн. “И” ХХК-ийн тендерийн баталгааг улсын орлого болгох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэв.

6.1. Хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Гомдлын хүрээнд тендерийн баримт бичгийг хянан шалгана. Гомдолд дурдаагүй асуудлаар хянан шалгах нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн асуудал болно. Захиалагчийн шаардаж байгаа техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг “Г” ХХК хангасан эсэхэд тендерийн материалыг хянан шалгаж дүгнэлт өгөх ёстой. Үүний дагуу шалгарсан компани шаардлагад нийцсэн буюу тендерийн тодорхойлолтод заасан шалгууруудыг бүгдийг нь хангаж байсан учраас гомдол үндэслэлгүй гэсэн хариу гарсан. Тендерийн баримт бичигт заагаагүй шалгууруудыг хангасан байхыг тендерт оролцогчоос шаардах үндэслэлгүй. Захиалагч тендерийн тодорхойлолтыг үндэслэн түүний дагуу шалгаж, зөв дүгнэлт өгч шийдвэрлэсэн. Гомдол үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн учраас тендерийн баталгааг улсын орлого болгосон...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг баримтлан  нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргааны хүрээнд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч “И” ХХК-аас  нэхэмжлэлийн үндэслэлээс гадна тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...манайх тендерт шалгарах байсан гэж маргаагүй. Тиймээс тендер шалгаруулалтын өөрт хамаарах хэсэгт гомдол гаргаагүй. “Г” ХХК-ийг шалгуурын дагуу шалгаруулаагүй гэж маргаж байгаа. Шаардлагатай шинжилгээг бүрэн хийгдээгүй савыг шалгаруулж байгаа нь нийтийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд аюултай байж болзошгүй. Бүрэн шалгаагүй байж Сангийн яам гомдлыг үндэслэлгүй гэж тендерийн баталгааг улсын орлого болгож байгаа нь хууль бус юм...” маргасан болно.

3.Өөрөөр хэлбэл захиалагчийн “...”И” ХХК-ийг Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны /цаашид ТОӨЗ гэх/ 12.1(ё)-ийн 2. ...2019, 2020 оны ижил тэстэй ажлын гэрээнүүдийн гэрээний хуулбар, бараа хүлээлцсэн акт, туахйн гэрээний үнийн дүн бүхий и-баримтын хуулбарыг он тус бүрд бүрэн ирүүлээгүй,  

ТОӨЗ 22.4-ийн 9 “Манай техникийн тодорхойлолтуудын бүрдэл, техникийн үзүүлэлт хэсэгт тусгагдсан барааны нэр төрөл, тоо хэмжэний дагуу нэг бүрийн үнийг жагсаа ирүүлэх” гэснийг бүрэн ирүүлээгүй буюу 15 ширхэг усан сангийн техникийн тодорхойлолтын дагуу задаргааг үнийн жагсаалтыг ирүүлээгүй.

 ТОӨЗ 22.4-ийн 10 “нийлүүлэхээр санал болгож байгаа савны материал дээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас материалын сорьцын шинжилгээний лабораторийн дүгнэлт гаргуулсан байх” ба тендерийн баримт бичигт хавсаргасан   техникийн тодорхойлолтын “4.Чанарын шалгуур: хэсэгт “нийлүүлэгч нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын материалын сорьцын шинжилгээний лабораторийн дүгнэлт сертификат авсан байх /тухайн жилд шинээр авсан буюу баталгаажсан байх/ гэснийг хангаагүй ба өмнөх жилийн буюу 2020 оны шинжилгээний бичиг ирүүлсэн тул тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “анхааруулга” хэсэгт “дээр заасан материалуудын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заасны дагуу мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “...тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана...”[11] заасныг үндэслэн тухайн тендерээс татгалзсан шийдвэрийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

3.1. Нөгөөтээгүүр Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.”Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу маргаан бүхий тендер сонгон шалгаруулалтад мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т зааснаар шаардлагад нийцсэн тендерийн хамгийн бага үнэтэй “Г” ХХК-ийг тендерийг сонгосон үндэслэлтэй байна.

Товчхондоо маргаан бүхий тендерийг хүчингүй болгуулах ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүхээс УСУГ-ХА-2021-35 дугаартай “Хуванцар усан сан нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендерт “Г” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хууль бус байсан гэж дүгнэх боломжгүй.

Маргаан бүхий энэ актыг анхнаасаа хууль зүйн алдаатай гарсан зүйлгүй, түүнийг хүчингүй болгох үндэслэлийн талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тодорхой хууль зүйн факт хөндөж тавиагүй болно.

3.2.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “И” ХХК  2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Мэргэжлийн хяналтын газарт гаргасан “Усны нөөцийн савны жийрэг резин”, “Усны нөөцийн савны материал” зэрэгт хамтад нь шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу тус газрын Хими, хор судлалын лабораториос ирүүлсэн дээжид шинжилгээний хийж, 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шинжилгээний дүнг гаргажээ[12].

Гэвч УСУГ-ХА-2021-35 дугаартай “Хуванцар усан сан нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендерийн баримт бичгийн бүрэлдэхүүн болох  ТОӨЗ, түүний холбогдох зүйл заалтын мэдээллийг гүйцээх,нэмэлт оруулах эсхүл өөрчлөх зорилготой, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд “Хуванцар усны савны жийрэг резин”-д болон дагалдах хэрэгсэлд шинжилгээ хийлгүүлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын материалын сорьцын шинжилгээний лабораторийн дүгнэлт сертификатыг ирүүлэх талаар тусгайлан заагаагүй байх тул  нэхэмжлэгчийн  “шаардлагатай шинжилгээг бүрэн хийгдээгүй” гэх тайлбар үндэслэлгүй болно.

3.3.Хариуцагч Монгол Улсын Сангийн яам нэхэмжлэгч “И” ХХК-аас гаргасан гомдлыг[13] Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 5-д заасан Тендер шалгаруулалттай холбогдох баримт бичгийг холбогдох баримтын хамт хянаад энэ журмын 6.2.12-д зааснаар захиалагчийг хууль зөрчөөгүй гэж үзэн энэ тухай 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/2608 дугаар албан бичгээр гомдол гаргагч “И” ХХК-д мэдэгдсэн[14].

Албан бичгийн агуулгаас үзвэл гомдол гаргагчийн өргөдөлд дурдсан болон захиалагчийн шийдвэрийн үндэслэл болсон бүхий л асуудлыг нягтлан шалгасан болох нь дээр дурдсан хариуцагчийн тайлбараар давхар нотлогдож байх тул хариуцагчийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу хийх ёстой шалгалтаа хийгээгүй, зохих хяналт шалгалтыг хийгээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

3.4.Түүнчлэн хариуцагч өөрийн баталсан журмын 7-д заасны  дагуу гомдол гаргагчийн тендерийн баталгааны 1.327.500.00 төгрөгийг Төрийн санд төвлөрүүлэхийг  2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/2674 дугаар албан бичгээр[15] захиалагчид үүрэг болгосныг буруутгах боломжгүй.

4.Учир нь маргааны үндэслэлд дурдсан үйл баримтын талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд зохицуулсан байх бөгөөд “И” ХХК-аас энэ зүйлийн 55.1.”Тендерт оролцогч нь...захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн,...гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 5 өдрийн дотор гаргана”-сан.

Хариуцагч Монгол Улсын Сангийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.9.”Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох...” гэж заасан холбогдох ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлсэн болох нь дээр дурдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Энэ хуульд заасныг үндэслэн хариуцагчаас 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/2674 дүгээр албан бичгээр гомдол гаргагчаас банкны баталгаанд төлсөн 1,327,500,00 төгрөгийг улсын орлого болгох шийдвэрлэсэн нь хууль ёсны байх тул маргаж буй актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй.

4.1.Уг шийдвэрийг хэрэгжүүлэх талаар 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 06/866 албан бичгээр” Хаан банк”-д хандсан захиалагчийг үйлдэл хуулийн дагуу тул гомдол гаргагч “И” ХХК-аас тендерийн банкны баталгаанд төлсөн 1,327,500,00 төгрөгийг буцаан олгох боломжгүй.

Захиалагчийг захиргааны хууль бус татгалзал гаргасан гэх үндэслэл олдсонгүй.

4.2.Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтаар “Хуванцар усны савны жийрэг резин”-д сорьцын шинжилгээний лабораторийн дүгнэлтгүйн улмаас  нийтийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд аюултай байж болзошгүй нөхцөл байдал үүсэх, бий болох нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ талаарх үндэслэл бүхий нотлох баримтыг /эх сурвалжтай мэдээлэл, судалгаа, дүгнэлт/ нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, энэ талаар шүүхээс хязгаарлалт хийгээгүй тул мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хариуцагч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

5.Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчийн өөрийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй хууль, ёсны эрхийг зөрчсөн, ашиг сонирхлыг хөндсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Хариуцагч нарын үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “хуульд үндэслэх”, 4.2.2” шуурхай тасралтгүй байх”, 4.2.3” ...илт тод, нээлттэй байх...”,4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмуудыг баримталсан байх тул нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ  нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.7.3, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт тус тус заасныг баримлан “И” ХХК-аас Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газарт “тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны УСУГ-ХА-2021-35 дугаартай “Хуванцар усан сан нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендерт “Г” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох, Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан Сангийн яамны 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/2608 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, тус яамны 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/2674 дүгээр албан бичгээр гомдол гаргагчаас банкны баталгаанд төлсөн 1,327,500,00 төгрөгийг улсын орлого болсон шийдвэрийг хүчингүй болгуулах, “И” ХХК-аас тендерийн баталгаанд төлсөн 1,327,500,00 төгрөгийг буцааж олгохыг Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газарт /ОНӨААТҮГ/ даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 1 Хавтас хэргийн 79 хуудас

[2] 1 Хавтас хэргийн 86 хуудас

[3] 1 Хавтас хэргийн 122-124 хуудас

[4] 1 Хавтас хэргийн 19 хуудас

[5] 1Хавтас хэргийн 207  хуудас

[6] 1 Хавтас хэргийн 208 хуудас

[7] 1 Хавтас хэргийн 5 хуудас

[8] 1 Хавтас хэргийн 209 хуудас

[9] 1 Хавтас хэргийн1-2 хуудас

[10] 1 Хавтас хэргийн 77-78 хуудас

[11] Хавтас хэргийн 201-203, 205 хуудас

[12] 1 Хавтас хэргийн 20-21 хуудас

[13] 1 Хавтас хэргийн 19 хуудас

[14] 1 Хавтас хэргийн 17 хуудас

[15] 1 Хавтас хэргийн 5 хуудас