| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2022/1019/З |
| Дугаар | 221/МА2025/0289 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2025/0289
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй нэгдүгээр бага сургуулийн барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгүүлэх тухай 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн НХААГ-18/0010 дугаартай Гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасны дагуу Ажил бүрэн дууссан тухай мэдэгдэл гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, НХААГ-18/0010 дугаартай гэрээний дагуу барьцаа хөрөнгийн 50 хувь болох 42 988 600 төгрөгийг нэхэмжлэгчид олгох талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах, НХААГ-18/0010 дугаартай Гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасны дагуу барьцаа хөрөнгийн 50 хувь болох 42 988 600 төгрөгийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олгохыг хариуцагчид даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, өмгөөлөгч Ө.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2022/1019/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т холбогдуулан “Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй нэгдүгээр бага сургуулийн барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгүүлэх тухай 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн НХААГ-18/0010 дугаартай Гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасны дагуу Ажил бүрэн дууссан тухай мэдэгдэл гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, НХААГ-18/0010 дугаартай гэрээний дагуу барьцаа хөрөнгийн 50 хувь болох 42 988 600 төгрөгийг нэхэмжлэгчид олгох талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах, НХААГ-18/0010 дугаартай Гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасны дагуу барьцаа хөрөнгийн 50 хувь болох 42 988 600 төгрөгийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олгохыг хариуцагчид даалгуулах” маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 43 дугаар зүйлийн 43.6, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, өдрийн НХААГ-18/0010 дугаартай гэрээний дагуу Ажил бүрэн дуусан тухай мэдэгдэл гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу “С” ХХК-ийн барьцаа хөрөнгийг тооцон буцаан олгохыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“...Уг захиргааны хэргийн маргаж байгаа үндэслэл бол тохируулгын хугацаанд ашиглалтын хэвийн үйл ажиллагаанд нийцүүлэн засвар үйлчилгээг хийхгүй байгаа буюу барилга байгууламж ашиглалтад хүлээж авсны дараа гарсан зөрчил юм.
Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14,6-д заасны дагуу чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад гүйцэтгэгч “С” ХХК-ийн хийсэн ажилд зөрчил илэрч, ашиглагч байгууллагаас гомдол ирүүлсэн.
Хуулийн зүгшрүүлэх тохируулах хугацаа дуусаагүй байхад гологдол зөрчил гарсан талаар захиалагчийн техник хяналт хэрэгжүүлэгчээс улсын байцаагчид хандаж дүгнэлт гаргуулсан байдлаар нотлогдож байгаа, мөн барьцаа хөрөнгийн суллах боловч доголдол зөрчил байгаа үүнийг ... барьцаа хөрөнгөнөөс 10 000 000 төгрөгийг үлдээж гэж холбогдох талууд дүгнэсэн боловч өнөөдрийг хүртэл зөрчил арилгаагүй энэ талаар ч нэхэмжлэгч хугацаа дууссан тул засварлах боломжгүйг шүүхэд тайлбарладаг. Үүнээс харахад хуульд заасан тохируулгын хугацаанд ашиглалтын хэвийн үйл ажиллагаанд нийцүүлэн засвар үйлчилгээг хийж дуусгах үүргээ гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч “С” ХХК биелүүлээгүй, мөн шүүхээс энэ талаар үндэслэх хэсэгт ... 7, 13-т тус тус дурдсан боловч гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хавтаст хэрэгт тохируулгын хугацаанд зөрчлүүд байгаа талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дотоод хяналтын хэлтсээс хийсэн мэдээлэх хуудас, ашиглагч байгууллагын зүгээс ирүүлсэн зөрчилтэй талаарх баримтыг огт анхаарч үзээгүй.
Анхан шатны шүүх дүгнэхдээ хэт нэг талыг барьж нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэхгүйгээр дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн тодруулсан шаардлагаа “Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй 1 дүгээр бага сургуулийн барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх тухай НХААГ-18/0010 дугаар гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасны дагуу “Ажил бүрэн дууссан тухай мэдэгдэл” гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, НХААГ-18/0010 дугаар гэрээний дагуу барьцаа хөрөнгийн 50 хувь болох 42,988,600 төгрөгийг нэхэмжлэгчид олгох талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах, Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй 1 дүгээр бага сургуулийн барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх тухай НХААГ-18/0010 дугаар гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасны дагуу “Зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай мэдэгдэл” гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, НХААГ-18/0010 дугаар гэрээний дагуу барьцаа хөрөнгийн 50 хувь болох 42,988,600 төгрөгийг нэхэмжлэгчид олгох талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” гэжээ.
Гуравдагч этгээдээс дээрх нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай холбогдуулж 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бичгээр хариу тайлбар гаргасан. Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тодруулсан шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэсэн атлаа дээрх тодруулсан шаардлагатай холбогдуулж гуравдагч этгээдээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгаагүй, харин хамгийн анх шүүхэд гаргасан шаардлагатай холбогдуулж гаргасан хариу тайлбар болох 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хариу тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгаж хэргийг шийдвэрлэсэн байна. Гуравдагч этгээдийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болох 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн бичгийн тайлбартай шүүгч болон шүүх бүрэлдэхүүн танилцаагүй гэж үзэж байна.
Эс үйлдэхүйг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргахыг даалгах” гэж зааснаас үзвэл “захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” болон “захиргааны акт гаргахыг даалгах” гэдгийг салгаж ойлгохгүй, өөрөөр хэлбэл тус тусдаа нэхэмжлэлийн шаардлага гэж тайлбарлах боломжгүй. Учир нь зорилго нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус идэвхгүй байдлын эсрэг чиглэгддэг бөгөөд зорилго нь захиргааны акт гаргуулахад орших билээ.
Иймээс эс үйлдэхүйн эсрэг даалгах нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөлд нэхэмжлэлээр шаардаж буй зүйл нь захиргааны акт гаргуулах байна, өөрөөр хэлбэл бусад шийдвэр, үйл ажиллагаа байх ёсгүй. Мөн нэхэмжлэгч нь захиргааны байгууллагад захиргааны актыг гаргуулахад өргөдөл, хүсэлт гаргасан боловч түүнийг шийдвэрлээгүй захиргааны эс үйлдэхүй байхаар, нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ захиргааны байгууллагын захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь түүний нийтийн эрх зүйн субьектив эрхийг зөрчсөн гэдгийг, өөрөөр хэлбэл захиргааны акт гаргуулахыг шаардах эрхийн үндэслэлээ нийтийн эрх зүйн хүрээнд тодорхой заах ёстой.
Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна” гээд 11.1.1-д “захиргааны акт”, 11.1.2-т “захиргааны гэрээ”, 11.1.3-д “захиргааны хэм хэмжээний акт” гэжээ.
“С” ХХК болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нарын хооронд байгуулагдсан НХААГ-18/0010 дугаартай гэрээ нь захиргааны гэрээний шинжийг агуулсан байх боловч нэхэмжлэлийн шаардлага, түүний шаардах эрхийн үндэслэл нь гэрээний эрх зүйн харилцаа буюу гэрээний үр дүн, гүйцэтгэсэн ажил, барьцаа төлбөрийн асуудал байх ба нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр шаардах эрхээ тодорхойлоогүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь Ажил гүйцэтгэх гэрээ /Иргэний хуулийн гучин нэгдүгээр бүлэг/-ээс үүссэн, гэрээний ерөнхий нөхцөлийн 32, 45, 51 дүгээр зүйлд зааснаар гэрээний нэг тал болох гүйцэтгэгч нь гэрээний нөгөө тал болох захиалагчаас барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхээр маргасан. Харин гэрээний нөгөө тал нь гүйцэтгэсэн ажил нь чанарын доголдолтой, зөрчил гологдлоо арилгаагүй гэж маргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар бүлэгт заасан “Захиргааны гэрээ”-ний агуулгаар маргаагүй байна.
Тодруулбал, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон “С” ХХК нарын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ΗΧΑΑΓ-18/0010 дугаартай “Сургуулийн барилгын өргөтгөл, 480 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй 1 дүгээр бага сургууль/ барих ажлын гэрээ”-гээр гүйцэтгэгч /С ХХК/ нь гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл болзолд нийцүүлэн энд заасан ажлыг гүйцэтгэж, зөрчил гологдол арилгах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Нөгөө талаас захиалагч /Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар/ нь гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийх ажил болон зөрчил, гологдол арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээхээр гэрээ байгуулсан.
Тус гэрээнд “Ажил бүрэн дууссан тухай мэдэгдэл”-ийг хэн хэзээ хэрхэн гаргахын зохицуулсан зохицуулалт нь гэрээний Ерөнхий нөхцөлийн Д хэсгийн 52-т Ажил дуусгах гээд 52.1-т “Гүйцэтгэгч нь ажил дууссан тухай мэдэгдэл гаргах хүсэлтийг төслийн менежерт тавих бөгөөд төслийн менежер ажил дууссан гэж үзвэл уг мэдэгдлийг гаргана” гэж зааснаас үзвэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гэрээгээр олгогдсон эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэгч нь тухайн ажлыг гэрээний бүх нөхцөл болзолд нийцүүлэн, ажлыг гүйцэтгэж дууссан эсэхэд үнэлэлт дүгнэлтээ өгч, дууссан гэж үзвэл тухайн мэдэгдлийг гаргах эрх нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт байна.
Мөн тус гэрээнд гэрээний Ерөнхий нөхцөлийн А хэсгийн 1-д нэр томьёо хэсэгт “Зөрчил гологдол гэж зураг төсөл, техникийн тодорхойлолтыг зөрчсөн, чанарын гологдол гаргасан буюу ажлын гэрээнд заасны дагуу хийгдээгүй ажлыг хэлнэ” гэж “Зөрчил, гологдол арилгасан тухай мэдэгдэл гэж гүйцэтгэгч зөрчил гологдлыг арилгасныг үндэслэн төслийн менежерийн гаргасан баталгааг хэлнэ” гэж тус тус тодорхойлсон. Харин “Зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай мэдэгдэл”-ийг хэн хэзээ хэрхэн гаргахын зохицуулсан зохицуулалт нь гэрээний Ерөнхий нөхцөлийн В хэсгийн 32-т Зөрчил гологдол арилгах гээд 32.1-т “Төслийн менежер гэрээний тусгай нөхцөлд заасан чанарын баталгаат хугацаа дуусахаас өмнө зөрчил, гологдол арилгах тухай мэдэгдлийг гүйцэтгэгчид өгнө. Чанарын баталгаат хугацааг зөрчил гологдлыг арилгаж дуусах хүртэл сунгана” гэж зааснаар тухайн мэдэгдлийг гаргах эрх нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт байна.
Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “... барьцаа хөрөнгөө авахаар хандахад чанарын баталгаат хугацаа дуусаагүй гэж огт хамааралгүй асуудлаар хариу өгч, барьцаа хөрөнгийг чөлөөлөх талаар шийдвэр гаргахаас татгалзсан” гэж дурдсанаас үзвэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь гэрээгээр олгосон эрхийн хүрээнд зохих хариуг өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т заасан эс үйлдэхүй байхгүй байна.
Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дурдсан асуудал нь “С” ХХК-ийн нийтийн эрх зүйн субьектив эрхийг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл захиргааны акт гаргуулахыг шаардаагүй, гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан, нэхэмжлэлээр шаардаж буй “Ажил бүрэн дууссан тухай мэдэгдэл”, “Зөрчил гологдлыг гүйцэтгэгч бүрэн арилгасан тухай мэдэгдэл”, “барьцаа хөрөнгийг нэхэмжлэгчид олгох талаар гаргах шийдвэр” нь захиргааны акт биш бусад шийдвэр, үйл ажиллагаа байна. Мөн нэхэмжлэгч нь захиргааны байгууллагад захиргааны актыг гаргуулахад өргөдөл, хүсэлт гаргасан боловч түүнийг шийдвэрлээгүй захиргааны эс үйлдэхүй байхгүй тул эс үйлдэхүйн эсрэг даалгах нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөлийг хангахгүй байна.
Түүнчлэн “С” ХХК-ийн гүйцэтгэсэн өргөтгөлийн барилга ашиглагчийн хувьд барилгын баталгаат хугацаа дуусаагүй байхад зөрчил доголдол гарч эхэлсэн. Барилгын баталгаат хугацаа дуусаагүй байхад зөрчил доголдол гарч эхэлснээр мэргэжлийн хяналтын газарт хандсан. Улмаар мэргэжлийн хяналтын байцаагчийн “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага 2021 оны 06 дугаар 17-ны өдөр гарсан байдаг ч тухайн зөрчлүүдийг арилгаагүй.
Барьцаа төлбөр болох 85,977,208 төгрөгийг хэн нэгэн этгээд хувийн ашиг сонирхлын үүднээс суллаж өгөхгүй байгаа биш бөгөөд гол нь тус өргөтгөлийн барилга нь чанар муутай, 2 хүүхэд ноцолдоход нурж унадаг, гипсэн ханатай, гипсэн хана нь нурж унахаар шилэн хөвөн гарч ирдэг, барилын норм стандартын шаардлагад нийцээгүй нь 480 сурагчийн цаашлаад багш, ажилчдын хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байна. Тухайлбал байгалийн давагдашгүй хүчин зүйл, газар хөдлөлт, хүчтэй сархи салхилахад нурах, агааржуулалтын систем хаагдсан болон хана тааз нурах цөмөрч бусдын эрүүл мэнд хохирох асуудал гарах эрсдэл дунд сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн өргөтгөлийн байранд бага анги /1-5 дугаар анги/ сургалтын үйл ажиллагаа явуулдаг ба 98 цонхны 33 цонхноос зуны улиралд борооны ус орох, өвөл салхи их орж дулаан алдалт ихтэй, цонх нь цуурч хагарсан, шалны паркет хууларч хөндийрсөн, хана таазны эмульс нь ховхорч унасан, цуурч зай их гарсан, ариун цэврийн суултуур болон угаалтуур сургуулийн өмнөх боловсролын MNS 6558:2015 стандартын 5.4.8-д заасан 4-5 настай хүүхдэд зориулагдсан нь 6-8 настай хүүхдийн зориулалтын бус, цэцэрлэгийн насны хүүхдийн суултуур угаалтуурууд тавьсан байдаг. Үндсэн барилгын 2 давхрын агааржуулалтын системийг тагласан тул агаар сэлгэлт байхгүй, бохирын үнэр ихтэй, сургуулиар эвгүй үнэр үнэртдэг, агааргүй бүгчим байдгаас болж сурагчид ухаан алдаж унадаг зэрэг нь сургалтын үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа.
Иймд тухайн гэрээний гүйцэтгэлтэй асуудал нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т холбогдуулан “Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй нэгдүгээр бага сургуулийн барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгүүлэх тухай 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн НХААГ-18/0010 дугаартай Гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасны дагуу Ажил бүрэн дууссан тухай мэдэгдэл гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, НХААГ-18/0010 дугаартай гэрээний дагуу барьцаа хөрөнгийн 50 хувь болох 42 988 600 төгрөгийг нэхэмжлэгчид олгох талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах, НХААГ-18/0010 дугаартай Гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасны дагуу барьцаа хөрөнгийн 50 хувь болох 42 988 600 төгрөгийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олгохыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “С” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/213 дугаар захирамжаар батлагдсан НХААГ-18/0010 дугаартай “Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй 1 дүгээр бага сургуулийн барилгын өргөтгөлийн ажил”-ын тендер сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-тай НХААГ-18/0010 дугаар Сургуулийн барилгын өргөтгөл, 480 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй 1 дүгээр бага сургууль/ барих ажлын гэрээг байгуулсан байх бөгөөд тус гэрээний ерөнхий нөхцөлийн 45-д “Барьцаа хөрөнгө”, 45.1-д “Захиалагч нь гүйцэтгэгчид төлөх гүйцэтгэлийн төлбөр бүрээс гэрээний тусгай нөхцөлд заасан тодорхой хувийг суутгаж үлдээнэ”, 45.2-т “ажил бүрэн дууссан мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчид төлөх бөгөөд үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай төслийн менежерийн мэдэгдлийг үндэслэн төлнө” гэж заасан байна.
2.3. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн хувьд сургуулийн барилгын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/371 дүгээр дүгнэлтээр ашиглалтад оруулсан бөгөөд ийнхүү улсын комиссын дүгнэлтээр барилгын ажлыг бүрэн дууссаныг мэдэгдэж байнгын ашиглалтад оруулах зөвшөөрөл өгснөөр хариуцагч гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-т заасны дагуу суутгасан үнийн дүнгийн 50 хувийг манай компанид төлөх үүрэгтэй байхад өнөөдрийг хүртэл төлөөгүй гэж тайлбарлан маргажээ.
2.4. Хэдийгээр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр сургуулийн өргөтгөлийн зориулалттай барилгыг шаардлага хангасан гэж үзэн ашиглалтад оруулсан байх боловч 2021 оноос эхлэн уг сургуулийн барилгад эвдрэл, доголдол гарч эхэлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн ерөнхий боловсролын Хөгжил цогцолбор сургуулиас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т удаа дараа хүргүүлж байсан албан бичиг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан шаардлага, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын албан шаардлагуудаар тогтоогдож байх төдийгүй хариуцагч болон гуравдагч этгээд нь нэхэмжлэгч компанийг “чанарын шаардлага хангахгүй, доголдолтой ажил гүйцэтгэсэн тул барьцааг олгох боломжгүй” талаар тайлбарлан маргасан.
2.5. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахтай холбоотой нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэдэг.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргааны зүйл нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхийг шүүх тодорхойлохдоо тухайн маргаан нь “нийтийн эрх зүйн маргаан мөн эсэх”-д дүгнэлт хийх шаардлагатай. Гэтэл “С” ХХК Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын хоорондын харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулиар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчээс захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар буюу захиргааны байгууллагын үйл ажиллагаа, эс үйлдэхүйтэй холбогдуулан маргасан байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарна гэж дүгнэн захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
2.6. Тодруулбал, энэхүү маргааны хувьд дээр дурдсан захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гагцхүү нэхэмжлэгч компанийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын чанар байдал, доголдолтой холбоотой маргаан буюу хувийн эрх зүйн маргаанд хамаарах болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байна.
Нөгөөтээгүүр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-д “Захиргааны гэрээнд хамаарах худалдан авах гэрээг Захиргааны ерөнхий хуульд үндэслэн цуцалснаас бусад гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлүүлнэ” гэж хуульчилсан болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар “С” ХХК-иас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй нэгдүгээр бага сургуулийн барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгүүлэх тухай 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн НХААГ-18/0010 дугаартай Гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасны дагуу Ажил бүрэн дууссан тухай мэдэгдэл гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, НХААГ-18/0010 дугаартай гэрээний дагуу барьцаа хөрөнгийн 50 хувь болох 42 988 600 төгрөгийг нэхэмжлэгчид олгох талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах, НХААГ-18/0010 дугаартай Гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасны дагуу барьцаа хөрөнгийн 50 хувь болох 42 988 600 төгрөгийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН