| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0073/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/071 |
| Огноо | 2023-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/071
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Улсын яллагч: Б.Байгаль
Шүүгдэгч: Г.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Оюун-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2214002930035 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, Жаагийнхан овогт Гантөмөрийн Оюун-Эрдэнэ, регистрийн дугаар:ВБ94042115 /
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Г.Оюун-Эрдэнэ нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн Л.Бат-Эрдэнийн нүүрэн тус газарт нэг удаа хөлөөрөө өшиглөсний улмаас биед баруун нүдний дээд, доод зовхи, алимны салст, хацар, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Г.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн
...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би яллагдагчаар татсан тогтоолтой санал нийлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 100/,
Хохирогч Л.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн
...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн үед Эрдэнэбилэг гэх хүн нь над руу залгаад зах дээрээс машины сэлбэг ачаад өгөөч гэхээр нь би доод зах дээр очиж Эрдэнэбилэг ахын машины сэлбэгийг нь ачиж өгч дуусаад. Г.Оюун-Эрдэнийн 88916335 гэх дугаар луу өөрийн 89646603 гэх дугаараас залгаад хаана байгаа талаар асуух үед Г.Оюун-Эрдэнэ зах дээр байна гээд уулзсан. Г.Оюун-Эрдэнэ бид хоёр хамт нэгдсэн эмнэлгийн Амбулатори дээр ирж Оюун-Эрдэнэ бөөр өвдөөд байна бөөрөө үзүүлнэ гээд орсон. Тэгээд Амбулаторийн гадаа найз Б.Отгонбаатартай таараад Г.Оюун-Эрдэнэ бид гурав хамт манай найз Энхбаярынд очиж Хараа нэртэй 0.75 литртэй архи 1 ширхэг, Сэнгүр нэртэй 2.5 литртэй 1 ширхгийг хувааж ууж дуусаад би согтсон байсан болохоор юу болсон гэдгийн нь би санахгүй байна. Г.Оюун-Эрдэнэ намайг нүүрэн хэсэгт цохисон байсан баруун талын нүд хавдсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-9/
Гэрч Б.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн
“...Г.Оюун-Эрдэнэ, Л.Бат-Эрдэнэ бид гурав хамт Баянхонгор сумын Цагаанчулуут 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их хойморь” дэлгүүр рүү ороод гараад ирсэн чинь Л.Бат-Эрдэнэ, Г.Оюун-Эрдэнэ хоёр дэлгүүрийн гадаа хоорондоо барилцаад авсан зодоон хийж байсан. Тэгэхээр нь тэр хоёрыг би салгаад Л.Бат-Эрдэнийг гэрт нь хүргэж өгсөн. Харин Г.Оюун-Эрдэнэ машинаа аваад гэр лүүгээ явсан. Л.Бат-Эрдэнийн найзынд Хараа нэртэй 0.75 литртэй архи 1 ширхэг, сэнгүр нэртэй 2.5 литртэй пивыг Г.Оюун-Эрдэнэ, Л.Бат-Эрдэнэ би, Л.Бат-Эрдэнийн найз бид дөрөв хувааж уусан. Би Л.Бат-Эрдэнэ, Г.Оюун-Эрдэнэ хоёрыг хэн нь хэнийгээ хэдэн удаа хаана нь зодож цохисон гэдгийг нь мэдэхгүй хараагүй. Намайг гараад ирж байх үед хоорондоо зодоон хийгээд Бат-Эрдэнэ, Оюун-Эрдэнэ хоёр нь нэг нэгийгээ цохиод байсан би дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-18/,
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн эмчийн
“...Толгой дүүрч өвдөх зовуурьтай, баруун шанаа зовхи, зүүн шанаа хөхөрч хавдсан...” гэх тодорхойлолт, /хх-ийн 32/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүухийн шинжилгээний хэлтсийн шинжээч С.Каделын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 84 дугаартай:
1. Л.Бат-Эрдэнийн биед баруун нүдний дээд, доод зовхи, алимны салст, хацар, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
З.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд болно...” гэх дүгнэлт /хх-ийн 33-35/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 05/, Баянхонгор аймгийн яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт /хх-ийн 32/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 88-90/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 45/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 46/, депозит дансны хуулганууд /хх-ийн 49-53/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Г.Оюун-Эрдэнэ нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн Л.Бат-Эрдэнийн нүүрэн тус газарт нэг удаа хөлөөрөө өшиглөсний улмаас биед баруун нүдний дээд, доод зовхи, алимны салст, хацар, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Оюун-Эрдэнийн үйлдсэн хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 100/, хохирогч Л.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 7-9/, гэрч Б.Отгонбаатарын мэдүүлэг /хх-ийн 16-18/,Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 84 дугаар шинжээчийн ... Л.Бат-Эрдэнийн биед баруун нүдний дээд, доод зовхи, алимны салст, хацар, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /33-35 / болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч Г.Оюун-Эрдэнэ нь хохирогч Л.Бат-Эрдэнийг нүүрэн тус газарт өшиглөж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч Г.Оюун-Эрдэнэ нь хохирогч Л.Бат-Эрдэнийн нүүрэн тус газар өшиглөн зодож түүний эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, алимны салст, хацар, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл ... гэх дүгнэлт /хх-ийн 33-35/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Оюун-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.Оюун-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Оюун-Эрдэнэ нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч Г.Оюун-Эрдэнэд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Должинсүрэн нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч Л.Бат-Эрдэнэ нь Г.Оюун-Эрдэнийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Оюун-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оюун-Эрдэнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.Оюун-Эрдэнийн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал/ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналыг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оюун-Эрдэнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Оюун-Эрдэнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Оюун-Эрдэнэд мэдэгдэж,
Шүүгдэгч Г.Оюун-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч Г.Оюун-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Оюун-Эрдэнэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жаагийнхан овогт Гантөмөрийн Оюун-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Оюун-Эрдэнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.Оюун-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Оюун-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Шүүгдэгч Г.Оюун-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМА