Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/072

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

  Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

    Улсын яллагч: Н.Энхтөр

  Шүүгдэгч: Б.Наранбаатар, түүний өмгөөлөгч С.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Наранбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2314000000040 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, Өндөр овогт Банзарын Наранбаатар, Регистрийн дугаар:ВМ78090718

                                  Үйлдсэн хэргийн талаар

    Шүүгдэгч Б.Наранбаатар нь  2022 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нам толгой” гэх газраас иргэн М.Алтангоогийн 5 тооны хонь, 5 тооны ямаа буюу олон тооны малыг завшиж иргэн М.Алтангоод 1,690,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, буюу 5 тооны хонь, 5 тооны ямаа буюу олон тооны малыг бусдад худалдан борлуулж хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/     

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

    Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн

“...Манай хүүхэд хавар зам тээврийн осол хийж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан. Тэгээд тухайн үед хохирсон хүнд эмчилгээний зардал өгөх шаардлагатай байсан. Манай гэрийнхэнд мөнгөний хэрэг гараад өөрийн хонины ээлжтэй үедээ хониныхоо бэлчээр дээр Жаргалант сумаас Энхжаргал гэх хүнийг дуудаад би чамд 10 бог өгье ирээд аваадах гэж хэлсэн. Тэгээд Энхжаргал гэх хүн Мандах-Оргил гэх залуутай 2 машинтай манай хонины бэлчээр болох Жаргалант сумын Ар дөрвөн гэх газрын дээд полин дээр ирэхээр нь би өөрийн хариулж байсан 1000 гаран богноос Намнансүрэн, Алтангоо гэх хүмүүсийн эзэмшлийн зүстэй бог малнаас 10 бог мал зарсан. Би тухайн үед Энхжаргал гэх хүнд 2 хонь өгөх байсан. Эхнэр бид хоёр 3-4 хоногийн дараа сумын төв рүү орж Энхжаргалтай уулзахад бид хоёрт бэлнээр 450,000 төгрөг өгсөн. Орой нь бид хоёр хөдөө гэр лүүгээ буцсан. Тэгээд манай хүүхдийн шүүх хурал болж аймгаас дуудаад эхнэр араас явсан. Тэгээд тухайн мөнгө төгрөг үрэгдэж дууссан... Б.Намнандорж нь М.Алтангоогийн нөхөр байгаа юм. Тухайн үед Б.Намнандоржийнх Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Хөндлөн толгой” гэх газар намаржиж байхад нь буюу 2022 оны 10 дугаар сарын 08-наас 09-ны хооронд манайх нүүж очиж буусан. Тэр үеэс манайх Б.Намнандоржийнх мөн дүүгийнх нь болох Хадгаа гэх айл бид гурвынх ээлжилж малдаа явдаг байсан буюу 1 өдөр хонинд яваад 2 өдөр амардаг байсан Тухайн өдөр миний хонины ээлж байсан,... Өглөө 09 цагийн үед би Б.Энхжаргал руу утсаар яриад чи ирж 2 хонио аваа, би Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг ар дөвөн гэх газар хонио хариулаад байж байя гэж хэлээд хониндоо яваад Ар дөвөн гэх газар хонио хариулаад явж байха Б.Энхжаргал, төрсөн дүү Б.Мандах-Оргилын хамт тус тусдаа машинтай ирэхээр нь Б.Намнандорж, М.Алтангоо нарын малаас 5 хонь, 5 ямаа зааж өгөөд Б.Энхжаргал, Б.Мандах- Оргил нар барьж машинд хийгээд ачаад явсан. Би Б.Энхжаргалаас 2022 оны 07 дугаар сарын үед сумын 80 жилийн ой болоод мөнгөний хэрэг гараад 200,000 төгрөг зээлж аваад өгөөгүй байсан. Б.Энхжаргалыг малыг ирж ав гэж хэлэхдээ ирээд 2 хонио аваадах, би нэмээд 5 ямаа, хонь өгнө гэж хэлсэн тэрнээс өгсөн хонь ямааг М.Алтангоогийн мал гэдгийг хэлээгүй, мөн малыг ачиж байхад Б.Энхжаргал, Б.Мандах-Оргил нарт М.Алтангоогийн малаас авсан талаар ямар нэг зүйл хэлээгүй, ачаад яв гэж хэлээд явуулсан. 2022 оны 12 дугаар сард М.Алтангоогийнх намайг мал авсныг мэдсэн дараахан утсаар залгаад Б.Энхжаргалд, чамд өгсөн малууд Б.Намнандорж, М.Алтангоо нарын мал шүү энүүгээр бөөн юм болоод байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг  /56-57, 75-77/,

Хохирогч М.Алтангоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манайх 2022 оны 10 дугаар сарын эхээр малаа тоолж бүртгэхэд бүрэн байсан. 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр малаа бүртгэж, тоолоход манай малаас 10 бог дутуу байсан. Манайх содон 2-3 эр хонь бас эр ямаанууд байхгүй байна. Үүнд бор толгойтой эр хонь, улаан үзүүртэй эр хонь, шар халзан эр хонь, 2 ширхэг халзан эр хонь, хар халтар эр ямаа, цагаан эр ямаа, 3 улаан ямаа нийт миний тоогоор болон зүсээр 10 бог дутаж байна...2018 оноос хойш Б.Наранбаатарынх манайхтай айл, саахалт нутаглаж байгаа. 2022 оны 10 дугаар сарын эхээр Б.Наранбаатарынх манайхтай хамт Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг Хөндлөн толгой гэх газар цуг намаржсан. Миний санаж байгаагаар манай мал 2022 оны 11 дүгээр сарын эхээр алдагдсан, яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Тухайн үедээ бүртгээгүй байж байгаад 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр буюу идэшний үеэр хонь, ямаагаа тоолоход хонь 5, ямаа 5 дутсан юм. Тухайн үед манайх хонио 3 ээлжээр буюу манайх, Б.Наранбаатар, манай дүүгийнх Б.Хадбаатар бид гурвынх ээлжилж хариулдаг байсан юм. Б.Наранбаатарын хувьд өөрийнхөө хонины ээлжин дээр малыг бэлчээр нь ачуулсан байх, тэрнээс тухайн үед гэрийн гаднаас Б.Наранбаатар хүнд ямар нэг хонь, ямаа өгч байгаагүй юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35, 37-38/,

Гэрч Д.Энхнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Манайх Жаргалант сумын иргэн Энхжаргал гэх хүнд 5 хонь, 5 ямааг 2022 оны 10 дугаар сард манай нөхөр мал зарна гээд бас манай хүүхэд өнгөрдөг хавар нь зам тээврийн осол гаргаж хүнд эмчилгээний мөнгө өгөх гээд мөнгөний хэрэг гараад мал зарна гэж яриад байхаар нь нөхөр бид 2 гэртээ байж байгаад Энхжаргалыг утсаар яриад “ирээд авчих” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр хонь руугаа явсан орой 16-17 цагийн үед Энхжаргал 2 машинтай ирээд 10 бог аваад явсан гэж надад хэлсэн. Тэгээд 3-4 хоногийн дараа би нөхрийн хамт Жаргалант суманд ирээд Энхжаргалынд очиход “нөгөө малын чинь мөнгө” гээд 450,000 төгрөгийг бид хоёрын дунд өгөхөөр нь би аваад халаасандаа хийгээд бензин тос аваад шууд хөдөө гэр лүүгээ явсан. Тэгээд маргааш өглөө нь манай айлын хүн сумын төв рүү явахаар нь дайгдаж хамт ирээд үлдсэн 400,000 төгрөгөөрөө аймаг руу явах зардал хийгээд үлдсэн мөнгийг нь хөдөө гэртээ ойр зуурын юм авч дуусгаад эргээд зардал хийж хөдөө гэртээ ирсэн. Би хажуу айлын малаас хулгайлж зарсныг нь би мэдээгүй. 3-4 хоногийн дараа сум руу ороход Энхжаргал мөнгө өгөхөөр нь Наранбаатарыг өөрийнхөө малыг зарсан мөнгийг нь өгч байна гэж бодсон. Тэрнээс хулгайн мал гэдгийг нь ерөөсөө мэдээгүй. Би тухайн үед гэртээ үлдсэн болохоор ерөөсөө мэдээгүй. Мал зарна гэж хэлж байсан. Тэгээд орой нь ирэхдээ 10 мал зарсан гэж надад хэлсэн. Би хамт байгаагүй болохоор зүсийг нь ямар мал зарсныг нь бас мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-42/,

Гэрч Б.Мандах-Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... Энхжаргал ах над руу яриад манайд хүрээд ир гэхээр нь очоод юу болсон талаар ярилцаад байж байтал Энхжаргалын ахын утас руу эмэгтэй хүн яриад “гялс ирээд малаа аваадах архи дарс битгий авчраарай, наадах чинь халуураад явчихна шүү” гэж яриад утсаа салгасан. Тэгээд Энхжаргал ах “миний машинд арай багтахгүй байх 2-уулаа очоод хэдэн мал аваад ирье гэхээр нь хамт явсан. Тэгээд Жаргалант сумын “Нам толгой” 1 дүгээр багийн нутаг “Ар дөрвөн” гэх газар луу явсан. Тэгсэн чинь Наранбаатар гэх хүн хонь хариулаад явж байхаар нь Энхжаргал ах бид хоёр машинтай цуг очсон. Тэгээд Наранбаатар бид хоёрт 5 хонь, 5 ямаа, зааж өгөөд  наад хэдийгээ бариад ав” гэсэн. Тэгээд зааж өгсөн малуудыг нь барьж аваад миний машинд 5 ямааг нь хийж Энхжаргал ахын машинд 5 хонийг нь хийсэн. Тэгээд шууд машинтайгаа Жаргалант сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Энхжаргал ахын хашаанд 5 ямааг нь буулгаж өгчихөөд явсан. Тухайн хонь ямааг хулгайн мал гэж надад юу ч хэлээгүй. Энхжаргал надад “миний машинд багтахгүй байх 2-уулаа цуг явъя" гэж хэлсэн. Тухайн үед Наранбаатар, Энхжаргал бид гурав байсан. Нэлээн олон хонь байсан. Тэрнээс Наранбаатар зааж өгөөд Энхжаргал бид хоёр барьсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48-50/,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаартай

...Бор толгойтой соёолон насны эр хонь 1, улаан хүзүүтэй, шар халзан зүсмийн хязаалан насны эр хонь 2, халзан зүсмийн шүдлэн 2, хар халтар, цагаан зүсмийн бүдүүн эр ямаа 2, улаан зүсмийн хязаалан эр ямаа 3, эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 10 дугаар сарын байдлаар 1,690,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 65/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-04/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 94/, депозит дансны хуулганууд /хх-ийн 96-99/, мал тооллогын хуудас /хх-ийн 101-102/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

  Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд  хохирогч  М.Алтангоо,  гэрч   Б.Мандах-Оргил, Д.Энхнасан,  шүүгдэгч Б.Наранбаатарын нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Наранбаатар нь хохирогч М.Алтангоогийн эзэмшлийн 5 тооны хонь, 5 тооны ямаа малыг бусдад худалдан борлуулж, захиран зарцуулсан үйлдэл нь гэмт хэрэг мөн байна.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Б.Наранбаатар нь  2022 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нам толгой” гэх газраас хохирогч М.Алтангоогийн 5 тооны хонь, 5 тооны ямаа буюу олон тооны малыг худалдан борлуулж, хохирогч М.Алтангоод 1,690,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Наранбаатарын мэдүүлэг /хх-ийн 75-77, 79-80/, хохирогч М.Алтангоогийн мэдүүлэг /хх-ийн 34-35, 37-38/, гэрч Д.Энхнасангийн мэдүүлэг / хх-ийн 40-42/, гэрч Б.Мандах-Оргилын мэдүүлэг /хх-ийн 48-50/, Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдээс ялгагдана.

Алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийг эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байх ба шүүгдэгч Б.Наранбаатар, хохирогч  М.Алтангоо, Б.Хадбаатар нарын хувьд ээлжээр малаар хариулдаг бөгөөд  Б.Наранбаатар нь өөрийн мал хариулах ээлжинд буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө /хохирогчийн эд хөрөнгө болох мал нь өөрийн эзэмшилд орж ирсэн /  буюу  хохирогч М.Алтангоогийн эзэмшлийн  5 тооны хонь, 5 тооны ямааг бусдад худалдан борлуулж захиран зарцуулсан буюу завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.   

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Наранбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Наранбаатарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч Б.Наранбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Б.Наранбаатар нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Б.Наранбаатар, түүний өмгөөлөгч С.Должинсүрэн нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч М.Алтангоо нь шүүгдэгч Б.Наранбаатарын үйлдлийн улмаас учирсан хохиролд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  1,690,000 төгрөг нэхэмжилсэн уг хохирлыг шүүгдэгч Б.Наранбаатар нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Наранбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

            Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Наранбаатарыг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Наранбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч М.Алтангоо... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 142/, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Наранбаатарыг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэж, уг торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Наранбаатарыг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох оногдуулах саналыг гаргасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Наранбаатарт мэдэгдэж,

Шүүгдэгч Б.Наранбаатарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч Б.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өндөр овогт Банзарын Наранбаатарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Наранбаатарыг хоёр мянган долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Б.Наранбаатарт оногдуулсан хоёр мянган долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000  төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т  зааснаар шүүгдэгч Б.Наранбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Наранбаатарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Б.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Ч.БАЙГАЛМАА