| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2018/01920/И |
| Дугаар | 101/ШШ2019/00310 |
| Огноо | 2019-01-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2019/00310
| 2019 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 101/ШШ2019/00310 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод байрлах, “Н.б ХХК” ХХК-ийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, Дагвадоржийн Сд /РД: 000000/ холбогдох
53.887.816 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,
Хариуцагч Д.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэг,
Гэрч Б.Ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Буяндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н.б ХХК” ХХК-ийн захирал Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус “Н.б ХХК” ХХК-тай Д.С нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр******* тонн даацтай, Doosan 300 маркийн эксковаторыг Г аймгийн Есөн булаг сумын нутаг дэвсгэрт алтны уурхайн ажилд түрээслэн ажиллуулах гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан. 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр уг эксковатораа түрээслэгч тал Г аймгийн Есөн булаг сум руу авч явсан.
Ингэхдээ 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 1 сарын түрээсийн төлбөрийг 24.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 1 сарын түрээсийн төлбөрийг 20.000.000 төгрөг байхаар тохирсон.
Тухайн түрээсийн машин механизмаар 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 80 хоног ажилласан. Д.С нь 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр манай байгууллага дээр ирэн түрээсийн төлбөрийн тооцоо нийлэхэд тэрээр 30.491.457 төгрөг төлөх тооцоо гарсан. Тооцоо нийлсэн актыг нэхэмжлэлд хавсаргасан.
Тэрээр 2018 оны 3 дугаар сарын 30-ны дотор түрээсийн төлбөрт 25.000.000 төгрөгийг төлье, 5.491.457 төгрөгийг хөнгөлж өгөөч гэсэн бөгөөд дурьдсан хугацаандаа төлсөн тохиолдолд хөнгөлөлт үзүүлнэ. Төлөхгүй бол хөнгөлөлт үзүүлэхгүй талаар тооцоо нийлсэн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөө түүнтэй тохирсон.
Нийт ажилласан 80 хоногийн түрээсийн төлбөр нь 50.642.857 төгрөг ба үүнээс бэлнээр 18.500.000 төгрөг, сэлбэг хэрэгсэлд 1.340.000 төгрөг, манай жолоочид хоолны мөнгө 173.000 төгрөг өгснийг хассан.
Түрээсийн үлдэгдэл төлбөр 30.491.457 төгрөг болж байгаа бөгөөд үүн дээр 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл 233 хоногийн алданги 23.396.361 төгрөг, нийт 53.887.817 төгрөгийг хариуцагч Д.Сгаас гаргуулж өгнө үү.
Бид Д.Сг харж үзээгүй биш харж үзсэн, өөрөө хүсэлт гаргаад тооцоо нийлээд хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан шүү дээ. Анх өөрөө түрээсийн төлбөрийг сарын 24.000.000 төгрөгөөр тохирч эксковаторыг авч явсан ба гэрээг сүүлд хийсэн. Гэрээгээ байгуулья гэхэд Д.С аж ахуйн нэгжээр биш иргэнээр байгуулна гэсэн бөгөөд ингээд гэрээгээ нөхөж байгуулсан.
Тэгээд 2017 оны 6 дугаар сарыг дуустал сарын 24.000.000 төгрөгөөр, 7 дугаар сараас сарын 20.000.000 төгрөгөөр түрээсээ төлье гэж тохирсон. Түрээсийн техник эвдрээд ажил зогссон өдрүүдийн түрээсийг хасч тооцсон ба энэ нь тооцоо нийлсэн актаас харагдана.
Д.С нь түрээсийн төлбөртэй холбоотой буюу 24.000.000 төгрөг, 20.000.000 төгрөгтэй холбоотой тооцоолол хийснээ 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 04 минутанд миний фэйсбүүк хаягаар над руу явуулан бид түрээсийн төлбөрийн талаар харилцсан тухай баримтанд шүүхээр үзлэг хийлгэсэн. Манай байгууллагын зүгээс Д.Сг дарамталсан зүйл огт байхгүй. Төлбөртэй холбоотой асуудал үүсээд жил болж байхад манай байгууллагад ядуу амьдралтай гэдэг талаараа хүсэлт, баримт гаргаж байгаагүй гэв.
Хариуцагч Д.С шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч “Н.б ХХК” ХХК болон хариуцагч Д.С нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Doosan 300 маркийн эксковаторыг түрээслэх гэрээ 3 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд гэрээгээр дараахь гол нөхцлүүдийг тохирсон.
1 сарын түрээсийн төлбөр 1 оператортой 14.000.000 төгрөг, 2 оператортой 20.000.000 төгрөг, эксковаторыг 1 өдөрт 20 цагаар, 2 ээлжийн оператортой сард 28 хоног ашиглана гэж тохиролцсон.
Бодит байдал дээр түрээсийн техникийг гэрээ байгуулахаас өмнө хүлээж авсан бөгөөд гэрээг сүүлд нөхөж байгуулсан. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй байгаа.
2017 оны 5 дугаар сарын 25-наас 31-ний өдрүүдэд нийт 7 хоногт 2 оператортой ажилласан ба үүнээс 2 хоног техник эвдрээд ажиллаагүй. Уг хоногт 5.999.995 төгрөгийн түрээс ногдож байгаа.
2017 оны 6 дугаар сарын 1-нээс 30-ны өдрүүдэд 28 хоног ажилласан ба 12 хоногт нь 2 оператортой, 14 хоногт нь 1 оператортой ажилласан бөгөөд н.Дамдин гэх нэхэмжлэгч талаас ирүүлсэн оператороос болоод 6 хоног ажил зогссон. 2 оператортой ажилласан 12 хоногт 8.571.420 төгрөгийн, 1 оператортой ажилласан 14 хоногт 7.000.000 төгрөгийн түрээс ногдож байгаа.
2017 оны 7 дугаар сарын 1-нээс 31-ний өдрүүдэд нийт 22 хоног ажилласан ба үүнээс 8 хоног 2 оператортой, 14 хоног 1 оператортой ажилласан. 7 дугаар сарын 11-ний өдөр н.Дамдин оператор Улаанбаатар хот руу явсан, 7 дугаар сарын 23-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд н.Эрдэнээ оператор ажилласан. 2 оператортой ажилласан 8 хоногт 5.714.280 төгрөгийн, 1 оператортой ажилласан 14 хоногт 7.000.000 төгрөгийн түрээс ногдож байгаа.
2017 оны 8 дугаар сарын 1-нээс 14-ний өдрүүдэд 9 хоног 1 оператортой ажилласан ба 4.500.000 төгрөгийн түрээсийн төлбөр ногдож байгаа. 3 хоног сэлбэг хүлээн, 2 хоног дугуй сольсон.
Дээр дурьдсан хугацаанд 38.785.695 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөс 20.151.400 төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн бөгөөд одоо 18.634.295 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөр байгаа.
Д.С нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 25.000.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 8-ны дотор төлж барагдуулна, үлдэх 28.887.816 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэж тайлбар гаргаж байсан. Энэ бол тухайн үедээ гаргаж байсан тайлбар бөгөөд одоо үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.
18.634.295 төгрөгөөс гэрээний 2.7-д заасны дагуу алданги тооцох ёстой ба нийт 240 хоногийн алданги төлөхөөр байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 9.317.142,5 төгрөгийн алданги хүлээж болзошгүй байгаа бөгөөд гэхдээ Д.Сгийн ар гэрийн эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг харгалзаад алдангиас чөлөөлж өгөөч гэж хүсч байна.
Б.Ч бол Д.Сгийн гэр бүлийн хүн бөгөөд нөхрийнхөө үгээр нэхэмжлэгч талтай гэрээ байгуулаад гарын үсэг зурсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдлоо. Б.Ч нь нэхэмжлэгч “Н.б ХХК” ХХК-тай гэрээ байгуулаагүй ч техник түрээслэхтэй холбоотой харилцаанд оролцож байсан байна. Нэхэмжлэгч “Н.б ХХК” ХХК нь Б.Чгээс нэхэмжлэх шаардлагатай юм байна гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н.б ХХК” ХХК нь хариуцагч Д.Сд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 53.887.816 төгрөг тухай нэхэмжлэлийг гаргажээ.
/түрээсийн төлбөр 30.491.457 төгрөг, алданги 23.396.359 төгрөг, нийт 53.887.816 төгрөг/
Нэхэмжлэгч “Н.б ХХК” ХХК нь хариуцагч Д.Стай 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Машин механизм түрээслэх гэрээ” байгуулан түрээслүүлэгч “Н.б ХХК” ХХК нь түрээслэгч Д.Сд Doosan solar 300 маркийн экскаваторыг 3 сарын хугацаатай, сарын 20.000.000 төгрөгөөр түрээслүүлэхээр, түрээслэгч нь техникийг Г аймгийн Есөн Булаг сумын нутаг дэвсгэрт алтны уурхайд ажиллуулахаар харилцан тохирчээ.
/ХХ-ийн 13-15 дугаар тал/
Түрээслэгч буюу хариуцагч Д.С нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Doosan solar 300 маркийн экскаваторыг хүлээн авсан, түрээсийн гэрээг техникийг хүлээн авснаас хойш буюу 2017 оны 7 дугаар сард нөхөн байгуулсан талаар талууд хэн аль нь тайлбарласан ба гэрээнд тэд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн бөгөөд гэрээ байгуулсан этгээд уг гэрээнээс үүдэн гарах үр дагаврыг хариуцах учиртай.
Хариуцагч Д.С нь нэхэмжлэгч “Н.б ХХК” ХХК-ийн нягтлан бодогч М.Бт түрээсийн гэрээтэй холбоотой тооцооллыг 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 04 минутанд /фэйсбүүк хаягаар/ захидал хэлбэрээр хүргүүлсэн ба нэхэмжлэгч тал мөн уг гэрээтэй холбоотой тооцооллыг хүснэгтээр гарган хариуцагч талд илгээжээ.
/ХХ-ийн 103, 133-143 дугаар тал/
Нэхэмжлэгч “Н.б ХХК” ХХК, хариуцагч Д.С нар 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр түрээсийн гэрээтэй холбоотой тооцоо нийлсэн ба талуудын тооцоо ёсоор 2017.05.25-2017.06.30-ны хооронд 1 сарын түрээсийн төлбөр 24.000.000 төгрөг, 2017.07.01-2017.08.14-ний хооронд 1 сарын түрээсийн төлбөр 20.000.000 төгрөг,
-2017.05.25-05.31-ний өдрүүдэд 7 хоног, 2017 оны 06.01-06.30-ны өдрүүдэд 2 хоног, 2017.08.01-08-14-ний өдрүүдэд 5 хоног, нийт 14 хоног сул зогссон,
-2017.05.25-2017.05.31-ний өдрүүдэд ногдох түрээс 6.000.000 төгрөг,
-2017.06.01-2017.06.30-ны өдрүүдэд ногдох түрээс 21.428.571 төгрөг,
-2017.07.01-2017.07.31-ний өдрүүдэд ногдох түрээс 18.714.286 төгрөг,
-2017.08.01-2017.08-14-ний өдрүүдэд ногдох түрээс 4.500.000 төгрөг, нийт 50.642.857 төгрөг,
Үүнээс түрээсийн төлбөрт урьд бэлнээр төлсөн 18.500.000 төгрөг, сэлбэгийн үнэ 1.478.400 төгрөг, жолоочид өгсөн хоолны мөнгө 173.000 төгрөгийг тус тус хасч тооцоход хариуцагч тал 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний үүрэгт 30.491.457 төгрөгийг төлөхөөр тооцоо нийлэн баримтад талууд хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулсан байна.
/ХХ-ийн 17-18 дугаар тал/
Хариуцагч Д.С 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор түрээсийн төлбөрт 25.000.000 төгрөг төлөх хүсэлтийг нэхэмжлэгч талд 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан ба дурьдсан хугацаанд уг мөнгийг төлсөн тохиолдолд түрээсийн төлбөрөөс 5.491.457 төгрөгийг хөнгөлнө, төлөөгүй тохиолдолд хөнгөлөлт эдлүүлэхгүй тохирсон хэмээн нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч тал эсэргүүцээгүй болно.
/ХХ-ийн 17-20 дугаар тал/
Түрээсийн төлбөрийг анх гэрээ байгуулах үед сарын 24.000.000 төгрөг гэж тохирсон, хожим бичгийн хэлбэрт оруулахдаа 20.000.000 төгрөг гэж тусгасан нь зохигчийн болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон болохыг дурьдлаа.
Гэрч Б.Мөнхтөр 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ:
“Би “Н.б ХХК” ХХК-д техник хариуцсан менежер ажилтай. Техник түрээслэх талаар Б.Ч гэж хүн захиралтай уулзсан ба Д.С гэж хүн хамт байсан. Манай ТЭЦ-4 дэх аж ахуйн хашаанаас техникийг үзээд авч авсан. Манайхаас 2 оператор явах байсан ба Н.Ч манайд туршлагатай хүн байгаа тул ажиллуулна. Танайхаас 1 хүн байхад болно гэсэн. Анх Г аймгийн Есөн булаг сумын Ямаан ус гэх газарт техникийг аваачсан ба зөвшөөрөлгүй гээд буцаан аймагт аваачсан. Төлбөрөө төлөхгүй байсан тул эксковатораа татсан. Өөрсдөд нь мэдэгдэлгүй зогсоож байсан” гэжээ.
/ХХ-ийн 109-115 дугаар тал/
Б.Ч 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:
“Би “Н.б ХХК” ХХК-ийн захирал Б.Мтай гэрээ байгуулах мөн түрээсийн төлбөр сарын 24.000.000 төгрөг байх талаар ярилцсан. Эксковаторын хөдөлгөөн удаан байсан тул 20.000.000 төгрөг болгосон. 3.000.000 төгрөгийн урьдчилгаа төлөөд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр техникээ авсан. Орой болсон тул эргэж ирээд гэрээ хийнэ гэж ярилцсан.
Д.С 2017 оны 7 дугаар сард “Н.б ХХК” ХХК дээр очиж гэрээ байгуулсан. Ажиллаж байсан газар хотоос 1.000 км зайтай тул тэр болгон хот орж ирэх боломжгүй байсан.
Ажлаа 6 дугаар сарын 1-нд эхэлсэн. 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ажил зогсоод 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр өөр газар руу нүүсэн. Энэ хугацаанд ажиллаагүй.
Түрээслэгч талын оператор н.Дамдин 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хот явж 2017 оны 7 дугаар сарын 6-нд ирсэн бөгөөд ирээд гэрээ байгуулаагүй, техник битгий хөдөлгө гэсэн гээд ажиллаагүй. 7 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажиллахгүй байж байгаад н.Дамдин буцсан.
2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс 6-ны хооронд техник эвдрээд сэлбэг хүлээн 5 хоног ажиллаагүй, 6-наас 14-ний хооронд 1 оператортой ажилласан. Үүнээс хойш дахиж ажиллаагүй” гэв.
Хариуцагч Д.С нь гэрээгээр тохирсон хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэгч “Н.б ХХК” ХХК гэрээний дагуу түрээсийн төлбөр болон алдангийг шаардсан нь үндэслэлтэй.
Талуудын хооронд байгуулсан машин механизм түрээслэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д “Түрээслэгч тал гэрээнд заасан хугацаандаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож түрээслүүлэгч талд үл маргах журмаар төлнө”,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т “... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй“,
232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“,
232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж тус тус заасныг үндэслэн алдангийг тооцов.
Талуудын хооронд 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн акт ёсоор 2017.05.25-05.31-ний өдрүүдэд хариуцагч талын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой 7 хоног,
2017 оны 06.01-06.30-ны өдрүүдэд нэхэмжлэгч талаас буюу “Н.б ХХК” ХХК-иас шалтгаалан 2 хоног,
2017.08.01-08-14-ний өдрүүдэд нэхэмжлэгч талаас буюу “Н.б ХХК” ХХК-иас шалтгаалан 5 хоног, нийт 14 хоног сул зогссон гэжээ.
Хариуцагч тал нь түрээсийн төлбөртэй холбоотой 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч талд хүргүүлсэн тооцоололдоо 2017 оны 6 дугаар сард хариуцагчаас үүдэн техник эвдрэн 3 хоног үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд уг хугацаанд түрээсийн төлбөрийг хасаагүй гэсэн байна.
Хариуцагч тал өөр газар нүүн ажиллахтай холбоотой 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 6-ны хооронд, 2017 оны 7 дугаар сарын 6-11-ний өдрүүдэд гэрээ байгуулаагүй шалтгаанаар тус тус ажиллаагүй нь зохигчийн тайлбар болон гэрч Б.Чгийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд энэ нь хариуцагч талын үйл ажиллагаатай холбоотой тул үүнд нэхэмжлэгчийг дан ганц буруутгах боломжгүй юм.
/ХХ-ийн 18, 76-77, 103, 109-115, 133-178 дугаар тал/
/Гэрээний үлдэгдэл төлбөр 50.642.857 төгрөг-18.500.000 төгрөг-1.478.400 төгрөг-173.000 төгрөг =30.491.457 төгрөг,
Алданги 15.245.729 төгрөг /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/ байх ёстой хэдий ч техникийг түрээслэгчид мэдэгдэлгүй зогсоож байсан, түрээсийн техникийг ашиглах явцад талуудын хэн алины үйл ажиллагаатай холбоотой техник сул зогсож байсан зэргээс үүдэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т заасныг баримтлан алдангиас 6.245.729 төгрөгийг багасгаж тооцох нь зүйтэй гэж үзэв.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-т заасныг баримтлан хариуцагч Д.Сгаас түрээсийн төлбөр 30.491.457 төгрөг, алданги 9.000.000 төгрөг, нийт 39.491.457 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н.б ХХК” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 14.396.359 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-т заасныг баримтлан хариуцагч Д.Сгаас 39.491.457 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н.б ХХК” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 14.396.359 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Н.б ХХК” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 427.390 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Д.Сгаас*******5.407 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н.б ХХК” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН