Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/074

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Энхтөр,

Нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,

Шүүгдэгч: Г.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000070 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Отогной овогт Ганболдын Лхагвасүрэн / РД:ВБ97121913 /,

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь согтуурсан үедээ 2023 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Баянтэмүүлэнтэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж, нүүрэн тус газар нь мөргөж биед нь баруун, зүүн 1-р шүдний сулрал, дээд уруулын салстад шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүүний баруун, зүүн гадаргууд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  1. Шүүгдэгч  Г.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ санал нийлж байна. Нэмж ярих зүйлгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 41 /,

2. Шүүгдэгч  Г.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

....2023 оны 03 дугаар сарын 13-наас 14 шилжих шөнө 00 цагийн үед Баянхонгор аймаг Баянхонгор сумд амчуулд Алтангэрэл гэх айлд очсон, тухайн үед Алтангэрэл, Отгонбилэг, Баянтэмүүлэн, Баатархуяг бас хоёр танихгүй хүн зургуулаа пиво уугаад байж байсан, тэгээд би хамт пиво уугаад юм яриад сууж байтал Баянтэмүүлэн гэх залуу ахын дүү дуугүй байж бай гээд байсан, тэгээд удалгүй Алтангэрэлийнхээс гараад төв зам орж такси баръя гээд Баянтэмүүлэн, Баатархуяг явсан, тухайн үед би маш согтолттой, засмал дээр оочсон, тэгээд Баянтэмүүлэнтэй яг юунаас болж маргалдахаа санахгүй байна, тэгээд Баянтэмүүлэнг нэг удаа духаараа нүүрэн хэсэгт мөргөөд, нэг удаа гараараа нүүрэн хэсэгт цохисон. Баянхонгор аймаг Баянхонгор сум Тумбааш дэлгүүрийн арын засмалтай гудамжинд болсон, цагийг сайн санахгүй байна. Тухайн үед Баянтэмүүлэн, Баатархуяг нарын хамт байсан. Алтангэрэлийнд байхад л намайг дуугүй бай гээд юм яриулахгүй байгаад байсанд нь болсон юм гэж бодож байна, яг тухайн үед юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Нэг мэдэхэд Баянтэмүүлэнг цохисон байсан. Би маш их согтолттой байсан. Алтангэрэлийнд 0,75 граммын LX гэх нэртэй архи, пиво уусан...гэх мэдүүлэг /хх-ийн 25 /

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Лхагвасүрэн мэдүүлэхдээ:  Мэдүүлэг өгөхгүй гэв.

 4. Хохирогч Д.Баянтэмүүлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед найз Баатархуягтай хамт Есөн-Эрдэнэ захын замын урд талын засварын гадаа 0,75 граммтай архи хувааж уучхаад нэлээн аажуу /цаг санахгүй байна/, Баянхонгор аймаг Баянхонгор сум 10 мянгатын засмалтай гудамжинд байх Алтангэрэл гэх найзындаа Баатархуяг найзын хамт очсон тухайн үед гэрт нь Алтангэрэл, Алтангэрэлийн эхнэр, танихгүй 2 хүн, дөрвүүлээ байсан, тэгээд Алтангэрэлийнд очиход гэрт байсан хүмүүс пиво уугаад сууж байсан, тэгээд нэлээн аажуу Лхагваа гэх хуучны танил Алтангэрэлийнд орж ирсэн, Лхагвааг хүмүүстэй юм ярих гээд байхаар нь дуугүй бай гэж хэлсэн, тэгээд үл ойлголцсон, тэгээд Баатархуяг, Лхагваа нарын хамт гэрээс нь гараад гэр лүүгээ явж байхад Лхагваа гэх залуу намайг зодсон, хэдэн удаа цохисныг санахгүй байна, тухайн үед маш их согтолттой байсан учраас зарим зүйлийг сайн санахгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 /,

5. Иргэний нэхэмжлэгч Д.Баянтэмүүлэнгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

...2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд байрлах “Шигтгээ” гэх шүдний эмнэлэгт үзүүлсэн, үзлэгээр үүдэн дээд төвийн үүдэн 11, 21 шүднүүд 1 дүгээр зэргийн хөдөлгөөнтэй байна гэсэн, тэгээд дээрх хоёр шүдний хажуугийн 2 шүдтэй хамт бэхэлгээ хийнэ, нийт 6 шүд хамруулсан шүдний бэхэлгээ хийх шаардлагатай, 11 дүгээр шүдэнд сувгийн эмчилгээ хийнэ нийт төлбөр 340,000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 21 /

6. Гэрч П.Баатархуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн орчимд Баянхонгор сумын 6 дугаар баг “Тумбааш”-ын арын засмалтай гудамжинд байх найз Алтангэрэлийн төрсөн өдөр байсан тул найз Баянтэмүүлэнгийн хамтаар очсон. Тэгээд Алтангэрэлийнд хоол унд идээд, архи уугаад нэлээн ярьж суусан. Алтангэрэлийнхээс Баянтэмүүлэн, Лхагваа бид гурав гэр гэр лүүгээ харих гээд гарсан, тухайн үед хэдэн цагт гарч явснаа санахгүй байна. Тухайн үед Алтангэрэл гэх айлаас гарахад маргалдсан зүйл байхгүй, инээлдээд гарсан. Тэгээд Баянтэмүүлэн бид хоёр Лхагваад ахын дүү сайхан амраарай гэж хэлсэн чинь ахын дүү гэж хэллээ гээд Лхагваа, Баянтэмүүлэнг гараараа цохих шиг болсон, тэгээд Баянтэмүүлэн бид хоёр цагдаад дуудлага өгсөн. Тумбаашийн арын засмалтай гудамжны голд болсон. Гудамж гэрэлгүй, тас харанхуй байсан. Баянтэмүүлэн, Лхагваа бид гурав байсан. Лхагваа гэх залуу Баянтэмүүлэг цохисон....гэх мэдүүлэг / хх-ийн 23 /,

7. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 131 дугаартай шинжээчийн:

1. Д.Баянтэмүүлэнгийн биед баруун, зүүн 1-р шүдний сулрал, дээд уруулын салстад шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүүний баруун, зүүн гадаргууд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.

6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна....гэх дүгнэлт / хх-ийн 33-34 /, болон  шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 /, Г.Лхагвасүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 44 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь согтуурсан үедээ 2023 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Баянтэмүүлэнтэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж, нүүрэн тус газар нь мөргөж биед нь баруун, зүүн 1-р шүдний сулрал, дээд уруулын салстад шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүүний баруун, зүүн гадаргууд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон  байна.

Энэ үйл баримт нь хохирогч Д.Баянтэмүүлэн, гэрч П.Баатархуяг нарын мэдүүлэг болон шинжээчийн 131 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Лхагвасүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Г.Лхагвасүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Баянтэмүүлэн нь 360.000 төгрөг эмчилгээний зардал авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч Г.Лхагвасүрэн  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүх шүүгдэгч Г.Лхагвасүрэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг ”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, учруулсан хохирол байхгүй байгааг харгалзан Прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Лхагвасүрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 7, 8, 9 гэсэн заалтыг нэмж, уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд  давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-д  “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас   бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй” гэж нэмж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Отогной овогт Ганболдын Лхагвасүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Отогной овогт Ганболдын Лхагвасүрэнг таван зуун  / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун  мянган / 500.000 /    төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Лхагвасүрэнд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Лхагвасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Лхагвасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ