| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0071/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/068 |
| Огноо | 2023-04-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Энхтөр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Энхтөр,
Нарийн бичгийн дарга: *******,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, / РД:******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны шатны хажуу талаас иргэн *******ийн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг А53 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн *******т бага хэмжээнээс дээш буюу 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Банк бус санхүүгийн байгууллагаас 1,000,000 төгрөгийн зээл авахаар хөөцөлдсөн юм. Тэгж явж байгаад Голомт банкны байранд байдаг тэр банк бус санхүүгийн газар луу орох гээд шатаар өгсөөд явж байсан чинь хажууд гар утас дугарахаар нь би харсан чинь шатны хажуугийн шалан дээр нэг гар утас байсан тэгээд би гар утсыг цэнэглэчхээд байж байгаад фейсбүүкийн зар дээр гар утасны код тайлна гэсэн зар байхаар нь би утсаар нь яриад нэг залуу ирж тэр гар утасны кодыг нь тайлж өгсөн. Тэгээд код нь тайлагдчихаар нь би хэд хоногийн дараа өөрийнхөө 88447023, гэсэн 2 дугаарыг хийж ашиглаж байхад хэд хоногийн дараа цагдаа дуудаж шалгасан. Би голомт банктай байрны 3 дугаар давхрын шатан дээрээ олсон. Уг гар утсанд 1 ширхэг сим карт байсан. Тэр сим картыг нь аваад хаячихсан. Би тэр гар утсыг 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 14 цаг 30 минутын үед олж авсан. ..гэх мэдүүлэг / хх-ийн 46 /,
....Би энэ 43.000 нэхэмжилж байгаа төлбөрийг төлмөөргүй л байна. Тэр хүн өөрөө хариуцлагагүйгээсээ болж гар утсаа гээгдүүлчихээд би ямар хулгай хийж авсан биш би энэ төлбөрийг төлмөөргүй байна. Би ямар ч байсан голомт банкны байрны шатаар өгсөж явж байгаад 2 дугаар давхрын шатны хажуугаас олсон, шатны яг эргэдэг хэсэгт доошоо харчихсан хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48/
2. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
....2023 оны 01 дүгээр сараас дугаарыг барьж эхэлсэн. Самсунг А-53 маркийн гар утсыг цагаан сарын өмнөөс эхлэн ашиглаж эхэлсэн. Тухайн гар утсыг 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдөр голомт банкны 3, 4 давхарт байсан Номгон бар гэх банк бусаас зээл авахаар ортол шатны хажууд дэлгэц нь доошоо харсан гар утас дугарч байхаар нь дуудлагыг нь авах гэтэл тасарсан тэгээд цүнхэндээ хийгээд хүн залгаагүй тул би буцаж залгаж болохгүй байсан. Тэгээд би тухайн гар утсыг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дугаараа хийж ашигласан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Би цайны газраар үйлчлүүлээгүй. Банк бусаас зээл авахаар 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл байсан. Самсунг А-53 маркийн оранж өнгөтэй, өнгөгүй кейстэй гар утас байсан. Одоо надад тухайн гар утас байна. Ямар нэгэн эвдрэл байхгүй шилэн наалттай өнгөгүй кейсийг нь тэр хайгаад олсонгүй. Би тухайн гар утсыг хүлээлгэн өгье...гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 /
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
4. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн үед ажлынхаа 11- 12 хүний хамт өдрийн цайндаа орохоор Баянхонгор сумын төвд байрлах Голомт банкны 2 давхарт байх цайны газарт ороод гарахдаа ширээн дээр нь утсаа үлдээснээ мэдэхгүй ажил руугаа ороод гар утсаа санаад буцаад цайны газар луу ороход ширээн дээр миний гар утас байгаагүй. Тухайн цайны газрын зөөгчөөс гар утсаа асуухад мэдэхгүй хараагүй дотроо камер байхгүй гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Манай ажлын хүмүүсээс гадна 8-9 хүн тухайн цайны газраар үйлчлүүлж байсан. Миний гар утас 13 цагаас хойш 17 цаг хүртэл холбогдож байгаад холбогдохоо больсон. 2022 оны 09 дүгээр сард Баянхонгор аймгийн Мобикомын салбараас 1.619.000 төгрөгөөр авч байсан. Самсунг-А53 маркийн оранж өнгийн өнгөгүй кейстэй ямар ч эвдрэл гэмтэл байхгүй гар утас байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 9-10 /,
5. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн:
1. Самсунг А53 маркийн гар утас 1.200.000 төгрөг
Эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 03 дугаар сарын 10-ны байдлаар 1.200.000 / Нэг сая хоёр зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов.....гэх дүгнэлт / хх-ийн 14 /,
6. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн:
...Мобикомын сим карт 3.000 төгрөг
Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 03 дугаар сарын 23-ны байдлаар 3.000 / Гурван мянга / төгрөг болохыг тодорхойлов.....гэх дүгнэлт / хх-ийн 59 /, болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл / хх-ийн 4 /, хохирол төлсөн баримт / хх-ийн 79 /, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын санал /хх-ийн 82 /, Мобиком корпорац, Юнител ХХК-ийн албан бичиг /хх-ийн 33-34 /зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкны шатны хажуу талаас иргэн *******ийн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг А53 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн *******т бага хэмжээнээс дээш буюу 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт нь хохирогч *******ийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ийг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж, уг оногдуулсан эрүүгийн хариуцлагаас шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 7, 8, 9 гэсэн заалтыг нэмж, уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-д “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй” гэж нэмж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ