Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/075

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Ж.Энхбат,

Нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,

Шүүгдэгч: М.Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000048 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Цагаан Шүдэт овогт Мягмарсүрэнгийн Баярсайхан, / РД:В081101516 /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Баярсайхан нь согтуурсан үедээ 2023 оны 01 сарын 29-ний өдрийн шөнийн 23-24 цагийн орчим Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багт байрлах иргэн Х.Мөнхбатын гэрт Б.Батсайханыг үл ялих зүйлээр шалтаглан, улмаар түүний нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн хөмсөг, чихний дэлбэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацрын төвгөрийн зулгаралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  М.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 21-н цагийн үед Заг сумын 4 дүгээр багт найз Мөнхбатын гэрт очсон чинь Батсайхан нэг шил бүтэн архи урдаа тавьчихсан сууж байсан. Мөнхбат зүүн талынхаа орон дээр унтаж байсан. Тэгээд Мөнхбат босож ирээд юм ярингаа Батсайханы авч ирсэн архийг Мөнхбат, Батсайхан бид 3 хувааж уугаад “Мөнхбат архи их уугаагүй” хоол идчихээд миний авч очсон архи задлаад хувааж уугаад сууж байсан чинь Батсайхан надаас хэрүүл гуйгаад чамайг мэдэхгүй юм байна чи хэзээ ийм болчихсон юм гээд хэрүүл өдөөд Сахалын шээс гээд доромжлоод байхаар нь би босож очоод Батсайханы нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон чинь Мөнхбат намайг боль гээд суулгасан тэгээд би буцаад сууж байсан чинь Батсайхан над руу чи намайг цохидог хэн юм гээд дайраад байсан тэгээд би уурлаж босоод Батсайханыг бариад авсан тэгээд юу болсныг сайн санахгүй байна. “би уурлахаараа ухаангүй болчихдог дараа нь юу болсныг сайн санддаггүй юм” цагдаа нар орж ирэхэд ухаан орсон. Цагдаа нар орж ирээд Батсайханыг эхнэртэй гаргаад явуулсан өөр зүйл болоогүй. Батсайхан намайг доромжлоод хэрүүлэндээ миний аавын нэрийг оролцуулаад байхаар нь би уурлаад Батсайханыг цохисон. Би Батсайханы нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисон....гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Баярсайхан мэдүүлэхдээ:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

  3. Хохирогч Б.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2023 оны 01 дүгээр сарын 29-ны орой гэртээ байж байсан чинь манай гэрт манай найз Дэлгэрдалай ирэхээр нь Дэлгэрдалай бид 2 манай гэрт  байсан 0.5 литртэй хараа гэх 1 шил архи хувааж ууж дуусгаад Дэлгэрдалай гэр лүүгээ буцаад явсан. Тэгээд би ганцаараа найз Мөнхбатын гэрт очсон. Би Мөнхбатын гэрт очихдоо 1 шил 0.75 л хараа архи авч очсон. Миний авч очсон архийг Мөнхбат бид 2 уугаад сууж байсан чинь дууссан чинь Баяраа гаднаас ороод ирсэн. Тэгээд бид 3 нөгөө архийг хувааж уугаад дууссан чинь Баяраа дэлгүүр яваад 1 шил архи аваад ороод ирсэн. Тэр архийг хувааж ууж байгаад би согтоод тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Ухаан ороод харахад сумын эмнэлэг дээр очсон хөмсгөндөө оёдол хийлгээд сууж байсан. Би юу болсныг санахгүй байна. Одоо миний баруун хөмсөг хагарсан. Эмнэлэг дээр 5 оёдол тавиулсан. Өөр гэмтэл байхгүй. Тухайн үед Мөнхбат гэртээ эхнэр хүүхэдтэйгээ хамт байсан. Гаднаас Баяраа орж ирсэн. Өөр хүн байхгүй байсан. Би гомдолтой байна....гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 / ,

... Би эмчилгээгээ хийлгэж чадаагүй. Шүүхийн шинжилгээний эмч үзүүлэхэд амбулаториор эмчлүүлэгчийн картыг аваад үлдсэн учраас эмчилгээгээ хийлгэж чадаагүй. Тэрнээс хойш 8 хоногийн дараа хэсгийн төлөөлөгч амбулаториор эмчлүүлэгчийн картыг гэрт авч ирж өгсөн. Тэгээд эмчилгээгээ хийлгэе гэж бодсон чинь цагаан сар тулаад хөдөө явах ажилтай болоод эмчилгээ хийлгээгүй. Зодуулснаас хойш миний толгой өвдөөд нүднээс нулимс гараад байдаг болсон. Би Улаанбаатар хот руу явж тархи толгойгоо үзүүлж эмчилгээ хийлгэмээр байна. Баярсайхан надад 2,000,000 төгрөг өгчихвөл надад ямар нэгэн санал хүсэл байхгүй. Миний нэхэмжилж байгаа мөнгийг өгчихвөл надад ямар нэгэн гомдол санал алга. Тухайн үед сумын эмийн сангаас 65,000 төгрөгийн эм авсан, мөн аймагт ирж эмчид үзүүлэхдээ 18,000 төгрөгийн эм авсан тухайн баримтууд нь надад байхгүй. Миний нүүр гоо сайханд халдсан. Мөн би Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэнэ.....гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батсайхан мэдүүлэхдээ: гэв.

5. Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би Батсайханы Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 30.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдвөл гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 /,

6. Гэрч Х.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би гэртээ нөхөр, хүүхдийн хамт байсан чинь 2023 оны 01  дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цагийн үед миний төрсөн ахын хамтран амьдрагч  гэх  хүүхэн 89453556 гэх дугаараас над руу залгаад “манай гэрт хүмүүс зодоон хийгээд байна” гэж хэлэхээр нь би тэр хүнд хандаж “чи цагдаа дуудаач, надад хэлж яах гэсэн юм бэ” гэсэн чинь “цагдаагийн дугаарыг мэдэхгүй байна, та дуудаад өг” гэж хэлсэн. Тэгээд би сумынхаа хэсгийн төлөөлөгч рүү утсаар ярьж дуудлага өгсөн. Манай гэрт 2 танихгүй хүн орж ирчхээд зодоон хийгээд байна гэж хэлсэн. Манай ахын хамтран амьдарч гэх хүн надтай утсаар ярьж байх үед цаана нь хүмүүс хэрүүл хийгээд байгаа юм шиг чимээ гараад байсан. Би сайн сонсож чадаагүй. Цагдаа дуудаад өг би цагдаагийн дугаарыг мэдэхгүй байна гэж хэлэхээр нь би утсаа салгаад цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 /,

7. Гэрч Л.Жаргалчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Бид нар гэр бүлээрээ гэртээ байж байсан чинь манай нөхөр 2023 оны 01 дүгээр сарын 29-ны орой манай гэрт Заг сумын харьяат Памбага гэх хүн орж ирсэн тэгээд тэр хүн манай нөхөртэй юм ярьж байгаад 19 цагийн үед манай нөхөртэй хамт гэрээс цуг гараад явахаар нь би нөхрийгөө Памбага гэх хүнийг гаргаж өгөх гэж байгаа юм байх гэж бодоод үлдсэн чинь манай нөхөр гэртээ буцаж орж ирэхгүй болохоор нь манай нөхрийн найз Мөнхбат гэх хүн рүү утсаар залгаж нөхрийгөө хаана байгаа талаар асуухад танай нөхөр байна гэхээр нь би нөхөртэйгөө Мөнхбатын утсаар ярсан чинь одоо очлоо гэсэн “тухайн үед манай нөхөр өөрийнхөө утсыг гэртээ үлдээсэн байсан” тэгээд нэлээн удсаны би тухайн үед Мөнхбатын 80633014 гэх дугаартай утас руу өөрийнхөө 86282868 гэх дугаараас 17 удаа залгасан боловч утсаа авахгүй байсан тэгээд гэртээ байж байсан чинь манай айлын хүн Өлзийжаргал манай гэрт ороод ирэхээр нь би Өлзийжаргалыг хамт Мөнхбатын гэрт хамт очоод манай нөхрийг аваад ирье гэж хэлээд Өлзийжаргалын машинд суугаад Мөнхбатын гэр рүү явж байсан чинь манай нөхөр Батсайхан над руу 89453556 гэх дугаарын утаснаас залгаад Баяраа гэх хүн намайг зодчихлоо хурдан хүрээд ир гэж хэлэхээр нь би Өлзийжаргалын хамт Мөнхбатын гэр рүү нь орсон чинь манай нөхрийн нүүр нь битүү цус болсон байхаар нь би нөхрөө өмөөрөөд Баяраа гэх хүнийг чи хүнийг ийм болтол нь зодоод байхдаа яадаг юм гээд бариад авсан чинь Баяраа гэх хүн энэ 2-ыг хоёуланг нь алчихъя гээд намайг газар түлхээд унгаасан чинь манай нөхөр намайг өмөөрөөд Баяраа гэх хүн рүү дайрсан чинь Өлзийжаргал манай нөхрийг барьж аваад дагуулаад Мөнхбатын гэрээс аваад гарсан тэгээд би газраас босож ирээд Баяраа гэх хүнтэй хэрүүл хийгээд байж байсан чинь цагдаа нар орж ирээд Баяраа гэх хүнийг авч явсан тэгээд би нөхрөө дагуулаад сумын эмнэлэг рүү явсан. Өлзийжаргал гэх хүнтэй хамт Мөнхбатын гэр рүү ороход манай нөхрийн нүүрнээс нь цус гоожоод нүүр нь битүү цус болсон байдалтай Мөнхбатын гэрт зүүн талын орны өмнө газар сууж байсан. Баяраа гэх хүн Мөнхбатын гэрийн баруун талын орон дээр арагшаа налаад суусан байдалтай дуугүй байсан, Мөнхбат гэх хүн хувцасгүй нүцгэн зогсож байсан тэгээд манай нөхөр намайг хараад энэ Баяраа пиздаа намайг зодчихлоо гээд босоод ирсэн. Нөхрийгөө эмнэлэгт үзүүлэхэд баруун талын хөмсөг нь хагарч цус гоожсон, зүүн хацар нь урагдсан зүүн чих нь хавдсан байсан. сумын эмч нар баруун талын хагарч цус гарч байсан хэсэгт нь 5 ширхэг оёдол хийж цусыг нь тогтоосон. Би нөхрийгөө эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэмээр байна. Одоо манай нөхөр босож явахаар толгой нь иргээд явж болохгүй байна гэсэн нөхрийн биед гэмтэл учирсан болохоор би гомдолтой байна....гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 /,

8. Гэрч Х.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2023 оны 01 дүгээр сарын 29-ний орой гэртээ унтаж байсан чинь 21 цагийн үед манай найз Батсайхан 1 шил 0,75 литртэй Хараа гэх архи аваад манай гэрт орж ирэхээр нь Батсайхан бид 2 хувааж уугаад сууж байсан чинь манай найз Баярсайхан манай гэрт 0,5 литртэй Хараа гэх архи авч орж ирэхээр нь би Баярсайханы авч орж ирсэн архийг бурхан дээрээ тавьчхаад Батсайханы авч ирсэн архийг Баярсайхан, Батсайхан бид 3 хувааж уучхаад би Баярсайхан, Батсайхан 2-т “унтлаа” гэж хэлчхээд орондоо ороод унтсан. Тэгээд унтаж байсан чинь манай эхнэр Лхамноржин намайг дуудаж сэрээгээд “энэ хүмүүс чинь хоорондоо зодоон хийгээд цус нөжөө гоожуулаад байна” гэж хэлэхээр нь би боссон чинь манай гэрийн хоймор, орон дээр нил цус гоожуулаад манай гэрийн цэнхэр савтай усыг гэрт асгачихсан, хүмүүс ирчихсэн байсан. Тэгээд удалгүй цагдаа нар орж ирээд тэр хүмүүсийг манай гэрээс аваад гараад явсан. Юунаас болсныг мэдэхгүй байна. Батсайхан согтоод Баярсайханаас хэрүүл нэхээд байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 39-40 /,

9. Гэрч Г.Лхамноржингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2023 оны 01 дүгээр сарын 29-ний орой манай нөхрийн найз гэх Батсайхан гэдэг залуу 1 шил архи бариад орж ирээд манай нөхөртэй архиа хувааж уугаад сууж байсан чинь араас нь Баярсайхан гэх залуу Мягаа гэх хүнтэй хамт дахиад нэг шил архи аваад орж ирээд Баярсайхан архиа манай нөхөрт өгсөн чинь манай нөхөр тэр архийг нь аваад бурхан дээрээ тавьсан. Тэгээд тэр 4 архиа хувааж уучхаад манай нөхөр “унтлаа” гээд орондоо орсон. Тэгээд би Баярсайханы авч ирсэн архийг нь бурхан дээрээс аваад Батсайхан, Баярсайхан, Мягаа 3-т өгсөн. Тэгээд тэр 3 архиа хувааж ууж байгаад Батсайхан, Баярсайхан 2 маргалдсан чинь Баярсайхан гэгч Батсайханыг манай гэрийн хойд орон дээр дарж байгаад нүүр рүү нь гараараа цохихоор нь би “чи болиоч” гээд хойноос нь татаж салгаад нөхрийгөө дуудаж сэрээгээд Батсайханыг “эхнэрээ дууд” гэж хэлсэн чинь Батсайхан миний утсаар эхнэртэйгээ ярьсны дараа би нөхрийнхөө дүү рүү утсаар залгаад “цагдаа дуудаад өг” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Батсайханыг эхнэр нь танихгүй хүүхэнтэй хамт орж ирсэн. Баярсайхан гэгч нь Батсайханыг орон дээр дарж унагаагаад гараараа нүүр рүү нь цохисон.Батсайхан гэгч нь Баярсайхантай зууралдаж л харагдсан, цохиж зодохыг нь би хараагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 43-45 /,

10. Гэрч Б.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2023 оны 01 сарын 29-ний орой архи уучхаад явж байсан чинь Баярсайхантай таараад Мөнхбатын гэр рүү очсон. Гэрт ороход Мөнхбат унтаж байсан. Батсайхан урдаа нэг шил тавьчихсан сууж байсан. Мөнхбат босож ирээд бид нар Батсайханы авч очсон нэг шил архийг хувааж уусан юм. Тэгээд би согтсон, юу болсон талаар санахгүй байна. Батсайхан, Баярсайхан, Мөнхбат болон түүний эхнэр бид хэд байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 46-47 /,

11. Гэрч Б.Алтайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Баярсайхан нь багаасаа ааш зан сайтай хүнтэй найзархаг, нөхөрсөг харилцаатай хүүхэд. Одоо ч тэр зангаараа хэвээрээ. Бага зэрэг түргэн ууртай тэгээд удалгүй уур нь гарчихсан байдаг. Баярсайхан хааяа нэг баяр ёслолоор архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Би Баярсайханыг хүнтэй зодоо хийж байхыг мэдэхгүй анх удаа хүнтэй зодоон хийсэн талаар сонсож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 /,

12. Гэрч Б.Мөнхдалайн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....М.Баярсайхан нь дуу цөөтэй томоотой хүүхэд байгаа юм. Илүү дутуу зан  авир байхгүй сайн залуу байгаа юм. Юманд их хүлээцтэй ханддаг хүүхэд. М.Баярсайхан хааяа нэг баяр ёслолоор найз нөхөдтэйгөө архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Баярсайханыг хүнтэй зодлоо хийлээ гэж анх удаа сонсож байна....гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 /,

13. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн:

1. Б.Батсайханы биед тархи доргилт, баруун хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн хөмсөг, чихний дэлбэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацрын төвгөрийн зулгаралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 53-54 / болон Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын албан бичиг /хх-ийн 65 /, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 67 /, шүүгдэгч М.Баярсайханы иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 68 /, Хас банк, Хаан банк, Голомт банк, Төрийн банк нарын албан бичиг / хх-ийн 70-73 /, шүүгдэгч М.Баярсайхан урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 /,  шүүгдэгч М.Баярсайханы хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 75-85 / зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.Баярсайхан нь 2023 оны 01 сарын 29-ний өдрийн шөнийн 23-24 цагийн орчим Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багт байрлах иргэн Х.Мөнхбатын гэрт Б.Батсайхантай хамт архидан согтуурч улмаар хохирогч Б.Батсайхан хэрүүл маргаан үүсгэсэн  зүйлээр шалтаглан, улмаар түүний нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн хөмсөг, чихний дэлбэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацрын төвгөрийн зулгаралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь хохирогч Б.Батсайханы мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэг, гэрч Х.Түмэндэмбэрэл, Л.Жаргалчимэг, Х.Мөнхбат, Г.Лхамноржин, Б.Мягмарсүрэн, Б.Алтай, Б.Мөнхдалай нарын мэдүүлэг, шинжээчийн 69 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Баярсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул М.Баярсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал 2.000.000 төгрөг нэхэмжлэх талаар илэрхийлж эмчилгээнд гаргасан нотлох баримтыг бичиж гаргаж өгсөн бөгөөд шүүх хохирогчоос гаргаж өгсөн нотлох баримтыг шинжлэн судлаад эмчилгээ хийлгэсэн зардал 160.920 төгрөг, энэ гэмт хэргийн улмаас явсан зардал 300.000 төгрөг нийт 460920 төгрөгийг шүүгдэгч М.Баярсайханаас гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч М.Баярсайханаас эмчилгээ зардал гаргуулах шийдвэр гаргасаны дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хохирол нөхөн талаар завсарлага авч шүүхээс тогтоосон 460920 төгрөгийг хохирогчид Б.Батсайханд төлсөн гэх баримтыг гаргаж өгсөн тул шүүх шүүгдэгч М.Баярсайханыг хохирогч Б.Батсайханд төлөх төлбөргүй гэж дүгнэж, харин цаашид эмчилгээ хийлгэсэнээс гарсан зардлыг хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Хохирогч Б.Батсайхан нь уг гэмт хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас 30.000 төгрөгийн зардлын эмнэлгийн байгууллагад төлсөн уг зардлыг шүүгдэгч М.Баярсайхан нь нөхөн төлсөн талаар иргэний нэхэмжлэг байгууллагын төлөөлөгч П.Пүрэвсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул шүүгдэгч М.Баярсайханыг Эрүүл мэндийн даатгалын байгууллагад  төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч М.Баярсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч М.Баярсайхан нь энэ хэргийн учир  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                     

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаан Шүдэт овогт Мягмарсүрэнгийн Баярсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Цагаан Шүдэт овогт Мягмарсүрэнгийн Баярсайханыг таван зуун  / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 /    төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Баярсайханд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Баярсайхан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч М.Баярсайхан нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.Батсайханаас цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Баярсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Баярсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ