Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 120

 

 

 

 

 

 

                            2018 оны 12 сарын 12 өдөр

 Дугаар  101/ШШ2018/03798

 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхий шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  оршин суух ******* овогт ******* А******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  оршин суух ******* овогт ******* Б******* /РД: *******/-т холбогдох

 

Автомашин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А*******, хариуцагч Г.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

            Нэхэмжлэгч Б.А******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч Б.А******* би өөрийн танил Ж харилцан тохиролцож, 2016 онд өөрийн эзэмшлийн Тоёота Виста маркийн улсын дугаартай автомашинаа 2.500.000 төгрөгт бодож өгсөн. Мөн Ж нь автомашиныг унаж явахдаа өвлийн 4 дугуйг авч явсан. Хурдан хугацаанд мөнгийг нь өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. 2016 онд Ж холбогдох гээд чадахгүй байсаар улмаар өөрийн машиныг хаана байгааг мэдэхгүй сүүлд автотээврийн газраас автомашины өмчлөлийг шүүлгэхэд огт таниж мэдэхгүй Г.Б******* гэх хүн автомашиныг шилжүүлж авсан байхыг олж мэдээд ийнхүү шүүхэд хандаж автомашинаа гаргуулах тухай нэхэмжпэл гаргаж байна. Иймд хариуцагч Г.Б*******ээс Тоёота Виста маркийн улсын дугаартай автомашиныг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагчаас автомашин гаргуулана. Миний нэр дээрээс миний зөвшөөрөлгүй Б******* гэж хүнд шилжсэн. Гарын үсгийг дуурайлгасан байсан. Машинаа буцааж гаргуулах хүсэлтэй байна. Ж нь төлбөрийг дараа төлнө гээд 3-4 жилийн өмнө машиныг авч явсан. Ж нь надад жолооч хийдэг байсан гэв.

 

            Хариуцагч Г.Б******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь БЗД-н ... тоотод оршин суудаг. 2016 онд хувийн өмч болох Тоёота Терана маркын улсын дугаартай машиныг иргэн Ж гэгч хүнтэй Тоёота виста маркийн автомашинаар харилцан тохиролцож сольсон. Тоёота Виста маркийн машиныг авахад 196,000 төгрөгний торгууль байсан. Үүнийг бүгдийг төлсөн. Бүх төлбөрийн баримт байгаа болно.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Би машиныг Терана гэдэг машинаараа Жаас сольж авсан. Тэр үед Ж гэдэг хүн цуг байгаад миний Терана гэдэг машиныг аваад оронд нь Вистаг аваад нодлин зарсан. Тэр хүн нь бас дахиад зарсан гэсэн. Шүүж үзэхэд миний нэр дээр гарч ирсэн байсан. Авсан хүн нь яагаад нэр шилжүүлээгүйг мэдэхгүй. Э гэдэг хүн надаас авсан. Асуухад бас зарсан гэж надад хэлсэн. Нэхэмжлэгч нь Жгаасаа л 3 саяаа нэхнэ гэж байна. Тэр хүндээ яагаад бичиг баримтаа өгсөнийг мэдэхгүй. Тэр хүнээсээ мөнгөө нэхэх нь зөв байх. Нэхэмжлэлээ буруу гаргаж ирсэн байна гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.А******* нь худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл, түүнчлэн төлбөр төлөгдөөгүй тул гэрээнээс татгалзаж, гэрээний зүйл болох Тоёота Виста маркийн улсын дугаартай автомашиныг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч Г.Б******* нь уг автомашиныг бусдаас арилжааны гэрээний дагуу Терана маркийн автомашинаар сольж аваад, улмаар дахин бусдад худалдсан гэж маргаж байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Б.А******* нь Тоёота Виста маркийн улсын дугаартай автомашины өмчлөгчөөр 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгдсэн болох нь хэрэгт байгаа тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. Улмаар уг автомашиныг Ж /Ж/ гэгчид төлбөрийг дараа төлөх нөхцөлтэйгээр худалдсан болох нь түүний шүүхэд болох шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Үүнээс нэхэмжлэгчид өөрийн өмчлөлийн автомашиныг худалдах хүсэл зориг байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч Г.Б*******ийг танихгүй, түүнд автомашиныг худалдаагүй гэж тайлбарласан бол хариуцагч нь уг автомашиныг бусдаас арилжааны гэрээний дагуу авсан бөгөөд дахин С.Ээд худалдсан гэж маргасан.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Б*******тэй маргаж буй автомашиныг худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй гэж тайлбарласан боловч хэргийн 7 дугаар талд 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдаж, нотариатаар гэрчлэгдсэн худалдах худалдан авах гэрээ авагдсан. Хэрэгт энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг нотлох баримт авагдаагүй, түүнчлэн уг хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Мөн уг хэлцэлийг гэрчилсэн нотариатын үлдэл болон автомашиныг бүртгэсэн тээврийн хэрэгсэлийн бүртгэл хүчин төгөлдөр байгаа гэж үзэхээр байна.

 

            Үүнээс гадна нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг маргаж буй автомашиныг өөрийн ажилтан байсан Ж /Ж/-д худалдсан бөгөөд төлбөр төлөгдөөгүй тул буцаан шаардаж байгаа гэж тайлбарласан.

 

            Эдгээрээс нэхэмжлэгч нь Ж /Ж/-д өөрийн өмчлөлийн автомашиныг худалдсан, улмаар худалдан авсан этгээд нь хүчин төгөлдөр гэрээний дагуу хариуцагчид автомашины өмчлөлийг шилжүүлсэн гэж үзлээ. Тодруулбал хэрэгт байгаа худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх тул хэдийгээр гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч байгаагүй гэж тайлбарласан боловч нотариатын үйлдэл хүчин төгөлдөр тул уг үйлдлийг хийсэн нотариатч нь Нотариатын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 46 дугаар зүйлийн 46.2, 46.4-т заасныг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй.

 

            Иймд маргаж буй автомашиныг өмчлөх эрхийг шилжүүлсэн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн автомашиныг хариуцагчид бус харин өөрийн ажилтанд худалдсан байх тул гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардах эрхгүй.

 

            Үүнээс гадна нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үүргийн талаар зохих этгээдэд холбогдуулан дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.Б*******эд холбогдох Тоёота Виста маркийн улсын дугаартай автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.А*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэсийн 2601025961 тоот данснаас 15,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А*******д буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ГАНБОЛД