Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/54

 

 

                                 МОНГОЛ  УЛСЫН  НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Эрэнмаш  овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга                М.Баярмэнд

Улсын яллагч                              Н.Баасанжав

Хохирогч                                     М.Батмагнай

Шүүгдэгч                                     О.Биндэръяа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Н.Баасанжав Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзан бүрэгтэй овогт Отгонбаярын Биндэръяад холбогдох 2223002430004 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, Ногоочдын хэсэг 3-3 тоотод оршин суудаг,  урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Халзан бүрэгтэй овогт Отгонбаярын Биндэръяа, РД:ИЭ96041217

Шүүгдэгч О.Биндэръяа нь 2022 оны 12 дүгээр сарын 06-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Нефтийн хэсэг 1-5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр М.Эрдэнэсувдыг зодож зүүн бугалга, баруун бугалга, цээжний урд хэсэгт цус хуралт баруун бугалганы гадна талд зулгаралт бүхий гэмтэл учруулж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын  Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс” авто засварын төв дотор хохирогч М.Батмагнайтай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан

 Дээрх цаг хугацаанд “Төгс” авто засварын төвийн зүүн талын ханыг хутгаар хатгаж, олон тооны гэмтлүүд үүсгэж бага хэмжээнээс дээш буюу 612.500 хохирол учруулж Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

                       Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

1.2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын  Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс” авто засварын  ажлын байранд  хохирогч  М.Батмагнайтай   маргаж “...чи миний найзаас мөнгө нэхдэг хэн бэ...” гэж хэлээд  барьж явсан Сэрүүн нэртэй пивоор толгой руу  цохисон,  гараараа  нүүр лүү цохиж, өшиглөсөн хэргийн үйл баримт,

 Мөн цаг хугацаанд  дээрх “Төгс” авто засварын барилгын дотор  зүүн талын  төмөр ханыг хутгаар хатгаж цоолж гэмтээсэн хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хэргийн үйл баримтын талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч М.Батмагнайгийн “...Би Базарсадыг, чи авсан зээлээ төлөөчээ, 2-3 сар төлөөгүй байна гэж хэлтэл хажууд нь байсан Биндэръяа гэх залуу, чи миний найзаас мөнгө нэхдэг хэн бэ...” гэж хэлээд барьж явсан 2,5 литрийн хэмжээтэй Сэрүүн нэртэй пивоор миний толгой руу нэг удаа цохиод, үргэлжлүүлээд нүүр, толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиод, нүүр лүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...чиний энэ амбаарыг шатаана, чи надаас юм олж долоохгүй гэх зэргээр заналхийлээд байхаар нь би өөрийгөө хамгаалаад хойшоо болоод холдсон. Тэгсэн Базарсад түүнийг аваад гараад явсан. Удалгүй нөгөө залуу баруун гартаа хутга бариад, би чамайг нугасалж ална гээд над руу дайраад байсан. Тэгсэн Базарсад түүнийг хориглоод, би граж руугаа ороод машиндаа суух гэтэл цоожтой байсан. Гэтэл араас нөгөө залуу орж ирээд намайг машины хажууд зогсож байхад намайг хутгалах гээд хутгаа далайгаад байхаар нь түүний хутгыг тавиулах гээд гараараа хааж байхдаа зүүн гарынхаа алганы дотор талд хоёр газарт зүсүүлсэн. Мөн хамрын нурууны баруун талдаа нэг зүсүүлсэн. Тухайн залуу намайг хутгалах гэж дайрч байхдаа гражны зүүн талын төмөр хана руу 6-7 удаа хутгаар хатгаж цоолсон. Дараа нь намайг засварын жижиг өрөөнд оруулж хутгалах гээд далайж байхдаа 2 удаа хана руу хатгаж цоолсон. Энэ үед гаднаас манай эхнэр орж ирээд салгасан. Тэгээд нөгөө залуу гражнаас гарсныхаа дараа гадна талаас гражын хана руу хутгаараа 1 удаа хатгаж цоолсон...” гэсэн мэдүүлгээр,

Тухайн үед  хохирогчийн толгой, нүүрэнд цохисон үйлдлийг харсан талаараа шууд тусган  мэдүүлсэн гэрч Э.Базарсадын “...Биндэръяа барьж явсан пивоор Батмагнайгийн толгой руу 1 удаа цохиод, нүүр лүү нь гараараа 2 удаа цохиод авахаар нь би Биндэръяаг салгаад аваад гарсан. Гэтэл дахиад орж ирээд хутга бариад хана руу цохиод, Батмагнайг хутгална гээд айлгаад байсан. Тухайн үед Батмагнайгийн эхнэр гаднаас орж ирээд салгасан...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн  гэрч Г.Мөнхбүрэнгийн “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цаг 30 минутын орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс” засварын газарт очиход гадна талд нь Приус-20 маркийн автомашин байсан бөгөөд засвар дотор хүмүүс маргалдаад байгаа бололтой чимээ гараад байхаар нь засварын газар луу нь ороод хувцас солих өрөө рүү ортол үл таних залуу баруун гартаа хутга барьчихсан манай нөхөр лүү дээрээс доошоо чиглэлтэй хэд хэдэн удаа хутгалах гээд дайраад байхаар нь би үл таних залуугийн хойноос нь тэвэрч аваад, түлхэж гаргаад, түүнтэй хамт явж байсан Базарсад гэх залууг, чи энэ залуугаа аваад яв гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгчийн  хэргээ хүлээн мэдүүлсэн  өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр найз Базарсадын хамт пиво ууж байхад түүн рүү Батмагнай утсаар залгаад мөнгөө нэхээд дуудаад байсан. Тэгэхээр нь Базарсад бид хоёр Төгс авто засварын газар  Батмагнайгийн ажил дээр очсон. Эхлээд Базарсад, Батмагнайтай уулзана гэж ороод гарч ирэхгүй болохоор нь би хойноос нь ороход Батмагнай нь Базарсадаас зээлсэн мөнгөө нэхээд байж байсан. Тухайн үед би 2.5 литрийн хэмжээтэй Сэрүүн нэртэй пиво гартаа барьж байсан бөгөөд Батмагнай намайг гуйлгачин гээд элдвээр доромжлоод байхаар нь гартаа байсан пивоор түүний толгой руу нь 1 удаа цохиод, нүүрлүү нь гараараа 2 удаа цохисон. Тэгсэн Базарсад намайг салгаад гражнаас нь гарах гэтэл дахин намайг доромжлохоор нь гутлын түрүүнд байсан хутгаа гаргаад түүнийг айлгасан. Тэгээд засварын газарлуугаа гүйгээд орохоор нь түүний араас орж хутга далайж айлгаж байгаад засварын газрын хана руу нь хэд хэдэн удаа хатгасан. Би хохирогчийг айлгая гэж бодсоноос биш, түүнийг хутгалж биед нь гэмтэл үүсгэх санаа зорилго байгаагүй. Батмагнай эхлээд намайг элдвээр хэлээд доромжлоод байхаар нь айлгая гэж л бодсон юм...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Биндэръяагийн үйлдлийн улмаас  хохирогч М.Батмагнайгийн  биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээчийн “...М.Батмагнайгийн биед зүүн гуяны цус хуралт, зүүн сарвууны зүсэгдсэн шарх, зүүн сарвууны 5-р хурууны гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.  

Хохирогчийн эд хөрөнгөд 612500 төгрөгийн хохирол учирсан нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “...Хурд-Од” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчний 01 дугаартай “...Шинжилгээний явж үр дүнг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 2,90х95 см хэмжээтэй нимгэн хананы төмөр 4 ширхэг, 4,0х1,22 см, 2,20х75 см хэмжээтэй модон шахмал хавтан 2 ширхэг зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 612.500 төгрөгөөр тогтоолоо...”гэсэн дүгнэлтээр болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тухайн өдөр болсон үйл баримт бичигдсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2. Шүүгдэгч О.Биндэръяа нь 2022 оны 12 дүгээр сарын 06-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Нефтийн хэсэг 1-5 тоотод  гэртээ  үл ялих зүйлээр шалтгаалан маргалдаж  М.Эрдэнэсувдыг  зодсон хэргийн үйл баримт нь

Зодуулсан талаараа мэдүүлсэн хохирогч М.Эрдэнэсувдын “...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай ажлын хэсэг хүмүүс нийлээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...манай ажлын хүмүүс намайг 19 цаг өнгөрч байхад гэрт хүргэж өгсөн. Гэтэл найз Дашням над руу утсаар залгаад, төвд байдаг айлаас юм авах гэсэн юм, машинтайгаа хамт яваад өгөөч гэхээр нь би Дашнямтай хамт яваад 21 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр болох Биндэръяа нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, би хаашаа яваад ирсэн юм бэ гэхээр нь би, Дашнямыг гэрт нь хүргэж өгчхөөд ирлээ гэхэд, битгий худлаа яриад бай гээд хэрүүл маргааныг эхлүүлсэн. Тэгээд маргалдаж байгаад миний толгой руу 2 удаа алгадаад, цайны халуун сав авч шидсэн боловч намайг оноогүй. Дараа нь намайг түлхэж унагаагаад нүүрлүү 2 удаа хөлөөрөө дэвссэн, мөн зүүн талын бугалга хэсэг рүү гутлаар цохичихоод гэрээс гараад явсан. Би түүнийг гэрээс гарсаны дараа цагдаад дуудлага өгсөн...” гэсэн  мэдүүлгээр,           

 Энэ талаар мэдүүлсэн гэрч Н.Дашнямын “ ...орой 19 цагийн орчимд ажлаа тараад найз Эрдэнэсувд руу утсаар залгаад, машин чинь байна уу, айлаас юм очиж авах гэсэн юм гэхэд, тэгье гээд бид хоёр айлаас юмаа аваад 22 цагийн орчимд гэрлүүгээ явцгаасан. Гэтэл 23 цагийн орчимд Эрдэнэсувд над руу утсаар залгаад, Биндэръяа ирээд намайг зодчихлоо, ирээд аваач гэхээр нь би гэрт нь очиход гэрийнх нь эд зүйл эмх цэгцгүй, олон эд зүйлс хагарсан байсан. Тухайн үед Эрдэнэсувдын биед ил харагдах гэмтэл гэвэл баруун, зүүн бугалга нь хөхөрсөн, баруун талын хөмсөгний орчимд нь хавдсан байдалтай зодуулсан байсан...” гэсэн мэдүүлгээр,      

 Шүүгдэгчийн  хэргээ хүлээн мэдүүлсэн  өгсөн “...найзтайгаа 2.5 литрийн хэмжээтэй Сэрүүн нэртэй пиво хувааж уугаад гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд эхнэр Эрдэнэсувд байхгүй байсан ба 21 цаг өнгөрч байхад гаднаас орж ирсэн. Эхнэрийг чи хаашаа яваад ирсэн юм бэ гэхэд түүнээс болж эхнэр надтай маргалдсан. Тэгэхээр нь би эхнэрээс машинаа авах гэхэд өгөхгүй гээд надтай маргалдаад байхаар нь гар луу нь 2-3 удаа цохиод, түлхэж унагаагаад цүнхээр нь 2 удаа цохиод гэрээс гарсан. Тэр өдөр дахин гэртээ очоогүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ.

Шүүгдэгч О.Биндэръяагийн үйлдлийн улмаас  хохирогч М.Эрдэнэсувдын биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний шинжээчийн “...М.Эрдэнэсувдын биед зүүн, баруун  бугалга, цээжний урд хэсэгт цус хуралт, баруун бугалганы гадна талд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлтээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч О.Биндэръяа хохирогч М.Эрдэнэсувд нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Биндэръяа хохирогч М.Эрдэнэсувдыг зодсон үйлдэл нь шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч О.Биндэръяа нь эхнэр М.Эрдэнэсувдын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй дархан байх эрх”, “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж, түүнийг зодсон  дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн биед халдсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ гэжээ.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар  зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн хохирол учруулсан  материаллаг шинжтэй гэмт хэрэг ба  энэ зүйлийн 2 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэхээр  тус тус заасан байна.

Шүүгдэгч О.Биндэръяа нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, хохирогч М.Эрдэнэсувд, М.Батмагнай нарыг зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж,  тэдний биед хөнгөн зэргийн гэмтэл  тус тус зориуд учруулжээ.

Шүүгдэгч О.Биндэръяа нь  хохирогч М.Эрдэнэсувд, М.Батмагнай нарын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй дархан байх эрх”, “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж, тэдний толгойн тус газар  цохиж, үснээс нь зулгаах, үсдэж, чирж, зодсон үйлдлийн улмаас  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй.

 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байхаар заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх нөхцөл байдлуудаар тогтоогдож байх тул түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн   шүүгдэгч О.Биндэръяа нь  хохирогч  М.Батмагнайн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  явцдаа “Төгс” авто засварын барилгын дотор  зүүн талын  төмөр ханыг хутгаар хатгаж цоолж гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт” энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн  гэмт хэрэгт тооцно” гэж заасан тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг давхар зүйлчилсэн нь үндэслэлтэй.

Иймд  түүнд  Монгол Улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу гэр үлийн хүчирхийлэл үйлдсэн, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 17.8 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт  заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.

                                          Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн   505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч гэм буруутай этгээдээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг нэхэмжлэх эрхтэй ба хохирогч М.Батмагнайд эрүүл мэндэд учирсан хохиролд 301.400 төгрөгийн эд хөрөнгөд 612.500 төгрөгийн нийт 913.900 төгрөгийн бодит хохирол учирсан ба хохирогч М.Батмагнай “...эмчилгээтэй холбогдон гарсан зардлаа нэхэмжилнэ. Улаанбаатар хот руу 4 хоногийн хугацаагаар  эмчилгээнд явсан. ...би энэ хугацаанд өдрийн 100.000 төгрөгийн орлоготой байх байсан.  4 хоногийн орлого болох 400.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.  

Шүүх  О.Биндэръяад холбогдох хэргийг гэм буруугийн  шүүх хуралдаанаар  хянан хэлэлцэж, гэмт хэргийн улмаас учруулсан 913.900 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч О.Биндэрьяа нь уг хохирол төлөхөөр 15 минутын хугацаанд завсарлага авах тухай хүсэлт гаргасан бөгөөд энэ хугацаанд хохирогч Батмагнайд 913.900 төгрөгийг төлсөн, хохирогч М.Эрдэнэсувд шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч  М.Батмагнай шүүх хуралдаанд “...эмчилгээтэй холбогдон гарсан зардлаа нэхэмжилнэ. Улаанбаатар хот руу 4 хоногийн хугацаагаар  эмчилгээнд явсан. ...би энэ хугацаанд өдрийн 100.000 төгрөгийн орлоготой байх байсан.  4 хоногийн орлого болох 400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би энэ талаарх холбогдох баримтаа дараа нь гаргаж өгнө...” гэсэн тайлбарыг гаргаж байгаа  боловч энэ талаарх баримт шүүхэд ирүүлээгүй байна. Иймд  эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардал бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу  нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах  нь зүйтэй.

                                Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Шүүгдэгч О.Биндэръяаг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар сарын 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэжээ.

Шүүгдэгч О.Биндэръяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд мөн хохирогч М.Эрдэнэсувд, хохирогч М.Батмагнай нарын “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...”гэсэн хүсэлтийг үндэслэн шүүгдэгч О.Биндэръяагийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг...” хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч О.Биндэръяа нь үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний хувийн байдал болон  хохирогч М.Батмагнай, хохирогч М.Эрдэнэсувд нь  гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан үзэж түүнд  торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд “...шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг төрөл хэмжээг тогтооно...” гэж, “...хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх...”  гэж  тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Биндэръяад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 600.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 600.000 төгрөгөөр  торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1200.000 төгрөгөөр  торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч  О.Биндэръяад 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2,1.5,1.6, 1.7,1.8-д  заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Отгонбаярын Биндэръяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн  хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан буюу  бусдын эд хөрөнгө, устгах гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг   баримтлан шүүгдэгч О.Биндэръяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун  мянга/ төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун  мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1200.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч О.Биндэръяад оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 /зургаан/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200.000 төгрөгөөр  төлөхөөр тогтоосугай.

 4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Биндэръяад оногдуулсан нийт 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1200.000 /нэг сая хоёр зуун  мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5.Шүүгдэгч О.Биндэръяагаас хохирогч М.Эрдэнэсувд хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч М.Батмагнайд 913.900 төгрөгийг төлсөн, хохирогч М.Батмагнайд цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардал бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу  нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 6.Шүүгдэгч  О.Биндэръяад 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч О.Биндэръяа нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.ДЭЛГЭРМАА