Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/125

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч Б.Хишигжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хоньчин овогт Батхүрэлийн Хишигжаргалд холбогдох эрүүгийн 2221005010070 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, орцны жижүүр ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 38-р байрны 0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод  аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Хоньчин овогт Батхүрэлийн Хишигжаргал. /РД: ЖЯ92090271/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Хишигжаргал нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Билэг зочид буудалд хамт байрлаж байсан иргэн Х.Оюунбадралыг согтуу унтаж байхад нь Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж Нарлаг дэлгүүрийн АТМ-аас бэлнээр гаргуулан авч 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 38-47 тоотод оршин суух иргэн Ч.Оюунсүрэнтэй үл ялих зүйлээр маргалдаж гэрийнх нь бүргэд хаалга, бариул цоожийг тоосгоор цохиж эвдэлж гэмтээн 441,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:                                                                     Шүүгдэгч Б.Хишигжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Би хохирогч Ч.Оюунсүрэнгийн хаалганы хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Х.Оюунбадралын хохирлыг төлж барагдуулаагүй байгаа, энэ хохирлыг төлнө...” гэв.

Хохирогч Х.Оюунбадралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 19 цагийн орчим  хуучны найз Монхор /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, мөн үл таних 2 залуугийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Билэг зочид буудлын  204 тоот 2 ортой өрөөг захиалан орсон юм. Ингээд Хишигээ гэх залууд хамт явсан хүний Хаан банкны карт болон өөрийнхөө Хаан банкны картыг хамт өгч нууц дугаарыг нь хэлж зүүн бүсийн бөөний баазаас 4 шил 0.75 граммын Соёрхол нэртэй архи, хэдэн ширхэг кола ундаа, ойр зуурын юм худалдан аваад ир гээд гаргахад удалгүй захисан архи болон ундаа авчирсан. Тэгээд бид 4 авчирсан архинаас нь 2 шил архийг хувааж ууж дуусгахад миний хуучны танил Монхор “гэр рүүгээ харилаа” гэж хэлээд яваад өгсөн. Харин би нөгөө нэрийг нь үл таних 2 залуутай үлдээд 1 шил архиа хувааж ууж дуусгаад согтоод унтаад өгсөн. Ингээд шөнийн 02 цагийн орчим Хишигээтэй хамт явсан залуу намайг сэрээгээд Хишигээ гараад явчихсан байна, чи гар утас, банкны картаа шалгаж үздээ гэхэд нь би тухайн үед хажууд байсан утсаа гаргаад үзэхэд хавтсанд нь байсан миний Хаан банкны карт байхгүй байсан. Бид 2 тухайн үед Хишигээг гаднаас архи аваад эргээд ирэх юм байна гээд хүлээж байгаад унтаад өгсөн юм. Ингээд би 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө 06 цагийн орчим гар утсан дээрх мессежээ шалгахад урд шөнө буюу 2022 оны 11 дүгээр сарны 04-ний өдөр 22 цаг 45 минутад 1,000,000 төгрөг, 22 цаг 47 минутад 500,000 төгрөгийн гүйлгээ хийгдэж гарсан байсан. ...Хохирлын мөнгөө авбал надад ямар нэгэн гомдол санал байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 12-17/

Гэрч Д.Шинэдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...19 цагийн орчим Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Билэг буудалд 2 ортой өрөө авч улмаар Оюунбадрал бид хоёр Хишигээд Хаан банкныхаа картуудыг өгч гаднаас архи болон уух даруулга ундаа зэргийг захиад  нууц үгийг нь хэлээд явуулсан. Удалгүй Хишигээ 4 шил 0.75 граммын Соёрхол нэртэй архи нэлээд хэдэн жижиг кола ундаа зэргийг оруулж ирээд Оюунбадрал бид 2-н банкны картуудыг буцааж өгсөн юм. Ингээд бид 4 архиа хувааж ууж байтал 2 шил архи дуусах үеэр Монхор гэр рүүгээ явлаа гээд гараад явсан. Тухайн үед Хишигээ, Оюунбадрал бид 3 үлдэж нэмж нэг шил архиа хувааж уугаад би согтоод унтаад өгсөн. Харин шөнийн 02 цагт намайг сэртэл Хишигээ байхгүй гараад явчихсан байхад нь би Оюунбадралыг сэрээгээд Хишигээ гараад явчихсан байна чиний утас, карт байна уу хардаа гэхэд Оюунбадрал хажуунаасаа гар утсаа гаргаж ирээд утас байна, харин гэрэнд нь байсан карт байхгүй байна, удахгүй ороод ирэх байлгүй гээд бид 2 буудалдаа унтсан. Харин өглөө 06 цагийн орчим Оюунбадрал гар утсаа үзэж байгаад миний картнаас орой 22 цагийн орчим 1,500,000 төгрөг уншуулаад гаргачихсан байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 тухайн үед буудлаас гарч Хишигээг гадуур хайсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

Гэрч Г.Чингис-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 49-50 УНЭ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явдаг юм.  2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 24 дүгээр байрны таксины зогсоол дээр зогсож байхад 21 цаг өнгөрч байхад шиг санагдаж байна Хишигээ гэх залуу намайг аваад үйлчилгээний төвд байрлах АТМ руу очоод нэлээн их мөнгө авсан. Тэгээд Нарлаг худалдааны төвөөс ундаа, сүү авч 2 дугаар хорооны дэлгүүрээс архи, тамхи, ундаа  аваад Хан-Уулын бага сургуулийн урд буусан. Ингээд намайг 24 дүгээр байрны зогсоол дээр ирээд байж байтал миний дугаар руу залгаад би найзтайгаа гараад ирсэн байна, Нуур хороолол руу явах гэсэн юм гэхээр нь очиход Хишигээ нэг залуутай 2 дугаар хороонд байрлах морьтой хөшөөний тэнд байж байсан. Тэгээд Нуур хороолол руу очоод нэг эмэгтэйг авч Ханан булгийн буудал руу орсон. Буудалд ороод намайг 3 гоймон, нэг ундаа аваад ир гээд 30,000 төгрөг өгөхөөр нь би авчирч өгөөд хариултыг нь өгөх гэхэд хэрэггүй чи ав гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

Хохирогч Ч.Оюунсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 31-ний  өдөр 17 цагийн орчим гэртээ байж байхад хаалга тогшихоор нь хаалгаа тайлахад орцны жижүүр хийдэг залуу жижүүрийн мөнгөө өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш тэтгэвэр буухаар өгье гэхэд юу хуцаад байгаа юм бэ гээд над руу гараа далайгаад байхаар нь би айсандаа хаалгаа хаагаад түгжсэн. Гэтэл  манай хаалгыг юмаар цохиж эвдсэн. Явсных нь дараа гараад харахад тоосгоо газар хаясан байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага  өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/

Шүүгдэгч Б.Хишигжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 38 дугаар байранд орцны жижүүрийн ажил хийж эхэлсэн. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 38 дугаар байрны оршин суугч нараас жижүүрийн мөнгөө авах гээд айл айлын хаалга тогшоод явж байгаад 38 дугаар байрны ертөнцийн зүгээр хамгийн урд талын орц 1 давхар голын хаалга буюу 47 тоотын хаалгыг тогшиход настай эмэгтэй хаалга тайлахаар нь та жижүүрийн мөнгөө өгөх үү гэхэд та нар орцоо цэвэрлэдэггүй байж юу хийсэн гэж мөнгө авах гээд байгаа юм, гуйлгачин царайлж мөнгө авах гэлээ гэж хэлээд хаалгаа хаахаар нь орцонд байсан улаан өнгийн тоосгыг аваад 2-3 удаа цоожны дээд хэсэгт нь цохиод яваад өгсөн. Тэгээд удаагүй байтал цагдаагийн алба хаагч ирээд намайг авч явсан. Мөн өмнө нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний орой СМУ хороололд явж байгаад Оюунбадрал, Шинэдорж ах нартай тааралдаад хамт архи уухаар болоод Билэгт буудал руу орсон. Ингээд Оюунбадрал ах надад Хаан банкны картаа өгөөд намайг архинд явуулахаар нь би архиа авч орж ирээд буцаад картыг нь өгсөн. Тэгээд орой нь надад картаа өгөөд идэх юм аваад ир гэхээр нь би гарч яваад 24 дүгээр байрнаас такси бариад Нарлаг худалдааны төвийн АТМ-аас 1,500,000 төгрөгийг Оюунбадрал ахын картнаас уншуулж аваад архи ууж дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 102/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/

- Эд зүйлийг хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 37-39/

- Хохирогч Ч.Оюунсүрэнгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 59-60/

- Хэргийн газар үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 61-65/

- Хөрөнгийн үнэлгээний ДАМНО ХХК-ний шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №ДЦ-23-53 дугаартай дүгнэлт /хх-ийн 82-85/

- Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 89-92, 111-114/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 106-110/

- Б.Хишигжаргалын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 117/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Оюунсүрэнд хохирол төлбөр төлж барагдуулсан тухай 1 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Хишигжаргал нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Билэг зочид буудалд хамт байрлаж байсан хохирогч Х.Оюунбадралыг согтуу унтаж байхад нь Хаан банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч Нарлаг дэлгүүрийн АТМ-аас бэлэн мөнгө гарган авч бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 38-р байрны 47 тоотод оршин суух хохирогч Ч.Оюунсүрэнтэй үл ялих зүйлээр маргалдаж гэрийнх нь хаалга, бариул, цоожийг тоосгоор цохиж эвдэлж гэмтээн 441,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Хишигжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Ч.Оюунсүрэн, Х.Оюунбадрал, гэрч Д.Шинэдорж, Г.Чингис-Од нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Ч.Оюунсүрэнгийн цагдаагийн газарт бичгээр гаргасан гомдол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний ДАМНО ХХК-ний шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №ДЦ-23-53 дугаартай дүгнэлт, эд зүйлийг хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Хоньчин овогт Батхүрэлийн Хишигжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар  гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Хишигжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч Б.Хишигжаргал нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Хоньчин овогт Батхүрэлийн Хишигжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450,000  төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Хишигжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хишигжаргалын цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Шүүгдэгч Б.Хишигжаргал нь хохирогч Х.Оюунбадрал, Ч.Оюунсүрэн нарын эд хөрөнгөд гэм хор учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хохирогчид учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүгдэгч Б.Хишигжаргалын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Оюунбадралд 1,500,000 төгрөгийн, хохирогч Ч.Оюунсүрэнд 441,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Б.Хишигжаргал нь хохирогч Ч.Оюунсүрэнд  441,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Ч.Оюунсүрэнгийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Хишигжаргалаас  1,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Оюунбадралд олгохоор шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Хишигжаргал нь хохирогч Ч.Оюунсүрэнд 441,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хоньчин овогт Батхүрэлийн Хишигжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Батхүрэлийн Хишигжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар,  мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Хишигжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хишигжаргалд оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хишигжаргалын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Хишигжаргалаас 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Оюунбадралд олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Хишигжаргал нь хохирогч Ч.Оюунсүрэнд 441,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Хишигжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.НАМУУНТУЯА