Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн,

Улсын яллагч С.Болорчулуун,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа,

Хохирогч “Эх голомтын илч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Төмөрбаатар,

Хохирогчийн өмгөөлөгч Э.Батбаяр,

Иргэний нэхэмжлэгч Д.Өлзийбаатар,

Шинжээч П.Гаваасүрэн, Ж.Явуухулан, Ж.Бадамсүрэн,

Шүүгдэгч Д.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангас овогт Дулмаагийн  Батсайханд холбогдох эрүүгийн 201610010122 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг Нарны 01-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Шангас овогт Дулмаагийн Батсайхан /РД: ПЮ85090814/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Батсайхан нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 02 цагийн орчим 52-36 ДГО улсын дугаартай "Тоёота королла” тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох үедээ Улаанбаатар хотоос Замын-Үүд сум чиглэлийн 520 дугаар километрийн заалтны хажууд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.a дахь хэсэгт заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис,

сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин эсрэг урсгалаас ирж явсан 63-82 ДГО улсын дугаартай “Донг фенг” маркийн ачааны автомашины урдаас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас 63–82 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачигдсан чулуун хавтанг нурааж “Эх голомтын илч” ХХК-д их хэмжээний буюу 30,753,181 төгрөгний хохирол, Д.Өлзийбаатарт 2,700,000 төгрөгний хохирол, зорчигч О.Тунгалагийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Д.Батсайханы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Шөнө 00 цаг 30 минутын орчим Дорноговь аймгийн Сайншанд суманд нэг хүн буулгаад Өргөн сум өнгөрөөд явж байхад нүд анилдаад нойр хүрээд байхаар нь Эрдэнэ сумын зогсоол дээр очиж унтъя гэж дотроо бодоод цааш явж байтал гэнэт шар өнгийн тод гэрэл урдаас тусахаар нь чиргүүлтэй машины араас нь орох гэж байна гэж бодоод жолоогоо зүүн гар тал руу дартал тас няс хийх чимээ гараад замын баруун тал руу бууж зогссон. Тухайн үед би зүүрмэглэсэн байсан болохоор юу болсныг сайн ойлгоогүй. Тэгээд машинаас буугаад зам дээр гартал ачааны автомашинтай мөргөлдөж түүн дээр ачигдсан чулуун хавтангууд замын хажуу руу нурчихсан цаашид ашиглагдах боломжгүй болсон байсан. Ингээд бүтэн гэх байгалийн чулуунуудыг нэг бүрчлэн тоолоход 180, 190 орчим ширхэг болсон ба хагархай чулуунуудыг огт тоолоогүй. Би дээрх машиныг 2012 онд Улаанбаатар хотод байдаг хувь хүнээс 5 сая төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд урьд нь хотын дугаартай явж байгаад 2011 онд Замын-Үүд суманд ирэхдээ эгчийн нэр дээр дугаараа солиулсан, тэрнээс яг миний эзэмшлийн автомашин байгаа юм. Миний хувьд өөрийнхөө урсгалаар явж байсан ба урд яваа чиргүүлтэй автомашины хойноос нь орох гэж байна гэж бодоод жолоогоо зүүн гар тал руу дартал машинтай мөргөлдсөн... Компанид хохирол учруулсан үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу юм. Ажил төрөл хийгээд хохирлыг барагдуулна” гэсэн мэдүүлэг /хx-ийн 102, 104/,

Хохирогч О.Тунгалаг мөрдөн байцаалтын шатанд: “...Хэсэг хугацаанд зүүрмэглэхэд жолооч гэнэт машин гэж хэлэхээр нь бага зэрэг суудлаасаа өндийгөөд хартал урдаас машины цагаан шаргал өнгийн 2 том гэрэл харагдсан. Удалгүй тэр гэрэл ямар ч өөрчлөлтгүй туссан чигээрээ ирээд машины зүүн талаас хүчтэй мөргөсөн. Удалгүй том тэрэгний жолооч машинаа очиж үзээд би 100 сая төгрөгний өрөнд орчихлоо, үнэтэй ачаа ачиж явсан юм гээд хараал хэлээд байхаар нь машин дээр нь очиж үзэхэд машиных нь чиргүүл дээр ачигдсан саарал өнгийн байгалийн хавтан чулуу нь нурж талаас их хувь нь хагарсан байсан. Ослын улмаас миний хүзүү зөрүүтэй хугарч, баруун хөхний сүүний булчирхай бяцарч усан хаван үүссэн. Өөр ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй. Гэм буруутай этгээдээс эмчилгээний зардалд зарцуулсан 855,350 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 23–24-р хуудас/,

Хохирогч О.Тунгалаг шүүхийн шатанд ирүүлсэн тайлбартаа: “О.Тунгалаг миний бие нь Д.Батсайханд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Д.Батсайхан хохирлын төлбөрийг бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэжээ. /2хх-ийн 20/

Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Төмөрбаатар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Тухайн үед би 63-82 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 60.800 тонн жинтэй байгалийн чулуун хавтанг БНХАУ-ын Эрээн улсаас тээвэрлүүлэн, гаалийн бүрдүүлэлтийг хийж татварыг нь өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай байгууллага /Эх голомтын илч/-тэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан өмгөөлөгч Э.Батбаярыг цагдаагийн байгууллагаас чулуун хавтанд үзлэг хийх ажиллагаанд оролцуулахад нийт 60,800 тонн хавтан чулуунаас цаашид ашиглагдах боломжтой 2,920 кг хавтан байна гэж хэлсэн. Ингээд жин тонноор нь бодож үзэхэд ашиглагдах боломжгүй нийт 57,880 тонн чулуу байсан. Дээрх хавтан чулуунд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаалийн улсын байцаагчаар акт тогтоолгоход үнэлгээ нь нийт 30,753,181 төгрөг гэж гарсан байсан ба уг актыг үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-ийн эдийн засгийн хэсэгт шинжилгээ хийлгэсэн байсан. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Мөн жолоочид өгсөн тээврийн зардал болох 4,000,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжилнэ. Тухайн үед энэ мөнгийг жолоочид өгсөн гэх баримт надад одоо байхгүй, амаар ярилцаж тохиролцсон. Нийт 34,753,181 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 225/,

Иргэний нэхэмжлэгч Д.Өлзийбаатар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт:  “...2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “Эх голомтын илч” ХХК-ийн ачаа болох 60,800 тонн нэг төрлийн байгалийн хавтан чулууг өөрийн 63-82 ДГО улсын дугаартай “Донг фенг” маркийн ачааны автомашинд ачиж 24-ний өдөр гаалийн хяналт бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтын талбайгаас гарсан. Ингээд Улаанбаатар хот руу уг ачааг тээвэрлэх гэсэн боловч түлшний мөнгө саатсаны улмаас Замын-Үүд суманд 3 хоноод 27-ны өдрийн 13 цагийн орчим Замын-Үүд сумаас ганцаараа хөдөлсөн. 40-50 км цагийн хурдтай 3-4 км орчим явж байтал чанх урдаас шар өнгийн хурц гэрэлтэй суудлын автомашин гэрлээ шилжүүлэхгүй хол дээр нь тавиад миний өөдөөс чиглээд ирсэн. Зам дээр бид 2-оос өөр машин яваагүй байсан ба би урдаас ирж яваа машиныг гэрлээ шилжүүлэх дохио гэрлээрээ өгсөн боловч урдаас гэрлээ шилжүүлэлгүй, улам хурдаа нэмээд цагаан шугам даваад чиглээд ирсэн. Энэ үед би хурдаа хасаж тормоз гишгэн замын баруун тал руу шахаад уг машиныг хажуугаараа өнгөрүүлэх гэтэл миний машины зөв талын урд дугуй болон арын дугуйг давхраар нь хүчтэй мөргөж уг машин замын баруун тал руу гарч зогссон. Тухайн үед миний машины тэнцвэр алдагдаж, машинаа замын хажуу руу унагаахгүйн тулд тэр чигт нь дарж замын хөвөө рүү буусан боловч чиргүүлэн дээрх ачаа нурсан. Миний бодлоор тухайн жолооч зүүрмэглэсэн болов уу гэж бодож байна. Учир нь өөрөө надад хэлэхдээ 2 зорчигч унтчихсан байхаар нь нойр хүрээд бага зэрэг зүүрмэглээд хартал урд яваа машины чиргүүлийн араас орох гэж байхаар нь жолоогоо зүүн тийш нь дараад зөрөх оролдлого хийсэн боловч ийм зүйл болчихлоо гэсэн. Үнэлгээний компаниар автомашинд болон чиргүүлд учирсан хохирлыг тогтоолгоход нийт 2,836,000 төгрөг болсон. Намайг Эрээн хотоос “Эх голомтын илч” ХХК-ийн чулуун хавтанг машиныхаа тэвшин дээр ачихад нийт 1,920 ширхэг байсан ба бүгд бүрэн бүтэн /Булангууд нь сэтрээгүй/ байсан. Ослын газар дээр чулуун хавтанг нэг бүрчлэн тоолоход нийт 1,920 ширхэг байсан ба үүнээс цаашид ашиглах боломжтой гэсэн 170 ширхэг чулуун хавтанг ялган эргүүлэн ачсан. Үлдсэн чулуун хавтангуудын зарим нь хагарч бутраагүй, булан сэтэрсэн чулуун хавтанг мөн адил ачсан ба тухайн үед яг хэд байсныг нь тоолж үзээгүй. Тэгсэн осол гаргасан жолооч дээрх булан нь сэтэрсэн чулуун хавтангуудаас ашиглагдах боломжтой 40 орчим чулуун хавтанг нэмж гаргалаа гэж байсан. Ингээд миний тооцоолсноор нийт 210 ширхэг чулуун хавтанг цаашид ашиглагдах боломжтой юм байна гэж үзсэн. Одоо дээрх чулуун хавтангууд манай гэрийн хашаанд хураастай байгаа ба компаний төлөөлөгчид өнөөдөр үзүүлэхэд чанарын шаардлага хангахгүй, /булан нь сэтэрсэн/ цаашид ашиглах боломжгүй болсон байна эдгээр чулуун хавтангуудыг авахгүй гэж хэлсэн. Би тээврийн зардалд нийт 4,000,000 төгрөг авсан, компанид өгөөгүй учраас уг мөнгийг Д.Батсайханаас гаргуулах хүсэлтэй байна. Миний хохирол барагдсан Монгол даатгалаас авчихсан. Гаалийн бичиг зөвхөн миний машиных, өөр машины ачааны жин ороогүй орох ч боломжгүй. Тус тусдаа гаалийн мэдүүлэг авсан юм...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 47-48/,

Гэрч Л.Ариунзаяа мөрдөн байцаалтын шатанд: “...Тухайн өдөр уг ачааны машиныг пүүлж жинлэсэн бөгөөд ачааны цэвэр жин нь 60,800 тонн байсан. Автомашиныг пүүлж жинлэхэд Машин цэвэр жин нь автоматаар хасагдаж ачааны цэвэр жин нь гардаг юм. Ачааны машинууд улсын хилээр гарахдаа пүүлүүлэн машины цэвэр жин нь программд үлдсэн байдаг. Ашиглагдаж байгаа пүүг жил бүр Стандарт хэмжил зүйн газраас шалгадаг юм. Хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шалган баталгаажуулж гэрчилгээг олгосон байгаа...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 212/,

Гэрч Л.Ганболд мөрдөн байцаалтын шатанд: “...Намайг ажилтай байх хугацаанд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 62-53 ДГО улсын дугаартай ачааны автомашин гаалийн байгууллагын дотоод сүлжээгээр 60,800 тонн байгалийн хавтан чулуу ачсан гэж мэдүүлэн дотоод сүлжээгээр орж ирсэн. Үүний дагуу гаалийн дотоод сүлжээ нь автоматаар гаалийн улсын байцаагч Ганбаатарыг уг ачаа бараанд үзлэг шалгалт хийлгэхээр томилсон байсан. Тухайн барааг подон тоо ширхэгээр нь биш кг-аар нь үнэлж гаалийн татварыг ногдуулдаг юм. Мөн дээрх барааны цэвэр жин нь нийт 60,800 тонн болсон бөгөөд тухайн үед доллорын ханш нь 1998.33 төгрөгний ханштай байсан ба гаалийн нэгж үнэ нь 0.23 доллар болсон. Ингэж бодохоор тухайн чулуунд нийтдээ 27,944,646.72 төгрөг болсон бөгөөд гаальд төлөх татвар нь 4,331,420.24 мөнгө болж байсан...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 213/,

Гэрч О.Алтангэрэл мөрдөн байцаалтын шатанд: “...Би урд өдөр нь Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу машин жолоодож явсан учраас замдаа ядраад унтаж байтал түс тас хийх чимээ гараад сэрсэн. Нэг мэдсэн машин маань замын хажуу руу гулгаад зогсчихсон байсан бөгөөд урд сууж явсан эгч болон жолооч нар шоконд орсон байдалтай хөдлөхгүй байсан. Ингээд би машинаас түрүүлж буугаад жолооч болон зорчигчийн хаалгыг гаднаас нь нээж өгөөд машинаас буухад нь тусалсан. Гэтэл Улаанбаатар хот руу явж байсан ачааны автомашин хойшоо харсан байрлалтай замын эсрэг  талын хөвөөгөөр доош буучихсан зогсож байсан ба ачаан дээр нь байсан саарал өнгийн чулуун хавтангууд бүгд нурсан байсан. Тэгээд машинтай мөргөлдсөн байна гэдгээ мэдээд энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Ослын дараа жолоочоос юу болсон талаар тодруулж асуухад нойр хүрээд байхаар нь Улаан-Уул сумын ойролцоо очиж унтах гэж байгаад замдаа хальт зүүрмэглэсэн чинь ийм зүйл болчихлоо гэж байсан. Ослын газарт миний сууж явсан машины дугуйны мөр эсрэг талын урсгал руу орсон байсан ба жолоочийн хэлж байгаагаар чиргүүлийн араас орох гэж байна гэж бодоод жолоогоо зүүн гар тал руу дарсан гэсэн. Чулуун хавтан тоолох үед жолооч болон ослын газарт байсан бүх хүмүүс оролцсон ба ойролцоогоор 200 дотор цаашид ашиглах боломжтой чулуун хавтангууд байсан...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 62/,

- Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 293 дугаартай шинжээч П.Гаваасүрэнгийн “...О.Тунгалагийн биед хүзүүний C3 нугалмын баруун нумын зөрөөгүй хугарал, баруун хөхөн дэх цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ, учирсан гэмтлийн С3 нугалмын баруун нумын зөрөөгүй хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт, баруун хөх дэх цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно, хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана...” гэсэн дүгнэлт /хx-ийн 67/

- 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай шинжээч Ж.Явуухулангийн “...Тоёота королла маркийн 52-36 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Батсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.a дахь хэсэгт заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Тоёота королла маркийн 52-36 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Батсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.a дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хx-ийн 75/,

- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 5128 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч нарын “...63-82 ДГО улсын дугаартай “Донг фенг” маркийн ачааны автомашины эвдрэлийн шууд зардлын дүн 1,560,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хx-ийн 79-р хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 5388 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч нарын “...36-91 ГЧ улсын дугаартай чиргүүлийн эвдрэлийн шууд зардлын дүн 1,140,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хx-ийн 81-р хуудас/,

- 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Гаалийн улсын байцаагч Б.Батцэцэг, Б.Саруултөгс нарын акт /хх-ийн 232-234/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээч Ж.Бадамсүрэнгийн “Байгалийн чулуун хавтан 57,800 кг нь нийт нь 30,710,675.54 мөнгө” гэсэн дүгнэлт /хх-ийн 239-241/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-15/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол  /хх-ийн 16-17, 200-203, 208-209/,

- Д.Батсайханы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105/,

- Д.Батсайханы №645519 дугаар жолооны үнэмлэхний хуулбар, 52-36 ДГО улсын дугаарын гэрчилгээний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.  

Дээрх нотлох баримтуудаар Д.Батсайхан нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 02 цагийн орчим 52-36 ДГО улсын дугаартай "Тоёота королла” тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох үедээ Улаанбаатар хотоос Замын-Үүд сум чиглэлийн 520 дугаар километрийн заалтны хажууд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.a, 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалтуудыг зөрчин эсрэг урсгалаас ирж явсан 63-82 ДГО улсын дугаартай “Донг фенг” маркийн ачааны автомашины урдаас мөргөж зам тээврийн осол гаргаж, 63–82 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачигдсан чулуун хавтанг нурааж “Эх голомтын илч” ХХК-д их хэмжээний буюу 30,753,181 төгрөгний, Д.Өлзийбаатарын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 2,700,000 төгрөгний хохирол, зорчигч О.Тунгалагийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Д.Батсайханыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн тал дээр маргаангүй. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч хохирлын талаар маргасан болно.

Шүүгдэгч Д.Батсайхан нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол болон бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүгдэгч Д.Батсайханы “...Шөнө 00 цаг 30 минутын орчим Дорноговь аймгийн Сайншанд суманд нэг хүн буулгаад Өргөн сум өнгөрөөд явж байхад нүд анилдаад нойр хүрээд байхаар нь Эрдэнэ сумын зогсоол дээр очиж унтъя гэж дотроо бодоод цааш явж байтал гэнэт шар өнгийн тод гэрэл урдаас тусахаар нь чиргүүлтэй машины араас нь орох гэж байна гэж бодоод жолоогоо зүүн гар тал руу дартал тас няс хийх чимээ гараад замын баруун тал руу бууж зогссон...” гэсэн, хохирогч О.Тунгалагийн “...Хэсэг хугацаанд зүүрмэглэхэд жолооч гэнэт машин гэж хэлэхээр нь бага зэрэг суудлаасаа өндийгөөд хартал урдаас машины цагаан шаргал өнгийн 2 том гэрэл харагдсан. Удалгүй тэр гэрэл ямар ч өөрчлөлтгүй туссан чигээрээ ирээд машины зүүн талаас хүчтэй мөргөсөн. Удалгүй том тэрэгний жолооч машинаа очиж үзээд би 100 сая төгрөгний өрөнд орчихлоо, үнэтэй ачаа ачиж явсан юм гээд хараал хэлээд байхаар нь машин дээр нь очиж үзэхэд машиных нь чиргүүл дээр ачигдсан саарал өнгийн байгалийн хавтан чулуу нь нурж талаас их хувь нь хагарсан байсан...” гэсэн, хохирогч Ч.Төмөрбаатарын “...Ингээд жин тонноор нь бодож үзэхэд ашиглагдах боломжгүй нийт 57.880 тонн чулуу байсан. Дээрх хавтан чулуунд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаалийн улсын байцаагчаар акт тогтоолгоход үнэлгээ нь нийт 30,753,181 төгрөг гэж гарсан байсан ба уг актыг үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-ийн эдийн засгийн хэсэгт шинжилгээ хийлгэсэн байсан. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон шинжээч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүхээс Д.Батсайханд холбогдох хэргийн зүйлчилэл зөв, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс бусдад их хэмжээний хохирол болон бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “... чулүуун хавтангийн тоо ширхэг хэмжээг бүрэн тогтоогоогүй, ашиглагдах боломжтой боломжгүй хавтанд жин тонныг тодорхойлж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй, хавтаст хэрэгт нотлогдоогүй учир мөрдөн байцаалтанд хэргийг буцааж өгнө үү” гэж мэтгэлцэж байх боловч гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, татвар төлсөн баримт, чулуун хавтанд дахин үзлэг хийсэн тэмдэглэл, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны гэрэл зургийн үзүүлэлт, гаалийн улсын байцаагчийн акт, шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 239 дугаар шинжээчийн дүгнэлт, Л.Ариунзаяа, Л.Ганболд, Б.Ганбаатар нарын мэдүүлгүүдээр хохирлын шинж чанар, хэр хэмжээ нотлогдон тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Батсайханд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх байдалд, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүйг харгалзан үзсэн болно.  

  Шүүгдэгч Д.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Тунгалаг болон иргэний нэхэмжлэгч Д.Өлзийбаатар нарт хохирол төлбөргүй болохыг дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Д.Батсайханы 645519 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, 546 ширхэг хавтан чулууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, 108 ширхэг чулуун хавтанг хохирогч “Эх голомтын илч” ХХК-нд, ашиглагдах боломжгүй болсон 438 ширхэг хавтан чулууг шүүгдэгч Д.Батсайханд тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Батсайханы осол гаргахдаа унаж явсан 53-36 ДГО улсын дугаартай “Toyоta Corolla Run X” маркийн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгээр иргэн Д.Батцэцэгийн өмчлөлийнх гэх боловч шүүгдэгч Д.Батсайхан, гэрч Д.Батцэцэг нарын мэдүүлгээр уг тээврийн хэрэгслийн өмчлөлч буюу эзэмшигч нь Д.Батсайхан мөн болох нь нотлогдож байх тул 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх тээврийн хэрэгслийг Д.Батсайханд олгож, хохирогч “Эх голомтын илч” ХХК-нд учирсан хохирлыг шүүгдэгч Д.Батсайханаар төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчийн төлөөлөгч “... шинжээчийн дүгнэлтээр гарсан ашиглагдах боломжгүй болсон чулуун хавтангуудын үнэ 30,753,181 төгрөг, тээврийн зардал гэж Д.Өлзийбаатарт өгсөн 4,000,000 төгрөг нийт 34,753,181 төгрөгийг нэхэмжилнэ” гэх боловч шүүх 30,753,181 төгрөгийг шүүгдэгч Д.Батсайханаас гаргуулан хохирогчид олгож, тээврийн хөлс гэх 4,000,000 төгрөгний баримт хавтаст хэрэгт авагдаагүй нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шангас овогт Дулмаагийн Батсайханг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Дулмаагийн Батсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Дулмаагийн Батсайханд оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Тунгалаг, иргэний нэхэмжлэгч Д.Өлзийбаатар нарт хохирол төлбөргүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримт болох Д.Батсайханы 645519 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 108 ширхэг чулуун хавтанг хохирогч “Эх голомтын илч” ХХК-нд, ашиглагдах боломжгүй болсон 438 ширхэг хавтан чулууг шүүгдэгч Д.Батсайханд тус тус олгосугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 53-36 ДГО улсын дугаартай “Toyоta Corolla Run X” маркийн тээврийн хэрэгсэлийг шүүгдэгч Д.Батсайханд олгосугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Батсайханаас 30,753,181 төгрөгийг гаргуулан хохирогч  “Эх голомтын илч” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн хөлс гэх 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Батсайханд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

9. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ