| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1023/Э |
| Дугаар | 1155 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 1155
2019 11 14 2019/ДШМ/1155
Н.Д-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Сайнбаяр,
хохирогч Д.Б, Э.Л-,
шүүгдэгч Н.Д-,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1419 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Д-т холбогдох 1806098480841 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Н-ын Д-, 1980 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 0 хэсгийн Баатархайрханы гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:000000000/
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жил хорих ял шийтгүүлсэн.
Н.Д- нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 2-ны хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Бийг “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч 8,500,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 9-ний хооронд иргэн Д.Бг “хүүхдэд нь БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч 8,160,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сараас 10 дугаар сарын 6-ны хооронд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Л-г “дүү Э.М-д нь БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч 8,000,000 төгрөг тус тус залилан авч бусдад нийт 24,660,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Д-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж Н.Д-ын нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Д-т оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Д-аас 19,360,000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Б /РД:ДМ67052801/-д 8,360,000 төгрөг, хохирогч Б.Б /РД:ЙВ81050211/-т 3,000,000 төгрөг, хохирогч Э.Л- /РД:УА86073017/-д 8,000,000 сая төгрөг тус тус олгож, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор 4 жил хорих ял шийтгүүлэн хорих 421 дүгээр ангид ялаа эдэлж байхад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч Нандин-Эрдэнэ 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ирж уулзаад “чамд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон” гэж хэлсэн. Би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтэст 2018 оны 12 дугаар сард мөрдөгч Түвшинжаргалтай очиж уулзаад “... хохирлыг бүгдийг нь барагдуулна, би Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт холбогдсон байгаа учраас Баянзүрх дүүрэгт энэ хэрэгт шалгагдаж байгаа гэсэн бичиг хийгээд өгөөч ...” гэхэд “... 3 хоногийн дараа ир ...” гэж намайг явуулсан. Би 2019 оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирэхэд “Түвшинжаргал мөрдөгч шилжсэн, хэн гэдэг байцаагч томилогдох нь тодорхойгүй байна” гэж хэлсэн. Прокурор Х.Сайнбаяраас асуухад “... би тийм бичиг хийж өгөхгүй, мөрдөгчөөсөө ав ...” гэсэн. Дахин Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очиж уулзахад Түвшинжаргал мөрдөгч өөр тийшээ шилжсэн учраас надад энэ дүүрэг дээр хэрэгт шалгагдаж байгаа гэсэн тоот хийж өгөөгүй. Ингээд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч Нандин-Эрдэнэ намайг авч яваад хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна.
Би хүмүүсийн визний материалыг зуучилж тодорхой хэмжээний мөнгө авдаг байсан ба энэ зуучлалын ажил хууль бус болохыг хожим нь ойлгосон. Хохирогч нарт хохирол учруулсан гэм буруугаа маш их ойлгож байна. Хохирлоос 5,500,000 гаруй төгрөг, мөн 1,000,000 төгрөгийг төлж барагдуулж төлбөрөө төлөөд эхэлсэн байгааг минь харгалзан үзэж 2 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч Н.Д-ын өмгөөлөгч Г.Нарантуяа давж заалдах гомдолдоо: “... Н.Д- нь хохирогч Д.Б, Б.Б, Э.Л- нараас мөнгө авснаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Бусдад хохирол учруулсан гэм буруугаа хүлээж, Д.Бд 1,000,000 төгрөгийн /хохирлоос авсан тухай 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэлийн 4-р нүүрт/, Б.Бт 5,500,000 төгрөгийн /хохирлоос авсан тухай 2019 оны 9 дүгээр сарын 11-ний хурлын тэмдэглэлийн 5-р нүүрт/ хохирлыг тус тус барагдуулж, бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Н.Д- нь виз гаргах эрх бүхий субъект биш хэдий ч хүмүүсийн материалыг бүрдүүлж, холбогдох газарт өгч улмаар зарим нэг хүний виз гарсанд амтшин амар хялбар аргаар мөнгө олохоор дээрх үйлдлийг хөнгөмсгөөр найдан үйлдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү ...” гэжээ.
Хохирогч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Би маш их гомдолтой байна ...” гэв.
Хохирогч Э.Л- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Н.Д-т 2 удаагийн үйлдлээр нийт 8,000,000 сая төгрөг өгсөн. Хүнд итгэх итгэл дээр минь тоглолт хийж, хугацаа хожсон асуудал байгаа. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад манай гэрт ирж намайг хуурсан. Энэ хэрэгт мөн ээж нь оролцоотой. Хохирлоо барагдуулбал гомдолгүй. Яаралтай хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Хохирлын зөрүү бас гарсан боловч би хүлээн зөвшөөрсөн ...” гэв.
Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч нэр бүхий гурван иргэнд “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, залилсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид 2 жилийн хорих ял оногдуулаад, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Шүүгдэгч Н.Д- нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 2-ны хооронд иргэн Б.Бийг “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч 8,500,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 9-ний хооронд иргэн Д.Бг “хүүхдэд нь БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч 8,160,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сараас 10 дугаар сарын 6-ны хооронд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Л-г “дүү Э.М-д нь БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч 8,000,000 төгрөг тус тус залилан авч бусдад нийт 24,660,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Бийн “... 2017 оны 11 дүгээр сард танил Дуламдоржоос Д-ын утасны дугаарыг аваад ярихад “би найдвартай БНСУ-ын виз гаргаж чадна, бичиг баримтаа хурдан бүрдүүлээд өг” гэсний дагуу гадаад паспорт, иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг өгсөн. Надаас эрүүл мэндийн үзлэгийн мөнгө, хэлний бэлтгэлийн мөнгө гэж 500,000 төгрөг нэхсэн учир Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас энэ мөнгийг дансаар шилжүүлсэн. Дараа нь Д- “яаралтай 2,000,000 төгрөг явуул, Солонгосын зуучлагч хүн мөнгө нэхээд байна” гэхээр нь мөн Арвайхээр сумаас дансаараа шилжүүлсэн ... “үлдэгдэл мөнгөө яаралтай шилжүүл, удахгүй ниснэ” гэхээр нь ... эхнэр бид хоёр байшингаа 18,000,000 төгрөгийн барьцаанд тавиад Арвайхээр сумын Хаан банкнаас 6,000,000 төгрөгийг Н.Д- руу дансаар шилжүүлсэн...” гэх /1-р хх 58-59/ мэдүүлэг, хохирогч Б.Бийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх 50-51/, Хаан банкны дансны хуулганы хуулбар /1-р хх 53/, мөнгө шилжүүлсэн баримт /1-р хх 52/,
хохирогч Д.Бгийн “... Нэмэхбаяр надад “Д- гэдэг хүнтэй уулзлаа, энэ хүн их найдвартай хүн байна, БНСУ-ын виз 3 жилээр гаргаж өгдөг гэнэ” гэж хэлэхээр нь утсаар нь холбогдож байгаад “Өргөө” кино театрын орчимд уулзахад “би найдвартай 3 жилээр хүний нэр дээр хүүхдийн чинь визийг гаргаад өгье, 8 дугаар сарын 3-ны өдөр виз гарна, визний мөнгө 8,000,000 төгрөг өгөөрэй” гэхээр 8,000,000 төгрөгийг нь өгсөн. 8 сарын сүүлээр Д- залгаад “бүх зүйл чинь гарсан, одоо зардлаа өг” гэхээр нь би 1,360,000 төгрөгийг өөртэй нь уулзаад өгсөн. Тэгээд л алга болсон.” гэх /1-р хх 12-13/ мэдүүлэг,
гэрч Т.Нэмэхбаярын “... Д- “Солонгос улс руу хүн зуучилж байгаа, чамд хүн байна уу, би асуудалгүй гаргаж өгнө” гэхээр нь би Б эгчид хэлээд тэр хоёрыг уулзуулсан” гэх /1-р хх 16/ мэдүүлэг,
хохирогч Д.Бгийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх 8/, Дамдинхүүгийн Итгэлийн Хаан банк дахь 575378714 тоот дансанд мөнгө шилжүүлсэн баримт /1-р хх 9/,
гэрч Д.Итгэлийн “... 2018 оны зун санагдаж байна, ямар ч байсан дулааны улирал байсан хүү Д- гуйгаад байхаар нь Хаан банкинд өөрийн нэр дээр 5753978714 тоот данс нээлгэж хүү Н.Д-т өгсөн ...” гэх /1-р хх 33/ мэдүүлэг,
хохирогч Э.Л-гийн “... дүү Мөнх-Эрдэнэ тогтсон ажилгүй тул БНСУ-д явуулж, ажил хийлгэх санаатай Энхтүвшингийн хүргэн ах гэх Д-тай холбогдож уулзсан. Д- “зүс харсан дүү байна, дүүдээ туслалгүй яах вэ” гэж надад итгүүлсэн. Би өөрийн баз ахаасаа 4,000,000 төгрөг зээлж аваад 2018 оны 6 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн зүүн талын байранд өгсөн. Үүнээс хойш “удахгүй гарах байх, би материалыг нь өгсөн байгаа” гэж хэлж явсаар 8 сард асуухад “Солонгос руу гарч байгаа хүмүүсээс нэг нь хасагдаж байгаа, тэрний оронд оруулна” гэж хэлсэн. Дүүг “эмчийн үзлэгт оруулах хэрэгтэй” гээд эмчийн үзлэгт оруулсан. 2018 оны 9 сарын сүүлээр “яаралтай 4,000,000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь би автомашинаа банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад энэ мөнгийг өгсөн. Тэгээд утсаар ярихаар “Солонгос талаас болохгүй байна, хүлээж бай” гэсээр алга болсон ...” гэх /1-р хх 172-174/ мэдүүлэг,
гэрч Э.Мөнх-Эрдэнийн “... би төрсөн ах Э.Л-гийн хамт БНСУ явах зорилгоор Н.Д-т 2018 оны 9 дүгээр сард бэлнээр 4,000,000 төгрөг өгсөн. Өмнө нь миний ээж А.Сайнбилэг, ах Э.Л- нар нь Н.Д-т мөн дээр байрны гадна 4,000,000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн ...” гэх /1-р хх 182/ мэдүүлэг,
гэрч А.Сайнбилэгийн “... Н.Д- нь хүү Э.Л- бид хоёроос эхний 4,000,000 төгрөгийг хүү Э.Мөнх-Эрдэнийг БНСУ руу явуулахын тулд “Солонгос улсад түүнийг очиход тосож авах хүнд өгнө” гэж хэлж авсан. 2018 оны 9 дүгээр сарын эхээр миний хоёр хүү Э.Л-, Э.М- нараас Н.Д- нь “Э.Мөнх-Эрдэнийг БНСУ явуулах асуудал шийдэгдсэн, өнөө маргаашгүй явна, цаад Солонгос улсад байгаа хүмүүс нь мөнгөө нэхээд байна” гэж хэлээд тэд нараас 4,000,000 төгрөг нэмж авсан байна лээ ...” гэх /1-р хх 184-185/ мэдүүлэг,
хохирогч Э.Л-гийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 166, 167-169/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Н.Д- нь өөрийгөө БНСУ-д зорчих визний асуудлыг шийдвэрлэдэг мэтээр хохирогч нарт танилцуулж, мөнгийг нь шилжүүлэн авсан байх ба визний асуудлыг шийдвэрлэж байгаа мэтээр хохирогчдыг хуурч, төөрөгдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Н.Д-ын гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.
Мөн тэрээр өмнө нь залилах гэмт хэрэг үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байх тул шүүх түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон нь хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх, ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан журмыг баримтлан хорих ялуудыг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.
Учир нь, дээрх хуулийн зүйл, хэсгийг ял эдэлж буй ялтан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэхээр тодорхой заасан байна.
Гэтэл шүүгдэгч Н.Д- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоол гарахын өмнө нэр бүхий гурван хохирогчийг залилах гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа илэрч гэм буруугийн асуудал нь шүүхээр шийдвэрлэгдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол ...” гэж заасантай нийцэхгүй байхад шүүх уг журмыг баримтлан ялыг нэмж нэгтгэснийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.
Шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдийг тус тусад нь шийдвэрлэснээр хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлд өөрчлөлт орохооргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан ял нэмж нэгтгэх журмыг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч Н.Д- нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн энэ хэрэгт нийт 103 хоног цагдан хоригдсон /1-р хх 117-121, 130-131, 139-140, 150-151, 231, 242, 2-р хх 9-14/ байхад анхан шатны шүүх түүнийг “... цагдан хоригдсон хоноггүй ...” гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Иймд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг тооцоогүй зэрэг анхан шатны шүүхийн алдааг зөвтгөн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1419 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...” гэж, өөрчилж, тогтоох хэсгийн 5 дахь заалтад “... энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ...” гэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ын цагдан хоригдсон 103 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН