Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 115/ШШ2021/0007

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цэнд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлээр

Хариуцагч: Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Л.Н нар цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б биечлэн тус тус оролцсон ба мөн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батхуяг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/103 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан тоотыг хууль бус болохыг тогтоож, “Э” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 21/02 дугаар хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах тухай. Үндэслэл нь манай компани 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт байрлах Аргалын ууланд “Хар чулуут” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-013211 дүгээр тусгай зөвшөөрлийг, 2008 онь 08 дугаар сарын 20-ны өдөр “Хартан овоо” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-014031 дүгээр тусгай зөвшөөрлийг авч, хууль ёсны дагуу эзэмшдэг.

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай” 07/11 дүгээр тогтоолоор Өргөн сумын Аргалийн уулыг байгалийн нөөц газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд манай компанийн зүгээс ХV-013211, ХV-014031 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул хийж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Ингээд хуульд заасан журмын дагуу нөхөх олговор авахаар 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн шүүхээс 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0048 дугаар захирамжаар Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандсаны дараа шүүхэд хандах нь зүйтэй хэмээн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас манай компанийн нөхөх олговортой холбоотойгоор төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд хүсэлт хүргүүлсэн байдаг бөгөөд манай компанийн зүгээс орон нутгийн удирдлагын шийдвэрийг хүндэтгэж, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Засгийн газарт хандахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэвч Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор нөхөх олговортой холбоотой асуудлаар Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хуралд хандах талаар шийдвэрлэсэн.

Ингээд манай компаниас Улсын дээд шүүхийн тогтоолыг гардаж аваад 2021 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 21/02 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичгээр нөхөх олговрыг авах асуудлыг тохиролцохоор хандсан боловч 2021 оны 04 дүгээр  сарын 01-ний өдрийн 02/103 дугаар “Хариу хүргүүлэх тухай” гэсэн албан бичгийг Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бланк дээр хэвлэн “нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Б” гэсэн хүн гарын үсэг зурж ирүүлсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна гээд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасан байтал Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Б нь манай компанийн хүсэлтийг шийдвэрлэж хариу хүргүүлсэн байгаа нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл хуулиар Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрлэх асуудлыг Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Б хэрэгжүүлж компанийн хүсэлтэд хариу өгсөн байгаа нь хууль бус байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх". 40.2.1-д захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой, заасан байх”, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3-т “өргөдөл гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх” гэж заасныг зөрчин Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэхэмжлэгчийн хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэхгүй байна.

Энэ нь манай компанийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах” гэж заасан эрхийг зөрчиж байна.

Иймд Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 онь 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/103 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан тоотыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах шаардлага болон сүүлд нэхэмжлэлийн шаардлагаар тодруулж гаргасан “Э” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 21/02 дугаар хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байгаа бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудал дээр Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан ажиллагаа хэрэгжихгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу шууд шүүхэд хандах зохицуулалттай учраас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийг дурьдаж, үүний дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх боломжтой гэж тайлбарлаж байна. Энэ бол захиргааны эрх зүйн харилцаан дахь урьдчилан шийдвэрлэх зохицуулалт биш учраас энэ агуулгаараа шууд шүүхэд хандах юм.

Хоёрдугаарт захиргааны акт биш гээд байна. Энэ бол Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны актын шинжийг бүхэлд нь хангаж байна. Нэхэмжлэгчийн хуульд заасан нөхөх олговор авах, хуулийн дагуу хүсэлтээ шийдвэрлүүлэх зэрэг эрхүүдийг хөндсөн шууд гадагшаа чиглэсэн захиргааны акт бөгөөд, мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг бүхэлд нь хангаж байна.

Гуравдугаарт эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан гэж байгаа. Хариуцагчийн дурьдаж байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх заалт нь Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны дарга нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байх тухай зохицуулалт юм. Гэвч бид нар Тэргүүлэгчидтэй маргаагүй иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай маргаж байгаа. Хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдсон эрхийг тус Хурлын бланк дээр Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гарын үсэг зурсан нь өөрөө Хурлын эрхийг дур мэдэн хэрэгжүүлсэн хууль бус акт байна гэж маргаж байна. Энэ агуулгын хүрээнд манайд өгөөд байгаа хариу нь тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулсан шинжтэй баримт бичиг биш бөгөөд тодруулбал ажилтан ажлаас халах, чөлөөлөх зэрэг өөрийнх нь дотоод үйл ажиллагаанд холбоотой биш шууд гадагш чиглэсэн нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шинжтэй акт учраас энэ тайлбар нь үндэслэлгүй байна.

Манай компанийн 2017 оноос хойш бүхэл бүтэн 4 жилийн хөдөлмөрийг, үүнээс өмнө буюу 2009 оноос хойшхи олон жилийн хөдөлмөрийг ямар ч судалгаа нотолгоогүй, шийдвэр гаргах эрхгүй этгээд хариу өгснөөрөө үгүй хийж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх зүйлд зааснаар шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг олгоно гэж заасан байна.

Энэ шийдвэрийг Хурлын дарга гаргахгүй, хариу өгсөн Ц.Б гэх этгээд гаргахгүй. Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргах ёстой. Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасны дагуу жилд хэдэн удаа хуралдах ёстой, түүний дагуу хэлэлцэх асуудалд оруулж хуралдаанаар хэлэлцэх ёстой, Гэтэл хуралдаж хариу өгөлгүй урдуур нь өөр этгээд орж хариу өгсөн нь энэ компанийн эрх ашгийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн зүгээс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж 21/02 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичиг ирүүлсэн. Тус иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зүгээс Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу “Э” ХХК-аас ирүүлсэн 21/02 дугаартай албан бичгийг байгууллагын бичиг хэргийн бүртгэлд бүртгэн авч бүртгэл хяналтын карт хөтөлж удирдлагын заалтын дагуу шийдвэрлэх албан тушаалтанд шилжүүлсэн.

Хүсэлтэд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн нөхөх олговор төлөх боломжийн талаар тохиролцоонд хүрэх хүсэлт гаргаж" байгаа талаар тодорхой дурьдсан бөгөөд тус хүсэлт нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан саналын шинжтэй өргөдөл учир иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16 2 дахь хэсэгт заасан хугацаанд хүсэлтийг судалж 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 02/103 дугаартай албан бичгээр хариу мэдэгдсэн.

Гэтэл хүсэлт гаргагч “Э” ХХК нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүргүүлсэн 02/10З дугаартай албан бичгийг “Захиргааны акт” гэж үзэн хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага гаргаж тус шаардлагаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн зөрчил бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үр дагавар үүсгэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.3 дахь хэсгүүдэд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар тогтоол болон захирамж гаргах хууль зүйн зохицуулалттай бөгөөд хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргаж буй аливаа тогтоол, захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын хууль зүйн шинжийг хадгалж байдаг. Харин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх тогтоол. захирамжаас бусад хэлбэрээр гаргаж буй байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулсан шинжтэй аливаа баримт бичгийг захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий 02/103 дугаартай албан тоот нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шинжийг хадгалсан “захиргааны акт” биш тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2 дахь хэсгүүдэд зааснаар хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 02/103 дугаартай албан бичиг нь захиргааны актын хууль зүйн шинжийг агуулаагүй болох нь тодорхойлогдож байгаа ч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлүүдэд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ хэрхэн авсан талаарх үйл баримтыг тодруулах хууль зүйн шаардлагатай.

Хэрэв хуулийн дээрх шаардлагыг хангалгүй шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах. хэрэв нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бол хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай байна Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн 02/103 дугаартай албан бичгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаас гаргасан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь тухайн хурлын ажлын албаны дарга байж хурлын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах хуулиар олгогдсон эрх, хэмжээтэй байдаг.

Хуулиар олгосон дээрх эрх хэмжээнийхээ хүрээнд иргэн хуулийн этгээдээс гаргасан тодорхой өргөдөл, хүсэлтэд хариу өгч буй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга буюу Хурлын ажлын албаны даргын үйл ажиллагааг эрх хэмжээ олгогдоогүй гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.7, 22.1.13, Захиргааны ерөнхий хуулийн 92, 93, 94 дүгээр зүйлүүдэд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хандаж гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ авах хууль зүйн зохицуулалттай бөгөөд энэ журмыг хэрэглэх бүрэн боломжтой юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүнийг хариуцагчаас эс зөвшөөрч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон нэхэмжлэгч. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, мөн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд зэргийг тус шүүх хуралдаанаар шинжлэн судалж, үнэлж, дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Э” ХХК-аас шүүхэд Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/103 дугаар албан тоотыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагыг анх гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Э” ХХКомпанийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21/02 дугаар хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлагаар /хх-ийн 228-р хуудас/ нэмэгдүүлсэн бөгөөд дээрх шаардлагуудын үндэслэлийг нэхэмжлэгчийн зүгээс:

Хариуцагчийн хувьд газрыг тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хуульд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа хэлэлцэн баталсан атлаа түүнд холбогдох нөхөх олговрын асуудлыг мөн адил тухайн Хурлаараа хэлэлцэн шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Энэ хуулийн 14 4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох ... “ гэж заасны дагуу гаргасан хүсэлтийг тус Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаас шийдвэрлэж, хариу өгсөн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, ...олонхийн саналаар батална” гэж заасныг зөрчсөн хууль бус гэж, хар/н нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хариуцагчийн зүгээс:

Маргаан бүхий 02/103 дугаартай албан бичиг нь зөвхөн “хүсэлтэд хариу өгсөн” шинжтэй албан бичиг тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх зүйлд заасан шинжийг агуулсан захиргааны акт биш хэрэв нэхэмжлэгчийн зүгээс захиргааны акт гэж гаргаж байгаа тохиолдолд тэрээр Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байх ба мөн Монгол Улсын Засаг захиргаа. нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т “Ажлын албаны дарга нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байна" гэж зааснаар ажлын албаны даргын хувьд Хурлын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэрэгжүүлж байдаг үүргийн дагуу Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь хүсэлтийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэж хариу өгсөн нь хууль зөрчөөгүй гэсэн агуулгаар тус тус тайлбарлан маргажээ.

Шүүх нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/103 дугаар албан бичгийг эс зөвшөөрч 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд анх ирүүлсэн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасныг үндэслэн хүлээн авч, тус нэхэмжлэлд мөн хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүд тогтоогдохгүй байна гэж үзэж захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд тус ажиллагааны явцад дараахь нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг хянаж үзвэл:

Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дахь Аргалийн уул түүний орчимын газар нутгийн байгалийн унаган төрхийг хэвээр хадгалж үлдээх тус газарт ашигт малтмал, хайгуулын үйл ажиллагааг явуулахгүй байх, түүнийг хориглох зорилгоор тухайн орон нутгийн малчид, иргэд, төр захиргааны байгууллагын зүгээс холбогдох дээд шатны байгууллага. албан тушаалтанд тухайн үед гаргаж байсан хүсэлтүүд болон албан шаардлага /хх-ийн 78-120-р хуудас/ зэр-ийн хүрээнд тус аймгийн Өргөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 01 дүгээр тогтоол /хх-ийн 113-119-р, 171-177- р хуудсуудад/'-оор Аргалийн уул. түүний орчмын газрыг байгаль түүхийн дурсгалт газрын ангилалаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан шийдвэрийг анх гаргаж.

Үүний дараа Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай” 07/11 дүгээр тогтоол /хх-ийн 121-124. 139-р хуудас/-оор Өргөн сумын Аргалийн уулыг байгалийн нөөц газрын ангилалаар аймгийн тусгай хамгаалалтад авч шийдвэрлэн, бүртгүүлсэн /хх-ийн 219-р хуудас/ байна.

Энэ дагуу аймгийн тусгай хэрэгцээнд авсан газар нутаг болох Аргалийн уул, түүний орчимын газарт нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Геологи Уул Уурхай, Кадастрын хэлтэс /ГУУКХ-ийн/-ийн даргын 2009 оны 867, 868 дугаар шийдвэр /хх-ийн 65-76, 222-226-р хуудас/-үүдээр шилжүүлэн авснаар Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх зүйлд заасан үндэслэл буюу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг эрх бүхий байгууллагаас бүртгэсэн 2021 оны 03 дугаар сарын 23-ныг хүртэл /хх-ийн 196-198, 238-р хуудас/ хугацаанд эзэмшиж байсан ХV-013211, ХV-014031 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайнууд бүхэлдээ багтаж орсон нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчээс ирүүлсэн “АМГТГазрын ГУУКадастрын хэлтэс"-ийн тойм зураг /хх-ийн 64-р хуудас/, энэ дагуу шүүхийн шаардснаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн “Аргалын уул тусгай хамгаалалттай газар ЭХХК-ийн XV-014031, ХV-013211 дугаартай ашигт малтмалын талбайн давхцалын зураг” /хх-ийн 161-163-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Ийнхүү шийдвэрлэснээр нэхэмжлэгч компани нь дээрх тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшдэг талбай бүхий газруудыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй болсноор тэрээр Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07/11 дүгээр тогтоолыг гарсны дараа Дорноговь аймгийн Засаг даргад хандан тусгай зөвшөөрөл бүхий газрыг тусгай хамгаалалтанд авсантай холбогдуулан нөхөх олговрын талаарх асуудлыг шийдвэрлэж өгөх тухай хүсэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18/04 дүгээр албан бичиг /хх-ийн 152-р хуудас/-ээр гаргасан байна

Тус аймгийн Засаг даргын зүгээс уг асуудлыг нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлт болон уг газрыг тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцсэн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшдэг талбай бүхий газруудыг өөр аймагт шилжүүлэх байдлаар шийдвэрлэх боломжтой талаар танилцуулж гаргаж байсан санал /хх-ийн 139-р хуудас/ зэрэгтээ үндэслэн орон нутгийн зүгээс нөхөх олговрын зардлыг гаргах боломжгүй гэх нөхцөл байдалд тулгуурлан нэхэмжлэгчийн эзэмшлийн хайгуулын талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь зүйлд зааснаар өөр аймгийн болон тус аймгийн геологийн ижил нөхцөлтэй газарт шилжүүлж олгох асуудлыг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/467 дугаар албан бичиг /хх-ийн 153-р хуудас/-ээр Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн байх ба энэ дагуу Монгол Улсын Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01/1774 дүгээр албан бичиг /хх-ийн 219-р хуудас/-ээр нөхөх олговрын асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар тухайн шийдвэр гаргасан байгууллага хариуцах зохицуулалттай байна гэсэн хариуг тус аймгийн Засаг даргад ирүүлж байжээ.

Иймд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн зүгээс анх 2019 онд тус компанийн ХV-013211, ХV-014031 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нөхөх олговор олгохгүй байгаа Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор олгохыг тус Хуралд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Ашиг малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь зүйлд заасны дагуу тохиролцон тогтоосон нөхөх олговрын асуудал байхгүй байгаа нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь зүйлд заасан маргаанд хамаарахгүй гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх зүйлд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан ба гэтэл нэхэмжлэгчээс дээрхи шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 онд тус шүүхэд дахин гаргасныг энэ талаар шийдвэрлэсэн өмнөх шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь зүйлд зааснаар нэхэмжлэлийн тухайн шаардлагыг мөн хүлээн авахаас татгалзсан болно /хх-ийн 39-42-р хуудас/.

Харин нэхэмжлэгч "Э” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV- 013211,ХV-014031 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулахыг Монгол Улсын Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлэхийг даалгах тухай асуудлаарх нэхэмжлэлийг Ашигт малтмал Газрын тосны газар тус газрын Кадастрын хэлтэст холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн байх боловч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газарт, хуулийн дээрх зохицуулалтын дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулах асуудлыг Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлэх чиг үүрэг хуулиар олгогдоогүй гэсэн үндэслэл /хх-ийн 6, 11-р хуудас/-ийг зааж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 514 дүгээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэснээр дээр дурдсан тухайн үед “нэхэмжлэгчийн эзэмшлийн хайгуулийн талбайг өөр аймгийн болон тус аймгийн геологийн ижил нөхцөлтэй газарт шилжүүлж олгох” талаар яригдаж байсан асуудал буюу түүний нөхөх олговорт дүйцэх талбай олгуулах талаар шүүхэд гаргаж байсан маргаан эцэслэн шийдвэрлэгджээ.

Харин хяналтын шатны шүүхийн дээрх тогтоолд “..., нөхөх олговор авах, .. асуудлаар ... тухайн шийдвэр гаргасан орон нутгийн захиргааны байгууллагад, улмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Э” ХХК нь нөхөх олговор авах асуудалтай холбоотой буюу түүний талаар тохиролцон тогтоох тухай хүсэлтийг Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан гаргасныг хариуцагчаас тус Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын гарын үсэг бүхий 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/103 дугаар албан бичгээр шийдвэрлэж, хариуг хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд одоо гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагад холбогдох маргааны үндэслэл болжээ.

5.Маргааны зүйл болж буй тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 02/103 дугаар албан бичгийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч “Э" ХХК-ийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх зүйлд зааснаар тодорхойлсон “даалгах" буюу “үүрэг хүлээлгэх” нэхэмжлэлийн төрөлд хамаарч байгаа ба харин хариуцагч талаас нэхэмжлэгчийн маргаж буй 02/103 дугаар албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх зүйлд заасан шинж бүхий захиргааны акт биш хэмээн маргажээ.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас ... гаргасан захирамжилсан ... үйл ажиллагааг ойлгоно" мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж ..., ... татгалзсан үйлдэл, ... г ойлгоно” гэж,

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, ... нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах ...” гэж тус тус зааснаас үзвэл дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 37.2-т заасан захиргааны “татгалзсан үйлдэл” буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасан "захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр" нь өөрөө "захиргааны акт“ болж, улмаар даалгах нэхэмжлэлийн зүйлд хамаарч байгаагаар нэхэмжлэгч “Э” ХХК -ийн гаргасан хүсэлтийг хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл болох 02/103 дугаар хариу албан бичгийг захиргааны акт биш гэж үзэх үндэслэлгүй.

5.1 Харин уг захиргааны акт болох 02/103 дугаар албан бичиг нь хууль бус эсэх, тэрээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй эсэхийг хянаж үзээд дараахь байдлууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн "Хүсэлт гаргах тухай" 21/02 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох ...” гэж заасныг хэрэгжүүлж, шийдвэрлэх хүсэлт /хх-ийн 21-22-р хуудас/-ийг хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж гаргасан боловч тус Хурлаас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/103 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 154-155-р хуудас/-ийн 1, 2 дугаар хэсэгт тухайн хүсэлтийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй үндэслэлүүдийг зааж, улмаар тус албан бичгийн 3 дугаар хэсэгт нэхэмжлэгчийн эзэмшил дэх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн талбайд хамаарах газрыг тусгай хамгаалалтанд авсан шийдвэр нь нутгийн өөрөө удирдах байгууллагын хуулиар олгогдсон эрхийн хүрээнд явагдсан үйл ажиллагаа болохын хувьд Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалттай холбогдуулан буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан нь дараахь үндэслэлүүдээр хууль бус байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д "Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн. буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасан нь захиргааны байгууллагаас тухайн өргөдөл, хүсэлтэд дурдсан асуудлыг хангах, эсхүл татгалзаж шийдвэрлэх нь “захиргааны сонгох боломж”-д хамаарч байгаа тохиолдолд тэрээр уг сонгох боломжийг зөв хэрэгжүүлсэн эсэх үүнтэй уялдан хэдийгээр захиргаа татгалзах эрхтэй байж болох ч тухайн татгалзал хууль ёсны болж чадсан эсэхийг шүүх шалгаж тогтоох асуудлыг зохицуулж өгсөн байна.

Энэ дагуу захиргааны байгууллага буюу хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 02/103 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл нь захиргааны сонгох боломжид хамаарсан хууль ёсны эсэхийг хянаж үзвэл:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль дахь "Аймаг, нийслэлийн Хурлын бүрэн эрх"-ийг зохицуулсан 19 дүгээр зүйлийн 19.1.4-д заасан “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх" -ийн хүрээнд, тухайлбал Ашигт малтмалын тухай хууль дахь “Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх”-ийг зохицуулсан 12 дугаар зүйлийн 12.1.4-т "Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах" гэж заасантай уялдан Газрын тухай хууль дахь “Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ... ын нийтлэг бүрэн эрхийг зохицуулсан 20 дугаар зүйлийн 20.1.4-т “бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах”, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж тус тус заасан байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан газрууд нь хариуцагчийн гаргасан “Газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай” 2018 оны 07/11 дүгээр тогтоолд бүхэлдээ хамаарч, тусгай хэрэгцээнд авагдсантай холбогдон тухайн шийдвэр гаргасан байгууллага болох Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээрх хуулиудын холбогдох зохицуулалтуудаар тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд буюу нэхэмжлэгч "Э” ХХК-д нөхөх олговор төлөх үндсэн үүргийг хуулиар хүлээж байх бөгөөд,

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ. төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох ... ” гэж заасан байгаагаар хариуцагч нь тухайн нөхөх олговрыг ямар хэмжээгээр, хэдий хугацаанд хэрхэн төлөх тухай асуудлыг уг тусгай зөвшөөрөл ЭЗЭМШИГЧ буюу НЭХЭМЖЛЭГЧТЭЙ ТОХИРОЛЦОН ТОГТООХ үүргийг эхний шатанд хэрэгжүүлэхийг мөн тус хуулиар давхар хүлээсэн байна.

Иймд хуулийн дээрх зохицуулалтуудаас дүгнэж үзвэл захиргаа болох хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд “Газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай" 07/11 дүгээр тогтоолыг гаргаснаар нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагатай холбогдон түүний сонгох боломж нь гагцхүү ганц л шийдвэр гаргах /татгалзах эрхгүй/ боломж буюу нөхөх олговор төлөх хуулиар хүлээсэн үүргийн дагуу гарах шийдвэрээр хязгаарлагдаж байх тул тэрээр энэ дагуу эхний шатанд хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн үүрэг болох нэхэмжлэгч “Э" ХХК-ийн хүсэлтэд дурдагдаж буй нөхөх олговрын хэмжээ төлөх хугацааг нэхэмжлэгчтэй тохиролцон тогтоох асуудлыг татгалзаж шийдвэрлэсэн үйлдэл нь хууль ёсны байж чадахгүй байна.

Нөгөө талаар тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тус Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь тухайн үед нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу бүртгэн хүлээн авч, улмаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад танилцуулсан байх боловч /хх-ийн 164,166-168,178-180-р хуудас/, тус Хурлын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх зүйлд заасан “Хурлын даргын нийтлэг бүрэн эрх”-ийн нэг болох 22.1.13-д заасан “иргэн аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн Хуралд ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах” эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдаж буй "нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тохиролцон тогтоох” тухай асуудлыг тус иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулснаар хэрхэн шийдвэрлэх ажлыг зохион байгуулах ёстой байтал үүнийг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад хариуцуулж шийдвэрлүүлсэн нь хуульд нийцэхгүй буруу байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж буй “...Хурлын даргаас хүсэлтийг шийдвэрлэж хариу өг гэснээр тухайн Хурлын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хариуцаж байдаг ажлын албаны даргын хувьд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүсэлтийг шийдвэрлэж хариу өгсөн нь хууль зөрчөөгүй ...гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

6. Иймд шүүх дээр тогтоогдож буй үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн 02/103 дугаартай албан бичиг нь хууль бус болох нь тогтоогдож, уг шийдвэрийн улмаас хуульд заасан нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзэж, уг захиргааны акт болох хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/103 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21/02 дугаартай хүсэлт дэх Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох ..." асуудлыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд болон хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 1, 106.3 4, 106 3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 22 дугаар зүйлийн 22.1.13, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4. 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн "Хариу хүргүүлэх тухай” 02/103 дугаар албан бичгийг хүчингүй болгож нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21/02 дугаартай хүсэлт дэх Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болом тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох .." асуудлыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд болон хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай

2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48 1, 48.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгосугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114. 1 дэх зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба гомдлыг мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ЦЭНД