Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 175

 

О.Болорцэцэг, Ч.Пагмасүрэн нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч О.Болорцэцэг, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, нэхэмжлэгч Ч.Пагмасүрэн, түүний өмгөөлөгч П.Алтанчимэг, гуравдагч этгээд П.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 945 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0104 дүгээр магадлалтай, О.Болорцэцэг, Ч.Пагмасүрэн нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 945 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Болорцэцэг, Ч.Пагамсүрэн нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993,
2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дүгээр захирамжийн П.Эрдэнэбатад холбогдох хэсгийн О.Болорцэцэг, Ч.Пагамсүрэн нарын газартай кадастрын зургаар давхцал бүхий хэсгийг тус тус хүчингүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Болорцэцэг, Ч.Пагамсүрэн нарын “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 тоот захирамжаар олгосон газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгээгүй нь хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хан-Уул дүүргийн газрын алба хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэжээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0104 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 945 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд П.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд П.Эрдэнэбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Дээрх захирамжуудыг хүчингүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагыг буруу тогтоож, Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 тоот захирамжлалын П.Эрдэнэбатад холбогдох хэсгийг дурдах ёстой атал 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дүгээр захирамжийн П.Эрдэнэбатад холбогдох үйлчилгээтэй орон сууц болгох гэсэн захирамжлалын хэсгийг хүчингүй болгох, гуравдагч этгээдийн эрх хохирсоор байтал нэмж хохироосон үндэслэлгүй шийдвэр гаргажээ. А/54 тоот захирамжийн хувьд миний бие Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах 2120 мкв газарт баригдах 4 болон 9 давхар 2 байшин нь орон сууцны зориулалттай байсныг үйлчилгээтэй орон сууц болгох хүсэлт гаргаж, шийдвэрлүүлсэн байхад А/54 тоот захирамжийг хамтатган хүчингүй болгосонд гомдолтой байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэснийг ноцтой зөрчсөн байна.

2. Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 тоот захирамжийн надад холбогдох хэсгийг анхан шатны шүүхийн шийдвэрт Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1-т заасныг тус тус баримтлан хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Нийслэлийн Засаг даргаас А/993 тоот захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрөөс газрын талаар баримтлах зарчмын хүрээнд газар эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангаж мөн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагуудыг тус тус үндэслэн хуулийн хүрээнд хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасны дагуу нэмэлтээр газар олгож болно гэж шийдвэр гаргасан. ...Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2008 оны А/399 тоот захирамжаар нэхэмжлэгч нарт Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангаж, хувийн орон сууцны 250 мкв газрыг тус тус олгосон боловч 2008-2016 оны хооронд олгосон газрыг хуульд заасны дагуу огт эзэмшээгүй мөртлөө энэ газар бидний газар гэх мэтээр нэхэмжлэл гаргаж маргаан үүсгэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрхээ эдэлсэн хэдий ч үүргээ гүйцэтгээгүй нөхцөл байдлууд тогтоогдож байна.

...Газрын харилцаа геодизи, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралт болох Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 8.4, 9.1, 9.3-д заасныг үйлдэж, иргэн хуулийн этгээдэд хүлээлгэн өгнө гэснийг хийлгүйгээр өдий хүрсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газрын гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл нөхцөл байдал бий болсон байна.

...нэхэмжлэгч нар нь хуульд заасан эрх, үүргээ биелүүлээгүйн улмаас гуравдагч этгээд миний эрхийг зөрчиж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан сөрөг нэхэмжлэл гаргах эрхээр хангаагүй ба хуульд заасан гуравдагч этгээдийн эрх, үүргийг эдлүүлээгүйд гомдолтой байна.

...Нийслэлийн Засаг даргын А/993 тоот захирамж нь захиргааны актад хамаарах ба Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд Захиргааны акт илт хууль бус болох талаар дурдсан 7 дахь заалтыг зөрчөөгүй байхад хууль бус гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

- Хан-Уул дүүргийн газрын албаны 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09/1622 албан бичгийг үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Учир нь Газрын тухай хуулийн 23.1, 23.2.3, 23.2.8, 23.2.11, 23.2.12, 23.2.14, 23.2.17-д заасныг дүүргийн газрын албаны дарга зөрчиж, дээд газраас лавлагаа тодруулга болон мэдээллийн санд шүүлт хийлгүйгээр эрх мэдлээс давсан шийдвэр гаргасныг шүүх үндэслэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

-Шүүх нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийг хүлээн авахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаар байхад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Т.Эрдэнэболороос гаргасан дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авсан нь хууль зөрчсөн байна. ...

            -Хэрэгт гэрчээр байцаагдсан хүмүүс бүгд нэхэмжлэгч нартай нэгдмэл ашиг сонирхолтой, нэхэмжлэгч, гэрч, төлөөлөгч нар нь хамт бүгд Газрын албанд ажилдгийг мэдсээр байж ач холбогдолгүй тайлбар авч, гэрчийн мэдүүлгийг нотлох баримт болгон хэрэгт хийгдвэл зохих захиргааны процессын ажиллагаануудыг дутуу хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24, 32, 34, 35, 37, 39, 40, 41, 42 дугаар зүйл заалтуудыг орхигдуулж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан нь тус хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

3. Шүүх хэрэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн газрын албыг хариуцагчаар татсан боловч шийдвэр гаргахдаа тэдгээрийн хууль зөрчсөн талаар огт дурдаагүй нь 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.7-д заасныг зөрчиж, шүүхийн шийдвэрт дээрх зүйлийг орхигдуулж, мөн гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрхийг дурдаагүй. Иймд энэ шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх, ажиллагаа зөвхөн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгждэг, мөн хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхэд нотлох баримт гаргаж өгөх боломжгүй бол нотлох баримтын эх сурвалжийг зааж, шүүхийн журмаар гаргуулах боломжтой бөгөөд харин давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд П.Эрдэнэбатаас гаргасан нотлох баримтуудыг хүлээн авах боломжгүй, цаг хугацааны хувьд тэдгээр баримтууд анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа гарсан баримтууд байх тул шүүх бүрэлдэхүүн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээн, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд харин ч эсрэгээрээ анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт тус тус заасан нотлох баримтыг цуглуулах үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлснээс мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх хэсэгт заасан үндэслэл бүрэлдэх нөхцөл байдал бий болжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан гуравдагч этгээд миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 захирамжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэн П.Эрдэнэбатад 2120 м.кв газрыг “орон сууц”-ны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, улмаар 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар уг 2120 м.кв газрын зориулалтыг “үйлчилгээтэй орон сууц” гэж өөрчилж олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчжээ.

Тодруулбал, анх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар нэхэмжлэгч О.Болорцэцэг, Ч.Пагмасүрэн, гуравдагч этгээд П.Эрдэнэбат нарт тус бүрт “амины орон сууц”-ны зориулалттай 250 м.кв газар эзэмших эрх үүссэн, улмаар гуравдагч этгээд П.Эрдэнэбатын  маргаан бүхий захирамжуудаар 2120 м.кв болгон нэмэгдүүлэн эзэмшсэн газар нь нэхэмжлэгч нарын эзэмших эрх бүхий тус бүрийн 250 м.кв газартай давхцсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, тухайн захирамж нь гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн 2120 м.кв газрын зориулалтыг өөрчилснөөс бус газрын хэмжээ өөрчлөгдөөгүй, нэхэмжлэгч нарын газартай давхцсан учир шүүхээс уг маргаан бүхий захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д зааснаар “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” нь захиргааны байгууллага буюу дүүргийн Газрын албаны үүрэг болно.  

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нар эзэмших эрх бүхий газраа 8 жил ашиглаагүй гэх боловч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосон захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа, газрын кадастрын нэгдсэн бүртгэлд ороогүй нь тэдний буруутай үйлдэл биш болохыг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн тул  “нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, хуульд заасны дагуу ашиглаагүй мөртлөө бидний газар хэмээн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий П.Эрдэнэбатын гомдлыг хүлээн авах боломжгүй.

Нэхэмжлэгч О.Болорцэцэг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “захирамж хүчингүй болгуулах” тухай өргөдөл гаргасныг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шийдвэрлэсэн “Бүртгэл хяналтын карт” хэрэгт авагдснаас үзэхэд гуравдагч этгээдийн “нэхэмжлэгч нь дээд шатны захиргааны байгууллагад хандаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам хангаагүй” гэх гомдлыг мөн хүлээн авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх П.Эрдэнэбатыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж, түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулан өгөхдөө буюу 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эрх, үүрэг тайлбарлан өгсөн, шүүх хуралдаанд шүүгч хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарласан, мөн тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцжээ.

Үүнээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан “сөрөг нэхэмжлэл” гаргах эрхийг захиргааны гэрээтэй холбоотой маргаанд хариуцагч эдлэхээр байх тул гуравдагч этгээдийн “...сөрөг нэхэмжлэл гаргах эрхээр хангаагүй, ... эрх, үүргийг эдлүүлээгүй...” гэх гомдол үндэслэлгүй.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар давхцсан эсэх талаарх маргаанд хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулах хуульд заасан үүргээ хэрэгжүүлж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 945 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0104 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                   Л.АТАРЦЭЦЭГ