Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/41

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

    2023          04         19                                      2023/ШЦТ/41

      

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн ...........дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Б.Н

 Улсын яллагч                                               Д.А

 Шүүгдэгч                                                  Б.Г нар оролцов.

 

         Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -ны өдөр төрсөн, эрэгтэй, настай, боловсролтой, мэргэжилгүй, “ажилтай, ам бүл ........, ..........нарын хамт тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .......... оны ........... дугаар сарын ..........-ны өдрийн .........дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн............ дугаар зүйлийн............. дахь хэсэгт зааснаар .........нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .......... төгрөгөөр торгох ялаар шийтггүүлсэн, овгийн Б-н Г/РД: /.

Б.Г нь ............оны ..........дугаар сарын ..........-ны өдөр ...........цаг ..........минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн  дугаар хороо, гудамжид Н.Б-г эхнэр О.Ч-тай хардан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж унагах, улмаар газарт унасан үед нь хөлөөрөө толгойн хэсэгт нь 4-5 удаа өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархины доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн хацарт зулгаралт, ар дагз, дээд уруул хамрын хэсгээр зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би .............оны ..............дугаар сарын ..........-ны өдөр ирээд найз Г болон түүний эгч О нартай уулзаж пиво ууцгаасан. Тэгээд Г-н эхнэр болох Ч-тай уулзахаар Багануур дүүргийн хороо, дугаар гудамжид байж байхад Б.Г “чи миний хүүхдийн аав болно гэлүү” гээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон бөгөөд би газар унахад Г миний толгой хэсэг рүү 4-5 удаа өшиглөсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-10/

Гэрч О.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би сандраад дугаар гудамжид очиход Б газар уначихсан толгойгоо бариад хэвтэж байсан. Г “чи миний хүүхдийн эцэг болдог хэн юм бэ” гээд Б-г цохиж аваад чихийг нь хазаад байхаар нь цагдаа дуудсан. Г эхнэр Ч-г хардаж Б-г зодсон байх” гэх мэдүүлэг /хх-н 18/,

Насанд хүрээгүй гэрч О.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Г бид хоёр ............онд гэр бүл болсон бөгөөд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа бөгөөд дундаасаа нэг хүүхэдтэй. Г нь хувиараа барилгын ажил хийдэг бөгөөд бид хоёр тусдаа амьдраад 2 сар орчим болж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Иргэний нэхэмжлэгч З.Х-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Хохирогч Н.Б нь ..........оны .........дугаар сарын ........-ны өдөр гэмтлийн оношоор дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаториор үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэж 72.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын хэлтсийн .........оны ........дугаар сарын 15-ны өдрийн 33/32 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул яллагдагч Б.Г-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн .оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №09шэ/046 дугаартай: “Н.Б-н биед тархины доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн хацарт зулгаралт, ар дагз, дээд уруул хамрын хэсгээр зөөлөн эдийн гэмтэл цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх хамрын таславчийн мурийлт, тархины доргилт гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 27-28/,

Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 33/32 дугаартай албан бичгээр “иргэн Н-н Б /РД: / нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэмтлийн оношоор Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэж 72.000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэжээ /хх-ийн 12/

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 95 дугаартай тогтоолоор “Б-н Г/РД:/-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсугай” гэжээ /хх-ийн 77/

Иргэний үнэмлэхний болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “...регистрийн дугаартай...” гэжээ.  /хх-н 35-36/

Согтуурал шалгасан тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтээр “Б.Г нь 1.40 хувьтай, Н.Б нь 1.26 хувьтай” гэжээ /хх-ийн 52-54/

Шүүгдэгч Б.Г нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 44, 46-51/, болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Г-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Г нь хохирогч Н.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 72.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дансанд төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Г нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 81/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Г нь согтуугаар ............оны .............дугаар сарын ..........-ны үүрээр 04 цагийн үед Багануур дүүргийн хороо, дугаар гудамжид Н.Б-г хамтран амьдрагч О.Ч-тай хардаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж унагаад толгой руу нь 4-5 удаа өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархины доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн хацарт зулгаралт, ар дагз, дээд уруул хамрын хэсгээр зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Б-н мэдүүлсэн “Б.Г “чи миний хүүхдийн аав болно гэлүү” гээд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж унагаад толгой руу 4-5 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед тархины доргилт, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №09шэ/046 дугаартай шинжээчийн дүгнэлт, согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Г нь хохирогч Н.Б-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Г-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тухайн гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нар нь архидан согтуурсан үедээ хардалтын улмаас хувийн таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэрэг нөлөөлсөн байна.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Г нь хохирогч Н.Б-н биед биед тархины доргилт, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Б “Би гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Г-г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Багануур дүүргийн прокурорын газраас хохирогч Н.Б нь Дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулиториор үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэж Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 72.000 төгрөгийн зардал гарсан буюу төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан хэмээн дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасны дагуу тус прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх прокурор З.Х  иргэний нэхэмжлэгчээр тогтоож, дээрх зардлыг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Г-с гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх зорилгоор нэхэмжлэл гаргажээ. /хх 12,16/

Улмаар хэрэгт прокурорыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлүүлэн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй байна.  

Хохирогч Н.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас 72.000 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь Багануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны 33/32 дугаартай албан бичгээр баримтуудаар тогтоогдож  байна. /хх-н 12/

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч З.Х-н нэхэмжилсэн 72.000 төгрөгийг шүүгдэгч Б.Г-с гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.

           3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс Б.Г-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.

Б.Г “урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, ам бүл 4, ээж дүү нарын хамт амьдардаг, “Эрдэнэ Хүнс” ХХК-нд дамжлагын ажилтнаар ажилладаг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгч Б.Г нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/300 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, уг торгуулийн ялаа төлж барагдуулсан болох нь Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор тогтоогдож байна. /хх-н 46-51,77/

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Учир нь Б.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ялаа эдэлж дууссан боловч тэрээр урьдчилан мэдэх тооцоолох боломжгүй гэнэт үүссэн болон гадны объектив хүчин зүйлүүдийн нөлөөнд автаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, түүний хувийн байдлыг харгалзан Б.Г-д 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. овгийн Б-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овгийн Б-н Г-д 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гантөгсөд шүүхээс оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух тоотод оршин суугаа газраа өөрчлөх мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр дэвсгэрээс зорчих үүрэгтэйг Б.Г-д тус тус мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Б.Г-д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 72.000 (далан хоёр мянган) төгрөгийг шүүгдэгч Б.Г-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкин дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

7. Б.Г-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч Н.Б-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА