Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/30

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

          Шүүгдэгч Н.Самбалхүндэв нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Самбалхүндэв-т холбогдох эрүүгийн 2332000000020 тоот хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Монгол улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1966 оны 08 дугаар сарын 21-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Хөгжлийн 611 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт байдаг, урьд өмнө хоёр удаа ял шийтгүүлж байсан.

          -Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 15000 төгрөгөөр торгох ялаар,

          -Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 540000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай Сартуул овогт Найдансүрэнгийн Самбалхүндэв /РД:ТГ66082110/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Самбалхүндэв нь иргэн Ц.Нармандахын машинд нь үлдээсэн ХААН банкны виза картыг ашиглаж, түүний эзэмшлийн 5001251027 тоот данснаас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 цаг 06 минутад Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Хоёр хүү” дэлгүүрийн үүдний бэлэн мөнгөний машинаас 500000 төгрөг бэлнээр, мөн өдрийн 06 цаг 14 минутад Улаанбаатар хотод байх шатахуун түгээх станцаас 64334 төгрөгийн бензин авч, нийт 564334 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ц.Нармандахад 564334 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгч Н.Самбалхүндэвийг гэм буруутайд тооцох талаар:

 

            Шүүгдэгч Н.Самбалхүндэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Би цагдаагийн байгууллага дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй учраас дахин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг.

Эрүүгийн 2332000000020 тоот хэргээс:

 

Хохирогч Ц.Нармандах мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өөрийн Хаан банкны виза картыг тухайн өдрийн таксины жолоочид өгч нууц кодыг нь хэлээд шатахуун түгээх станцаас бензин авхуулсан юм. Тэгээд буухдаа картаа мартаад буусан. Би тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор ямар шатахуун түгээх станцад уншуулсныг нь сайн санахгүй байна. Тэгээд би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр карт байхгүй болохоор банкнаас очиж бэлэн мөнгө авсан чинь миний картаас 2022 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 564334 төгрөгөөр 2 удаа уншуулсан байсан. Тийм болохоор энэ асуудлыг шалгаж шийдвэрлүүлэхээр Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. ...Би тухайн өдрийн таксины жолоочийг сэжиглэж байна. ...Би “Дөт” дэлгүүр лүү Самбалхүндэв ахыг оруулж 2 ширхэг пиво авхуулсан. Харин “Тод-1” дэлгүүр рүү хэнийг оруулснаа сайн санахгүй байна. ...гэсэн мэдүүлэг/хх-ийн 14 дүгээр хуудас/, хохирогч Ц.Нармандахын эзэмшлийн ХААН банкны 5001251027 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-ийн 8 дугаар хуудас/, хохирогч Ц.Нармандахын Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл/хх-ийн 6 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-ийн 5 дугаар хуудас/, хохирогч Ц.Нармандахад 565000 төгрөгийг шүүгдэгчээс нөхөн төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт/хх-ийн 56 дугаар хуудас/зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй ба нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгчийн  үйлдсэн гэмт үйлдэл нь амар хялбар аргаар ашиг орлого олох санаа зорилготой, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд санаатайгаар хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Самбалхүндэв нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүнд эрүү шүүлт тулгах хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар эрүүгийн хэргийг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Хохирогч Ц.Нармандахад учирсан 564334 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд тооцож, шүүгдэгч Н.Самбалхүндэв нь хохирогчид учирсан 564334 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн нөхөн төлсөн ба шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Гурав.Шүүгдэгч Н.Самбалхүндэвт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч Н.Самбалхүндэв нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Тиймээс прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг шүүгдэгч Н.Самбалхүндэв хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг  ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэж байна.

            Иймд шүүгдэгч Н.Самбалхүндэвт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Самбалхүндэв энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 2.2, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Сартуул овогт Найдансүрэнгийн Самбалхүндэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Самбалхүндэвийг хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнссүгэй.

            3.Шүүгдэгч Н.Самбалхүндэвт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4.Шүүгдэгч Н.Самбалхүндэв энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Нармандахад 565000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

            5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Самбалхүндэвт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ЭРДЭНЭМӨНХ