Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Э.Батгэрэл

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа

Шүүгдэгч А.Гэрэл-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.Гэрэл-Эрдэнэд холбогдох 2232001660013 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэр суманд 1997 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл-4, ээж, ах, дүүгийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг, Будуун толгойн 2-38 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө 2 удаа ял шийтгүүлж байсан.

-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар тэнссэн,

- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай, Жадран овогт Алтангэрэлийн Гэрэл-Эрдэнэ/рд:НБ97010538/

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Гэрэл-Эрдэнэ нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2-р багийн нутаг дэвсгэр "Бургалтай" гэх газарт оршин суух иргэн Н.Наянтайн гэрийн гаднаас түүний эзэмшлийн шар өнгийн "Даюун" загварын улсын дугааргүй мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 1.566.600 төгрөгийн хохирол, 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 14-15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Ширхэнцэгийн 182 тоотод оршин суух Ц.Аюушийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах

талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч А.Гэрэл-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...Би мэдүүлэг өгөхгүй. Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг бүгд үнэн, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. ...гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч А.Гэрэл-Эрдэнийг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч А.Гэрэл-Эрдэнэ нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн нутаг дэвсгэр Бургалтай гэх газарт оршин суух иргэн Н.Наянтайн гэрийн гаднаас “Даюун” загварын мотоциклийг хулгайлан авч 1566600 төгрөгийг хохирол, 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 14-15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн №182 тоотод оршин суух, хохирогч Ц.Аюушийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Гэм хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 11 дүгээр хуудас/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 12-13 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-ийн 14 дүгээр хуудас/, хохирогч Наянтай мөрдөн байцаалтад мэдүүлэгтээ: ...Манайх Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутаг, Бургалтай гэх газар зусаж байгаа юм. 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагийн үед манай төрсөн ах Чука Баянгол гэх газар руу хүргүүлэхээр болж Батсүмбэр сумын харьяат Жижгээ буюу Гэрэл-Эрдэнэ гэх залуугаар миний эзэмшлийн улсын дугааргүй, шар өнгийн, даюун загварын мотоциклыг унаад Баянгол гэх газар руу явсан.Маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 05 цагийн үед Жижгээ  манай мотоциклийг гэрийн гадаа авч ирж өгөөд  буцаад сумын төв рүү явсан. Би тухайн өдөр эхнэр Оюунбилэг найз Дэлгэрмаа нарын хамт Төв аймгийн Борнуур сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "Аглаг бүтээлийн хийд" орчхоод орой 17 цагийн үед гэртээ иртэл миний эзэмшлийн улсын дугааргүй, даюун загварын мотоцикл гэрийн гаднаас алга болсон байсан. Би охин Анудариас мотоцикль яасан талаар асуутал Жижигээ ах ирээд юм хэлэлгүй унаад яваад өгсөн гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш мотоциклоо авч чадалгүй өдийг хүрч байна. Жижигээ гэх залуу дур мэдэн гэрийн гаднаас мотоцикл хулгайлж унаж явсанд гомдолтой байна. ...Би 2021 оны 04 дүгээр сарын эхэн үеэр Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршин суух Отгоо гэх хүнээс 1200000 төгрөгийн авлагатай байсан бөгөөд тэр мөнгөн дээрээ 500000 төгрөг нэмж өгөөд нийт 1700000 төгрөгөөр худалдаж авч байсан. Эд анги бүрэн бүтэн мотоцикль байсан. ...2022 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 05 цагийн үед Жижигээ манай гэрийн гадаа миний даюун загварын мотоциклийг үлдээгээд явсан. Би Борнуур сум ороод ирэх хооронд гэрийн гаднаас өөрөө дур мэдэн аваад явсан байсан. Жижигээд мотоцикль аваад ир гэж хэлээгүй. ...Би гомдолтой байна.

 

 

 

Хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна. Мөн хулгайд алдсан мотоциклио  нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 18-19 дүгээр хуудас/,  гэрч  Ш.Отгон мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн үед шар өнгийн, улсын дугааргүй, даюун загварын мотоциклтой 20-25 орчим насны жижигхэн бор залуу ирээд Дорнод явах гэсэн чинь зардлын мөнгөгүй болчихлоо, миний унаж яваа мотоциклыг 350.000 төгрөгөөр авчих гэхээр нь үгүй гэсэн чинь буцаад яваад өгсөн. Тэгсэн буцаад 12 цагийн үед хүрч ирээд мөнгөгүй болчихлоо авчих гээд гуйгаад байхаар нь 250.000 төгрөгөөр тухайн мотоциклыг худалдаж авахаар болж мөнгийг нь бэлнээр тоолж өгсөн. Тухайн залуугаас худалдаж авсан мотоцикл Хужир буланд манай хашаанд байгаа. Тухайн мотоциклоос үрж зарсан эд анги байхгүй, яг хэвээрээ байгаа. Би хулгайн мотоцикль байсан гэдгийг мэдээгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Ш.Отгон мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би бэлэн мөнгөөр 250000 төгрөгөөр авч байсан ...би өөрт учирсан хохирлоо гаргуулж авмаар байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 21 дүгээр хуудас/, ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ ХХК-ний үнэлгээний 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №07/237 дугаартай тайлан/хх-ийн 27-33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар,

            ...гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 127 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 123-134 дүгээр хуудас/, эд зүйл баримт бичиг, бусад баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 139-141 дүгээр хуудас/,хохирогч Ц.Аюушийн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн орчим үсээ засуулахаар төв рүү явчхаад 15 цагийн орчим гэртээ буцаад ирэхэд манай байшингийн нэг давхрын зүүн талын цонхны салхивч онгойсон, байшингийн баруун талын хаалганы орчим хуучирсан хром гутал тайлаад тавьсан байсан. Тэгэхээр нь гэрийнхээ эд зүйлийг шалгаад үзтэл үүдний амбаарын хананд хазаарын өлгүүрт байсан 2 ширхэг мөнгөн хазаар, цайны ширээн дээр байсан манай хүүхдийн хар өнгийн Самсунг Эс-8 загварын гар утас, ширээн доор байсан миний 39 размерын шинэ хром гутал зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Би гэрээ цоожлоод явсан. Манайд хүн үлдээгүй. ...Би хос мөнгөн хазаараа 4 сая төгрөгөөр үнэлж байна. Учир нь би 1 хазаарыг нь 2 сая төгрөгөөр хийлгэж байсан.  Мөн хром гутлаа 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хүүхдийнхээ утсыг мөн 500.000 төгрөгөөр нийтдээ алдагдсан эд зүйлсээ 5 сая төгрөгөөр үнэлж байна. ...Би учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 144 дүгээр хуудас/,гэрч Болдбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би тухайн өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Замын цагдаагийн хэсгийн постод үүрэг гүйцэтгэж байх хугацаанд тухайн өдрийн 1 цаг 20 минутын орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтсийн 102 дугаартай утаснаас жижүүрийн мөрдөгчийн мэдээлснээр Мандал сумаас Улаанбаатар хотын хооронд хүн тээврийн таксинд явдаг Сонота-7 загварын саарал өнгийн 23-33 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хот руу зорчиж яваа хэргийн холбогдогч А.Гэрэл-Эрдэнэ гэх хүнийг саатуулж шалгаад байж байгаа ч манай хэлтсийн алба хаагч нар араас дагаад явж байгаа тээврийн хэрэгслийг саатуулан зогсоож өгөөч гэсний дагуу зарлагдсан тээврийн хэрэгслийг тухайн өдрийн 17 цагийн үед зогсоож хэргийн холбогдогч Гэрэл-Эрдэнэ гэх залууг саатуулж байгаад Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэсгийн алба хаагч нарт хүлээлгэн өгч ажилласан.Тухайн Гэрэл-Эрдэнэ гэх залууг саатуулж байгаад Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч нарт хүлээлгэн өгч ажилласан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. ...Тухайн А.Гэрэл-Эрдэнэ гэх хүн намайг шалгаж саатуулах  үед улаан өнгийн саравчтай  малгай  ногоон өнгийн дээд өмссөн, хөлдөө хром гуталтай, өвөртэй нэг шил 0.5 граммын хараа нэртэй архи, мөнгөн хазаар өвөртөлсөн явж байсан би тухайн хазаарын талаар асуутал Зүүнхараад айлд мал маллаж байгаад хөлсөндөө авсан гэж хэлж байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 156 дугаар хуудас/,Арвижих эстимейт ХХК-ний үнэлгээний 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №1/02 дугаартай тайлан/хх-ийн 163 дугаар хуудас/, шүүгдэгч А.Гэрэл-Эрдэнэ нь сум дундын прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 204 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй ба нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн  шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгчийн  үйлдсэн гэмт үйлдэл нь амар хялбар аргаар ашиг орлого олох санаа зорилготой, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд санаатайгаар хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгч А.Гэрэл-Эрдэнэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүнд эрүү шүүлт тулгах хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар эрүүгийн хэргийг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр.Гэм хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Хохирогч Н.Наянтайд учирсан 1566600 төгрөгийг, хохирогч Ц.Аюушид учирсан 4500000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд тооцож, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Наянтайд даюун загварын мотоциклийг, хохирогч Ц.Аюушид алдагдсан эд зүйлийг буцаан өгсөн болох нь хэрэг авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Гэрэл-Эрдэнэ нь хохирогч Н.Наянтай, Ц.Аюуш нарт нөхөн төлөх төлбөргүй байна.

Харин иргэний нэхэмжлэгч Ш.Отгонд 250000 төгрөгийг нөхөн төлсөн нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч А.Гэрэл-Эрдэнэд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Шүүгдэгч А.Гэрэл-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Тиймээс прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг  шүүгдэгч А.Гэрэл-Эрдэнэ хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг  ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэж байна.

            Иймд шүүгдэгч А.Гэрэл-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гэрэл-Эрдэний энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 2.2, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Жадран овогт Алтангэрэлийн Гэрэл-Эрдэнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Гэрэл-Эрдэнийг 01/нэг/ жил, 03/гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гэрэл-Эрдэний цагдан хоригдсон 67/жаран долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            4.Шүүгдэгч А.Гэрэл-Эрдэнэд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 8.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Гэрэл-Эрдэнэд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ