| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/00774/И |
| Дугаар | 101/ШШ2019/01186 |
| Огноо | 2019-04-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2019/01186
| 2019 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 101/ШШ2019/01186 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Ц.Бгийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод оршин суух, Т.Сд /РД: 0000/ холбогдох
1.128.000 төгрөг гаргуулах, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ц.Бгийн нэр шилжүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б,
Хариуцагч Т.С,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаатар,
Гэрч Б.Л,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Б миний бие 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Т.Стай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан ******* ******* улсын дугаартай тоёота премио маркийн авто машиныг 7.000.000 төгрөгөөр худалдан авсан. Төлбөрийг уг өдрөө бэлнээр нь төлсөн.
Т.С машиныг надад хүлээлгэн өгөхдөө хүлээлгэн өгсөн акт үйлдээгүй, өөрөө жолоодоод манай гэрийн үүдэнд авчирч өгсөн. 2 хоногийн дараа машин явахаа больсон ба Т.С руу ярихад утсаа авахгүй байсан. Би 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цагдаад өргөдөл гаргасан ч гэмт хэргийн шинжгүй гэж үзээд 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байсан.
Т.С 2018 оны 11 дүгээр сарын эхээр надад 250.000 төгрөгөөр кроп авч тавьж өгсөн. Хэсэг явж байгаад машин хааз авахаа больсон ба засварчинд үзүүлэхэд гидрийн пидал нь эвдэрсэн байна гэсэн. Гэтэл одоо рулын аппарат нь эвдэрсэн. Мөн цап нь эвдэрсэн.
Т.С нь доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж үзэж байгаа тул уг доголдлыг арилгахад гарсан зардал цап 180.000 төгрөг, ажлын хөлс 10.000 төгрөг, кропны үнэлгээ 35.000 төгрөг, кропны оношлогоо 45.000 төгрөг, явах эд ангийн оношлогоо 10.000 төгрөг, ком оношлогоо 15.000 төгрөг, урд наклад 45.000 төгрөг, хойд наклад хосоороо 40.000 төгрөг, аваарын шар гэрэл 40.000 төгрөг, аккумлятор 120.000 төгрөг, урд хоёр дугуй 100.000 төгрөг, запас дугуй 40.000 төгрөг, пидал оношлогоо болон ажлын хөлс 80.000 төгрөг, бензин багажны тагны тороос 100.000 төгрөг, агаар шүүгч 10.000 төгрөг, подвор хойд гэрэл 30.000 төгрөг, мөн хүүхдээ эмнэлэгт үзүүлсэн эм тарианы мөнгө 228.000 төгрөг, нийт 1.128.000 төгрөгийг Т.Сас гаргуулж өгнө үү.
Мөн Т.С өнөөг хүртэл тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байгаа тул тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө үү.
Би машинаа 2018 оны 11 дүгээр сарын дундуур засварчинд үзүүлэхэд рулын аппарат эвдэрсэн байна гэсэн. Дугуй элэгдээд цасан дээр халтираад явахгүй болохоор нь 2018 оны 12 дугаар сард дугуйгаа сольсон.
2019 оны 1 дүгээр сард цапны шаариг нураад зуурчихсан байсан тул цап 180.000 төгрөгөөр худалдан авсан. Урд наклад элэгдээд дууссан тул шинээр худалдаж авсан ба үүний дараагаар хойд наклад хосоор нь худалдаж авсан.
Аваарын шар гэрлийн ламп хөндийрөөд байхаар нь солиулсан. Машин эвдэрснээс болоод хүүхдээ автобусаар зөөсний улмаас хүүхэд маань өвдсөн тул энэ зардлыг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч Т.С шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ц.Б гэх нас тогтсон ах эхнэрийнхээ хамт ирж энэ машин, нүдэнд тусаад байна, дугаар нь ч гоё юм гээд миний ******* ******* улсын дугаартай, тоёота премио маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн машиныг үнэ тохирч авья гэсэн.
Уг машин 8.000.000-9.000.000 төгрөгийн хооронд зарагдаж байсан бөгөөд одоо ч үнэ ханш нь хэвээр байгаа. Энэ машинаа ахдаа бэлэн 7.000.000 төгрөгт өгчих гээд гуйгаад байсан. Ингээд би түүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан машинаа зарсан.
Уг нь 7.100.000 төгрөгөөр худалдахаар болсон ба үүнээс аккумляторын үнийг хасаад 7.000.000 төгрөгөөр худалдсан. Ц.Б гуай өөрөө унаж явж чадахгүй гэхээр нь би унаад гэрт нь аваачиж өгсөн.
Дараа нь хүүхэд нь унаад явсан байсан. 3-4 хоногийн дараа кроп дуугараад байна гэсэн ба би зүгээр баймаар юм гэхэд холбоо барихгүй байж байгаад 10 хоногийн дараа ирээд кроп сольж өг гэсэн. Ц.Б гуай эхнэртэйгээ ирээд орилж хашгираад цагдаа дуудсан бөгөөд цагдаа намайг аваад явсан.
Би 2018 оны 11 дүгээр сарын эхээр 250.000 төгрөгөөр кроп аваад ажлын хөлсөнд нь 60.000 төгрөг төлөөд Ц.Б гуайн машины кропыг сольж өгөхөд болж байна гээд машинаа аваад явсан. Дараа нь 7 хоногийн дараа ирээд наклад нь хятад наклад байна сольж өг гэсэн.
Худалдах, худалдан авах гэрээ хийхдээ би Ц.Б гуайд та жолоочийн хариуцлагын даатгалаа төлөөд машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваарай гэж гэхэд би шилжүүлж чадахгүй, чи даатгал төлж өг гэсэн.
Би энэ хүнийг настай хүн учраас худлаа хэлэхгүй байх гэж бодоод кропыг нь сольж өгсөн. Би түүнд доголдолгүй авто машин худалдсан. Нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Т.Сд холбогдуулан 1.128.000 төгрөг гаргуулах, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ц.Бгийн нэр шилжүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Б “Т.С нь биет байдлын доголдолтой эд хөрөнгө худалдсан тул түүнийг арилгахад гарсан зардал 1.128.000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн авто машины тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээг нэр дээр маань шилжүүлж өгөөгүй тул гэрчилгээг өөрийнхөө нэр шилжүүлэх нэхэмжлэл гаргасан” гэж,
Хариуцагч Т.С “Доголдолгүй хөрөнгө худалдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэр шилжүүлэх нь худалдан авагчийн өөрийнх нь үүрэг” гэж тус тус маргаж байна.
Хариуцагч Т.С нь нэхэмжлэгч Ц.Бтэй 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч буюу хариуцагч Т.С нь нэхэмжлэгч буюу худалдан авагч Ц.Бд ******* ******* улсын дугаартай, тоёота премио маркийн, 2005 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг саарал өнгийн суудлын авто машиныг 7.000.000 төгрөгөөр худалдсан нь зохигчдын тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний хуулбараар тогтоогдлоо.
Авто машины үнэ 7.000.000 төгрөгийг худалдан авагч Ц.Б уг өдрөө төлсөн талаар талууд хэн аль нь маргаагүй.
/ХХ-ийн 15-16, 24 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, тэд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Т.С*******ыг биет байдлын доголдолтой эд хөрөнгө зарсан тул уг доголдлыг арилгахад гарсан зардал буюу цап 180.000 төгрөг, ажлын хөлс 10.000 төгрөг, кропны үнэлгээ 35.000 төгрөг, кропны оношлогоо 45.000 төгрөг, явах эд ангийн оношлогоо 10.000 төгрөг, иж бүрэн оношлогоо 15.000 төгрөг, урд наклад 45.000 төгрөг, хойд наклад хосоороо 40.000 төгрөг, аваарын шар гэрэл 40.000 төгрөг, аккумлятор 120.000 төгрөг, урд хоёр дугуй 100.000 төгрөг, запас дугуй 40.000 төгрөг, пидал оношлогоо болон ажлын хөлс 80.000 төгрөг, бензин багажны тагны тороос 100.000 төгрөг, агаар шүүгч 10.000 төгрөг, подвор хойд гэрэл 30.000 төгрөг, хүүхдэд авсан эм тарианы мөнгө 228.000 төгрөг, нийт 1.128.000 төгрөгийг нэхэмжлэн дараах баримтыг үндэслэлээ болгосон байна.
Үүнд: 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Ц.Бгийн Голомт банк дахь данснаас 235.000 төгрөгийн зарлага гарснаас 180.000 төгрөгөөр цап, 45.000 төгрөгөөр урд наклад тус тус худалдан авсан, ажлын хөлсөнд 10.000 төгрөг төлсөн гэжээ.
Түүний данснаас дээрхи хэмжээний зарлага гарсан нь уг сэлбэгийг худалдан авсан гэх баримт биш ба тухайн авто машины эд анги хариуцагчийн биет байдлын доголдолтой хөрөнгө худалдсаны улмаас үүссэн эсэх нь тодорхойгүй буюу нэхэмжлэгч нь энэ талаарх баримтаа ирүүлээгүй байна.
/ХХ-ийн 6, 12 дугаар тал/
Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Хөрөнгө эстимейт” ХХК-д 35.000 төгрөг төлсөн байх боловч нь энэ нь ямар үйлчилгээний хөлсөнд төлсөн төлбөр болох нь тодорхой бус ба явах эд ангийн оношлогоо 10.000 төгрөг, иж бүрэн оношлогоо 15.000 төгрөг, агаар, усны дачик цэвэрлэх, кропны тос солих үйлчилгээ авсан гэх боловч уг үйлчилгээг хэдийд, хэн, хаанаас авсан болох нь тодорхой бус байна.
/ХХ-ийн 6-7 дугаар тал/
Нэхэмжлэгч Ц.Б нь 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр урд наклад 45.000 төгрөгөөр, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хойд наклад 1 хос 40.000 төгрөгөөр, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр аваарын шар гэрэл 40.000 төгрөгөөр тус тус худалдан авсан гэх боловч үүнийг хэн худалдан авсан нь тодорхойгүй байгаагаас гадна дээрх эд анги хариуцагчийн биет байдлын доголдолтой хөрөнгө худалдсаны улмаас үүссэн болох нь тогтоогдсонгүй.
/ХХ-ийн 8 -10 дугаар тал/
Талуудын хооронд байгуулагдсан дээрх худалдах, худалдан авах гэрээний 4-т “Худалдаж буй тээврийн хэрэгсэл нь худалдагч талын эзэмшилд, эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой”,
8-д “Төлбөр бүрэн төлөгдсөн. Тооцоо дууссан. Автомашиныг шалгаж хүлээж авсан” гэж заасан ба гэрээг талууд өөрсдийн хүсэл зоригийн дагуу байгуулсан, нотариатчаар гэрээний үнэн зөвийг гэрчлүүлэх үед нотариатч гэрээний үр дагавар, эр хөрөнгийн доголдлын талаар тодруулсан талаар нэхэмжлэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал үгүйсгээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан ба уг авто машиныг 7.100.000 төгрөгөөр худалдахаар тохирч үүнээс аккумляторын 100.000 төгрөгийг хассан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд тэрээр 120.000 төгрөгөөр аккумлятор худалдан авсан гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдохгүй байна.
Мөн тэрээр пидал оношлогоо болон ажлын хөлс 80.000 төгрөг, бензин багажны тагны тороос 100.000 төгрөг, агаар шүүгч 10.000 төгрөг, подвор хойд гэрэл 30.000 төгрөг, хүүхдэд авсан эм тарианы мөнгө 228.000 төгрөг тус тус зарцуулсан гэх боловч дээрх үйлчилгээг авч эд ангиудыг худалдан авсан нь баримтаар тогтоогдоогүй болно.
Нэхэмжлэгч Ц.Б нь машин эвдэрч хүүхдээ автобусаар зөөснөөс үүдэн түүний хүүхэд өвдөн 2018 оны 10 дугаар сард 88.300 төгрөгийн, 2018 оны 11 дүгээр сард 21.851 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сард 32.174 төгрөг, 2019 оны 1 дүгээр сард 85.729 төгрөгийн эм тариа авч хэрэглэсэн гэх боловч тэрээр авто машин худалдан авахаас өмнө буюу 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрүүдэд худалдан авсан гэх эм тарианы үнийг нэхэмжилснээс гадна дээрх хэмжээний эм тариаг худалдан авсан нь, мөн хариуцагчийн биет байдлын доголдолтой хөрөнгө худалдсаны улмаас үүссэн эсэх нь тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Ц.Б дугуй элэгдэн цасан дээр хальтираад явахгүй байсан тул 2018 оны 12 дугаар сард дугуйгаа сольсон хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлан урд хоёр дугуй 100.000 төгрөг, запас дугуй 40.000 төгрөг, дугуйны үнэд нийт 140.000 төгрөг нэхэмжилсэн ба тэрээр дугуй худалдан авсан болох нь баримтаар тогтоогдоогүйгээс гадна түүний дугуй худалдан авсан гэх асуудал нь мөн л хариуцагчийн биет байдлын доголдолтой хөрөнгө худалдсаны улмаас үүдсэн нь тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч Ц.Б нь Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст Т.Сас худалдан авсан авто машины хурдны хайрцаг буюу кроп эвдэрсэн гэх гомдлыг гаргасан ба Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 3192 тоот тогтоолоор уг маргааныг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан бөгөөд тэрээр цагдаагийн байгууллагад өргөдөл өгөхдөө 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр машинаа оношлуулан 45.000 төгрөг үйлчилгээний хөлсөнд төлсөн гэжээ.
/ХХ-ийн 5, 7 дугаар тал/
******* ******* улсын дугаартай авто машины эвдрэл гэмтлийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр машинаа оношлуулсан гэх боловч уг авто машин тухайн үед эвдрэл гэмтэлтэй хэмээн оношлогдсон талаарх баримтыг нэхэмжлэгч тал ирүүлээгүй бөгөөд хариуцагч Т.С нь 2018 оны 11 дүгээр сард хурдны хайрцаг 250.000 төгрөгөөр худалдан авч ажлын хөлсөнд нь 60.000 төгрөг, нийт 310.000 төгрөг төлж нэхэмжлэгч Ц.Бгийн худалдан авсан ******* ******* улсын дугаартай тоёота премио маркийн тээврийн хэрэгслийн хурдны хайрцагыг шинээр солиулсан талаар талууд хэн аль нь маргахгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтаа өөрөө цуглуулах, нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Т.С*******ыг биет байдлын доголдолтой эд хөрөнгө худалдсан гэх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй бөгөөд түүний тайлбар болон ирүүлсэн баримтаас үзэхэд тэрээр хөрөнгийг эзэмшиж, ашиглах явцад буюу эдэлгээний явцад үүссэн эд ангийн элэгдэл, хорогдол, түүнээс үүдэн авсан үйлчилгээний зардлыг хариуцагчаас нэхэмжилсэн гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч Т.Сас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Ино Марк Мастер” ХХК-д оношлогооны хөлсөнд төлсөн 45.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд мөн тэрээр нэхэмжлэгч Ц.Бд 100.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбараа гаргалаа.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 7-д “Худалдан авагч тал тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад бүртгүүлэх үүрэг хүлээнэ” гэж зааснаас үзэхэд тээврийн хэрэгслийг өмчлөх эрхээ бүртгүүлэх нь худалдан авагч Ц.Бгийн үүрэг байна.
Иймд хариуцагч Т.Сас 145.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 983.000 төгрөгт холбогдох хэсгийг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ц.Бгийн нэр шилжүүлэх тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Гэрч Б.Л нь нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй тул түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болохыг дурьдав.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Сас 145.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 983.000 төгрөгт холбогдох хэсгийг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ц.Бгийн нэр шилжүүлэх тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Сас 5.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН