Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 766

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00200 дугаар шийдвэртэй, Б.Бы нэхэмжлэлтэй, хариуцагч ГУТҮГ-т холбогдох 2017 оны 6 дугаар сарын 16-ы өдрийн А/18 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гэрэлчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б би 1989 оноос хойш Газарзүй, гео-экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгчээр тасралтгүй 26 жил ажиллаж байгаад Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчийн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар тус хүрээлэнгийн захирлаар томилогдон Монгол Улсад газар зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, хүрээлэнгийн гадаад харилцаа холбоог сайжруулах, залуу эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтдийг сургах дадлагажуулах чиглэлээр өндөр хөгжилтэй орны холбогдох байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд хангалттай сайн ажиллаж байсан юм. Гэтэл Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар уг албан тушаалаас хууль бусаар чөлөөлсөн ба 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тус хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар томилж, ажил албан тушаалыг бууруулсан. Хууль бусаар ажлаас чөлөөлсөн, ажил албан тушаалыг бууруулсан талаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хянан үзээд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01574 дүгээр шийдвэрээр Газарзүй, гео-экологийн хүрээлэнгийн захирлын ажилд эгүүлэн тогтоогоод байсан. Энэхүү шийдвэрийн дараа буюу 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ажил олгогч нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ хийж, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр захирлын А/18 дугаар тушаалаар эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн зан үйл, харилцааны дутагдал гаргаж ажлын байранд бусдыг ялгаварлах, ажил үүргийн хувьд хязгаарлалт тогтоож, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэхээс татгалзсан гэж сахилгын сануулах шийтгэл ногдуулсан. Миний бие ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж, өөрийн мэдлэг боловсрол, бүх нөөц чадвараа дайчлан ажиллаж байтал, ажил албан тушаалыг нь булаан аваад зогсохгүй ямар ч үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.7 дахь хэсэгт заасан журмын дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Сахилгын шийтгэл ногдуулах тушаалд Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрмийн хэд хэдэн заалт, ажилтан В.Баярмаагийн өргөдөл зэргийг үндэслэсэн байна. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг гэж ойлгож байгаа. Энэ утгаараа ажилтан дээрх хэм хэмжээг хэзээ, яаж зөрчсөн нь тодорхойгүй, тэр ч байтугай В.Баярмаа гэгч ямар өргөдөл гаргаад би юуг буруу хийснээ ч мэдээгүй, өргөдлийг ч танилцуулаагүй байж сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь намайг ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх, ажил олгогч давуу байдлаа ашигласан, хууль бус арга хэмжээ гэж үзэж байна. Иймд Газарзүй, гео-экологийн хүрээлэнгийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан А/18 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн харьяа Гнь хөдөлмөрийн харилцаандаа Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам болон БСШУ-ны Сайдын 2007 оны 454 дүгээр тушаалаар батлагдсан “Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн ерөнхий дүрэм”-ийг тус тус мөрдлөг болгон ажилладаг. Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, сэдвийн удирдагч Б.Б /2016-2017 оны 2 дугаар сар хүртэл тус хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хашиж байсан/ нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон дээрх хэм хэмжээг удаа дараа зөрчиж байгаа талаар эрдэм шинжилгээний дэд ажилтан В.Баярмаагаас Шинжлэх ухааны академийн удирдлагад 2016 оны 12 дугаар сард, хүрээлэнгийн удирдлагад 2017 оны 5 дугаар сарын 18-нд бичгээр өргөдөл гаргасан байдаг. Эдгээрт Б.Бг Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 106 дугаар зүйлүүд болон хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг удаа дараа зөрчиж хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлалт тогтоож байгаад гомдолтой байгаагаа дурдаж, холбогдох арга хэмжээ авч өгөхийг хүссэн. Нэхэмжлэгч уг өргөдлийг огт мэдэхгүй гэж маргадаг. Шинжлэх ухааны академийн Газарзүй, гео-экологийн хүрээлэнгийн төлөвлөгөөт ажлын нэг нь тус хүрээлэнгийн түүхт ойг тохиолдуулан зохион байгуулсан “Хүрээлэн буй орчны Шинжлэх ухаан ба Технологи” олон улсын бага хурлын арга хэмжээ байсан. Хурлыг 2017 оны 10 дугаар сарын 27-оос 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Хуралд нийт 8 орны 60 гаруй гадаадын эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн “Газарзүйн шинжлэх ухаан ба Байгалийн нөөцийн судалгааны хүрээлэн”-гийн төлөөлөгчид болох доктор, профессор Донг Су Чинг-ээp ахлуулсан нэр бүхий нийт 20 эрдэмтэн, судлаачдыг эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор Б.Б Газарзүй, гео-экологийн хүрээлэнгийн удирдлагууд, захиргаа болон хурлыг зохион байгуулагч нарт огт мэдэгдэлгүй 2017 оны 10 дугаар сарын 25-аас 26-ны өдөр Дархан, Эрдэнэт хот руу авч явсан /хувийн сэдэлтэй/. Тухайн үед тус хүрээлэн БНХАУ-ын нэр бүхий төлөөлөгчдийг Монголд ирснийг мэдээгүйн гадна Дархан, Эрдэнэт хотод зорчиж байгаа талаарх мэдээллийг Нийгэм эдийн засгийн салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан А.Золзаягаар дамжуулан мэдсэн. Шинжлэх ухааны академийн Гнь тухайн эрдэмтдийг Монгол улсад аюулгүй зорчин байрлах бүх асуудалд хариуцлага хүлээх тул түүнийг олон улсын хурлын зохион байгуулалтыг санаатайгаар алдагдуулсан, хөдөлмөрийн дотоод журам, дүрмийг зөрчсөн, эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар Газарзүй, гео-экологийн хүрээлэнгийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/18 дугаар Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг үндэслэн уг нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, түүнээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас гаргуулж буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, үндэслэх хэсэгтээ “...А/18 дугаар сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалын үндэслэл тогтоогдохгүй, Б.Б сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэсгүй байх тул...” гэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж, мөн “2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1574 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон” болохыг дурьдаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “…миний бие ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж, өөрийн мэдлэг боловсрол бүх нөөц чадвараа дайчлан ажиллаж байтал, ажил албан тушаалыг булаан аваад зогсохгүй. сахилгын арга хэмжээ авч, би хэзээ яаж ямар хэм хэмжээг зөрчсөн нь тодорхойгүй, намайг ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байхад... хууль бус арга хэмжээ авсан” гэсэн үндэслэл тогтоогдож байна гэж, хариуцагчаас нэхэмжлэгч Б.Быг ямар ч зөрчил гаргаагүй, зөрчил тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр сануулах арга хэмжээ авсан гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн нь бодит байдал, хэрэгт авагдсан баримттай зөрчилдөж байгаа, төдийгүй холбогдох дүрэм журмыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж дүгнэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

Мөн уг хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Чимэдлхам оролцож байсан боловч хүрээлэнд хамаарахгүй болсон шалтгаанаар итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдож, Д.Баттүвшин миний бие 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр оролцох болсон. Ингээд тус өдрийн шүүх хуралдаанд шинээр оролцож, хэргийн материалтай танилцсан боловч хуулийн мэдлэгтэй хүн оролцох шаардлагатай гэж үзэж, 24-ний өдрийн хуралдаанд хуульч өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан боловч 2 хоногийн хугацаанд оролцох өмгөөлөгч олдоогүй. Энэ учраа 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд тайлбарлан өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан боловч шүүгч хэргийг шийдвэрлэх болсон. Миний хувьд анх удаа шүүх хуралдаанд орж байгаа тухайн үед яг ямар үйл ажиллагаа болж байгааг сайн ойлгоогүй учир хуульд нийцсэн тайлбар гаргаж чадаагүй. Хэргийн нэг тал нь хуульч оролцож, миний хувьд дөнгөж хэргийн материалтай танилцаад өмгөөлөгч авч, шүүх хуралдаанд хамт оролцох боломж хязгаарлагдснаас шүүх хуралдаанд мэтгэлцэж, тайлбар гаргаж оролцох боломжгүй байдалд орсон. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын тэгш байдлын зарчим, тэгш нөхцөлд мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй байдалд хэрэг хэлэлцэгдсэн.

Хариуцагч байгууллагын хувьд өөрийн гэсэн онцлогтой бөгөөд шинжлэх ухааны, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм шинжилгээний ажилтан судалгаа шинжилгээний ажилд хуулиар баталгаажсан тэгш эрхтэй чөлөөтэй оролцох эрх зүйн байдал нь түүний ёс эүйн хариуцлагын үндэс болно гэж тодорхойлж, эрдэм шинжилгээний ажилтны ёс зүй болон ёс зүйн хэм хэмжээг дүрмээр баталгаажуулж үндсэн шаардлага тавигддаг. Энэхүү эохицуулалтын хүрээнд ёс зүйн зөрчил гаргасан эрдэм шинжилгээний ажилтан Б.Бд сануулах арга хэмжээ авсан удирдлагын үйлдлийг буруутгасан нь холбогдох дүрэм журамд нийцэхгүй байгаа. Хэрэгт авагдсан баримтаар зөрчил тогтоогдсон байтал шүүх зөрчил гаргаагүй байна гэж үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн шүүх Б.Б хариуцагч байгууллагын захирлаар ажиллах ёстой гэсэн нөхцөл байдалд дүгнэлт өгч хөтлөгдсөн гэж үзэхээр байна. Зүй нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1574 дугаартай ... шүүхийн шийдвэрээр хэлэлцэгдсэн асуудал нь энэхүү шаардлага бүхий иргэний хэрэгт хамааралгүй дүгнэгдэх ёсгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй учир шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээр хянуулж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох боломжийг олгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Газарзүй, гео-экологийн хүрээлэнд холбогдуулан тус хүрээлэнгийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/18 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дээрх тушаалаар Нийгэм, эдийн засгийн газар зүйн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Б нь эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн зан үйл, харилцааны дутагдал гаргаж, ажлын байран дээр бусдыг ялгаварлах, ажил үүргийн хувьд хязгаарлалт тогтоож, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэхээс татгалзсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ногдуулсан байна. /хх18/

 

Хэргийн баримтаас үзвэл ажил олгогч нь нэхэмжлэгч Б.Бд сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн ажилтны өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотойгоор гаргасан бусад ажилтны өргөдөлд үндэслэжээ. Бусад ажилтнууд тухайн албан тушаалтай холбоотой өргөдөл гаргах эрхтэй боловч түүнд дурдсан зөрчлийг Б.Бг гаргасан гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй болно. Нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна. Иймд анхан шатны шүүх Б.Б нь эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрэм болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын шийтгэл ногдуулах зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй талаар дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч ... гэм буруутайд тооцож үл болно” гэх заалтыг ёс зүйн зөрчил тогтоогдсон эсэх үйл баримтад хамааруулан дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй гэжээ. Анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 19, 24-ний өдрүүдэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшингийн хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хүлээн авч, 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Харин товлосон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хүсэлтээ дахин гаргасныг шүүх өмнө нь хангаж шийдвэрлэсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан зөрчил гэж үзэхгүй.

 

Шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, өмгөөлөгчтэй оролцох эрхийг хязгаарласан гэж үзэхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг зөрчигдөөгүй болно. Өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг хангаж боломжит хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулсан байхад зохигч өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                        

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА