| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2018/01343/И |
| Дугаар | 101/ШШ2019/01972 |
| Огноо | 2019-07-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2019/01972
2019 оны 07 сарын 05 өдөр Дугаар 101/ШШ2019/01972 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “МСЭКК” ХХК-ийн /РД: 00000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: оршин суух “ЭПА” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н /РД: 00000/ нарт холбогдох
9.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х,
Хариуцагч “ЭПА” ХХК-ийн захирал Б.Н,
Хариуцагчийн өмгөөлөгч А.Базар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МСЭКК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “ЭПА” ХХК-д манай компани захиалгынх нь дагуу 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 18.407.040 төгрөгийн ус, ундааг нийлүүлсэнээс “ЭПА” ХХК нь 9.407.040 төгрөгийн төлбөрийг төлсөн.
Үлдэх 9.000.000 төгрөгийн төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс хойш өнөөг хүртэл хугацаанд төлөөгүй байна.
Тус компани нь худалдан авагч болох “ЭПА” ХХК-тай зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулаагүй тул гэмт хэргийн шинжтэй уг үйлдлийг нь шалгуулахаар Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргахад тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Бямбадагва иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх асуудал гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолыг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гаргасан.
Дээрх прокурорын тогтоолыг үндэслэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ба мөн шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/00237 дугаар шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс нь хариуцагч “ЭПА” ХХК-ийн хаягийг тодруулсан.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь заалтыг үндэслэн “ЭПА” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Нээс худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна.
Иймд үлдэгдэл төлбөр 9.000.000 төгрөгийг хариуцагч “ЭПА” ХХК болон тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Н нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “ЭПА” ХХК-ийн захирал болон хувьцаа эзэмшигч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ЭПА” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н би “МСЭКК” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой энэхүү тайлбарыг гаргаж байна.
Манай компани нь нэхэмжлэгч компани болон бусад архи, пиво, ус, ундааны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон импортлогч нартай хамтран ажиллаж, тэдгээрийн бараа бүтээгдэхүүнийг нэг цэгт төвлөрүүлэн түгээх үйл ажиллагаа явуулдаг байсан.
Энэ хүрээнд “МСЭКК” ХХК-тай 2016 оны 10 дугаар сар орчмын үеэс 6 сарын хугацаанд хамтран ажилласан. Хамтын ажиллагааны хүрээнд тус компанийн бараа, бүтээгдэхүүнийг зарж борлуулж 5 хувийн борлуулалтын урамшуулал авдаг байсан.
Өөрөөр хэлбэл манай компанийн зүгээс гэмт хэргийн шинжтэй ямар нэгэн зүйл хийгээгүй, нэхэмжлэгч болон бусад компаниудтай бизнесийн харилцаатай байж ирсэн. Ийм ч учир прокурорын зүгээс эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.
Манай компанийн үйл ажиллагааны зардал өндөр байсан, шаардлагатай тусгай зөвшөөрөл авч чадаагүй, зарим нэг компаниуд хамтарч ажиллахаас татгалзсан зэрэг шалтгааны улмаас 2017 оны 4, 5 дугаар сараас компанийн үйл ажиллагаа доголдсон.
Энэ үеэс нэхэмжлэгч компаниас авсан бараа, бүтээгдэхүүний үнийг дутуу төлсөн зүйл байгаа.
Би компани байгуулж үйл ажиллагаа явуулж буй тул би компанид оруулсан хөрөнгөөрөө хариуцлага хүлээх учиртай гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийн зүгээс компани болон түүний хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал тус тусдаа этгээд бөгөөд бие биенийхээ хариуцлагыг хүлээх үндэслэлгүй тухай мэдэж байгаа гэж ойлгож байна.
Нэхэмжлэгч компаниас авсан бараа бүтээгдэхүүнийг би өөрийн хувийн хэрэгцээндээ зориулж аваагүй, хувийн журмаар худалдаж аваагүй болохыг нэхэмжлэгч ч сайн мэдэж байгаа. Иймд “ЭПА” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Н надаас 9.000.000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Үлдэгдэл төлбөр болох 9.000.000 төгрөгийг төлөхгүй гээгүй бөгөөд уг мөнгийг “ЭПА” ХХК төлнө гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МСЭКК” ХХК нь хариуцагч “ЭПА” ХХК болон “ЭПА” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Нд холбогдуулан 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Иргэн Х.Б******* нь 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст “ЭПА ХХК нь МСЭКК” ХХК-иас 18.000.000 төгрөгийн ус, ундаа аваад үлдэгдэл 9.000.000 төгрөгийг өгөхгүй залилаад байна” гэх гомдол гаргасныг цагдаагийн байгууллага шалган гэмт хэргийн шинжгүй, иргэний журмаар шийдүүлэх асуудал гэж үзэн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 123 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Гомдол гаргагч иргэн Х.Б******* нь нэхэмжлэгч “МСЭКК” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай хэмээн нэхэмжлэгч тал тайлбарласан болно.
/ХХ-ийн 10 дугаар тал/
Хариуцагч “ЭПА” ХХК нь нэхэмжлэгч “МСЭКК” ХХК-иас архи, пиво, ус, ундааны төрлийн бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч байсан нь талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргахгүй байна.
Хариуцагч “ЭПА” ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр нэхэмжлэгч “МСЭКК” ХХК-иас 15 нэр төрлийн 18.407.040 төгрөгийн ус, ундааны төрлийн бүтээгдэхүүнийг хүлээн авсан нь мөн өдрийн 892420 тоот зарлагын падаанаар тогтоогдож байх ба уг төлбөрөөс 9.407.040 төгрөгийг хариуцагч “ЭПА” ХХК нь нэхэмжлэгч байгууллагад төлсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 6 дугаар тал/
Нэхэмжлэгч “МСЭКК” ХХК, хариуцагч “ЭПА” ХХК нар 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өглөг, авлагын талаар тооцоо нийлэхэд “МСЭКК” ХХК нь 9.000.000 төгрөгийн авлагатай болохыг баталгаажуулсан ба хариуцагч “ЭПА” ХХК нь уг төлбөрийг төлнө, компанийн хувьцаа эзэмшигч хариуцахгүй хэмээн тайлбарлаж байна.
/ХХ-ийн 7, 24, 30 дугаар тал/
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагч “ЭПА” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Нээс мөн дээрхи төлбөрийг нэхэмжилсэн байна.
Улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* регистрийн дугаарай, “ЭПА” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Н болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн И/366 тоот лавлагаагаар тогтоогдсон ба “ЭПА” ХХК нь 2015 оноос хойш санхүүгийн тайланг харилцагч санхүүгийн хэлтэст хүргүүлээгүй нь Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 04/1510 тоот лавлагаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 32-33, 66 дугаар тал/
Тухайн хуулийн этгээд санүүгийн тайланг гаргаж холбогдох татварын хэлтэс болон харьяа дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлээгүй нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан нөхцөл байдал бий болсон буюу хөрөнгө холилдсон, нийлсэн гэж үзэх үндэслэл болохгүй ба хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй.
Иймд хариуцагч “ЭПА” ХХК-иас 9.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МСЭКК” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “ЭПА” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч “ЭПА” ХХК нь бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж 5 хувийн урамшуулал авч байсан гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй тул төлбөрөөс хасч тооцох боломжгүйг дурьдлаа.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч “ЭПА” ХХК-иас 9.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МСЭКК” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “ЭПА” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “МСЭКК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЭПА” ХХК-иас 158.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МСЭКК” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН